Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/502

 

 

 

 

 

 

   2023         07           24                                      2023/ШЦТ/502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч З.Бат-Амгалан (томилолтоор),

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210018580091 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ***төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***ХХК-нд уурхай хариуцсан захирал ажилтай гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ***тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ***тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***(РД:***).

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “***тоотод 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагч ***тай “утасны зураг устгасан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “***тоотод 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагч ***г “гар утасны зураг устгаад хаячихлаа” гэж хэлсний улмаас түүний үснээс татаж доош даран газарт унагах, хөл рүү нь өшиглөх зэргээр бие, эрүүл мэндэд нь зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн ***гийн гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

- Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

- Хохирогч ***гийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16 дахь тал),

- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №10764 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Иймд шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч ***нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөөгүй, улмаар гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, бичсэн мессеж (хавтаст хэргийн 20-21, 108 дахь тал) зэрэг нь хэргийн материалд авагдсан байх тул шүүгдэгч ***ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон, хуульд заасан нөхцөл шаардлагууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7  дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд талууд, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН