| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/04629/И |
| Дугаар | 282 |
| Огноо | 2020-01-15 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, СХД НДХ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, *******, ******* дугаар байр, “СЧА” ХХК-д /РД: 000000/ холбогдох
82.316.650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцацрал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонхишиг,
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа,
Төрийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СХД НДХ дарга Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“СЧА” ХХК нь манай хэлтэст 2017 оны 11 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгүүлсэн. Тайлан өгч эхэлсэн хугацаанаас эхлээд нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй 54.877.767,05 төгрөгийн өр үүсгээд байна.
Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтан нартай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа сануулсан боловч одоог болтол шимтгэлийн өрөө төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг зэрэг заалтуудыг тус тус зөрчсөөр байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги оногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан.
Дээрх заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн дүнд 27.429.883 төгрөгийн алдангийг ногдуулаад байна. Төлбөл зохих шимтгэлийн дүн 54.877.767,05 төгрөг, түүнд ногдох алданги 27.438.883 төгрөг, нийт 82.316.650 төгрөгийг хариуцагч “СЧА” ХХК-иас гаргуулж өгнө үү.
Хариуцагч “СЧА” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд 5.000.000 төгрөг төлсөн гэв.
Хариуцагч “СЧА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай телевиз Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа. Бид торгууль төлөхгүй, үндсэн төлбөр дээрээ хугацаа тохиролцоод эвлэрэх саналтай гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “СЧА” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 54.877.767,05 төгрөг, алданги 27.438.883 төгрөг, нийт 82.316.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 тоот тушаалаар Бүрэнтуяагийн Жаргалсайханыг 2018 оны 3 дугаар сарын 26-ны тус хэлтсийн даргын ажилд томилсон байх ба тэрээр тус хэлтсийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй нь уг тушаал болон мөн хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 12, 13 дугаар тал/
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч “СЧА” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны шимтгэлийн болон алдангийн тооцоог гаргахад дээр дурьдсан хугацаанд “СЧА” ХХК 73.177.767 төгрөгийн шимтгэл төлөхөөс 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 2.300.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 11.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 18.300.000 төгрөг төлсөн ба энэ талаар хариуцагч маргаагүй.
/ХХ-ийн 3-6 дугаар тал/
“СЧА” ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нь тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 9 сарын тайлан, мөн тус компанид ажиллаж буй даатгуулагчдын тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтыг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гарган нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэхдээ 2019 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаархи үлдэгдэл 54.877.767 төгрөг байна гэсэн бөгөөд уг тайланг нийгмийн даатгалын байцаагч Т.Өнөрсайхан шалган хүлээн авсан байна.
/ХХ-ийн 7, 28-32 дугаар тал/
“СЧА” ХХК-ийн захирал С.Н******* нь нийгмийн даатгалын байгууллагатай 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулах гэрээ байгуулан 2019 оны 2 дугаар сарын 28-ны байдлаархи шимтгэлийн өр 30.006.415 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохирсон нь уг гэрээний хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 8 дугаар тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч “СЧА” ХХК нь дээрх гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу шимтгэлийн өрөө төлөөгүй тул СХД НДХ байцаагч 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр албан шаардлага хүргүүлэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаарджээ.
/ХХ-ийн 9 дүгээр тал/
Мөн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай“ мэдэгдлийг Хаан банкинд хүргүүлэн тус компанийн тухайн банк дахь дансны зарлагын гүйлгээг хязгаарласан байна.
/ХХ-ийн 10 дугаар тал/
Даатгуулагч болон ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар тэдний тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын төрөл бүрээр мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлдэг.
Ажил олгогч нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т ”хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 17.1.4-т “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх” үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан болон дээр дурьдсан баримтуудаас үзэхэд ажил олгогч буюу хариуцагч “СЧА” ХХК нь уг үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч “СЧА” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны шимтгэлд 73.177.767 төгрөг төлөхөөс 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 18.300.000 төгрөг төлөн 54.877.767 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд алдангийг зөвшөөрөхгүй, үндсэн төлбөрийг төлнө гэж тайлбарлаж байна.
Хариуцагч “СЧА” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлд 5.000.000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбар болон төлбөр төлсөн баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 59 дүгээр тал/
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хариуцагчийн нэрийг “СЧА” ХХК гэхийг “Сарны анар чулуу” ХХК гэж ташаа тусгасанаа тайлбарласан тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар бүхий захирамжаар “2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 18023 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжид “СЧА” ХХК гэж өөрчлөлт оруулсан ба уг захирамжид зохигч хэн аль нь гомдол гаргаагүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.
Хариуцагч тал нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдлээ хүлээн зөвшөөрч төлөхтэй холбоотой асуудлаараа даатгалын байгууллагатай хугацаа тохирч гэрээ байгуулсан, төлбөрөө хүлээн зөвшөөрч тайландаа тусган тодорхой хэсгийг нь төлсөн, уг төлбөрийг төлөх нь хуулиар ногдуулсан үүрэг тул алдангийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг нь үндэслэн шимтгэлийн өрөөс тодорхой хэсгийг хасах боломжгүй.
Харин хариуцагч талын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 5.000.000 төгрөгийг шимтгэлийн өр 54.877.767 төгрөгөөс хасч алдангийг тооцох үндэслэлтэй.
Дээрхээс үзэхэд хариуцагч буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөгч “СЧА” ХХК-ийн гүйцэтгэх үүрэг нийгмийн даатгалын шимтгэлийн өр 49.877.767 төгрөг, алданги 24.938.883 төгрөг, нийт 74.816.650 төгрөг тул уг 74.816.650 төгрөгийг тус компаниас гаргуулан нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэх буюу нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй.
Хариуцагч “СЧА” ХХК-ийн захирал С.Н******* болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсоныг дурьдлаа.
/ХХ-ийн 44-45, 60 дугаар тал/
Шүүх нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч “СЧА” ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, хариуцагч талын хуульд заасан эрхийг хангах үүднээс нийт 4 удаа хуралдааныг хойшлуулжээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч “СЧА” ХХК-иас 74.816.650 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7.500.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч “СЧА” ХХК-иас 532.033 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН