| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/02552/И |
| Дугаар | 101/ШШ2020/00121 |
| Огноо | 2020-01-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2020/00121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л. ХХК
Хариуцагч: Ш О ХХК
Хариуцагч: Л.Б
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,100,000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б******* би Тагнуулын ерөнхий газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* дугаар байр барьж байсан Ш О ХХК-ийн захирал Л.Бтэй “Цахилгаан шат нийлүүлж суурилуулах гэрээ” байгуулсан. Л.Б тухайн үедээ миний боломж муу байна, та өөрөөсөө мөнгө гаргаад шат тавих бэлтгэл ажлуудаа болон шатаа тавьчих, улсын комисс байр х үлээн авангуут миний барьцаанд байгаа ихээхэн хөрөнгө чөлөөлөгдөж, би нөхөн төлбөрийг дор нь гаргаж өгнө гэж амлаж ажлаа хийлгээд байсан ба байрыг улсын комисс хүлээн авсан актанд гарын үсэг зурсан өдрөөс өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр хийгээгүй, зугтан алга болсон. Мөн уг 35 дугаар байрны 2 дугаар орцны 1-5 давхрын ******* хүртлэх тоотод оршин суугч нийт 26 айлаас шат тавьж өгнө гээд мөнгийг урьдаар авч надад шилжүүлэлгүй хувьдаа завшсанаас болж манай компани болон дээрх байрны иргэд давхар хохирсон. Тэр дундаас нь Л.Б 35,1 сая төгрөгийг залилан хожиж байгаа тул учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд хандаж байна.
“Ш*******” ХХК-иас 35,100,000 төгрөг гаргуулж, хариуцагч Л.Бгээс татгалзаж байна.
Нийт 2 орцны 2 лифтний тухай яригдаж байгаа. Нэг орцонд нь лифт бүрэн тавиад суурилуулаад ажиллаж байгаа. Нөгөө орцонд нь “Ш*******” ХХК мөнгө төлөөгүй учраас лифт суурилагдаагүй зам хаалга нь хийгдсэн байдалтай байгаа. Мөнгө нь төлөгдчихвөл бид Тагнуулын ерөнхий газрын ажилчдын байрны хойд талын орцны лифтийг бүрэн суурилагдаж хийх боломжтой. Ийм учраас мөнгийг нэхэмжилж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа хуралдааны явцад тодруулж Л ХХК, “Ш*******” ХХК-иас 35,100,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Гэрээний 1 дүгээр зүйлээр гэрээний үнийг тодорхойлсон. Гэрээний үнэ 48 ам доллар буюу тухайн үеийн долларын ханшинд үржүүлээд тухайн 2 орон сууцны нийт 77 айлыг 48 ам долларт хувааж гаргахаар гэрээндээ талууд тохиролцсон. 1,350,000 төгрөг 1 айлд ногдох төлбөр 51 айлд ногдох төлбөрийг Тагнуулын ерөнхий газрын оршин суугчид өөрсдөө төлбөрөө хариуцаад төлж барагдуулсан. “Ш*******” ХХК-ийн хариуцсан 26 айлын 35,100,000 төгрөгийг гэрээний 3.1-т зааснаар төлбөрөө шаардаж байсан. Айлуудаас хурааж Л.Б төлөх юм уу гэх асуултад гэрээний үнийг бодож гаргасан аргачлал нь байгаа. Орон сууц нь нийт 77 оршин суугчтай. Нийт оршин суугчдын 51 айлыг Тагнуулын ерөнхий газар, 26 айлыг “Ш*******” ХХК хариуцсан тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч “Ш*******” ХХК болон хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Ш О ХХК болон Л.Б нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны үед хариуцагч Л.Бгээс татгалзаж, хариуцагч Ш О ХХК-иас 35,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Нэхэмжлэгч нь 35,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа Л.Бг хариуцагчаар татсан бөгөөд түүнд холбогдох иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийг Ш О ХХК-иар сольж, улмаар Л.Бг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэв.
Талууд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Цахилгаан шат нийлүүлж, суурилуулах гэрээ” байгуулж, гүйцэтгэгч тал Л ХХК нь захиалагч тал Ш О ХХК-ийн барилгад 2 ширхэг цахилгаан шатыг нийлүүлж, суурилуулахаар харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээний Хоёрдугаар зүйлийн 1-д “Гүйцэтгэгч нь захиалагчийн барилгад 2 цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулна”, 3-т “Гэрээний хоёр дахь төлөлт төлөгдсөнөөс 30 хоногийн дотор лифтүүдийг бүрэн угсарч дуусгасан байна.”, 5-д “Гүйцэтгэгч нь цахилгаан шатыг угсарч суурилуулсны дараа МХЕГ-аар шалгуулж, хүлээлгэж өгнө” гэж тус тус заасан байна.
Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Энэхүү гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зохицуулсан.
Гэвч гэрээний талууд гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлцээгүй буюу гэрээгээр тохиролцсон ажил гүйцэтгэгдэж дуусаагүй, нэг лифт суурилуулагдаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлс гаргуулахаар шаардах эрхгүй юм.
Гэрээний Гуравдугаар зүйлийн 1-д “Гэрээний нийт үнэ 48,000 ам. доллар бөгөөд нэг айл 1,350,000 төгрөгөөр бодож ТЕГ өөрийн хариуцсан 51 айлын мөнгийг хариуцан, үлдсэн 26 айлуудын төлбөрийг Ш О ХХК хариуцан гаргана. Үүнд лифтний үнэ, тээвэр, суурилуулалтын хөлс багтсан болно” гэж зааснаас үзэхэд, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч тал болох Ш О ХХК нь 35,100,000 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэгч талд төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ш О ХХК буюу Л.Бг дээрх лифт суурилуулагдах байрны оршин суугч 26 айлаас лифтний мөнгийг авч завшаад гүйцэтгэгч талд өгөөгүй хэмээн буруутгаж байх боловч уг 26 айлаас эх үүсвэртэй гэх мөнгийг хариуцагч тал хүлээн авсан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүйн дээр ажил гүйцэтгэх гэрээний захиалагч талын зардал, материалаар ажил гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон зүйлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагч Ш О ХХК-иас 35,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Цахилгаан шат нийлүүлж, суурилуулах гэрээ”-ний дагуу тохиролцсон ажил гүйцэтгэгдсэний дараа гэрээний дагуу төлбөр гаргуулахаар шаардах эрх нээлттэй бөгөөд гүйцэтгэж дууссан хүлээлгэн өгсөн ажлын үр дүнд хамаарах нэхэмжлэлийг шүүхэд гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ш О ХХК-иас 35,100,000 төгрөг гаргуулах тухай Л ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Л.Бд холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА