Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00007

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч С.Цэрэнлхүндэв, түүний өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Г.Батбаатар, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гангаагийн Батбаатарт холбогдох 132/2017/00009/Э индекстэй, эрүүгийн 201606000290 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1983 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Булган аймгийн Тэшиг сумын 3-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт Гангаагийн Батбаатар /РД:ГЙ83100318/

Холбогдсон хэргийн талаар:

2016 оны 09 сарын 14-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар баг “Тэшигийн Эх” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Цэрэнлхүндэвтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хөл рүү дэвсэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батбаатарын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Цэрэнлхүндэвийн өгсөн: Тухайн үед Батбаатар их согтуу байсан. Бид 2 тухайн үед барилдаж байсан бөгөөд дээр, дээрээсээ давхаралдаж унасан. Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би Батбаатараас 2500000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 1635000 төгрөгийг төлсөн. Би одоо 500000 төгрөг нэхэмжилж байна. Хэрвээ миний нэхэмжилсэн 500000 төгрөгийг төлчих юм бол надад гомдол, санал байхгүй гэв.

201606000290 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч П.Алтанхуягийн өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би найз Цэрэнлхүндэвийн хамт Булган аймгийн Тэшиг сумын “Тэшигийн эх” гэдэг газар самаранд явж байгаад Батбаатартай таарсан. Батбаатар “Залуу” гэх газар адуундаа явж байгаа гэж байсан. Бид нар уулзаад горхины хажууд 0.5 литрийн ерөөл нэртэй архи хувааж уусан. Архиа арай дуусаагүй байхад Батбаатар, Цэрэнлхүндэв хоёр яг юунаас болж маргалдсныг нь би ойлгоогүй. Зүгээр барилдаад байх шиг байсан тэгсэн чинь Батбаатар хамарнаас цус гарчихлаа гэж байсан. Тэгээд зууралдаад яг бие биенийгээ шууд цохьчихоогүй хэрэлдээд барилцаж аваад байхаар нь би салгах гэж оролдоод жаахан согтуу байсан болохоор салгаж чадаагүй. Тэр хоёр цаашаа ноцолдож яваад нэг харахад горхи руу уначихсан байсан. Тэгээд би очих гээд байж байхад гэнэтхэн хөл хугарчихлаа гэж хашгирсан. Би гүйгээд очиход Цэрэнлхүндэв хөлөө барьчихсан сууж байсан. Батбаатар намайг очиход зөрөөд яваад өгсөн. Би хөлийг нь харахад хавдаад эвгүй болчихсон байхаар нь сумын төв орж эмнэлэг дуудаад эмчийг нь танихгүй жолооч нь Батбаяр ирсэн. Тэгээд эмч нь чиг барьж боогоод сумын төв рүү авч явсан. Эмнэлэгт үзүүлээд Цэрэнлхүндэв манай гэрт хоносон. Орой надад Батбаатар хөл хугалчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/

            Гэрч Р.Батбаярын өгсөн: Тухайн өдөр 16 цагийн үед шиг санаж байна. Тэшигээс баруун тийш 8 км орчим зайд гарман дээр хүний хөл хугарсан босож чадахгүй байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу их эмч Бат-Эрдэнийн хамт очиход үл таних залуу бөгсөн бие нь усан дотор цээжин хэсгээрээ ил гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд эмч бид хоёр уснаас гаргаад хажуухан талд нь байсан модноос мод зорж чиг тавьж боогоод Алтанхуяг гэдэг айлд хүргэж өгсөн гэх мэдүүлэг / хх-ийн 17 хуудас/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №332 тоот дүгнэлтэнд: 1.С.Цэрэнлхүндэвийн биед зүүн хөлийн шаанд, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нь нөлөөлөхгүй…гэх дүгнэлт /хх-ийн 20 хуудас/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуудас/

иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 34 хуудас/

хохирол төлсөн баримт / хх-ийн 59 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Батбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутагт С.Цэрэнлхүндэвтэй хувийн таарамжгүй хариьцааны улмаас маргалдаж улмаар түүний хөл рүү дэвсэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт болсон байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Цэрэнлхүндэв, гэрч П.Алтанхуяг, Р.Батбаяр нарын мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн…С.Цэрэнлхүндэвийн биед зүүн хөлийн шаанд, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Сэжигтнээр Г.Батбаатарын өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Тэшиг сумын 3 дугаар багийн нутаг “Залаа” гэх газарт манай адуу байдаг юм. Адуугаа тууж нуурлуу оруулах гээд Тэшигийн эх гэх газарт явж байхад горхины захад самарт явж байна гээд Алтанхуяг ах нэг залуугийн хамт явж байхад нь таарсан. Тэр хоёр 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд бид 3 хувааж уусан. Хамт байсан Цэрэнлхүндэв гээд ахтай танилцаад юм яриж байгаад би Цэрэнлхүндэв ахыг хоёулаа нэг барилдчих уу гэхэд тэгье гээд барилдсан. Барилдаж байхад Цэрэнлхүндэв ах миний хамар луу санаатай юм уу санамсаргүй юм уу мэдэхгүй цохичихсон тэрнээс болж бид 2 маргалдаж байгаад зууралдаад давхраараа горхи руу уначихсан. Тэгээд би хамар луу цохисонд нь болоод шарлахаад зүүн хөлөн дээр нь нэг удаа дэвсчихээд явах гэхэд хөл эвгүй болчихлоо гэж Цэрэнлхүндэв ах хэлэхээр нь гайгүй байлгүй дээ гэж бодоод Алтанхуяг ахад би адуундаа явлаа шүү гээд мотоциклио асаагаад яваад өгсөн. Тэгээд адуун дээрээ оччихоод орой төв рүү ороод ирэхэд Алтанхуяг ах утсаар яриад хөл нь хугарчихсан юм шиг байна чи ирээд уулзаад байх гэхээр нь Алтанхуяг ахын гэрт очиход зүүн хөлөндөө чиг бариад боочихсон нэг шил архи уугаад сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/  

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Г.Батбаатарт бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар шүүгдэгч Г.Батбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /хх 32 хуудас/, учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч 500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогчид 1.635.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гөрөөчин овогт Гангаагийн Батбаатар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Г.Батбаатарт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Батбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.                

4. Шүүгдэгч Г.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид 1635000 /нэг сая зургаан зуун гучин таван мянган/ төгрөг төлсөн, хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа иргэний журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Батбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН