Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/04

 

 

                                 

 

 

 

 

 

 

                        

С.Г холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ж.Б, шүүгч Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О

Шүүгдэгч С.Г өмгөөлөгч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах гомдолоор С.Г холбогдох 1916000910087 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 04-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч цагдаа ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 21-22 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ДЮ89020494 регистрийн дугаартай, Ж овогт С. Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт С. Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Г сануулж, Шүүгдэгч С.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD-г хэрэгт хэрэг хадгалах хугацаагаар хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч С.Г түүний өмгөөлөгч Д.А нар шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09-р сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. С.Г миний бие нь хохирогч М.А өөдөөс нь харж зогсож байгаад баруун хөлөөрөө зүүн гуяанд нь өвдөглөсөн бөгөөд тийм хэмжээний цусан хураа үүсэх хэмжээний, прокурорын хэлж байгаа шиг 2-3 удаа өвдөглөсөн үйл явдал болоогүй, мөн тийм гэмтэл учрахаар хүчтэй өвдөглөөгүй болно. Түүнчлэн хохирогчид анх учирсан гэмтэл тогтоогдох боломжгүй, цусан хураа хэзээ учирсан болохыг тогтоох боломжгүй талаар шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нар дүгнэж байсан. Миний үйлдлийн улмаас М.А анхдагчаар ямар гэмтэл учирсан болохыг тогтоогоогүй болно. Анхны буюу Ховд аймгийн шүүх шинжилгээний шинжээч эмч дүгнэлт гаргахдаа мэс заслын шарханд дүгнэлт гаргасан. Нэмэлтээр шинжээч томилж гаргасан шинжээч нь цусан бүлэнг мэс заслаар зайлшгүй авах ёстой учир хөнгөн гэмтэл гэж гаргасан, шүүх хуралдаанд тайлбарласан боловч дээр дурьдсанчлан тухайн цусан хурааны цаг хугацаа тогтоогдох боломжгүй байгаагаас үзэхэд миний учруулсан гэмтэл гэж үзэхэд эргэлзээтэй. Учир нь хохирогч М.А нь Ховд аймагт мэс засалд орохоосоо өмнө ямар нэг эмнэлэг эмчид үзүүлээгүй байсан. Эмнэлгийн стор буюу өвчитний түүхэд юманд цохигдсон гэж өөрөө тэмдэглүүлсэн байдаг. Мөн тухайн өдөр эрүүлжүүлэх байранд ирэхээсээ өмнө хүнд зодуулсан, гэмтсэн байх боломжтой нөхцөл гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдож байгаа. Тухайлбал: Гэрч Ц.Н ХХ-н 32-рт өгсөн мэдүүлэгийн ...Ховдоос цуг явсан гэх хүмүүстэйгээ зодолдож маргасан тэгээд эргэж орж ирчихээд гарахгүй байна гээд буудлын ресепшин хэлж байсан. Зүүн нүдэндээ цохиулсан байдалтай хөхөрсөн байсан. Уруул нь цус болоод хатсан байсан. Ямар ч байсан цохиулаад хавдсан байсан нь мэдэгдэж байсан. Тэгээд А дагуулж гарах үедээ юу болсон яагаад ийм шарх гэмтэлтэй байгаа талаар асуухад хамт явсан хүмүүсдээ цохиулаад нүд ам хөхөрсөн гэж хэлж байсан гэх хэсэг, Гэрч Д ХХ-н 39-рт өгсөн ... Би зодуулчихлаа гэж байсан. Нүүрэн хэсгээс нь цус гарсан байсан ба яг хаанаас гарсан байсан талаар санахгүй байна гэх хэсэг, гэрч С ХХ-н 42-рт өгсөн мэдүүлэгийн нилээд согтуу байсан ба уруулын дотор талаас цус гарч байсан. Миний уруул өвдөөд байна гээд дараад байсан. Зүүн гар өвдөөд байна гэж байсан. Гараас нь цус гарсан зүйл байгаагүй. Уруулаа яасан бэ гэхэд хүнд цохиулчихав уу юм руу уначихав уу сайн мэдэхгүй байна гэсэн гэх хэсэг зэргээр нотлогдож байна. Иймд 2019 оны 09-р сарын 27-ны өдрийн 108 дугаартай Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир тогтоолыг хүчингүй болгож намайг Цагаатгаж өгнө үү гэжээ.    

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Г нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эрүүлжүүлэх байранд саатуулагдсан хохирогч М.А “Ажилгүй болгоно. Эзэнгүй газар зодно гэж ориллоо” гэх шалтгаанаар  баруун гуянд нь 2-3 удаа өвдөглөн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.

Энэ үйл баримт нь хохирогч М.А мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих  шөнө Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд ороод цагдаагийн албан хаагч нарт зодуулсан. С.Г нь баруун талын бүдүүн гуя руу өвдөглөсөн”  тухай мэдүүлэг,

Гэрч Б.Н: “2019 оны 02 сарын 16-ны өглөө 09 цагийн үед М.А нүд нь хөхөрсөн, баруун хөл нь доголсон, зодуулсан байдалтай орж ирсэн бөгөөд  яасан талаар нь асуухад ”Цагдаа нар эрүүлжүүлэхэд нойлын өрөөний үүдэнд камераас холдуулж байгаад зодсон” гэж хэлсэн тухай мэдүүлэг,

Гэрч Ц.Д: “А гэдэг залуу гэрчийн ажилладаг зочид буудалд ирээд ядарч явна, зодуулчихлаа гээд нүүрнийх нь аль нэг хэсгээс цус гарсан байдалтай  орж ирсэн бөгөөд хямд буудал зааж өгөхөд нь мөнгө байхгүй гэж хариулаад, байгаа айлдаа очооч гэхэд нь тэр айлаа олохгүй, энэ өрөөнд чамтай хамт хононо гээд гараас нь барьж авахад нь цагдаа дуудахад хоёр цагдаа ирж авч явсан ба Цагдаа түүнийг аваад явахад ямар нэг байдлаар доголож байгаагүй” тухай мэдүүлэг,

Гэрч Л.С: 2019 оны 02 дугаар сарын 15-ны 23 цаг 30 минутын үед бараан хувцастай, саравчтай зуны малгайтай, уруулынх нь дотор талаас цус гарсан, нилээд согтуу эрэгтэй хүн орж ирээд өрөөнд ороё гэхэд нь үнэ тарифаа танилцуулахад “Үнэтэй байна. Баруун гар өвдөөд байна. Уруулаа хүнд цохиулчихав уу? Юм руу уначихав уу? сайн мэдэхгүй байна гэж хэлж байсан ба  буудалд нь хоёр удаа орж ирэхдээ болон цагдаа түүнийг авч явах үед хөлөө чирсэн доголсон, нүд нь хөхөрсөн, цус хурсан зүйл байгаагүй” тухай мэдүүлэг,

Гэрч О.У: “Тухайн өглөө 09 цагийн үед гэртээ ирэхэд М.А Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд хоноод эрүүлжүүлэхийн цагдаа нарт зодуулсан гээд зүүн нүд нь хөхөрч хавдсан, баруун хөл нь өвдөгнөөс дээш хөхөрч хавдсан байсан бөгөөд хацар шанаа, болон хөлөнд учирсан гэмтлээ цагдаа нарт зодуулснаас авсан гэж хэлсэн” тухай мэдүүлэг,

Гэрч Г.Н: “2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 30 минутын үед яаралтай тусламжийн дуудлагаар очиж М.А үзэхдээ юу болсон талаар асуухад урьд өдөр нь архи ууж цагдаад баригдаад цагдаад зодуулсан гэж ярьсан ба тухайн хүний биед ерөнхий үзлэг хийхэд баруун талын хөл нь өвдөгний үе, үенээс жаахан дээгүүр хавдсан, өвдөгний үе орчим эргэн тойрон улайлт хөхрөлттэй, битүү хавдсан, баруун талын шанаа хэсэгт 3х1 сантиметр зулгарсан, баруун хацар, шанаа хөхөрч хавдсан байсан.” тухай мэдүүлэг,

Гэрч Ц.Н: “2019 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө дуудлагын дагуу Алтай зочид буудалд очиход М.А зүүн нүдэндээ цохиулсан байдалтай, хөхөрсөн уруул нь цус болоод хатсан байсан ба яагаад ийм байдалтай байгаа талаар асуухад нь хамт явсан хүмүүстээ цохиулаад нүд ам хөхөрсөн гэж хэлж байсан боловч хөл нь гэмтэлтэй байдал мэдэгдээгүй, М.А урдаа оруулаад хойноос нь алхахад урд нь хэвийн алхаад явсан” тухай мэдүүлэг,

Гэрч С.Д мөрдөн байцаалтад өгсөн: “М.А гэдэг залуу эрүүлжүүлэхэд хоноод 3-4 цагдаад зодуулсан гээд мах нь тасарсан бололтой, өвдөгний дээгүүр гуя орчим ховил татсан, зүүн нүд нь хөхөрсөн байсан” тухай мэдүүлэг,

Гэрч Л.Э мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн үед гэртээ ирэхэд нь М.А нүүр нь хөхөрсөн, хөл нь доголсон байсан бөгөөд яасан талаар асуухад нь урьд шөнө эрүүлжүүлэхэд хоноод цагдаад зодуулсан гэж хэлсэн” тухай мэдүүлэг,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэлийн хуулбарт бичигдсэн: “М. А зочид буудлаас 102 дуудлагаар дэд ахлагч Н авч ирсэн бөгөөд 1.30 хувийн согтолттой, ил харагдах шарх сорви үгүй, зүүн нүдний доод талд бага зэрэг хөхөрсөн байсныг эрүүлжүүлэх байранд хүлээн авсан тухай” тэмдэглэл,     

Алтай зочид буудлын үүдний хэсэгт М.А анх орж ирсэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 31 минут гэж тэмдэглэгдсэн бичлэгээс эхлэн, М.А  Алтай зочид буудлаас цагдаа авч явж буй бичлэг, Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын жижүүрийн үүдний хэсгийн дүрс бичлэгт М.А нь доголсон, эмзэглэсэн зүйлгүй хэвийн алхаж, гишгэж явж байгаа нь бичигдсэн боловч ХААН банкны АТМ-ийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 50 минутаас 08 цаг 55 минутын хоорондох дүрс бичлэгт бичигдсэн М.А баруун хөл илт доголсон байдалтай орж ирж мөнгө авч байгаа дүрс бичлэг,

Гэрч Г.О мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “М.А 24 цагийн үед Эргүүлийн цагдаа дэд ахлагч Н авч ирсэн бөгөөд драйгер үлээлгэхэд нилээд согтуу байсан тул эрүүлжүүлэх байрны 2 номерт хийхэд хэл амаар доромжлоод “Зүгээр байсан хүнийг эрүүлжүүлэхэд хийлээ”  “Бие засья” гэх мэтээр орилж хаалга савчиж дуугаргаад байхаар нь камераас гаргаад нойл руу авч явах үед М.А нь ахлагч С.Г хэрэлдэж ахлагч С.Г нь М.А нэг алгадаад  зузаан гуя руу нь 2-3 удаа өвдөглөхөд М.А газар унасан бөгөөд Г.О нь М.А хацар руу нь хоёр удаа алгадаад бие засах өрөөнд оруулсаны дараа буцааж эрүүлжүүлэх байрны өрөөнд хийсэн ба өглөө 8 цаг өнгөрч байхад гаргасан.” тухай мэдүүлэг,

 

Гэрч Ш.О: “М.А ирэхэд нь хүлээж авч биед нь үзлэг хийхэд доголсон зүйл мэдэгдээгүй бөгөөд 00 цаг өнгөрч байхад мэдээ өгөх гэж гарч яваад буцаж ирэхэд нь М.А хана налж зогссон, хажууд нь Г.О, С.Г нар байсан бөгөөд юу болсон талаар асуухад нь “Бие засна” гэж гарчихаад хэрэлдээд байна гэж Г.О нь хариулсан, М.А нь “Цагдаа нар гөлөгнүүд та нар намайг зоддог хэн бэ? гэж хашгирч байсан ба өглөө нь М.А хөл бага зэрэг өвчин орсон байна гэж хэлж байсан” тухай мэдүүлэг, 

 

Шинжээч Ш.Д: “М.А хэргийн материалд авагдсан эмнэлгийн бичиг баримтаас үзлэг хийхэд баруун гуянд ямар гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжтой байна. М.А баруун гуяны хатуу хальсан дор үүссэн  цусан бүлэн нь цаашид шимэгдэхгүй учир заавал мэс засал хийх заалттай байдаг. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.А баруун гуяны хатуу хальсан дор үүссэн цусан бүлэн гэмтэл нь 2019 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн дүгнэлт,

 

Шинжээч Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эмнэлгийн бичиг баримт болох стор дээр бичигдсэнээр М.А баруун гуяны баруун хэсэгт 4-5 сантиметр зүслэг хийж зөөлөн эдийг хурц болон мохоо аргаар чөлөөлж, хатуу хальсанд зүслэг хийсэн гэсэн байсан. Гуяны дотор хальс нь хатуу хальсаар хучигдсан байдаг. Цусан хурааг арьсан доорх, хатуу хальсан доорх гэж хоёр ангилна. Арьсан доорхыг цус хуралт, хатуу хальсан доорхыг нь цусан бүлэн гэнэ. Цусан бүлэн нь шимэгдэхгүй учраас мэс заслын аргаар авахаас өөр аргагүй байдаг. Цусан бүлэн нь өөрөө гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этээд тодорхойгүй байгаа үед ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд Г.О, Ш.О, С.Г нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан  гэрч өөрийнх нь эсрэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй болохыг тайлбарлаж өгсөн боловч мэдүүлэг өгсөн байх тул уг ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би М.А өвдөглөх нь өвдөглөсөн. Өмнөөс нь тулж байгаад өвдөглөсөн болохоор хүчтэй ороогүй. Би баруун хөлөнд нь миний үйлдлээс болж гэмтэл үүссэн гэж бодохгүй байна” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгчийн уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А: “Хохирогч эрүүлжүүлэх байранд ирэхээсээ өмнө хүнд зодуулсан, гэмтсэн байх боломжтой” гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгчийг яллах үндэслэл болсон М.А эрүүл мэндэд учирсан хохирол нь прокурорын яллах дүгнэлтэд тусгасанаас өөр газар, цаг хугацаанд, өөр байдлаар учирсан байх боломжгүй байна.   

 

Шүүгдэгч С.Г үйлдэл нь хохирогч М.А эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч С.Г үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.   

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Г эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлөөс хөнгөн ял болох торгох ялыг сонгож шүүгдэгчид оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

 

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г түүний өмгөөлөгч Д.А нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.А нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Т.Ж

ШҮҮГЧИД                            Ж.Б

                                      Ч.Э