| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0198/з |
| Дугаар | 221/МА2025/0559 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0559
“Э х к” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э
Нэхэмжлэгч: “Э х к” ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн “Э х к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0461 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е
Хэргийн индекс: 128/2025/0198/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э х к” ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн “Э х к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0461 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан Б.М төлөөлөгч цаашид манай компанийг төлөөлөн ажиллах боломжгүй болсон байсан тул тус шүүх хуралдаанд түүнээс татгалзаж буйгаа илэрхийлж, өөрийн биеэр оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байгаагаа мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамт хүргүүлсэн. Гэтэл шүүх манай хүсэлт болох хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа нөхцөл байдлыг минь хүлээж авалгүй нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл болон 98 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зэрэг эрхийг эдлүүлээгүй гэж үзэж гомдолтой байна.
3.2. Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23, 2023 оны 60, 72, 2024 оны 76, 96 зэрэг тогтоолуудаар бидний тайлбарлаж буй энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарна гэж тайлбарласан байдаг.
3.3. Нэхэмжлэгч гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамж нь хуульд нийцэхгүй тул дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй боловч хэрэгт цуглуулсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “Э х к” ХХК-иас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн “Э х к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “…газраа зориулалтын дагуу эзэмшиж, газар дээрээ худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолбор барихаар төлөвлөн ажиллаж байсан боловч дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй бөгөөд миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах, нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, газар дээрээ барилга барихаар холбогдох зураг төсөл, судалгаа хийх, хөрөнгө оруулалт татах, зөвшөөрөл авахаар төлөвлөн ажиллаж байхад ийнхүү шууд цуцалсан нь хуульд нийцээгүй, газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэж тайлбарлана.
3.2 Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... захирамж гаргах хүртэл нийт 9 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашигласан гэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй, анх газар эзэмших эрхтэй болсноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй ба үүнийг дэлхий нийтийг хамарсан корона вирусийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй, албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд “Э х к” ХХК нь хариу ирүүлсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарах хүртэл нийт 251,895 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
4. Анхан шатны шүүх “... дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 07-14/638 дугаар албан бичиг, хээрийн болон суурин судалгаа, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2/1072 дугаар албан бичгээр ирүүлсэн 2014, 2017-2018, 2019 оны агаар сансрын зургуудаас үзэхэд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдож байна, ... нэхэмжлэгч нь уг газрыг 10 жил эзэмшихдээ дээрх байдлаар гэрээнд заасан зохицуулалтын дагуу эзэмшиж, ашигласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй, нэхэмжлэгч газар дээрээ барилга барихаар холбогдох зураг төсөл судалгаа хийж хөрөнгө оруулалт татах зөвшөөрөл авахаар төлөвлөн ажиллаж байсан гэх бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг дээр энэ талаарх баримтыг гаргаж өгөхөөр тайлбарласан боловч ирүүлээгүй” гэх зэргээр дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
5. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
5.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай Содмонгол ШТС-ын зүүн талд байрлах нэгж талбарын 1332804511 дугаартай, 1282 м.кв газрыг үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон.
5.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунган, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 000014045 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх №01110-2020-00617 дугаар гэрээ байгуулсан байна.
5.3. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/403 дугаар захирамжаар “... газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүй зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр 24 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгчид олгосон уг газар багтжээ.
6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмшигч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай ба (а) газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, (б) ийнхүү ашиглаагүй хугацаа нь шийдвэр гаргах хүртэл дараалсан хоёр жил байх, (в) ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний ... зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
7. Энэ тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой маргаан бүхий актад дурдсан үндэслэл бүрдээгүй, захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тодруулах, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзвэл энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх буюу зөрчлийг шалган тогтооход чиглэсэн нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүйгээс захиргааны акт үндэслэл бүхий болж чадаагүй байна.
8. Тодруулбал, энэ хэсгийн 5-д заасан маргааны үйл баримтыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон дээрх зохицуулалттай харьцуулан үзэхэд, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр”, “2 жил дараалан ашиглаагүй” гэх урьдчилсан нөхцөлүүд бүрдээгүй байна.
8.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/582 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр газар эзэмшүүлэх 01110-2020-00617 дугаартай гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр А/403 дугаартай захирамж гарах хүртэл хугацааг тоолоход 3 жил 3 сар 25 хоног болно.
8.2. Харин Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт болно.
Мөн Улсын Их Хурлаас Коронавируст халдварт /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан бөгөөд уг хуулийн үйлчлэлийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар тухайлан тогтоосон.
Дээрх хууль үйлчилсэн буюу цар тахлын нөлөөгөөр улсын хэмжээнд хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосноос үүдэлтэй хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эдгээр хугацааг хасч тооцвол, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацаа нь нэхэмжлэгчийн хувьд 2 жил хүрэхгүй байна.
8.3. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, нарийвчлан тогтоох үүрэгтэй.
Гэтэл хариуцагч нь “… 2014 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй нь хээрийн болон суурин судалгаагаар тогтоосон” гэж тайлбарлах боловч 2014, 2019, 2023 онд хамаарах 3 удаагийн кадастрын болон сансрын зургаас өөр баримт бүрдүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход хамаарах “газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан эсэх, тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх” зэрэг холбогдох нөхцөл байдлыг судалж, зөрчлийг эргэлзээгүй тогтоосон гэж үзэхгүй.
“Э х к” ХХК-иас 2022 оны 01/22-29 дүгээр албан бичгийг дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд хүргүүлж, цар тахлын нөхцөл байдлын улмаас газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа шалтгааныг дурдаж, газар эзэмших эрхийг үргэлжлүүлэх талаар хүсэлтээ илэрхийлсэн байхад шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөлийг тогтоох зэргээр түүнийг харгалзан үзээгүй нь буруу байна.
8.4. Харин анхан шатны шүүхийн тухайд, маргаан бүхий газарт үзлэг хийх зэргээр шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй атлаа 2014-2019 оны агаарын зургийг үндэслэж, Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэгчид анх 2014 онд олгосон газар эзэмших эрхийн хугацааг дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаар захирамжаар нэгэнт сунгасан тохиолдолд тэдгээр хугацаанд газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхийг маргааны үйл баримтын хүрээнд дүгнэхгүй ба маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүй тул газрын төлбөрийн үлдэгдэлтэй эсэхэд шүүхээс магадлах ажиллагаа явуулахгүй.
9. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан “Э х к” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн “Э х к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ