Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1057

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00729 дугаар шийдвэртэй, Э.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ад холбогдох Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамжны 1581 тоотод байрлах газрын орц гарцыг хаасан 1570 тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж орц, гарц гаргахыг хариуцагч Н.Ад даалгах шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маахүүхэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн сургуулийн гудамжны 1581 тоот 18652311663050 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрын хууль ёсоор өмчлөгч юм. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000032418 дугаартай 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэлийн Г-2204008013 тоот гэрчилгээ, хувийн сууцны зориулалттай 25 м.кв үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204022484 тоот бүртгэлтэй улсын бүртгэлийн 000059511 дугаар гэрчилгээ зэргээр тогтоогддог. Гэтэл өмчлөгчийн орц, гарцыг хааж буй 1570 тоот тэмдэглэл бүхий задгай газрыг хууль бусаар эзэмшдэг иргэн Н.А нь өмчлөгчийн эрхийг зөрчиж хууль бусаар газар эзэмшиж, хашаа барьсан байдаг. Тэрээр тус газрыг эзэмших хууль ёсны эрхгүй болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1244 тоот тайлбар хүргүүлэх тухай албан бичиг зэргээс тодорхой харагдана. Мөн хууль бусаар газар эзэмшиж газар өмчлөгч этгээдийн эрхийг зөрчсөн талаар холбогдох мэргэжлийн байгууллагаас удаа дараа шаардах хуудас хүргүүлсэн байдаг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Газрын албанаас хоёр удаа шаардах хуудас хүргүүлж, хашааг албадан чөлөөлөх ажиллагаа хийсэн. Иймд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамж 1581 тоотод байрлах газрын орц, гарцыг хааж барьсан иргэн Н.Аг уг хаягт байрлах 1570 тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж орц, гарц гаргахыг даалгах нэхэмжлэлийг хангана уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А миний бие 2005 онд Ж.Баянзул гэдэг иргэнээс хашаандаа жижиг шавар байшинтай 540 м.кв талбайтай, 18652311641016 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, газар эзэмших 77022861 дугаар гэрчилгээтэй газрыг худалдаж аваад тухайн хашааг өргөтгөх, өөрчлөх ямар нэгэн засваргүйгээр анх худалдаж авсан хэвээр нь байлгаж байгаа. Хашааны хаалга нь урагшаа харсан байрлалтай, тухайн газрын хэмжээ нэмэгдэж өөрчлөгдөөгүй, хашааны газраа сунгаагүй өнөөдөр хүртэл 12 жил амьдарч байна. Нэхэмжлэгчийн газар нь 2008 оноос өмнө н.Гэрэлчулуун, н.Оргил нарын эзэмшилд байсан ба 2008-2013 онуудад газрын орц гарцын маргаан байгаагүй. Нэхэмжпэгч 2013 оноос хашааныхаа ар талд 1582 тоот эзэнгүй хашаа үүсгэж, урьд хэсгийн хашаагаа өмнөх айлынхаа хашаатай тулгаж сунган барьж нарийн гудамжийг битүүлснээс өөрөө өөрийнхээ орц гарцыг хаасан. Нэхэмжлэгчийн ар талын 1582 тоот хашааны эзэмшигч, өмчлөгчийн талаар дүүргийн газрын мэдээллийн санд ямар ч бүртгэл байхгүй байдаг.

Дээрх нөхцөл байдлын талаар Газрын харилцаа барилга геодези зураг зүйн газрын 2014 оны 02 дугаар сарын 07-ны 1/144 тоот болон дүгнэлтийн хавсралт зургаар тодорхой гаргаж шүүхэд ирүүлсэн нь өмнөх хавтаст хэрэгт авагдсан. 2009 оноос хойш би өнөөг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Газрын албанд 540 м.кв талбайтай газраа эзэмших, өмчлөхөөр хүсэлт гаргасан боловч өмнөх эзэмшигчийг байлцуулах шаардлагатай гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахгүй буцаасан. 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр газраа худалдсан Ж.Баянзулыг олж Газрын албатай уулзуулан бичиг хийлгэж дахин хүсэлт гаргахад маргаантай байгаа гэх үндэслэлээр миний 12 жил амьдарч байгаа газрыг өмчлүүлэх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхгүй хохироосоор байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ад холбогдох Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамж, 1581 тоотод байрлах газрын орц, гарцыг хаасан 1570 тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж, орц, гарц гаргахыг хариуцагч Н.Ад даалгах тухай нэхэмжлэгч Э.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжад төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А, хариуцагч Н.А нараас шинжээчийн ажлын хөлсөнд 425 425 төгрөгийг тус тус гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй үнэлж дүгнэх шаардлага хангаагүй. Учир нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 556 тоот албан бичигт “тус дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 1581 тоот хашааны орц, гарц гаргуулах хүсэлтийн дагуу 2 удаа шаардах хуудас хүргүүлж, хашааг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан” гэсэн, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1248 тоотод Н.Агийн 2 тал, 7 дай хашааг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан гэжээ. Өөрөөр хэлбэл, газрын зохион байгуулалт хариуцаж буй мэргэжлийн байгууллагаас бусдын өмчлөх эрхийг зөрчиж орц, гарцыг хаасан болохыг нотлоод албан шаардлага, албан бичгээр хариуг өгсөн байдаг.  Гэтэл шүүх эдгээр нотлох баримтыг бодитойгоор үнэлж хэргийг шийдвэрлэсэнгүй.

Хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангасан ижил үйл баримтад хоёр өөр шинжээчийн дүгнэлт гаргасан. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4/144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Н.Ариунболдын хашааг Н.Баянзулын эзэмшдэг гэх бүртгэлтэй газар бүхэлд нь хаасан байна”, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/174 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Ж.Баянзулын эзэмшдэг гэх газар нь хил заагийг тодорхойлсон хашаа татаагүй бөгөөд талбайн хэмжээг дангаар тодорхойлох боломжгүй. Ж.Баянзул нарын хашаалсан гэх газар Э.Аын өмчилдөг газрын орц, гарцыг хаагаагүй” гэсэн хоёр зөрүүтэй дүгнэлт байхад ижилхэн нотлох баримтын сүүлийн зөрүүтэй дүгнэлтийг үнэлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хүсэлт гаргаж, шүүгчийг бодит байдалтай очиж танилцуулж үзлэг хийлгэсэн байхад шүүгч нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь дүгнэлгүй хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн дүгнэлтэд “бодит байдал дээр газар дээрээ огт орц гарцгүй” гэх мэт зөрүүтэй нөхцөл байдалд шүүх зөв дүгнэлт хийж нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь дүгнээгүй.

Хариуцагчийн 1570 тоот тэмдэглэл бүхий задгай газрыг /энэ нь өмчлөлийн орц, гарцыг хааж буй газар/ хууль бусаар эзэмшдэг Н.А өмчлөгчийн эрхийг зөрчиж хууль бусаар газар эзэмшиж хашаа барьсан нь илэрхий байхад “Ж.Баянзулын нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, маргаантай гэсэн тэмдэглэлтэйгээр бүртгэлтэй, уг газрыг Ж.Баянзул нь Н.Ад худалдсан болох нь Баянзүрх дүүргийн Газрын албанд 2013 оны 05 дугаар сарын 29-нд Б.Баянзулын бичсэн тодорхойлолт, газрын кадастрын зураг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч газар эзэмших эрхгүй этгээд болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1244 тоот тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, хариуцагчийн өөрийн тайлбар зэргээс тодорхой харагдана.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хуулиар хориглосон. Шүүх газар эзэмших эрхгүй этгээдийн эрх зүйн байдалд хууль хэрэглээний хувьд үнэлэлт өгөх ёстой байтал илэрхий хоёрдмол байдлаар Ж.Баянзул эзэмших эрхтэй нь нотлогдож байна гэсэн мөртлөө нөгөө талд газар эзэмших эрхтэй эсэх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна гэх мэтээр эргэлзээтэй дүгнэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Н.Ад холбогдуулан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамжны 1581 тоотод байрлах газрын орц, гарцыг хаасан 1570 тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж орц, гарц гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаар дээрх хаягт байрлах 1581 тоот, 700 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч нэхэмжлэгч Э.А болох нь тогтоогдсон, хариуцагчийн хувьд тухайн гудамжны задгай 321 тоот хаягаар иргэн Ж.Баянзулын нэр дээр “маргаантай” гэх тэмдэглэлээр Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн хашаа, байшин бүхий газрыг 2005 онд худалдан авч эзэмшин ашиглаж байгаа ба энэ талаар зохигчид маргаагүй болно. /1хх8, 146, 147/

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрын орц, гарц хаасан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, Шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/09364 дугаар захирамжаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилжээ. /1хх149,157-160/

 

Тус газраас томилогдсон ажлын хэсгийн хэмжилт буюу шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Н.Агийн эзэмшиж буй хашаалсан газар нь нэхэмжлэгч Э.Аын өмчилж буй газрын орц, гарцыг хаагаагүй болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.А өөрийн хууль ёсоор өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн газраас урд талаараа 148,6 м.кв илүү талбайг хашаалсан болох нь тогтоогдсон байна.  /1хх 215-229, 2хх 22-28/

 

Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шинжээчийн дээрх дүгнэлт нь 2014 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн, хоёрдмол утгатай байхад шүүх эргэлзээгүй байдлаар үнэлсэнгүй гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан шинжээчийн дүгнэлт, түүний үндэслэл болсон Нийслэлийн газрын кадастрын сангийн зурган мэдээлэл, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаж буй газрын байршилд үзлэг хийж бодит байдлыг гэрэл зургаар бэхжүүлсэн баримт, талуудын тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл хариуцагч Н.Агийн эзэмшиж буй газар болон хашаалсан хэсэг нь нэхэмжлэгчийн өмчилж буй 1581 тоот хаягт байрлалтай газрын орц, гарцыг хаасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн дээрх дүгнэлтэд 2006-2017 оны архивын зурган мэдээлэл хамрагдаж судлагдсан ба түүнд үндэслэж шүүхийн тавьсан асуулт болон ажлын эцсийн үр дүнг дүгнэж ирүүлсэн байх тул Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2014 онд гаргасан дүгнэлтийг шүүх үнэлэх шаардлагагүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, хариуцагчийг газар эзэмших эрхгүй тул  хууль хэрэглээний хувьд зөв дүгнэлт хийгээгүй гэж гомдол гаргажээ. Хариуцагчийн эзэмшиж буй газар нь иргэн Ж.Баянзулын нэр дээр бүртгэлтэй талаар зохигчид маргаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд “маргаантай” гэсэн тусгай тэмдэглэлтэй байгааг тодорхой тусгасан, улмаар Н.А газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй байдал нь нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарахгүйг шүүх зөв дүгнэсэн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэснийг үндэслэж гомдол гаргасан байх боловч хариуцагчийн эзэмшил, ашиглалтай холбоотой өөр этгээд /Ж.Баянзул/-д хамаарах асуудлыг уг нэхэмжлэлээр шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд өмчлөгч Э.Аын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчаас саад болж байгаа гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр маргааны үйл баримтад хамаарах хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маахүүхэний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маахүүхэний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА