Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0625

 

“Лонг энд лонг” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, гуравдагч этгээд “Уул далайн баялаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндаваа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Лонг энд лонг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.5, 19.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Лонг энд лонг” ХХК-ийн нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 дугаар шийдвэр, Ашигт малтмалын хайгуулын ХҮ-020311 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ХА-19812-001/NE026794/ тоот өргөдлийн талбайн бусад өргөдөлтэй давхцаагүй хэсэгт өргөдлийг дахин бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.  

Гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Манай компанийн эзэмшдэг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах, XV-20311 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлүүдийн дагуу шаардагдах материалуудыг бүрдүүлж мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас зөвшөөрсөн өргөдлийн дугаар цахимаар олгох журмын дагуу дээрх тусгай зөвшөөрлийг эзэмшихээр болсон.

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрөл хүссэн NE-027250 дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн дагуу бүрдүүлж Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хүргүүлж улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу кадастрын хэлтэст хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж орон нутаг руу өргөдлийн санал хүргүүлж улмаар орон нутгаас тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжсэн хариу ирж эхний жилийн төлбөр болох 693,000 төгрөг, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээиий хөлс болох 3,000,000 төгрөгүүдийг төлсөнөөр энэхүү тусгай зөвшөөрлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаагаар эзэмшсэн ба энэ хугацаанд ямар нэг байдлаар шүүхийн маргаантай болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүчин төгөлдөр өргөдөл байгаагүй болно.

Нэхэмжлэгч “Лонг энд лонг” компани нь манай тусгай зөвшөөрөл авсан талбайд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр NЕ-026794 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа “Болд Повер” компанийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан NЕ-026733 дугаар бүхий өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцсан өргөдөл хүргүүлсэн. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5 заалтын дагуу тухайн талбайн давхцаагүй хэсэг дахин өргөдөл гаргах эрхээ эдлэхдээ дахин өргөдлийн дугаар авч, талбайн мэдээллээ шинэчилсэн байдлаар бүртгүүлж өргөдөл гаргах журмыг зөрчин шууд давуу эрхээр дахин өргөдөл гаргах гэсэн нь хууль бус үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл зориуд давхцалтай хэлбэрээр өргөдөл гаргаж давуу эрх гэж, журмын дагуу давхцалгүй өргөдөл гаргасан өргөдөл гаргагчийн эрхийг энэ тохиолдол шиг ноцтой зөрчих байдал үүсэхээс Монгол Улсын засгийн газар, Үндэсний аюулгүй байдлаас зөвшөөрсөн цахимаар өргөдлийн дугаар олгох ажиллагаа хязгаарлаж, дахин өргөдөл гаргаж бол дахин дугаар авах ёстой гэсэн журам үйлчлээд явж байгаа энэ тухай Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тэмдэглэлд маш тодорхой дурдсаныг шүүх хариуцагчаас гаргуулсангүй.

Татварын ерөнхий хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ерөнхий зохицуултаас харахад төр өргөдлийг давхцалтай эсэхийг хянаад үйлчилгээ үзүүлж, дахин өргөдөл гаргана гэдэг нь дахин үйлчилгээ авна гэсэн үг тиймээс хураамж дахин төлөх ёстой болно, гэтэл шүүхийн шийдвэр нь хуулийн агуулга, зохицуулалт болон Монгол Улсын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлаас зөвшөөрсөн цахимаар өргөдлийн дугаар олгох ажиллагааны зохицуулалттай уялдахгүй шийдвэр болжээ.

Хувийн хэвшил нэгэнт хэрэгжээд, хэлбэржсэн харилцааг ойлгохгүй байгаа нь харамсалтай юм. Тухайлбал: Банкинд дугаарлахдаа дугаар бүхий тасалбар авч дугаарлан өөрийнхөө ээлжийг хүлээдэг, хэрэв тэр хүн иргэний үнэмлэхээ мартсан зэрэг шалтгаанаар банк үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан бол дутуу зүйлээ бүрдүүлэн дахин дугаар авах ёстой, өөрийн хуучин дугаараа дараалал дугаар дайрвал хэн ч таатай, үл тэвчих нөхцөл байдал бий болгоно. Засгийн газар ердөө л ийм байдлыг бий болгох гэсэн оролдлого хийсэн, гэвч цөөн тооны зарим нэг салан задгай, аж ахуйн нэгжээс болж, жирийн дугаар авч үйлчлүүлж байгаа хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдөхөд хүрээд байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д ."хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэсэнтэй нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч дахин гаргасан өргөдлийг нь хүлээн авахгүй эс үйлдэхүйтэй огт холбоогүй, захиргааны хэрэгт дахин гаргасан өргөдөл огт байхгүй, манай өмгөөлөгч нэхэмжлэгчээс яагаад дахин өргөдөл гаргаагүй юм гэхэд хариулж чадаггүй ойлгомжгүй асуудал байхад шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д дахин өргөдөл гаргах гэснийг буруу тайлбарлаж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “...бусад өргөдөлтэй давхцаагүй хэсэг өргөдлийг дахин бүртгэхийг Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай“ дахин өргөдөл гаргах асуудлыг огт дурдалгүйгээр өмнөх өргөдлийн давхцаагүй хэсгээр дахин бүртгэ гэж үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив. Харин тогтоох хэсэгт Ашигт малтмалын хайгуулын ХҮ-020311 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн огноо болон дугаарыг тодорхой бичээгүй байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Лонг энд лонг” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумын нутаг дахь “Хар толгой” нэртэй газар /талбайн хэмжээ 5815 га/ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч ХА-019812-001-NЕ /NЕ-026794/ дугаартай өргөдөл гаргасныг хариуцагчаас түрүүлж ирсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай болохыг мэдэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Мөн нэхэмжлэгчийн давхцалгүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг хариуцагчаас “... Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулсны үндсэн дээр өргөдлөө дахин гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д заасан” гэж хүлээн авалгүй, энэхүү үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: ... 19.2.5. хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах, 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх …” гэж тус тус заажээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдлийг бүртгэгдсэн дарааллынх нь дагуу шийдвэрлэдэг бөгөөд дээрх хуулийн заалтаар тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлсэн этгээдийн өргөдлийн талбай түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцсан тохиолдолд захиргааны байгууллагаас давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэж дахин өргөдөл гаргах эрхийг нь хангахыг үүрэг болгожээ. Харин өргөдөл гаргасан этгээд давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол дахин өргөдөл гаргах бөгөөд захиргааны байгууллага нь давхцаагүй талбайд түрүүнд өргөдөл гаргасан этгээдийнх нь хувьд өргөдлийн дарааллыг шалгах шаардлагагүй, гагцхүү хуулийн 17, 18-д заасан бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол  аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэхээр зохицуулжээ.

Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 963 дугаар шийдвэрээр “Лонг энд лонг” ХХК-ийн өргөдлийн талбайд бүхэлд нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх бөгөөд мөн уг талбайд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр “Уул далай баялаг” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгчийн талбай давхцаагүй хэсэгтээ дахин өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд гуравдагч этгээдийн “... шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д дахин өргөдөл гаргах гэснийг буруу тайлбарлаж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д ... бусад өргөдөлтэй давхцаагүй хэсэгт өргөдлийг дахин бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж дахин өргөдөл гаргах асуудлыг огт дурдалгүйгээр өмнөх өргөдлийн давхцаагүй хэсгээр дахин бүртгэ гэж үндэслэлгүй шийдвэр гаргажээ.” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...олгосон” гэсний дараа “2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110 дугаар” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ