Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2020/00682

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц

 

Хариуцагч: Б

 

52,873,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагч Б.Цийн төлөөлөгч М.Ц, хариуцагч Б.Цийн өмгөөлөгч Д.Н, хариуцагч Д.Б-н төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Д нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ч миний түрээслэн ажиллуулдаг дэлгүүрээр үйлчлүүлдэг Д.Б гэх эгч надад манай хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулаад их мөнгөтэй болох боломж байна гэж хэлээд танилцуулга өгсөн. Багын найз Б.Ц хөрөнгө оруулалтын санг Монголд оруулж ирсэн хүмүүсийн нэг гэж хэлж байсан. Би 2017 оны 11 сарын 18-ны өдөр Б.Ц гэх хүн дээр очиж Хөрөнгө оруулалтын санд данс нээлгэж 90 евро буюу 260 100 төгрөг бэлнээр өгсөн. 2017 оны 12 сарын 09-ний өдөр 21 870 евро буюу 63 000 000 төгрөг бэлнээр Б.Ц, Д.Б нарт өгч 21 870 еврогийн багцад хамрагдаж хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн өдрөө 100 660 төгрөг, 2017 оны 12 сарын 16-ны өдөр 1,148,000 төгрөг, 2018 оны 02 сарын 11-ны өдөр 796,500 төгрөг тус тус өгсөн. Ингээд би 5 удаа нийт 65 305 260 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болно. Энэ хөрөнгө оруулалт нь 7 хоног бүр ашгаа өгнө гэсэн. Тэд надад хөрөнгө оруулалтын ашиг гэж Б.Ц, Д.Б нар өөрсдийн дансаас 2018 оны 3-р сарын 10-ны өдөр 2 500 000, 2018 оны 3-р сарын 25-ны өдөр 533 700, 2018 оны 3-р сарын 26-ны өдөр 533 700, 2018 оны 4-р сарын 02-ны өдөр 2 964 000, 2018 оны 4-р сарын 09-ний өдөр 5 900 000 төгрөг нийт 12 431 400 төгрөг ашиг гэж надад өгсөн. Б.Ц Д.Б нар нь өнөөг хүртэл миний хөрөнгө оруулаад үлдсэн 52 873 860 төгрөгийг өгөөгүй намайг хохироосоор байна. Би байр авахаар цуглуулж байсан мөнгөө тэдэнд өгч мөнгөө хурдан өсгөж авна гэж бодоод хөрөнгө оруулсан юм. Би Б.Ц Д.Б нараас болж маш ихээр хохирч, одоо айлын байр хөлсөлж амьдарч байна. Иймд надаас хөрөнгө оруулалт нэрээр мөнгө авч 7 хоног бүр ашиг өгнө гэж худал хэлж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авсан үндсэн мөнгө 65 305 260 төгрөгнөөс надад өгсөн 12 431 400 төгрөгийг хасаад үлдсэн 52 873 860 /тавин хоёр сая найман зуун далан гурван мянга найман зуун жаран/ төгрөгийг гаргуулан өгнө үү.

2017 онд Б хөрөнгө оруулалтын сангийн талаар танилцуулсан. Улмаар хэд хэдэн удаа сургалтанд суугаад ашигтай гэж ойлгоод 63 орчим сая төгрөгийг хариуцагч нарт өгөөд элсэж орсон. Эргээд ороход сайт дээр данс нээгдсэн байна гэсэн. Дараа нь дахиад 2 удаа дахиж хөрөнгө оруулсан. Түүний дараа бэлэн мөнгө авахгүй багцаа өсгөөд яв гэснээр нь явсан. 2018 оны 3 сард мөнгө авья гэхэд боломжгүй гэсэн.  Ингээд 4 сар хүртэл 12 сая орчим төгрөг авсан. Үүнээс хойш элсэлт байхгүй гээд мөнгө өгөөгүй. Үүнээс болоод маргаан үүссэн. Тэгээд 8 сар хүртэл хүлээ гэсэн боловч өгөөгүй. Улмаар 2018 оны 11 сард цагдаад гомдол гаргасан. Асуудал шийдэгдэхгүй удаад байсан тул 2019 оны 10 сард иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Цагдаад өгсөн гомдлоо хүсэлт өгөөд татаж авсан. Тэр үед хариуцагч нарыг байцаасан. Нийт 12 431 400 төгрөгийг ашиг гэж авсан. Үлдэгдэл 52 873 860 төгрөгийг аваагүй байгаа. Би анх өөртөө байсан бүх мөнгөө өгсөн. Жилийн дотор 3 дахин өсдөг гэж хэлж байсан. Алдах юм байхгүй гэж хэлж байсан. Хурдан байр авна гэж итгээд өгсөн. Үүнээс хойш 2 жил гаран эрхэлсэн ажилгүй байна. Эргэлтийн мөнгөгүй болсон. Мөнгийг өгөхийн тулд машинаа зарах зэргээр бүх хөрөнгөө зарцуулсан. Дэлгүүр ажиллуулж байсан бараагаа хүртэл зарсан. Намайг сайн дураараа элссэн гэж байна. Гэтэл би сайн дураараа биш энэ хүмүүсийн заавраар элссэн. Учир нь надад ирж элсэхийг санал болгосон. Сайн дураараа байсан бол би өөрөө хайж олох байсан. Хариуцагч нар л амласан ба бид компани төлөөлж сууж байна гээд элсүүлсэн. Би сайн дураараа мөнгө өгөөгүй. Данс нь хуурамч байсан. Одоо хаагдсан. Уг дансанд орлого зарлага хийх боломжгүй. Анх элсэхэд энэ талаар хэлээгүй. Анх банкны системтэй холбогдоно гэсэн боловч тэгээгүй. Хариуцагч нар хүн элсүүлээд тэрүүгээр ашиг өгдөг гэдгийг хэлээгүй. Би мөнгөө авья гэхэд хүн элсүүлээд ав л гэж байсан. Сургалтаар баталгаатай сан мөнгийг чинь компани өсгөөд 7 хоног болгон ашиг өгнө гэсэн. Бид компанийг төлөөлөөд сууж байгаа юм гэсэн. Сургалт гэдэг нь ийм л зүйл байсан гэв.

 

            Нэхэмжлэгч Г.Чын өмгөөлөгч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь дэлгэрэнгүйгээр болсон үйл баримтаа ярилаа. Үйл баримтууд тогтоогдож байна. Хууль зүйн хувьд нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт гэж ярьж байна. Нэхэмжлэгч нь багш хүн тул хууль зүйн мэдлэг муу байсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хэлсэнээр санд хөрөнгө оруулалтад оруулж байсан гэж ойлгосон. Хариуцагч нар нь цагдаа дээр мөнгө авсанаа хэлдэг. Мөнгө аваагүй байсан бол нэхэмжлэгчид мөнгө олгохгүй байсан. Иймд мөнгөө буцааж шаардах эрх үүссэн. Мөнгө авсан тул эдгээр хүмүүсийн хооронд ИЭЗ харилцаа үүссэн байна. Хариуцагч нар нь мөнгийг гадаад улс уруу шилжүүлсэн гэсэн боловч ийм баримт гаргаж өгсөнгүй. Иймд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотолж чадсангүй. Яриад байгаа сайт нь ямар нэг байдлаар банкны системтэй холбогдоогүй байна. Иргэний хуулийн 8.1.6-д үндэслэлгүйгээр мөнгө олж авах нь харилцаа үүснэ гэсэн. Иймд үлдэгдэл мөнгийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Иргэний хуулийн 492-р хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. 492.1.1-д хамаарч байгаа юм. Бодит байдалд мөнгө аваад гишүүн элсүүлээд л тэрүүгээрээ ашиг өгөөд л явдаг байсан байна. Нэхэмжлэгч нь үүнийг энэ талаар хангалттай тайлбарласан. Ажлын байран дээр нь очоод л итгэсэн байдаг. Хариуцагч Бы хувьд анх танилцуулаад мөнгийг цуг хүлээж авсан байдаг тул хариуцагч болж байгаа юм. Хариуцагч нар нь цуг нэхэмжлэгчид ойлголт өгсөн. 5 удаа ашиг өгсөн ба үүнийг хариуцагч Б өгөөд байгаа нь хариуцагч нар хамтраад байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ц нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Чын 2019.10.28-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай найз Д.Б нь Г.Ч гэх хүнд Kabo Bepge гэдэг улсын Five winds Asset Management” нэртэй хөрөнгө оруулалтын сангийн талаар танилцуулж мэдээлэл өгсөн. Г.Ч гэх хүн над дээр ирж тухайн Kabo Bepge гэдэг улсын “Five Winds Asset Management” нэртэй хөрөнгө оруулалтын сангийн талаар мэдээлэл авч өөрөө л санал шийдвэрээ гаргаж хөрөнгө оруулалтын санд данс нээлгэсэн. 2017.12.09-ний өдөр Г.Ч нь 63.000.000 /жаран гурван сая/ төгрөгийг авчраад Kabo Bepge гэдэг улсын “Five Winds Asset Management” нэртэй хөрөнгө оруулалтын санд нээлгэсэн дансандаа шилжүүлэх гэсэн юм би энэ компанид 21 870 /хорин нэгэн мянга найман зуун далан/ еврогоор хөрөнгө оруулалт хийж байна гэсэн. Хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь Г.Чын дэргэд нүдэн нь Kabo Bepge гэдэг улсын “Five Winds Asset Management” нэртэй хөрөнгө оруулалтын санд нээсэн өөрийн дансанд нь шилжүүлсэн. Г.Чаас өмнө Б.Б нь өөрөө Kabo Bepge гэдэг улсын “Five Winds Asset Management" нэртэй хөрөнгө оруулалтын санд 90-н еврогоор аавыгаа оруулсан cap гарны дараа өөрөө тухайн хөрөнгө оруулалтын санд данс нээлгэж гишүүнээр элсэх болсон тэгээд өөрөө араасаа хүмүүст Kabo Bepge гэдэг улсын “Five Winds Asset nagement” нэртэй хөрөнгө оруулалтын сангийн талаар танилцуулж тухайн хүмүүс нь шийдвэрээ гаргаж тухайн хөрөнгө оруулалтын санд данс нээлгэдэг байсан. Б.Б нь хариуцаж хийж байсан тэгсэн Г.Чимидлхам нь би одоо өөрөө хийгээд сурчихсан ойлгосон та надруу ороод байх шаардлагагүй би нууц кодоо солиод өөрөө юм аа хийж байгаа одоо танд хамаагүй болсон гэж хэлсэн. Г.Ч нь Kabo Bepge гэдэг улсын “Five Winds Asset Management” хөрөнгө оруулалтын сангийн компаниа хаагдсан гээд олл тухайн хөрөнгө оруулалтын сангийн дансанд шилжүүлсэн мөнгө төгрөгөө бид хоёроос нэхээд байгаа юм. Бид хоёроос нэхэх ямар ч шаардлага үндэслэл байхгүй. Тэр мөнгийг Г.Чын дэргэд нүдэн дээр нь Kabo Bepge гэдэг улсын “Five Winds Asset Management" нэртэй хөрөнгө оруулалтын сангийн дансруу шилжүүлсэн. Тухайн мөнгө төгрөг ашиг орлого нь Kabo Bepge гэдэг улсын “Five Winds Asset Management” компаниас интернэтээр шилжээд ирэхээр нь бид нар Г.Чд өгдөг байсан. Бид нар хувьдаа авч залилж мэхэлсэн зүйл байхгүй. Бид нар энэ мөнгийг аваагүй, бид нарын буруу биш. Тийм учраас Г.Чын 2019.10.28-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тус шүүхэд Г.Чын Б.Ц надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд энэхүү тайлбарыг гаргаж байна. Г.Ч надаас үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 52 873 860 төгрөгийг авсан гэж надаас мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл өгсөн байна. Үүнийг би зөвшөөрөхгүй байна. Г.Ч нь Европ тивийн Кабо верде гэх улсад өөрийн хүсэл зорилгоор нэр дээрээ хөрөнгө оруулалтын данс нээлгэж 5 удаа нийт 12 431 400 төгрөгийн ашиг гэж авсан. Ашиг авсанаа өөрөө нэхэмжлэлдээ дурьдсан байна. Нэхэмжлэгч надад хөрөнгө оруулалт гэж ямар нэгэн мөнгө төгрөг шилжүүлээгүй, өгөөгүй. Хөрөнгө оруулалт шаардлагатай ямар нэгэн бизнесийн болон бусад үйл ажиллагааг би эрхлэн явуулдаггүй. Г.Ч нь өөрийн хүслээр мөнгөө өсгөнө гэж европт өөрийн нэр дээр данс нээлгэн "Ilhamaa999 gmail.com" гэсэн мэйл хаягаар Кабо верде руу харьцаж еврогоор ашгаа авч байсан. Үүнийгээ өөрөө ч мэдэж байгаа. Миний хувьд Г.Чын өмнө үүрэг хүлээгээгүй, эрх зүйн харилцаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй тул түүнд 52 873 860 төгрөгийг өгөх үүрэггүй. Дээрх үндэслэлээр Г.Чын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Нотлох баримтыг гаргаж өгөх болно гэжээ.

 

Хариуцагч Б.Цийн төлөөлөгч М.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Ц нь мөнгө аваагүй. Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулсан гэж тайлбарладаг. Ц нь хөрөнгө оруулалтын сан ажиллуулдаггүй. Нэхэмжлэлд дурдсанаар өөрөө сайн дурын үндсэн дээр хөрөнгө оруулалтын санд элссэн гэж байна. Байр авах мөнгөө өсгөх зориулалтаар санд элссэн байна. Ц нь хөрөнгө оруулалт хийхийг ятгасан мөнгө авсан зүйлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би танд хөрөнгө оруулалт хийж байна гээд 52 сая төгрөг өгсөн баримтгүй. Цт хөрөнгө оруулалт авах шаардлага байхгүй. Уг сайт уруу нэхэмжлэгч өөрөө ороод пин кодоороо нэвтэрч ашиг авч байсан. Хариуцагч нар нь дуудаж мөнгө аваагүй. Өөрөө л мөнгөө өгсөн. Мэдэж байсан гэдэг нь хөрөнгө оруулалтын мөнгө гээд ашиг авсан гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрх, үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой. Нэхэмжлэлийн үндэслэл нь 492.1.1-р нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардаагүй. Гэтэл гэрээний үүрэг яриад байгаа нь нэхэмжлэгч өөрийн тайлбарыг нотлох үүргээ биелүүлээгүй холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлд хөрөнгө оруулалтын сан гэсэн боловч шүүх хурал дээр өөр юм ярьдаг. Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулсан тэгээд ашиг авсан гэж байгаа тул 492 биш юм. Сайн дурын үндсэн дээр сургалтад суусан байна. Гэрчүүд нь мөн адил уг санд хөрөнгө оруулалт оруулсан байдаг. Сангийн сайтыг удирдагч нь С гэж байх шиг байна. Прокурорын байгууллага хариуцагч нарыг мөнгө авсан нь тогтоогдоогүй, ашиг авсан байна гэдэг. Гэтэл энд өөр зүйл ярьж байна. Прокурорын тогтоолд гомдол гаргаагүй. Энэ нь тогтоолыг зөвшөөрсөн байна гэв.

 

Хариуцагч Б.Цийн өмгөөлөгч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл нь тодорхой бус байна. 492 гэж байна. Агуулга дотроо хөрөнгө оруулсан гээд байна. 492.1.1-т 3 нөхцөл заадаг. Үүний алинаар нь шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Хөрөнгө оруулалтын хуулиар иргэн хөрөнгө оруулалт авах боломжгүй юм. Хөрөнгө оруулалтын сан нь ашигаас гадна эрсдэл байдаг. Үүнийг хөрөнгө оруулагч өөрөө л хариуцах ёстой. Өөрөө итгэж хөрөнгө оруулалтын санд оруулсан эрсдэлээ өөрөө л хариуцах ёстой. Гэрчүүд нь авчирсан мөнгийг нь еврод шилжүүлж дансанд нь оруулаад явж байсан байдаг. Нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлага хангахгүй байдаг. Нэхэмжлэгч болон Ц нарын хооронд ИЭЗ харилцаа үүсээгүй юм. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй. Гэрээ байгуулсан гэрээний эрх зүй гэж байна. Хэрэв Ц мөнгө авсан бол баримтгүй байна. Цагдаад өгөөд болохоо байхаар шүүхэд өгсөн байна. Эрүүгийн хэрэг дээр тодорхой ашиг авсан байна гэж заасан гэв.

 

Хариуцагч Б.Бы төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь цуглуулсан мөнгөө оруулаад авч чадахгүй байгаад харамсалтай байна. Гэвч Цийн төлөөлөгчийн хэлж байгаагаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авсан гээд байна. Нэхэмжлэгч нь 2-3 удаа сургалтад суусан гэж байна. Хариуцагч Б нь танилцуулга өгсөн байгаа нь заавал ор гэсэн үг биш. Танилцуулга өгсөнөөс хойш нэхэмжлэгч өөрөө сургалтад суугаад судлаад сайн дураараа элссэн байна. Иймд үүссэн харилцааг зөв тодорхойлох хэрэгтэй. Энэ нь нэхэмжлэгчид дараагийн удаа асуудлаа шийдвэрлэхэд тустай юм. Хариуцагч Б нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөнгийг хүлээж аваагүй, ямар нэг үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүний ятгалгаар хөрөнгө оруулалт хийсэн гэж байна. Ятгалга танилцуулга гэдэг нь өөр өөр юм. Гэтэл сайн дураараа сургалтад суусан байна. Эхлээд мөнгө оруулаад дараа нь дахиж мөнгө өгч байгаа нь сайн дураараа өгсөн байна. Хөрөнгө оруулалтын хуулийн 3.1-д хөрөнгө оруулалтын талаар заасан байна. Нэхэмжлэгч нь өөрөө хуулийг судлах бүрэн боломжтой байсан. Цийн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Өөрөө сайт уруу ороод холбогдсон баримт байна. Нэхэмжлэлийн шаардлагын талаар эргэлзээтэй байдал үүсэж байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж мөнгийг хариуцагч нараас гаргуулах гэж байна. Иргэний хуулийн 8.1.1-д зааснаар үүрэг үүссэн гэсэн. Үүргийн болон үүргийн харилцаа нь өөр өөр юм. Нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний дагуу үүрэг үү, эсвэл гэрээний бус үүрэг нэхээд байгаа эсэх нь тогтоогдсонгүй. Хууль зүйн өөр өөр агуулгыг буруу тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь дээд боловсролтой хүн байна. Дэлгүүр ажиллуулж байсан гэдэг нь бизнес эрхэлж байсан гэдэг нь тодорхой хэмжээгээр асуудалд хандах хандлага байна. Хар Б танилцуулсан гээд Цтэй уулзаад сургалтад суусан байна. Гэтэл хүний хэлсэнээр би ингэсэн гэдэг нь худлаа. Иймд нэхэмжлэгч өөрийн сайн дурын үндсэн дээр оролцсон байна. Нэхэмжлэл дээр Цт өгсөн гэсэн боловч одоо Бд өгсөн гээд байна. Прокурорын тогтоол дээр Б аваагүй гэсэн байдаг. Цуг мөнгө тоолоод авсан гэдгээ юугаар нотолж байгаа юм. Мөнгө өгсөн гэдгээ баримтаар нотлохгүй байна. Иргэний хуулийн 189-г дурдаад байна. Нэхэмжлэгч нь боловсролтой ухамсартай хүн байна. Мэргэжлийн хүнээс тухайн үед зөвлөгөө авах боломжтой байсан байна. Үүнийгээ хэрэгжүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь тухайн үйл ажиллагаанд оролцсон нь тогтоогдож байна. Дансанд нь мөнгө нь байна. Нэхэмжлэлд нь үүрэг үүссэн гэсэн боловч одоо үүрэг үүсээгүй гэж байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Данснаасаа мөнгө өгсөн нь буруудах үндэслэл болохгүй. Харилцаагаа өөрөө тодорхойлж чадахгүй байна. Өөрийн мэдэж байсан зүйлээ мэдэхгүй гэж хэлж байна. Бүх хүний мөнгө Кобе-Верте гэдэг уруу шилжсэн бүгд л хүлээлттэй байна. Өөрөө яагаад мөнгөө нэмж өгсөн бэ. Сонголт байсан. Зөвлөгөө аваад явах боломжтой байтал өөрөө мөнгөө нэмж өгсөн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 52,873,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Ц, Д.Б нар нь мөнгийг хувьдаа аваагүй, нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулсан тул буцаан төлөх үүрэггүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, буцаан мөнгө шилжүүлж байснаар мөнгө өгч, авсан гэдэг нь нотлогдоно. Улмаар мөнгийг хариуцагч нар цуг тоолж авсан гэж тайлбарласан.

            Хариуцагч Д.Бы 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, хариуцагч Б.Цийн 16-ны өдөр тус тус Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд хариуцагч Д.Б нь мөнгийг Б.Ц авсан, хариуцагч Б.Ц нь би авсан гэж тайлбарласан байна. /хэргийн 142-144 дүгээр тал/ Харин нэхэмжлэгч нь хариуцагч нар цуг мөнгийг тоолж авсан гэх тайлбараа нотлоогүй. Түүнчлэн хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчид хөрөнгө оруулалтын сан гэх зүйлийн талаар танилцуулсан талаар зохигч хэн аль нь маргахгүй байна. Улмаар сан гэж нэрлэгдэж буй үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн үйл баримт нь мөнгийг авсан гэдгийг шууд нотлохгүй юм. Түүнчлэн хариуцагч нар нь арилжааны банк дахь өөрийн данснаас хөрөнгө оруулалтын ашиг нэрээр мөнгө буцаан шилжүүлсэн байдал нь мөнгө авсан гэдгийг нотолсон гэж үзэх боломжгүй. Учир нь сан гэх зүйлд хөрөнгө оруулах буюу мөнгөө шилжүүлж, цахим мөнгөний эрх авсан этгээд уг цахим мөнгөө бодит мөнгө болгож буцаан авахдаа шинээр гишүүнээр элссэн хөрөнгө оруулагч нарын оруулсан мөнгөнөөс тухайн үеийн ханшаар тооцон авч өөрийн цахим мөнгийг шинэ хөрөнгө оруулагч уруу шилжүүлэх үйл ажиллагаа явагдаж байсан болох нь цагдаагийн байгууллагад хариуцагч нарын өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээрийн шүүхэд гаргасан тодорхойлолт, нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 132-139, 117 дугаар тал/

            Дээрхээс үзэхэд хариуцагч Д.Б нь мөнгийг хүлээн авсан, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

            Хариуцагч Б.Ц, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийн мөнгийг авч бусад гишүүдийн цахим мөнгийг нэхэмжлэгчийн цахим дансанд шилжүүлсэнээр нэхэмжлэгчийн мөнгийг цахим мөнгөө шилжүүлсэн бусад гишүүдэд хуваан олгосон гэж тайлбарлаж байна. Энэхүү үйл баримт нь дээр дурдсанаар гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлгээр, тодорхойлолтоор нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь үүнийг үгүйсгэж маргаагүй.

            Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд түүний оруулсан хөрөнгө оруулалт буюу мөнгө нь тухайн үеийн ханшаар тооцогдон түүний цахим дансанд евро гэсэн нэршилтэйгээр бүртгэгдсэн байсан бөгөөд улмаар түүний зөвшөөрөлгүйгээр уг цахим дансанд ямар нэг гүйлгээ хийгдэх боломжгүй, хийгдээгүй гэж тайлбарласан.

            Мөн нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтын сан гэх үйл ажиллагаанд сайн дураар нэгдээгүй гэж маргасан боловч 3 удаагийн сургалтад хамрагдсан гэх тайлбар, нийт 5 удаагийн үйлдлээр мөнгө өгсөн гэх зохигчийн маргаагүй үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтын сан гэх үйл ажиллагаанд өөрийн хүсэл зоригийн дагуу нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Үүнээс гадна нэхэмжлэгч нь ямар нэг гэх тодорхойгүй үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж байна гэж тухайн үед ойлгож байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан.

            Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д “хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны улмаас учрах хөрөнгө оруулалтын эрсдэлийг уг санд хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагч санд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хүлээх” гэж заасан.

            Эдгээрийг дүгнэвэл хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг хувьдаа олж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна.

 

            Иймд дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Ц, Д.Б нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хувь тэнцүүлэн нийт 52,873,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.