| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/05144/И |
| Дугаар | 101/ШШ2020/00154 |
| Огноо | 2020-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2020/00154
2020 оны 01 сарын 07 өдөр Дугаар 101/ШШ2020/00154 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Ц.Х
4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ц.Хгийн хүсэлтээр 4,000,000 төгрөг зээлсэн. Ц.Х Цонжин болдогт жуулчны бааз ажиллуулах гэж байгаа найздаа 20 хувийн хүүтэй 4,000,000 төгрөг зээлээч гээд утсаар 2, 3 удаа холбогдсон. Тухайн үед би төрөөд нялх биетэй мөнгө зээлэх боломжгүй байсан тул найзаасаа авч өгч зээлсэн. Түүнээс хойш эхний 3 сарын хугацаанд 800,000 төгрөг, дараагийн сар 700,000 төгрөг өгөөд дараа сараас нь үлдэгдэл мөнгөө өгөх юм уу гэж асуухад боломжгүй байна. Сунгах саналтай байна гэсэн. Тэгээд 11 сард жуулчны бааз нь буугаад найз нь цайны газар ажиллуулах гэж байгаа учраас дахиад сунгаад өгөөч гэхэд нь сунгаж өгсөн. Манай нөхөр хөдөөнөөс ямаагаа самнаж ирээд ноолуураа өгөхөөр нь би нөхрөөсөө 4,000,000 төгрөг аваад найздаа өгсөн. Тэгээд П.Хгаас мөнгө төгрөгөө яах юм бэ гэхэд дахиад сунгаад өг гэсэн. Түүнээс хойш өгөхгүй болохоор нь нөхөртөө хэлэхэд чиний ямар найз юм бэ гэхэд нь миний сайн найз гэж хэлсэн. П.Хтай холбогдож юу болж байгаа тухай асуухад найз нь цайны газар ажиллуулж байгаа учраас орлого гайгүй болохоор найз нь өгнө гэж хэлсэн боловч сүүлдээ утас нь холбогдохгүй огт холбоогүй болсон. Тэгээд дүү рүү нь залгахад би мэдэхгүй, бид тийм дотно байдаггүй гэж хэлсэн. Манай нөхөр “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан. П.Хг мөнгөө өгөхийг тэвчээртэй хүлээж байсан. Бид ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Анх утсаар ярьж гуйсан болохоор зээлсэн. Иргэний үнэмлэхийн хаягаар нь шүүхэд хандахад хаягтаа оршин суудаггүй гээд эрэн сурвалжлуулсан. Би өөрөө нялх хүүхэдтэй болохоор араас нь хөөцөлдөж явж чадахгүй байсан. Иймээс П.Хгаас 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би өөрөө мөнгө зээлээч гэж хэлсэн удаа байхгүй. Анх П.Х өөрөө хүү тооцно гэж хэлээгүй бол би зээлэхгүй байх байсан. 3,900,000 төгрөгийг хүүнд нь авсан. Үндсэн мөнгөний хүүг нь бодохоо болиод үндсэн зээл 4,000,000 төгрөгөө авахаар нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Ц.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Цонжин болдогт жуулчны бааз түрээсэлж байгаа гэж огт хэлээгүй. Би Цонжин болдогт жуулчны баазад менежерээр ажиллаж байсан. Миний цалин сар бүрийн 21-ний өдөр буудаг байсан. Анх Б.Н өөрөө над руу залгаж мөнгө зээлээч гэж хэлсэн. 2018 оны 01 сард би Б.Н руу залгаад мөнгө зээлэх боломж байна уу гэж асуухад боломжгүй байна гэсэн. Дараа нь миний фэйсбүүк хуудаснаас харсан байх. Чи ийм газар ажиллуулж байгаа юм уу мөнгө зээлэх үү гэхэд нь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 12 сар хүртэл 6 сарын хугацаанд 800,000 төгрөгөөр мөн 700,000 төгрөгөөр өөрийн данснаас 3 удаа шилжүүлсэн. Б.Нын сайн таньдаг гэх Болормаа, Отгонбаяр нарын данс руу шилжүүлж байсан. Б.Н руу өөр рүү нь шилжүүлэх гэсэн боловч би чамд мөнгө зээлсэн гэдгээ хүнд мэдэгдмээргүй байна гээд өөр данс өгье гээд 2 удаа өөр данс руу шилжүүлсэн. Өмнө нь 2016 оны сүүлээр би Б.Наас 2,000,000 төгрөг зээлээд гадагшаа явсан. Явахдаа 2,000,000 төгрөгийн тал мөнгийг төлөөд явсан. Явахдаа дүүдээ би энэ хүнд өртэй гэж хэлээд явсан. Гадаадад очоод ажил хийгээд цалингаа байнга Б.Н руу шилжүүлж байсан. Нийтдээ 4,000,000 гаруй төгрөг авсан байсан. Анх зээлсэн 2,000,000 төгрөгөө 4,000,000 төгрөг болгож авсан. Тухайн үедээ ямар нэгэн тайлбар хэлээгүй өнгөрч байсан. Гэтэл одоо надад зээлсэн мөнгөнөөсөө 3,900,000 төгрөгийг нь авсан байж манай дүүтэй холбогдоод эгч чинь 8,000,000 төгрөг зээлээд залилаад алга болсон гэж манай дүүд хэлсэн байсан. Би мөнгө зээлсэн нь үнэн. Гэхдээ би буцааж 3,900,000 төгрөгийг нь өгсөн тул одоо зөрүү 100,000 төгрөгийг нь өгч чадна. Би сар болгон Б.Н руу 800,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Болормаа, Отгонбаяраар бас шилжүүлүүлсэн гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ц.Хд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын 100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 3,900,000 төгрөгийг төлсөн хэмээн маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч Б.Н нь 4,000,000 төгрөгийг зээлдэгч Ц.Хд зээлдүүлж мөн өдрөө 4,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан депозит дансны хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, зээлийн гэрээгээр тохиролцсон хүүнд 3,900,000 төгрөгийг авсан тул үлдэх хүүг тооцохгүй, үндсэн зээл 4,000,000 төгрөгөө гаргуулна хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан ба хариуцагчаас 3,900,000 төгрөгийг зээлийн төлбөрт буцаан авснаа үгүйсгэхгүй байна.
Хариуцагч Ц.Х нь нийт 3,800,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Над шилжүүлсэн гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргасан бөгөөд нийт 3,900,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн тул үлдэх 100,000 төгрөгийг төлнө хэмээн шүүхэд тайлбарласан.
Б.Н, Ц.Х нар дээр дурьдсанаар хэлцэл хийж, харилцан тохиролцсон мөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж тооцох үндэслэлтэй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Харин уг зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж зааснаар нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй.
Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 3,900,000 төгрөгийг зээлдүүлэгч талд төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул зээлийн үлдэгдэл төлбөр болох 100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Хгаас 100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Над олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хгаас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Над олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА