| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/04997/И |
| Дугаар | 101/ШШ2020/00201 |
| Огноо | 2020-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2020/00201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, *******, өөрийн байранд байрлах Хас банк ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Э
Хариуцагч: Д.О
1,333,337 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр, хариуцагч, хариуцагч Д.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч О.Э болон Д.О нар нь Хасбанктай 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1510011217 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Мөн зээлдэгч нар нь Хасбанктай 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 719,800 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар зээл авсан. Банк нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот зээлийн гэрээний дагуу олголт хийж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Д.О тус зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу нөхөх үүрэгтэй оролцсон.
1510011217, ******* тоот барьцаат зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор О.Э нь *******, *******-01 тоот барьцааны гэрээнүүдийг байгуулан доорхи үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд:
1. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ******* гудамж, ******* тоотод байрлах 5 ханатай гэр,
2. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ******* гудамж, ******* тоотод Media хөргөгч, Toshiba 32 инч зурагт.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлөлт хийж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 789 хоног хугацаа хэтрүүлээд байна.
1510011217 гэрээгээр үндсэн зээлийн төлбөр 603,348 төгрөг, хүү 288,772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,941 төгрөг, ******* гэрээгээр үндсэн зээлийн төлбөр 219,883 төгрөг, хүү 156,659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,733 төгрөг, нийт 1,333,337 төгрөг болж байгааг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагч Д.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр зээлээ хугацаандаа төлж байсан. Сүүлийн сар төлөөгүй нь үнэн. Гэхдээ Хас банкнаас нэхэж буй 1,333,337 төгрөгийг хүлэн зөвшөөрөхгүй. Миний төлсөн дүн хүү болон үндсэн зээл нийт 2,400,000 төгрөг төлсөн гэж үзэж байна. Зээлээ төлсөн баримт цуглуулдаггүй учраас надад баримт байхгүй. Тиймээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Миний ээж Д.О энэ зээлд баталгаа гаргаж өгсөн тул ээжид маань энэ зээл хамааралгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч О.Э, Д.О нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 1,333,337 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хас банк ХХК болон О.Э, Д.О нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1510011217 дугаартай, 2,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, ******* дугаартай Барьцааны гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай, 719,800 төгрөгийн зээлийн гэрээ, *******-01 дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, зээлийн гэрээ тус бүрийн 1.1-д зааснаар 365 хоногт 27,60 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, гэрээний 4.1-д зааснаар, зээлдэгч нь үндсэн зээл болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ******* гудамж, ******* тоотод байрлах 5 ханатай гэр, Media хөргөгч, Toshiba 32 инчийн телевизорыг барьцаалуулжээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Зээлэгч нар нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг, хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд банк шүүхэд нэхэмжлэл гаргах үед 1510011217 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 603,348 төгрөг, хүү 288,772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,941 төгрөг, ******* дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 219,883 төгрөг, хүү 156,659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,733 төгрөг, нийт 1,333,337 төгрөг болсон нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, зээлдэгчийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д тухайлан зааснаар, зээлдэгч А.Гэрэлт-Од зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон тул гэрээнд заасны дагуу төлбөр төлөх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч О.Э нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг эс зөвшөөрч маргаж байх боловч зээлийн эргэн төлөлт болон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг үгүйсгэж нотлоогүйн дээр хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар, хариуцагч О.Э, Д.О нараас 1,333,337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,283.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э, Д.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 36,283.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА