| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/05230/И |
| Дугаар | 101/ШШ2020/00264 |
| Огноо | 2020-01-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2020/00264
| 2020 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2020/00264 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Н
Хариуцагч: Г.Ю
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,250,000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхнаран шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, дэлгүүрийн барилгын зоорийн давхар болон 1 давхрын карказ болон өрлөгийн ажлыг 35,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулан ажилласан. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг нотариатын зардал их гарна гэж М.Н ыг хуурч мэхлэн 30,000,000 төгрөгөөр хийсэн. Гэхдээ гэрээний дагуу 35,000,000 төгрөгөөр тохирсон ёсоор урьдчилгаа 30 хувь буюу 10,500,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, урьдчилгаа 30 хувь буюу 10,500,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сард ажилчдад өгөх ёстой байсан цалинг М.Н ы өмнөөс төлсөн.
Г.Ю нь 23,750,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 11,250,000 төгрөгийг төлөөгүй гэрээгээр хүлээсэн ажлаа М.Н ыг хийж гүйцэтгэж байх явцад тухайн барьж байсан барилгын ажлын 2 давхрын карказ угсралт болон өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэхийг шаардсан. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа талууд тухайн барилгын зоорийн давхар болон 1 давхрын карказ угсралтын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. М.Н нь тухайн маргаан гарснаас хойш мэргэжлийн төсөвчнөөр өөрийн хийж гүйцэтгэсэн ажлынхаа төсөв тооцоог гаргуулахад, гэрээгээр тохиролцсон үнийн дүнгээс илүү тооцоо гарсан.
11,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Югийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н тай "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г 2019 оны 4 дүгээр сард байгуулж ажил эхлүүлсэн юм. Гэтэл ажил гүйцэтгэгч М.Н нь уг гэрээг зөрчиж барилгын ажлыг мэргэжлийн хүмүүсээр чанар сайтай гүйцэтгэхийн оронд гудмаар явсан өөрийн таних танихгүй мэргэжлийн бус хүмүүсийг ганц нэгээр нь 2-3-аар нь авчирж өдрийн 40,000 төгрөгөөр цалинжуулна гэж ажиллуулснаар надад цаг хугацаа, материалын үргүй зардал болон санхүүгийн хохирол учруулсан тул энэ бүгдийг үнэн зөв тайлбарлаж байна.
"Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 2.2-т уг ажлыг гүйцэтгэх хугацааг нийт 60 хоног буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусна гэж заасан боловч ажлыг чанар муутай хийж мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулсан болон орхиж явснаар уг ажил зогссон тул захиалагч Г.Ю нь арга буюу өөр бригад авч ажиллуулахад хүрснээр одоо ч барилгын ажил дуусаагүй явагдаж байна. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа сапуд баганын бэхэлгээ тулгуур болон пум хэв хашмал зэргийг түрээсэлж маш их хугацаа ба түрээсийн мөнгө төлж үргүй зардал гаргасан. Үүний учир нь сапуд тулгуур багана хашмал болон пум хэв зэргийг өөр компанитай түрээсийн гэрээ байгуулж хоног тутам мөнгө төлж түрээсэлж байсан болохоор М.Н нь дутуу орхиж хаяж яваагүй бол урин дулаан цагт 4-5 хоногт сапуд тулгуүр багана болон пум хэвийг буцаан өгөх боломжтой байсан боловч ажил хаяж явснаас хойш ирэх байх гэж хүлээсээр 21 хоног алдаж илүү мөнгө төлж алдагдалд орсон болно. Эдгээр бүх тооцоог "Бараа материал түрээслэх тухай" 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 19147 тоот гэрээний 1-р хавсралт "Хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн жагсаалт акт" ба "Хүлээн авсан бараа материалын акт" хавсралт 3-т зааснаар хавсаргав. Нийт алдагдал 4,185,360 төгрөг болсон ба М.Н ы өрөх ёстой байсан 84.6 куб метр өрлөгийг өөр хүмүүсээр өрүүлж ажлын хөлсөнд нь 3,384,000 төгрөг төлсөн тул үүнийг нэмээд 7,569,360 төгрөг мөн "Ажил гүйцэтгэх гэрээний" 4.9-д заасан "Гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэх явцад гарах хог хаягдлыг ачиж зайлуулна" гэсэн үүргээ биелүүлэлгүй хаяад явсан тул хог ачуулахад тээврийн болон бульдозер, ажилчдын зардалд нийт 650,000 төгрөг зарцуулсан болно.
Ажил гүйцэтгэгч М.Н ы үүрэг нь Иргэний хуулийн 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.2-т “гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Ийм ажил гүйцэтгэгч М.Н нь захиалагчаас мөнгө нэхэмжлэх биш захиалагч Г.Ю өөрт учирсан хохирол, түрээс, алданги зэргийг "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 5-д "Талуудын хүлээх хариуцлага" гэсэн хэсгийн 5.1-д: "Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасан боловч нөхөн төлүүлэхээр шаардаагүй. Төлөх үүрэгтэй гэдгийг нь нэхэмжлэгч талд сануулж байна.
Мөн уг гэрээний 2.3-т: Ажил эхлэхэд төлбөрийн 30% болох 7,000,000 төгрөг, Ажлын гүйцэтгэл 60%-тай болоход төлбөрийн 30% болох 7,000,000 төгрөг. Ажил дуусч, хоёр тал ажлаа бүрэн хүлээлцсэний дараа төлбөрийн үлдэгдэл 40% болох 16,000,000 төгрөгийг хуваан олгоно гэсэн байхад гүйцэтгэгч М.Н 23,750,000 төгрөг авсан нь залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.
Хариуцагч нь М.Н д Иргэний хуулийн 346.2 дахь хэсэгт заасан болон "Ажил гүйцэтгэх гэрээний" 2.2 ба 2.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр тооцоог цаг тухайд нь өөрийн нь болон эхнэрийн ХААН банкны нөхрийнх нь 5018198686, эхнэрийн нь 5009601676 тоот данснуудад хийж байсан.
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Г.Юд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гүйцэтгэгч тал М.Н нь захиалагч Г.Юд барилгын карказ болон өрлөгийн ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд, нийт 30,000,000 төгрөгийн хөлсөөр барьж өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Г.Ю уг ажлын хөлсийг 35,000,000 төгрөгөөр тохиролцсон боловч нотариатын зардлаас шалтгаалж хуурч мэхэлж 30,000,000 төгрөгийн дүнтэйгээр гэрээ байгуулсан гэж маргаж байх боловч “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гэрээний үнийн дүн 30,000,000 төгрөгөөр тусгагдсаныг үгүйсгэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Энэхүү гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зохицуулсан.
Гэвч гэрээний талууд гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлцээгүй буюу гэрээгээр тохиролцсон ажил гүйцэтгэгдэж дуусаагүй байхад гүйцэтгэгч тал ажлыг орхиж явсан, захиалагч нь өөр этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул гүйцэтгэгдсэн ажлын хэмжээ, төлөх төлбөрийг тодорхойлох боломжгүй байна.
Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй буюу ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгөөгүй нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон, шаардаж буй төлбөртөө нийцэх ажил гүйцэтгэсэн эсхээ нотлоогүй нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлс гаргуулахаар шаардах эрхгүй юм.
Нэхэмжлэгч нь Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Батдоржийн Алтанцэцэгийн гаргасан үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байх боловч уг тайланг гаргахад М.Н ы гаргаж өгсөн ажлын тоо хэмжээнд үндэслэсэн, үнэлгээний тайлангийн тайлбар хэсэгт тусгасан ёсоор тухайн ажлын тоо хэмжээг газар дээр нь дахин тулгаж хэмжсэн зүйлгүй байх тул уг үнэлгээний тайланг бодитой гэж үзэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Югаас 11,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Н ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Н ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА