Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/236

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Г.А

Хохирогч Б.Б

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 2325000880192 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Д.О

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудлын үүдний сандал дээр Б.Б-г унтаж байхад нь Iphone 13 pro max маркийн гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3 400 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-г бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна, хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ “Хохиролд 1 сая төгрөг төлсөн байгаа. Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Өөр зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. автаст хэргийн 9-13 дахь тал/

2. Хохирогч Б.Б-гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудлын үүдний сандал дээр унтаж байхад үл таних эмэгтэй хүн миний гар утсыг хулгайлсан учраас Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Манай эхнэр 2022 оны 03 дугаар сард 3,400,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16 дахь тал/

3. Гэрч М.Э-гын “2022 оны 12 дугаар сарын сүүлээр буюу шинэ жилийн өмнөх нь надад үзүүлсэн зураг дээрх хүнээс iphone 13 pro max загварын гар утсыг 800 000 төгрөгөөр худалдан авсан талаараа санаж байна. Яг хэдэн төгрөгөөр авсан гэдгийг тодорхой санахгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дахь тал/

4. “Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ- ОРХ/5415 дугаартай “i phone 13 pro max 128 GB загварын гар утас 1 ширхэг 3,400,000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ. /хавтаст хэргийн 20-23 дахь тал/

5. Сэжигтэн Д.О-гийн “2022 оны 12 дугаар сарын сүүлээр Эрдэнэт ирсэн. Тухайн үед Орхон аймгийн залуутай үерхдэг байж байгаад тэр хүнтэйгээ уулзах гэж ирсэн. Тэгээд ирээд тухайн залуугийн найзынд нь буюу хорооллын айлд 2 хоног ууж идсэн. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өгдөө үүрээр 07 цагийн үед надтай үерхэж байсан залуутайгаа маргалдсан чинь миний гар утас, бичиг баримт, цүнхийг аваад явчихаар нь нэг буудал руу орсон. Үүдэнд нь нэг согтуу эрэгтэй хэвтэж байсан. Тухайн хэвтэж байсан ахаас утсаараа ганц яриулчих гэсэн чинь тухайн ахын гар утас хажууд нь унтаж байсан газар нь буюу буйдан дээр байхаар нь аваад гарсан юм. Хулгайлж авсан i phone 13 pro max гар утсаа зарах гээд хүмүүсээс хаана байдаг талаар асуухад “Теди” гэж хэлсэн юм. Тэгээд 10 цаг хүртэл онгойтол нь хүлээгээд “Теди” худалдааны төвийн 2 давхарт гар утас зардаг хүнд 600,000 төгрөгөөр зарчихаад тэгээд гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29 дэх тал/

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоол, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.О нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудлын үүдний сандал дээр Б.Б-г унтаж байхад нь “Iphone 13 pro max” маркийн гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3 400 000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугцаагаар зоричх эрхийг хязгаарлах ял оногдуулж, нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ядлаар тогтоох саналтай” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.Б-гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудлын үүдний сандал дээр унтаж байхад үл таних эмэгтэй хүн миний гар утсыг хулгайлсан учраас Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Манай эхнэр 2022 оны 03 дугаар сард 3,400,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан юм” гэх мэдүүлэг, гэрч М.Э-гын “2022 оны 12 дугаар сарын сүүлээр буюу шинэ жилийн өмнөх нь надад үзүүлсэн зураг дээрх хүнээс iphone 13 pro max загварын гар утсыг 800,000 төгрөгөөр худалдан авсан талаараа санаж байна. Яг хэдэн төгрөгөөр авсан гэдгийг тодорхой санахгүй байна” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ- ОРХ/5415 дугаартай хохирлын үнэлгээ, Д.О-гийн “нэг буудал руу орсон чинь үүдэндээ нь нэг согтуу эрэгтэй хэвтэж байсан. Тухайн хэвтэж байсан ахаас утсаараа ганц яриулчих гэсэн чинь тухайн ахын гар утас хажууд нь унтаж байсан газар нь буюу буйдан дээр байхаар нь аваад гарсан юм. “Теди” худалдааны төвийн 2 давхарт гар утас зардаг хүнд 600,000 төгрөгөөр зарчхаад тэгээд гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.О нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудлын үүдний сандал дээр унтаж байсан Б.Б-гийн Iphone 13 pro max маркийн гар утсыг авч 3 400 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 3 400 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 3 400 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хохирол нөхөн төлснийг” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыгтогтоох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.О-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

            Шүүгдэгч Д.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Д-гийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д 1 /нэг/ жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-гийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялаас хасч, эдлэх ялыг 1 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 1 жил 11 сар 23 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС