| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0215/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/241 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/241
2023 06 28 2023/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн 2325000000280 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Т.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **** тоот хашааны гадаа Н.Ж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар гараараа цохиж, цээж, нүүр хэсэг рүү хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Н.Ж “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 6-9 дэх тал/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 12-16 дахь тал/
3. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 20-24 дэх тал/
4. Хохирогч Н.Ж-ын “2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед хуурай ах Н гэрт найз Згийн хамт очсон. - бид хоёр халамцуу байсан бөгөөд Н ахынд ороход Н ах түүний эхнэр Г нар байсан. Би тэднийд 0.75 литрийн Хараа архитай очсон, бид дөрөв хувааж уусан. Архи ууж байхдаа би найз Т-ын **** дугаарын утас руу залгахад утсыг нь хүү нь авсан бөгөөд аавтай чинь ярья гэхэд аав байхгүй байна, чи хэн бэ, чамайг хаана байгаа газар чинь очиж ална гэж хэлсэн. Би түүнд Ж байна гээд байгаа газар болох Рашаантын **** тоот хаягаа хэлсэн. Ингээд архиа дуусаад барагцаагаар 21 цаг өнгөрч байхад Н ахын гэрээс З бид хоёр гарахад хашааны хаалган дээр Т-ын хүүтэй таарсан. Тэрээр гартаа цагаан иштэй хутга барьчихсан байсан бөгөөд шууд миний хоолойнд тулгаад Ж гэж чи юу, чамайг алнаа гэж хэлсэн. Энэ үед З шууд машинтайгаа явчихсан байсан. Тэр залуу миний цээжний зүүн хэсэг рүү хутгатай гараараа нэг удаа хатгах шиг болсон. Миний хоолойн дээр хутга тулгаж байгаад гараараа болон хөлөөрөө олон удаа цохиж өшиглөсөн. Намайг газар унасны дараа дээрээс өвдөглөөд байсан. Тэгж намайг зодож байгаад тэр залуу явчихсан. Тэр залуу явахдаа нөгөө хутгаа аваад явсан. Би гэртээ очоод Н эгч руу залгаж болсон асуудлыг хэлсэн. Би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Гэрт очсоны дараа цээжний зүүн хэсэгт нойтон оргиод байхаар нь харахад хутгалчихсан, цус гарч байсан. Т-гын хүүтэй өс хонзон, өгөө авлагын асуудал байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/
5. Гэрч Д.Н “2023 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө манай баруун талын хашааны хөрш Ж-тэй уулзахад өчигдөр орой танай хашааны урд талд Ж нь хүнтэй маргалдаад, зодоон болж байсан гэж хэлсэн юм. Тэгж л би юу болсон талаар мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/
6. Гэрч Ш.З-гийн “Ж Т-тай ярина гээд утсаар залгасан. Ж чи аавынхаа утсыг дандаа барьж явах юм, өөрөө утас авч чаддаггүй юм уу гэж байсан. Т-гын хүү дахин дахин Ж руу залгаад хоорондоо яриад байсан. Архи дуусаад Ж бид хоёр явахаар болж би түрүүлээд хашааны хаалгаар гарахад өөдөөс Т-гын хүү болох зүс таних залуу тулсан. Надаас Ж ах байна уу гэж асуусан. Би түүнд одоо цаадах чинь гараад ирэх байх, чи ор ор гээд би машиндаа суугаад Ж-ыг хүлээлгүй явчихсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36 дахь тал/
7. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 361 дугаартай “Н.Ж-ын биед цээж, зүүн эрүүний хэсэгт шарх, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогт,оогдлоо. Цээж, зүүн эрүүний хэсэгт шарх, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 46-48 дахь тал/
8. Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаартай “хар өнгийн хантаазны зүүн энгэрт үүссэн 18 мм хэмжээтэй зүсэгдсэн гэмтэл, ягаан өнгийн цамцны ард үүссэн 14 мм хэмжээтэй, зүүн ханцуйны ар хэсэгт үүссэн 14 мм хэмжээтэй гэмтлүүд, цагаан өнгийн футболкны ард үүссэн 13 мм хэмжээтэй зүсэгдсэн гэмтэл зэрэг нь шар өнгийн иштэй хутгаар үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **** тоот хашааны гадаа Н.Ж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар гараараа цохиж, цээж, нүүр хэсэг рүү хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Н.Ж-ын “Тэр залуу миний цээжний зүүн хэсэг рүү хутгатай гараараа нэг удаа хатгах шиг болсон. Миний хоолойн дээр хутга тулгаж байгаад гараараа болон хөлөөрөө олон удаа цохиж өшиглөсөн. Намайг газар унасны дараа дээрээс өвдөглөөд байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Н “2023 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө манай баруун талын хашааны хөрш Ж-тэй уулзахад өчигдөр орой танай хашааны урд талд Ж нь хүнтэй маргалдаад, зодоон болж байсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Ш.З-гийн “Т-гын хүү болох зүс таних залуу тулсан. Надаас Ж ах байна уу гэж асуусан. Би түүнд одоо цаадах чинь гараад ирэх байх, чи ор ор гээд би машиндаа суугаад Ж-ыг хүлээлгүй явчихсан” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 361 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **** тоот хашааны гадаа Н.Ж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар гараараа цохиж, цээж, нүүр хэсэг рүү хутгалж эрүүл мэндэд нь цээж, зүүн эрүүний хэсэгт шарх, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Т нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан, хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас Н.Ж-ын биед цээж, зүүн эрүүний хэсэгт шарх, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн Т-гын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС