| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/00254/И |
| Дугаар | 693 |
| Огноо | 2020-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, О.Г /РД: ЧИ000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******, *******лол,*******,******* тоотод оршин суух, Б.Т/РД: ТЕ000000/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2015 онд иргэн Б.Т-тэй танилцсан. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ахаасаа 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлэн Б.Т-д өгсөн бөгөөд тэрээр 2 сарын хугацаанд хүүтэй нь төлчихнө гэсэн.
2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мөнгө өгөөгүй тул бид уг өдөр бичгээр баталгаа үйлдсэн. 2017 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар надад 8.500.000 төгрөг өгөх байсан бөгөөд уг өдөр нь өгсөн 1.000.000 төгрөгийг хасч 7.500.000 төгрөг зээлсэн гэж баталгаажуулсан.
Үндсэн зээл 5.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хүү 3.500.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөг болсон.
Надад 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 100.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 100.000 төгрөг, мөн цувуулж 1.000.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөгийг өгсөн.
Үндсэн зээл 7.500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хүү 5.000.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөг болсон. Үүнээс өмнө өгсөн 4.000.000 төгрөг, 2019 оны 6 сараас 8 саруудад өгсөн цувуулж өгсөн 1.000.000 төгрөг, мөн 600.000 төгрөгийг хасч тооцон 6.900.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Тшүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Тнь 2015 оны орчимд О.Гтай танилцсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бичгэээр хийсэн гэрээ гэх баримтанд гарын үсэг зурж байсан.
2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн данснаас 1.600.000 төгрөг, өөрийн эхнэр Б.Туяагийн данснаас 4.000.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн.
Үлдсэн 900.000 төгрөгийг удахгүй төлнө. Хэн ч байсан шүүхэд үнэн зөв, бодит байдалд нийцсэн тайлбар гаргах үүрэгтэй гэж ойлгож байна. Гэтэл О.Г нь Б.Тэмүүжингийн өгсөн мөнгийг илтэд багасгаж дансаар авсан мөнгөө огт аваагүй мэт бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хүүгийн төлбөрт их хэмжээний мөнгө нэхэмжилсэнийг зөвшөөрөхгүй ба хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлээс 900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.Т-дхолбогдуулан 12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцүүлэх явцад 6.900.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна.
/Үндсэн зээл 7.500.000 төгрөг,
2017.08.31-2019.12.31-ний өдөр хүртэл хугацааны хүү 5.000.000 төгрөг,
12.500.000 төгрөг-5.600.000 төгрөг=6.900.000 төгрөг/
Нэхэмжлэгч О.Г нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 12.500.000 төгрөгөөс хариуцагч Б.Тэмүүжингийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дансаар төлсөн 4.000.000 төгрөг, 2019 оны 6-8 саруудад өгсөн 1.000.000 төгрөг, мөн 600.000 төгрөгийг хасч тооцон 6.900.000 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцүүлэх явцад тайлбарлалаа.
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.Т-д2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг зээлсэн гэх ба хожим 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үүнийгээ бичгээр баталгаажуулан 7.500.000 төгрөгийг зээлсэн хэмээн баримт үйлдсэн ба тухайн өдөр уг мөнгийг хүлээлгэж өгөөгүй, гагцхүү өмнө нь 5.000.000 төгрөг зээлсэнээ баталгаажуулсан талаар талууд хэн аль нь маргаагүй.
/ХХ-ийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгч О.Г дээрхи 2017 оны 8 дугаар сарын 31-ниы өдөр үйлдэгдсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож хариуцагч Б.Т-сзээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа ба нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгөөгүй, хариуцагч Б.Тэмүүжингийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн 5.000.000 төгрөг нь хүүгийн хамт нэмэгдсэн дүн хэмээн тайлбарлаж байна.
/ХХ-ийн 3 дугаар тал/
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх ч зээлийн гэрээний үндсэн шинж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох учир зээлдүүлэгч 7.500.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэхгүй.
Хариуцагч Б.Тнь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дансаар 4.000.000 төгрөг, 2019 оны 6-8 саруудад 1.000.000 төгрөг, мөн 600.000 төгрөг, бүгд 5.600.000 төгрөгийг нэхэмжлэгч О.Гд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн төлбөрт төлсөн нь Б.Туяагийн гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар болон тэдгээрийн арилжааны банкууд дахь дансны хуулгаар тогтоогдсон ба талууд энэ талаар мөн маргаагүй.
/ХХ-ийн 23-61 дүгээр тал/
Хариуцагч Б.Тнь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр О.Гас 8.500.000 төгрөг зээлсэн нь үнэн, мөн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр О.Гд өгөх мөнгийг сар болгоны 20-ны өдөр 500.000 төгрөг төлж байхаар тохиролцов гэх баримт үйлдсэн байх боловч уг өдрүүдэд дээрх хэмжээний мөнгийг О.Гас Б.Т-дшилжүүлээгүй гагцхүү өмнө зээлсэн буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ний өдөр зээлсэн гэх 5.000.000 төгрөгийг хүүгийн хамт тооцсон хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.
/ХХ-ийн 80-81 дүгээр тал/
Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй учир 2017 оны 8 дугаар сарын 31, 2019 оны 5 дугаар сарын 7, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрүүдийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Т-дзээлийн төлбөр болон хүү төлөх үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй хэдий ч хариуцагч Б.Т2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу мөнгө төлөхөө хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч Б.Тнь нэхэмжлэгч О.Гд нийт 5.600.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба уг мөнгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг гэрээнд тусгасан 7.500.000 төгрөгөөс хасч тооцоход хариуцагч Б.Тнь 900.000 төгрөгийг нэхэмжлэгч О.Гд төлөхөөр байна.
Зээл авсны дараагаар уг зээлийг бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулсан нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэхгүй байгаагаас гадна хожим зээлийн нөхцлийг бичгийн хэлбэрт оруулсан нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээс буюу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч 900.000 төгрөг гаруулан нэхэмжлэгч О.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Т-с 900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Г-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-с 26.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН