| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/00217/И |
| Дугаар | 101/ШШ2020/00459 |
| Огноо | 2020-01-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2020/00459
2020 01 30 101/ШШ2020/00459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ЖФ ББСБ” ХХК
Хариуцагч: Г.Э
Зээлийн гэрээний үүрэгт 123,399,902 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид А.Долгор, Н.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЖФ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Г.Э 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 616/ЗГ, 616/БГ дугаартай зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулан 30,000,000 төгрөгийг 1 сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн зээлийн дүн нэмэгдүүлэх, хугацаа сунгах гэрээг нэмэлтээр хийсэн. Гэтэл зээлэгч Г.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлийн хүүгийн төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Нэхэмжлэл гаргах 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 49,999,962 төгрөг, хүүгийн үлдэгдэл 73,399,940 төгрөг байна.
Иймд зээлдэгч Г.Этой байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 616/ЗГ гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү.
Мөн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 616/БГ дугаартай Барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд барьцаалсан 07-12УНД улсын дугаартай, JTMHV05J105014417 дугаартай хар өнгийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин болон бусад эд хөрөнгийн хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь “ЖФ ББСБ” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 50,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн.
Г.Э нь “ЖФ ББСБ” ХХК-иас зээлж авсан 50,000,000 төгрөгөө “Немон” ХХК-д сарын 3,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн.
Гэтэл “Немон” ХХК-ийн үйл ажиллагаа нь төрийн байгууллагаас шалтгаалан зогсонги байдалд орсон гэсэн тайлбарыг хийж зээлдүүлсэн мөнгийг өгөөгүй, өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд хариуцагчаас үл хамаарах шалтгаанаас болоод зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж чадахгүй байдал үүсээд байна.
Зээлийн хүүгийн төлбөр үндсэн төлбөрөөс хэт их байгаа тул зээлийн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЖФ ББСБ” ХХК нь хариуцагч Г.Эод холбогдуулан, үндсэн зээл 49,999,962 төгрөг, хүү 79,399,940 төгрөг, нийт 123,399,902 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
“ЖФ ББСБ” ХХК болон Г.Э нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 616/ЗГ, 616/БГ дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувь, жилийн 42,0 хувийн хүүтэй, зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар сарын 0,7 хувь, жилийн 8,4 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд 07-12УНД улсын дугаартай, JTMHV05J105014417 дугаартай хар өнгийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг барьцаалуулжээ.
Талууд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 616/01//ЗГ дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулж 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 616/ЗГ зээлийн гэрээний зээлийн хэмжээг 50,000,000 төгрөг болгон өөрчилж, зээлийн гэрээний хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 616/02//ЗГ дугаартай гэрээгээр 18 сар, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 616/03/ЗГ дугаартай гэрээгээр 30 сар, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 616/04/ЗГ дугаартай гэрээгээр 42 сар болгон тус тус өөрчилж, зээл төлөлтийн хуваарийг тухай бүрт шинэчилсэн байна.
Дээрх зээлийн гэрээ нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж зохицуулсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн Барьцааны нийтлэг зохицуулалтыг зохицуулсан 153, 154, 156 дугаар зүйлд заасантай тус тус нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй буюу 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12,796,700 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 27,796,700 төгрөг төлснийг хүүгийн төлбөрт тооцсон нь талуудын байгуулсан гэрээнд нийцжээ.
Хариуцагч Г.Э дээр дурдсанаар төлбөр төлөх тухай бүрт зээлийн гэрээний дагуу үүссэн хүүгийн төлбөрөөс хасагдаж байсан боловч үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй, хүү хуримтлагдсаар нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед үндсэн зээл 49,999,962 төгрөг, хуримтлагдсан хүү 73,399,940 төгрөг болсон байна.
Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хариуцагч Г.Эоос гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй буюу дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана.”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана.” гэж заасныг баримтлан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.Эоос 123,399,902 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЖФ ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд, барьцаа хөрөнгө 07-12УНД улсын дугаартай, JTMHV05J105014417 дугаартай хар өнгийн Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “ЖФ ББСБ” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 774,949.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 774,949.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЖФ ББСБ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА