Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/00460

 

 

 

 

 

 

 

 

    2020        01           30                                             101/ШШ2020/00460

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.О

 

Хариуцагч: Ш Г ХХК

 

Гэрээнээс татгалзаж, 26,870,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Одонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Б.О нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Ш Г” ХХК-тай 2 өрөө, 42,4 м.кв талбайтай орон сууцыг 50,880,000 төгрөгөөр худалдан авахаар “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г байгуулж, урьдчилгаа төлбөрт нийт 30,870,000 төгрөгийг өгсөн билээ. Гэтэл тус компани нь барилгын ажлаа хэлүүлээгүй элдэв асуудал гарсан гэсэн тул гэрээгээ цуцлах хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай акт” үйлдсэн болно. Энэхүү актаар хариуцагч нь миний урьдчилан төлсөн 30,870,000 төгрөгийг графикийн дагуу буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний хооронд 3 хувааж төлөхөөр тохирсон юм. Гэвч хариуцагч нь энэ хугацаанд 4,000,000 төгрөгийг цувуулж шилжүүлснээс өөрөөр графикт заасан хугацаандаа төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй болно.

Иймд “Ш Г” ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын17-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ний дагуу урьдчилгаанд төлсөн төлбөрийн үлдэгдэл 26,870,000 төгрөгийг гаргуулж иргэн Б.Одонтуяад олгоно уу гэв.

 

Хариуцагч “Ш Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабал шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь орон сууц захиалгын гэрээг цуцлах актын дагуу тодорхой төлбөрийг буцааж олгосон. Барилгын салбарын хямрал болон өвлийн улирлаас шалтгаалж барилгын ажил удааширсан борлуулалт муу байгаагаас Б.Одонтуяагийн цуцалсан байрыг одоо хүртэл борлуулж чадаагүй. Бидний зүгээс барилгын ажил асуудлаас болж эхлээгүй гэсэн мэдээллийг Б.Одонтуяад өгөөгүй, барилга удаашралтай байгаа боловч суурийн ажлаа хийж дуусган цаг агаарын байдлаас болж зогсолт хийсэн.

Нэхэмжилж буй мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Ш Г” ХХК-д холбогдуулан, Орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай актын дагуу 26,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй боловч шаардаж буй мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур гудамж хаягт “В” дугаар блок, 1 дүгээр орц, 5 давхар, “D” тип, 2 өрөө, 42,4 м.кв талбайтай, 1 м.кв-ын үнэ 1,200,000 төгрөг буюу нийт 50,880,000 төгрөгийн дүнтэй “Орон сууц захиалан бариулах гэрээ” нэртэй, №В блок дугаартай гэрээг байгуулсан байх бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Захиалагчийн хүсэлтээр орон сууц захиалгын гэрээ цуцлах акт” үйлдэж, “Ш Г” ХХК нь захиалагч Б.Одонтуяагийн төлсөн төлбөр 30,870,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүрийн 01-ний өдөр 10,290,000 төгрөгөөр буцаан олгохоор харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”,

225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”,

205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь “Захиалагчийн хүсэлтээр орон сууц захиалгын гэрээ цуцлах акт”-ын дагуу хариуцагчаас 4,000,000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэгдэл 26,870,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй.

Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч “Ш Г” ХХК-иас 26,870,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Одонтуяад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 292,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Одонтуяад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА