Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00008

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч О.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Э.Нэмэхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхболдын Нэмэхбаярт холбогдох 132/2017/0004/Э индекстэй, эрүүгийн 201606000268 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оперотор мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Дэнжийн 16 тоотод оршин суух, "Их газар капитал" ХХК-нд оператор ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхболдын Нэмэхбаяр /РД:МР92052113/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Нэмэхбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутаг "Ар тамсаг" гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Батбаярыг болгоомжгүйгээр хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ө.Нэмэхбаярын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоосоо уучлал гуйж байна гэх мэдүүлэг,

Хохирогч О.Батбаярын өгсөн: Тухайн үед Нэмэхбаяр, Эрдэнээ бид гурав 1 шил архи хувааж ууж дуусчихаад дараа нь айлд очиж монгол архи уусан. Тэр айлд хүн бүр 2 аяга монгол архи уусан. Үүний дараа бид архи уухаа больсон бөгөөд би гэрээс гараад бие засаад зогсож байтал газар хутга байхыг хараад хутгыг авсан. Миний араас Нэмэхээ бие засахаар гараад ирэхээр нь юм хийчихээд хутгаа оруулж тавихгүй яасан юм бэ гэж хэлэн хутгыг түүнд өгсөн. Тэгээд би түүнээс хоёулаа барилдъя гэж хэлээд Нэмэхээтэй барилдаж байгаад газар унатал нуруу сонин болоод байхаар нь Нэмэхээг хараадах гэхэд зүүн суга орчмоос цус гарч байна гэж хэлсэн. Нэмэхбаяр намайг санамсаргүй хутгалчихсан юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

201606000268 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч О.Батбаярын өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 29-ний орой Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн эзэмшил газар дээр Нэмэхээ, Эрдэнээ бид 3 хүний машин дотор 0.75 литрийн "Ерөөл" нэртэй архийг хувааж уучихаад Батхишигийн гэрт ороход Батхишиг байхгүй тогооч хүүхэн нь унтаж байхаар нь сэрээгээд 3 литр монгол архи авч хувааж ууж байгаад би гэрээс гараад бие засаад зогсож байтал газар хутга байхыг хараад хутгыг авсан. Миний араас Нэмэхээ бие засахаар гараад ирэхээр нь юм хийчихээд хутгаа оруулж тавихгүй яасан юм бэ гэж хэлэн хутгыг түүнд өгсөн. Тэгээд би түүнээс хоёулаа барилдъя гэж хэлээд Нэмэхээтэй барилдаж байгаад газар унатал нуруу сонин болоод байхаар нь Нэмэхээг хараадах гэхэд зүүн суга орчмоос цус гарч байна гэж хэлсэн. Нэмэхээ надтай барилдахдаа хутгаа барьсан байсан болохоор гэр лүү орж "Нэмэхээг хутгалчихлаа" гэхэд хүмүүсийг болон манай эхнэрийг дуудаж эмнэлэг рүү авч явсан" гэх мэдүүлэг /хх 34-35 тал/,

Гэрч Т.Батбаатарын өгсөн: "...Булган аймгийн Бүрэгхангай сумын Ар тамсаг гэх газар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн орчим намайг Б.Охиндоогийн хамтаар нэг өрөөнд амарч байхад Э.Нэмэхбаяр ирж хаалга тогшоод О.Батбаяр эвгүй болчихлоо та 2 босоод ирээч гэсэн. Тухайн үед Нэмэхбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай халамцуу байсан, гэхдээ биеэ авч явах чадваргүй болтлоо согтоогүй байсан. Тэгээд Б.Охиндоогийн хамтаар машинаа асаагаад Э.Нэмэхбаярын хамтаар Батхишиг гэх айлд очтол уг айлын гадаа хүмүүс байсан, яг хэн хэн байсан талаар одоо санахгүй байна. Тэгээд машинаас буухад О.Батбаярын нурууны хэсгээр ороосон даавуу цус нэвтэрсэн байсан тэгээд Э.Нэмэхбаяр, н.Оюунжаргал, О.Батбаяр нарыг аваад Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн эмнэлэгт авчирч анхны тусламж үзүүлж, тэр шөнөдөө О.Батбаярыг Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд буцсан" гэх мэдүүлэг /хх 38 тал/,

Гэрч Б.Охиндоогийн өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Бүрэгхангай сумын Ар тамсаг гэх газарт буюу Скайголд компаний кемпэнд унтаж байтал шөнө 0130 цагийн орчим Нэмэхбаяр хаалга тогшоод Баяраа нэг л эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тухайн үед би компанийн захирал Батбаатарын хамтаар унтаж байсан. Тэгээд бид хоёр хамтдаа Нэмэхбаярыг дагаад манай кемпээс 100 метр орчим зайд байсан Батхишиг гэдэг залуугийн байрлаж байсан монгол гэрийн гадна очиход Батбаяр гэрийн гадна байсан. Тэгээд түүнийг эхнэр Оюунжаргал, Нэмэхбаяр нарын хамт машиндаа суулгаад Заамар сумын Хайлааст багийн эмнэлэг дээр очсон. Тэгээд эмч үзээд Булган руу авч явахгүй бол болохгүй гэж хэлээд бид нар Булган явсан. Харин Нэмэхбаярыг эмнэлэг дээр байхад цагдаа нар орж ирээд авч үлдсэн. ..Нэмэхбаяр, Батбаяр 2 архи уучихсан байсан. Яг ямар хэмжээтэй ямар архи уусан талаар би мэдэхгүй байна. Харин дараа нь сонсоход нэрмэл архи уусан гэж байсан" гэх мэдүүлэг /хх 40-42 тал/,

Гэрч О.Гантулгын өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 0235 цагийн үед хутгалуулсан хүн ирсэний дагуу О.Батбаяр гэх хүнд үзлэг хийхэд тэр хүний биеийн байдал хүнд, цээжиндээ нэвт хутгалуулсан шархтай, уушгиндаа хүрсэн байж магадгүй цээжний хөндий нэвтэрсэн шархтай байсан. Мөн бөгсөн бие нь мэдээгүй өтгөн шингэн нь гарсан байсан. Тэр хүн өөрийн гэсэн ухаантай ярих чадвартай байсан. Тэр хүн тухайн үед өвдөж байна үхлээ гээд байсан. Хэргийн талаар юу болсноо хэлээгүй, хамт явж байсан хүмүүс нь хүнд хутгалуулсан гэж хэлж байсан. О.Батбаярыг хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн машинаар хүргэж ирсэн байсан. Тэдгээр хүмүүсийн нэг нь эхнэр нь байсан. Нөгөө хоёр хүний эрэгтэй нь уурхайн дарга нь гэж байсан. Нөгөөх нь бас л дарга нь юм шиг байна лээ. Нэгийг нь Батбаатар гэж байсан санагдаж байсан. Нөгөө хоёр хүний нэрийг мэдээгүй. О.Батбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн, нэг их согтуу биш байсан. Хамт хүргэж ирсэн хүмүүс нь архи уугаагүй эрүүл байсан. Би О.Батбаярт аналгин димидрол 8 цагаар, диксомитазон 1 граммаар, виксол 1 граммаар булчинд хийж, 100 граммаар, маннитол судсаар урсгаад, шарханд нь 3 оёдол тавьж даралттай боолт хийгээд шууд Булган аймгийн төв рүү эмнэлэгт хүргэж өгсөн. Яаралтай тусламжийн хуудсыг Булган аймгийн эмнэлэгт өгсөн" гэх мэдүүлэг /хх 46-47 тал/

Гэрч С.Бат-Эрдэнийн өгсөн: "...би ажилд ороод 4 хонож байхад гал тогооны монгол гэрт Нэмэхбаяр, Батбаяр бид гурав 0.75 граммын ерөөл архийг 22-23 цагийн орчим хувааж уусан. Тухайн үед Батбаярын эхнэр Оюука сэрүүн байсан ба гэрийн баруун талд шүүх Лхагважав унтаж байсан. Бид гурав ямар нэгэн хэрүүл маргаангүй архиа хувааж уугаад дуусахад Батбаяр машинаасаа 4 литрийн монгол архи оруулж ирэхээр нь би хундаглаж хоёр, хоёр аягыг хийж өгөөд одоо унтах болсон юм шиг байна унтацгаах уу дүү нар гэж хэлээд удаагүй байхад Нэмэхбаяр гараад явсан, түүний араас Батбаяр удалгүй гараад явсан. Би унтах гээд сууж байхад гаднаас Батбаяр "би хутгалуулчих шиг боллоо" гээд ороод ирэхээр нь подвалкыг сөхөж харахад зүүн ард талд нуруу орчим нэг удаа хутгалсан байхаар нь уурхайн захирлыг дууд гэж хэлэхэд Батбаярын эхнэр Оюука уурхайн захирлыг дуудсан. Бид нар тэндээс Батбаярыг эмнэлэг рүү аваад явсан" гэх мэдүүлэг /хх 50-51 тал/,

Гэрч А.Оюунжаргалын өгсөн: "...2016 оны 09 сарын 29-ний өдөр Батбаяр бид хоёрыг гэртээ амарч байхад Нэмэхбаяр гаднаас жоохон халамцуу орж ирээд манай нөхрийг монгол архинд яваад өгөөч гээд гуйсан. ..Тэр хоёр 4 литр монгол архи авчирсан. Тэр архиа хажуу уурхайд ажилладаг Шүүх Лхагважав эгчийнд очиж уухаар тэднийх рүү очсон. Гэрт очиход Шүүх Лхагважав эгч ганцаараа байсан. Тэднийд ороод Батбаяр, Нэмэхбаяр хоёр авчирсан архинаасаа ууцгаасан. .. Тэгж байгаад Нэмэхбаяр бие засаад орж ирье гээд гарсан. Манай нөхөр Нэмэхбаярыг ямар удаж байнаа гээд араас нь бие засахаар гарсан. Би гэрт суугаад үлдсэн. Гэтэл гадаа Нэмэхбаярын дуу гараад хөөе Баяраа сонин болчихлоо гээд орилохоор нь би гэрээс гараад очиход Нэмэхбаяр, Батбаяр хоёр машины цаана гарчихсан зогсож байсан. Намайг очиход Нэмэхбаяр би Баярааг хутгалчих шиг боллоо гэсэн, би юу яриад байнаа гээд нөхөр дээрээ очоод харсан чинь нуруу нь цус болсон байсан. Нэмэхбаяр дарга нарт хэлье гээд уурхай руу гүйгээд явсан, 2 дарга ирээд  эмнэлэг рүү шууд аваад явсан" гэх мэдүүлэг /хх 53-54 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ?14201 тоот

1. О.Батбаярын биед цээжний зүүн талд 9-10-р хавирганы завсар цээжний хөндий нэвтэрч зүүн уушигны доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн уушигны авчилт, цээжний хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

З. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5 тал/, хутга хураан авсан болон үзлэг хийсэн тэмэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-30 тал/,  шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол, тэмдэглэл /хх 66-71 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 74-75 тал/, бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх 88-89 тал/ хохирогчийн өвчний түүх /хх 77-85 тал/, хохирол төлж барагдуулсан баримт /хх 90-96 тал/-ыг шинжлэн судалж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг үзүүлж таниулав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Э.Нэмэхбаяр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн нутаг "Ар тамсаг" гэх газар байрлах уурхайн ажилчдын байрлаж байсан гэрийн ойролцоо О.Батбаярын "гэрт оруулж тавь" гэж  өгсөн хутгыг барьж байх үедээ түүнтэй барилдсаны улмаас О.Батбаярын цээжин тус газар нь хутгаар хатгаж, бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь хохирогч О.Батбаяр, гэрч Т.Батбаатар, Б.Охиндоо, О.Гантулга, С.Бат-Эрдэнэ, А.Оюунжаргал нарын хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан нөхцлийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хохирогч О.Батбаярын биед "ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр цээжний зүүн талд 9-10-р хавирганы завсар цээжний хөндий нэвтэрч зүүн уушигны доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн уушигны авчилт, цээжний хөндийд шингэн хуралдалт бүхий хүнд гэмтэл" учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14201 тоот шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна.

Иймд шүүгдэгч Э.Нэмэхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас О.Батбаярын биед хүнд гэмтэл учирсан ба хохирогчийн эмчилгээний зардалд 8248200 төгрөгийг шүүгдэгч Э.Нэмэхбаяр сайн дураар нөхөн төлж, гэм хорыг арилгаснаар хохирогч О.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт  санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Шүүгдэгч Э.Нэмэхбаярт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Нэмэхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Батбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овгийн Энхболдын Нэмэхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нэмэхбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Нэмэхбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Э.Нэмэхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч  санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг "Эд мөрийн баримт устгах комисс"-т даалгасугай.  

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нэмэхбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.     

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нэмэхбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.ЦЭРЭНХАНД