Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/05

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.А холбогдох эрүүгийн

               хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Г

Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 4-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоолын биелэлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн биеэр эдэлж байсан, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн биеэр эдэлж байгаа ДЕ00293010 регистрийн дугаартай, Д овогт Э.А нь 2018 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах BSB электрон барааны дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 11.239.000 төгрөгийн гар утаснууд хулгайлсан, Мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байх үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Говь-Алтай аймаг дахь цагдан хорих байрнаас гадуур авч гарах хугацаанд санаатайгаар оргон зайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.А 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.А оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэхь хэсэгт зааснаар ялтан Э.А энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Э.А энэ хэрэгт цагдан хоригдсон 112 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, Ялтан Э.А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Э.А 11.239.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А, 80.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.А нарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Жи-7 маркын гар утас 2 ширхэг, Жи-2 маркын гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Э.А олгож, мөн эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, ялтанаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан энэ хэрэгт нийт 112 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдөөгүй, ялтан Э.А иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Тус прокурорын газраас яллагдагч Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 90 дугаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцээд 119 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 11 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Харин прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна. Үндэслэл нь хэргийн нөхцөл байдал болон гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.А мөрдөгч нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 40 минутад цагдан хорих байрнаас прокурорын зөвшөөрлөөр авч яваад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч Э.А нь 17 цаг 30 минутын үед тус Аймгийн Цагдаагийн газрын байрнаас оргожээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д “баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсвэл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол...” гэж заасан байна. Улсын яллагч яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт ...мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар авч гарах хугацаанд санаатайгаар оргон зайлсан гэж бичсэн, Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлд хаанаас оргосон болохыг хуульчлаагүй боловч хуулийн агуулагаас үзэхэд цагдан хорих байр, хорих ангиас оргосон үйлдэл хамаарахаар ойлгогдож байна гэж үзээд уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна. Хэргийг хянахад Э.А хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах буюу мэдүүлэг газар дээр шалгах ажиллагаа хийлгэх үед Цагдаагийн газрын байрнаас оргосон байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлд баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсвэл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол гэмт үйлдэлд хамааруулж хуульчилсан бөгөөд харин хаанаас оргосон талаар хуульчилаагүй байхад шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, заавал цагдан хорих байр, хорих ангиас оргосон байх ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Ялтан Э.А нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлд зөвхөн тухайн оргосон ялтан нь баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсвэл хорих ял шийтгүүлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байсан нь тогтоогдож байхад цагдаагийн газрын байрнаас оргосон тул гэмт хэрэг биш гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчид ашигтайгаар, эсвэл гэмт хэргийн шинжгүй гэж 2 өөр агуулгатай дүгнэлт хийсэн, Э.А оргосон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалт баримталсан мөртлөө хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Э.А холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.     

  

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч Э.А Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ял эдэлж байх хугацаанд, мөрдөгч Э.А 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 40 минутад цагдан хорих байрнаас прокурорын зөвшөөрлөөр гарган авч, өөр гэмт хэргийг шалгах мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед тус аймгийн Цагдаагийн газрын байрнаас 17 цаг 30 минутын үед оргосон талаар хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

 

Эрүүгийн хуулийн хорин нэгдүгээр бүлэгт заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хууль тогтоогч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, худал мэдүүлэх, худал орчуулах, хэлмэрчилэх, шинжээч зориуд худал дүгнэлт гаргах, оргон зайлах гэх мэт гэмт хэргийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэх хүрээнд хуулийн дагуу явагдаж буй үйл ажиллагааны эсрэг гэмт хэргүүдийг хуульчилжээ.

 

Э.А нь шийтгэх тогтоолоор ял эдэлж байх хугацаандаа, хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан байж болохоор байтал анхан шатны шүүх яллагдагч, шүүгдэгч, ялтан зөвхөн цагдан хорих байр, хорих ангиас оргосон бол Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангана гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтад хорих ял шийтгүүлсэн ялтан Э.А хууль бусаар цагдан хорих байрнаас гадуур авч явсан, түүнийг эрүүдэн шүүсэн болох нь нотлогдоогүй, шүүгдэгчийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан гэх байдал тогтоогдоогүй байна. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

 

Эрх зүйн байдлын хувьд хорих ял шийтгүүлсэн ялтан Э.А оргон зайлсан байгаа ба хэрэгт авагдсан нотлох баримтуудад түүнийг эрүүдэн шүүсэн эсэх талаар нотлогдоогүй, холбогдох байгууллага шалгах ажиллагаа явуулж Э.А хариуг өгсөн талаар прокурорын тайлбарыг шүүгдэгч үгүйсгээгүй, мөн гарын үсгийг нь хуурамчаар дуурайлган зурсан байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байна.   

     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч Э.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байвал давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан буюу эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Т.Ж

    ШҮҮГЧИД                                Ч.Э

                                                     Ш.Б