| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 120/2025/0010/з |
| Дугаар | 221/МА2025/0580 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0580
“М л г и” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н
Гомдол гаргагч: “М л г и” ГХОХХК
Хариуцагч: Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Н
Гомдлын шаардлага: “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0116731, 0116733, 0116734 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 120/ШШ2025/0012 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 120/2025/0010/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “М л г и” ХХК-иас Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Над холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0116731, 0116733, 0116734 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 120/ШШ2025/0012 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.10, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан “М л г и” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана.
3.1. Шинжээчийн дүгнэлт гэх хохирлын үнэлгээний тайлантай холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий албан тушаалтнаас шинжээч оролцуулахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар шинжээчид хүлээх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулаагүй, шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, шинжээчийн дүгнэлт бус “Э м б” ХХК-ийн гаргасан байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээгээр шийтгэлүүд ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч оролцуулах тогтоол, “Э м б” ХХК-ийн гаргасан байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээтэй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад танилцаагүйгээс дүгнэлттэй холбоотой гомдол гаргах хугацаа алдсан, шинжээчид асуулт тавих эрхээ эдэлж чадаагүй гэх зэргээр гомдлын үндэслэл гаргасан боловч шүүх шийдвэрт дээрх үндэслэлүүдийг орхигдуулснаас энэхүү гомдлын үндэслэл нь шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлсөн талаар хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.
3.2. Хавтаст хэргийн 166 дугаар талд хариуцагч талаас ирүүлсэн хүснэгт авагдсан бөгөөд уг хүснэгтээр эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранзаяаг хэргийн материалтай танилцах боломжоор хангасан нь тогтоогдохгүй буюу хэн гэдэг эрх бүхий албан тушаалтан, хэнтэй яаж, холбооны ямар хэрэгслээр холбогдон хэргийн материалтай танилцах боломж олгосон нь тодорхойгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж “Г.Н ирж зөрчлийн хэрэгтэй танилцаагүй нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Төлөөлөгч Г.Наранзаяа нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр холбогдогчоор мэдүүлэг өгсөн байдаг. Түүнийг мэдүүлэг өгч дууссан дараа мэдүүлэгт гарын үсэг зуруулсан, эрх үүргийг нарийн сайн тайлбарлаж өгөөгүй, нэр бичигдсэн хэсгийнхээ өмнө, хуудас бүрийн дор гарын үсгээ зур гэж эрх бүхий албан тушаалтнаас хэлсэн. Хэлсэн дагуу нь гарын үсгүүдээ зурсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх, үүрэгтэйгээр оролцож байгаагаа огт ойлгоогүй гэж тайлбарладаг.
3.3. Эрх бүхий албан тушаалтан хохирогчоор тогтоосон шийдвэр гаргаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарлан маргасан байхад Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга ... тушаалаар... хохирогч, нэхэмжлэгчээр Хүрмэн сумын байгаль хамгаалагч Т.Б-ийг томилсон нь хуульд нийцээгүй, энэ нь маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгож, зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэх ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа эсэхийг дүгнээгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
3.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д заасны дагуу шийтгэл оногдуулсан шийдвэрийн хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд биечлэн танилцуулж хүргүүлэх ба зөрчилд холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч BI QIGETI нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч болж байна. Тэгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас харилцаж чадахгүй оролцогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй” гэж зааснаар монгол хэл мэдэхгүй, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч BI QIGETI-ийг орчуулагчаар хангах үүргээ эрх бүхий албан тушаалтан биелүүлээгүй байхад шүүх “... шийтгэлийн хуудсууд, улсын байцаагчийн акт болон эрх бүхий албан тушаалтны даалгавар зэргийг гардуулсан үйлдлийг буруутгах боломжгүй, нэгэнт хэрэг бүртгэлтийн ажиллагаа дууссан байхад сүүлд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлах, зөрчлийн хэрэг танилцуулах, өмгөөлөгч авах, орчуулагч оролцуулах эрхээр хангах талаар хуулиар зохицуулагдаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
3.5. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан эсэхийг харах ёстой. Хэрэв шалгах ажиллагааны алдаа гэсэн бол эдгээр шийтгэлийн хуудсууд хүчингүй болох үндэслэл болно гэсэн тайлбарыг гаргаж оролцсон. Харин “өмгөөлөгч авах эрхээр хангаагүй нь процессын алдаа учир шийтгэл хууль ёсны байх боломжгүй” гэсэн тайлбарыг гаргаагүй.
Зөрчил үйлдэгдсэн газарт хийсэн үзлэг, түүнд оролцсон хүмүүсийн статусын талаар тодруулж дүгнэсэн нь илүүц болсон. Мөн үзлэгт оролцсон хөндлөнгийн гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан нь үндэслэлгүй талаар маргасан байхад энэ талаар шүүх уялдаа холбоогүй дүгнэлтийг хийсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар хуульд нийцэхгүй байна гэж үзсэн бол тухай бүр гомдлоо гаргах үүрэг зөрчил гаргагч байхгүй бөгөөд хууль зөрчсөн нь шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа илэрвэл түүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэсэн хуулийн ойлголт байхгүй.
3.6. “М л г и” ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг шалгахдаа шалган шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан гэсэн гомдол гаргагчийн гомдлын үндэслэлийг бүрэн няцаасан хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүхийн зүгээс хийлгүйгээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл хугацаандаа гаргаагүй.
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 120/ШШ2025/0012 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. “М л г и” ХХК-иас Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Н-ад холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0116731, 0116733, 0116734 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно,” 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Аюултай хог хаягдлыг:” гээд 1.1. түр хадгалах; ... журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 7.10 дугаар зүйлийн 1-д “Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
4. Маргаан бүхий үйл баримтын тухайд;
4.1. Иргэний гаргасан гомдол мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “М л г и” ГХОХХК-ийн үйл ажиллагаанд аймгийн Байгаль орчны газрын даргын баталсан удирдамжийн дагуу байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.О, байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Б, З.Н нарын бүрэлдэхүүнтэй төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
4.2. Хяналт шалгалтаар илэрсэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж Цагаан дэл уулын орчимд хөрс, газрын хэвлийн дур мэдэн хөндсөн, сэндийчсэн, нэн ховор, ховор ургамал гэмтээсэн, бутлуур байрлуулан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулсан гэх зөрчилд тус тус 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээжээ.
4.3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд: зөрчил үйлдэгдсэн газарт үзлэг хийж зөрчилд холбогдох нөхцөл байдлыг тогтоох, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.Н-г тогтоож, түүнээс мэдүүлэг авах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах, шинжээч болон гэрчээс тайлбар мэдүүлэг авах зэргээр хуульд заасан 14 хоногийн хугацаанд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дуусгаад, шийтгэлийн хуудас үйлджээ.
4.4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргасан холбогдогчийн мэдүүлэг, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас тус тус үзэхэд, “М л г и” ГХОХХК-ийн хувьд шийтгэл ногдуулсан үндэслэл буюу зөрчлийн талаар маргаагүй, гагцхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий албан тушаалтны гаргасан алдаа нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан байна.
5. Анхан шатны шүүх ... гомдол гаргагч нь зөрчил гаргасан эсэх болон шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийн хэмжээтэй маргаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулж, зөрчлийн хэрэгтэй танилцах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ хангасан байх тул зөрчил шалган шийдвэрлэх журмын зөрчил гаргаагүй, эрх бүхий албан тушаалтан бус аймгийн Байгаль орчны газрын даргын тушаалаар хохирогчийг томилсон нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй хэмээн дүгнэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд үндэслэлтэй зөв болжээ.
6. Тодруулбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан аргачлалын дагуу тооцож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”,
Газрын хэвлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлий ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.28-д заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно”,
Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “аюултай хог хаягдал” гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг /хэлнэ/”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ: 10.2.5. үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх” гэж тус тус заасан.
7. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, газрын хэвлийг ашиглах болон аюултай хог хаягдлыг хадгалах журам зөрчих, байгаль орчны нөлөөллийн нарийвчлан үнэлгээгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зэрэг нь Зөрчлийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа байх тул гомдол гаргагчийн үйлдсэн буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон зөрчлийг үгүйсгэх боломжгүй.
8. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдсон бол түүнд хариуцлага ногдуулах нь гарцаагүй ба тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх тул эрх бүхий албан тушаалтны үйлдсэн маргаан бүхий шийтгэлийн хуудсууд хуульд нийцжээ.
9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 4.3 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд холбогдогч, өмгөөлөгчийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг ялгамжтай хуульчилсан байх тул “холбогдогч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээс асуулт тавих, дүгнэлтэд гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
10. Холбогдогч хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон Г.Н-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, эрх, үүрэг тайлбарлах, мэдүүлэг авах зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсны үндсэн дээр шийтгэлийн хуудсуудыг үйлдсэн, өөрөөр хэлбэл нэгэнт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул түүнээс хойш томилсон төлөөлөгчид холбогдогчийн эрх, үүрэг эдлэх боломж олгох буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах зохицуулалт байхгүй, нэгэнт шийтгэлийн хуудас үйлдсэн нөхцөлд энэ нь ач холбогдолгүй тул “өмнөх төлөөлөгч ямар эрх, үүрэгтэй оролцсоноо мэдээгүй, дараа нь томилсон төлөөлөгчийн эрхийг хангаагүй” гэх агуулга бүхий гомдол ч бодитой, үндэслэлтэй биш.
11. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны хийсэн үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон этгээдээс дахин гэрчийн мэдүүлэг авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчихгүй.
Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий албан тушаалтны удирдах албан тушаалтны шийдвэрээр хохирогчийг тогтоосон, төрийн хяналтыг хамт гүйцэтгэсэн улсын байцаагч нь гэрчээс мэдүүлэг авсан зэрэг нь гомдол гаргагчийн үйлдсэн зөрчлийг үгүйсгэх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
12. Анхан шатны шүүх дээрх байдлаар маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэргийг шийдвэрлэхэд шууд хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 120/ШШ2025/0012 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, ... гэсний дараа 6.1 дүгээр зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.10 дугаар зүйлийн 1” гэж нэмж, “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.10, 7.1 дүгээр зүйлийн 1” гэснийг хассан өөрчлөлтийг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ