Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 120/ШШ2020/0008

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.М

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд: Ц.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/08 дугаар, 04/08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Т.М-г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохтухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б,  хариуцагчийн өмгөөлөгч Н.Нармандах, гуравдагч этгээд Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 186 дугаар тогтоолоор хурлын товыг баталсан. Хэлэлцэх асуудалтай холбоотой, тооцоо, судалгаа, лавлагаа, шийдвэрийг хуулийн хугацаанд тараасан боловч төлөөлөгч Ч.Э 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 940 цагт Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга миний нэр дээр итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцүүлэх саналаа бичгээр өгсөн. Тус бичигт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 14-ний хуралдаанаар баталсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн 1.4 дэх заалтыг зөрчсөн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.М, Засаг дарга Т.А нарт итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцэх асуудалд оруулж өгнө үү" гэснээс өөр холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж ирүүлээгүй.

Энэхүү асуудлыг ээлжит 8 дугаар хуралдаанаар хэлэлцэж 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай” 02/08, “Хурлын даргыг томилох тухай” 04/08 дугаар тогтоолуудыг гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэснийг зөрчсөн юм.

Хуулийн дагуу 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор орон нутгийн төсвийг хуралдаанаар хэлэлцэж батлах ёстой байсан. Хэрвээ энэ Хурал нь ирц бүрдэхгүй бол 15-аас доошгүй хоногийн дотор дахин Хурал зарлах хуулийн хугацаатай байдаг. Миний бие энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар арга хэмжээ авч болох ч сум орон нутгийн төсвийг хуулийн хугацаанд батлах, Даланзадгад сумын иргэдийн эрх ашигт нийцсэн нийгэм, эдийн засгийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх нь Хурлын дарга байх эсэхээс чухал байсан тул 03 дугаартай албан бичгээр ирүүлсэн асуудлыг хэлэлцүүлж, санал хураалган улмаар хууль бусаар Хурлын даргын ажлаас чөлөөлөгдөж, төлөөлөгч Ц.Бг мөн хууль зөрчиж Хурлын даргаар томилсон юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар тухайн төлөөлөгч хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр санал оруулж болно. Гэхдээ 24.3 дахь хэсэгт “хуралдаан болохоос 1 хоногийн өмнө тухайн материалыг төлөөлөгчдөд тооцоо, судалгаа, тогтоолын төсөл, лавлагааг өгнө” гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл Ч.Э 1 хуудас албан бичиг л өгсөн. Тухайн үед олонхиороо асуудлыг хуралдаанаар хэлэлцэх ёстой гэсэн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулах санал оруулсан.

Хурлын даргыг өөрчлөхтэй холбоотой асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 б-д зааснаар зөвхөн тус сум, дүүргийн Хурлын онцгой бүрэн эрх бөгөөд Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх маргаан бүхий 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/08 тогтоолоор Т.Мг Хурлын даргаас чөлөөлсөн, 04/08 тогтоолоор Ц.Бг Хурлын даргаар томилсон хууль бус тогтоолуудыг гаргаснаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа бөгөөд уг тогтоолууд хүчингүй болгосноор миний бие Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилдаа эгүүлэн томилогдох юм.

Хурлын даргын хувьд миний бие Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан хуулийн хугацааг баримталж, хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг Хурлын төлөөлөгч нарт тараасан нь хуульд нийцсэн ажиллагаа бөгөөд хууль зөрчсөн журмыг мөрдөж ажиллах үндэслэлгүй юм. Би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллах хугацаандаа ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй, зөрчсөн талаар эрх бүхий субъект тогтоогоогүй байхад нэр бүхий Хурлын төлөөлөгч нараас “хуралдаанд хууль бусаар асуудал хэлэлцүүлэн, санал хураалгаж маргаан бүхий тогтоолуудыг гаргасан” нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актын шинжийг хангаж байна.

Хэн нэгэн хууль бусаар, хуульд заагаагүй үндэслэлээр нутгийн удирдлагын байгууллагаар тоглож болохгүй гэдгийг дараа дараагийн төлөөлөгч нарт сургамж болгох зорилготой шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иймд Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/08 дугаар, 04/08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Т.Мг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга              Ц.Б, өмгөөлөгч Н.Н нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагт сумын Засаг даргын Тамгын газрын 3 давхрын хурлын танхимд хуралдсан. Хуралдаан болохоос 1 өдрийн өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлөөлөгч Ч.Э Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэх тухай” албан бичгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Мд 940 цагт хүлээлгэн өгсөн.

Хурлын дарга Т.М нь уг бичгийг Хурлын төлөөлөгч нарт тараах үүргээ биелүүлэхгүй байсан тул төлөөлөгч Ч.Э нь санаачилсан асуудлаа Хуралдаанаар хэлэлцүүлэхийн тулд 11 цагт Ардчилсан намын бүлгийн бүх төлөөлөгчдөд санал, тогтоолын төслийн хамт тарааж, мөн Хурал дахь Монгол Ардын намын бүлэг хуралдаж байх үед төлөөлөгч нарт нь тараасан байдаг.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасан. Уг саналдаа холбогдох тооцоо, судалгаа, шийдвэрийн төслийн хамт хүргүүлнэ. Энэ үүргийн төлөөлөгч Ч.Э биелүүлсэн гэж үзэж байгаа. Шийдвэрийн төслийг зарим гишүүдэд хүргүүлсэн байдаг. Иргэдийн төлөөлөгчөөс гаргасан хурлаар хэлэлцүүлэх асуудлыг тарааж, танилцуулах нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад байдаг.          

Ингээд маргааш нь буюу 2019 оны 12 сарын 11-ний өдөр 8 дугаар хуралдааныг хийж төлөөлөгч Ч. Э “зохион байгуулалтын асуудал хэлэлцэх тухай” саналыг хуралд оруулж төлөөлөгчдийн олонхын саналаар уг асуудлыг хэлэлцэж “Хурлын даргыг ажлаас чөлөөлөх тухай” 02/08 дугаар тогтоолыг төлөөлөгчдын 53.3 хувийн саналаар, “Хурлын даргыг томилох тухай” 04/08 дугаар тогтоолыг тухайн хуралд оролцсон 30 төлөөлөгчийн олонх 100 хувийн саналаар томилсон болно.

Хууль зөрчин Хурлын хуралдааныг хуралдуулах болсон нь Хурлын дарга асан Т.Мгийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой гэж үзэж байна. Учир нь Т.М нь төлөөлөгч Ч.Эийн 8 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх саналыг хүлээн авсан боловч Хуралдаан хууль бусаар хуралдаж, хууль бус шийдвэрүүд гаргасан мэт болгохын тулд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан “...саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах...” үүргээ зориуд  гүйцэтгээгүй нь Даланзадгад сумын иргэдийн эрх ашигт нийцсэн нийгэм, эдийн засгийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх бус харин ч хувиа бодсон үйлдэл болжээ.

Жил бүрийн төсвийг батлах сүүлийн хугацаа нь 12 дугаар сарын 20-ны дотор байдаг ба хугацаа дуусахад 9 хоног дутуу байсан. Т.М нь нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг алдагдуулан гүйцэтгэх засаглалын үгийг дагаж ажиллаж байсныг иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн олонх удаа дараа шүүмжлэн хэлж байсан. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хуралдаанаар ганц Т.Мгийн ажлыг бус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Ажлын албаны тайланг хэлэлцэж, хангалттай дүгнэсэн болно.

Иймд Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн “Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай” 02/08 “Хурлын даргыг томилох тухай” 04/08 дугаар тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дах заалт Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 6.1 а, б дах заалтын дагуу гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ц.Б нь 2016-2020 онд Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчийн үүрэгт ажлыг хийж байсан. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралдаан болохын урд өдөр төлөөлөгч Ч.Э “зохион байгуулалтын асуудал” хэлэлцүүлэх саналыг албан бичгээр гаргасан. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр Хурлын даргыг огцруулах асуудал яригдсан. Энэ асуудал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд олонхын саналыг баримталж, шийдвэр гаргасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт зааснаар гаргах шийдвэрийн төсөл, саналыг хүргүүлэхийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Э нь гарах шийдвэрийн төсөл, саналыг хүргүүлсэн байдаг. Тухайн үед Хурлын дарга Т.Мд 0940 цагт өгсөн. Т.М нь тэрхүү материалыг Ажлын албаараа дамжуулан тараах үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүйн улмаас хожимдож тараасан байдаг. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хурлын үйл явц хэвийн явагдсан.                 

3 жилийн өмнө Т.М даргыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсонтой л адилхан үйл явдал болж, танхимд сууж байсан төлөөлөгч нар өнгөрсөн 3 жилийн хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь төлөөлөгч нарын бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжид хязгаарлагдмал байдлаар хандсан гэсэн. Тухайн Хуралдааны дэгийн 3.3-д заасны дагуу төлөөлөгч нарыг 3 хоногийн өмнө хэлэлцэх асуудпалтай холбоотой мэдээ, мэдээллээр хангаж ажиллах ёстой байсан боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд тухайн хуралдаанд хэлэлцэх асуудлын материалыг уншиж, танилцах боломжоор бүрэн хангаагүй. Ийм учраас тэрхүү хуралдаанаар Т.М даргыг огцруулах санал гаргаж огцруулсан.

Тухайн үед Т.М дарга “Би энэ асуудалд ямар нэгэн гомдол санал байхгүй. Ямар нэгэн байдлаар өс хонзон санахгүй. Би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлыг өгөхөд татгалзах зүйлгүй” гэж хэлсэн. Тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй байсан бол Т.Мд гар өргөхгүй байх эрх нь байсан. 100 хувийн саналаар сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга цөөхөн байдаг гэж бодож байна. Тухайн хурал дээр Монгол Ардын намын бүлэг, Ардчилсан намын бүлэг санал нэгдээд 100 хувийн саналаар намайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон. Нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг авч хэлэлцсэн гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Т.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.М нь “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/08 дугаар, 04/08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс ”Хуулийн дагуу 12 дугаар сарын 20-оос өмнө ирэх оны төсвийг Хуралдаанаар хэлэлцэн батлах ёстой, нийтийн эрх ашгийн үүднээс Хурлыг хуралдуулах шаардлагатай байсан. Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудал нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, саналд холбогдох тооцоо, судалгаа, шийдвэрийн төслийг хавсаргаж өгөөгүй, хуулийн дагуу гаргаагүй байхад уг асуудлыг хэлэлцсэн, намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн” гэж маргаж байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгууллагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Т.Мг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/01 дүгээр[1] тогтоолоор баталгаажуулсан байна.

Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 186 дугаар[2] тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаан (цаашид Хуралдаан гэх)-ыг 12 дугаар сарын 11-ний өдрийн 0900 цагт хуралдуулахаар товлон зарлаж, 14 асуудал хэлэлцэхээр тогтоосон байх бөгөөд Хуралдаанаас болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгч нарт хэлэлцэх асуудал, холбогдох материалуудыг тараасан байжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.3-д “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” эрхтэй гэж заасан.

Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Э 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 03 дугаар албан бичгээр[3] “...Хуралдаанд зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэхээр санал оруулж байна...дэгийн 1.4 дэх заалтыг зөрчсөн тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.М, Засаг дарга Т.Алтансүх нарт итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцэх асуудал оруулж өгнө үү” гэсэн санал (1 хуудас)-ыг 12 дугаар сарын 10-ны өдрийн 0940 цагт Хурлын Ажлын албанд хүргүүлжээ[4].

Хэрэгт авагдсан гэрч С.Эрдэнэдоржийн ”Хурлын даргад...албан бичгээр гаргасан саналд холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж өгөөгүй. Би өөрөө...12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн үед МАНамын бүлгийн хуралдаан дундуур...зөвхөн албан бичгээр хуралдаанд оролцож байсан төлөөлөгч нарт тараасан” гэх, гэрч Ч.Ц, Т.О, Д.У, Э.Х нарын “...С.Э нэг хуудас албан бичиг өгсөн” гэх мэдүүлэгээс үзэхэд төлөөлөгч С.Эрдэнэдорж нь 12 дугаар сарын 10-ны өдөр 10-11 цагийн үед Ардчилсан намын болон Монгол Ардын намын бүлгийн хуралдааны үед өөрөө зарим төлөөлөгч нарт “зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэх” тухай 03 дугаар албан бичиг буюу саналыг тараасан байх ба харин уг саналд холбогдох баримт, тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж өгөөгүй болох нь төлөөлөгч С.Э болон гэрчүүдийн мэдүүлгээр[5] тогтоогдож байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид...дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын...төлөөлөгч,...асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудал тодорхой байх, төлөөлөгч хуралдаанд ямар асуудлаар таслах эрхтэй оролцож байгаагаа урьдчилан мэдэх, түүнд холбогдох баримт, судалгааг урьдчилан төлөөлөгч нарт тараасан байх, эдгээр үйл ажиллагаа зохих ёсоор хэрэгжээгүй бол тухайн асуудлыг Хуралдаанаар хэлэлцэхгүй байх агуулгатай байна.

Түүнчлэн дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь...дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.1 б/ “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх”, 14 дүгээр зүйлийн 14.4-д “Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна” гэж зааснаас үзэхэд Хурлын онцгой бүрэн эрхт хамаарах Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, өөрчлөх зэрэг асуудлыг Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байхаар хуульчлан зохицуулжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/02 дугаар[6] тогтоолын хавсралтаар “Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийг (цаашид Хуралдааны дэг гэх)- баталсан байна. Уг Хуралдааны дэгийн 3.3-д “Онцгой эрхэд хамаарах асуудлыг холбогдох хороод...урдчилан хэлэлцэж дүгнэлт саналаа гарган сумын ИТХ-ын даргад бичгээр хүргүүлсэн байна. Уг саналыг Хурлын дарга Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлнэ ...” гэж нарийвчлан тогтоосон байна.

Энэ тохиолдолд Хурлын онцгой бүрэн эрхт хамаарах асуудал болох Хурлын даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцэхдээ Хурлын тов тогтоох, хэлэлцэх асуудлыг дараалал батлах эрх бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байх хуулийн шаардлага хангагдаагүй байхад Хуралдаанаар хэлэлцүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/08 дугаар[7] тогтоолоор Т.Мг Хурлын даргын ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 б/, 24 дүгээр зүйлийн 24.3, Хуралдааны дэгийн 3.3-д тус тус заасныг зөрчсөн байна.

Хэдийгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар төлөөлөгч нь Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхтэй ч гэсэн уг санал нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 24 дүгээр зүйлийн 24.3-д тус тус заасан шаардлагыг хангасан тохиолдолд л хэлэлцэх ёстой байтал Ч.Э нь саналаа зохих ёсоор гаргаагүй байхад Хуралдаанаар хэлэлцэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.    

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, нэхэмжлэгч Т.М нь 2016 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Хурлын даргаар сонгогдон томилогдсон эрх бүхий албан тушаалтан болохын хувьд Хурлын онцгой бүрэн эрхт хамаарах асуудлыг хэлэлцэхдээ Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байх, саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргасан байх, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараасан байх зэрэг хуульд тусгайлан заасан шаардлагыг хангаагүй байхад Хуралдаанаар хэлэлцүүлэн Т.Мг Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/08 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Нэхэмжлэгчийн эс зөвшөөрч гаргасан маргаж буй 02/08, 04/08 дугаар тогтоолууд нь нэг ажлын байр буюу Даланзадгад сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд холбогдож байх тул Ц.Бг Хурлын даргаар томилсон 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04/08 дугаар[8] тогтоолыг хүчингүй болгож, Т.Мг, Даланзадгад сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 б/, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт тус тус заасныг баримтлан Т.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/08 дугаар, 04/08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Т.Мг Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж Т.Мд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.ЦЭЦЭГМАА


[1] Хавтаст хэргийн 6 дах хуудас

[2] Хавтаст хэргийн 84-85 дах хуудас

[3] Хавтаст хэргийн 9 дэх хуудас

[4] Хавтаст хэргийн 186-204 дэх хуудас

[5] Хавтаст хэргийн 86-88 дах хуудас

[6] Хавтаст хэргийн 49-54 дэх хуудас

[7] Хавтаст хэргийн 110 дах хуудас

[8] Хавтаст хэргийн 112 дах хуудас