| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0253/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/265 |
| Огноо | 2023-07-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/265
2023 07 05 2023/ШЦТ/265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Т.Т
Хохирогч Э.И
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б
Шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж-д холбогдох эрүүгийн 2325000000231 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Д.Ж
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Ж нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байрлах нийтийн байрны гадаа Э.И-ыг манай эхнэрийг цохьсон гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ж-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Э.И мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн эгч 500 000 төгрөг өгсөн. Өөр хохирол төлсөн зүйл байхгүй. Эмчилгээний зардал 1 444 000 төгрөг, цаашид гарах хагалгааны зардал 5 400 000 төгрөг нэхэмжилсэн байгаа.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Э.И-ын “2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед өөрийн ажилдаг Hi car wash автомашин угаалгын газраас гэртээ ирээд байж байхад доод давхрын жирэмсэн О гэх эмэгтэйгийн хүүхдүүд нь орж ирээд манай эхнэр Э-г дуудаад гараад явсан. Удалгүй би эхнэрийнхээ араас гараад О-гийн гэрт ороход манай эхнэр Э, О, Б нар байж байхаар нь би эхнэрээ дагуулаад гэртээ эргэж орж ирээд байж байхад араас манай гэрт Б, О орж ирээд бид нар юм яриад сууж байхад Б манай нөхөр намайг гуйлгачин гэсэн гээд уйлаад байхаар нь за ах нь нэг юм аваад өгье гэж хэлээд Чанар нэртэй 0,75 граммын архи аваад бид дөрөв ууж дуусгаад дахиад Чанар нэртэй 0,75 граммын архийг дахин аваад дуусгаад би согтоод унтчихсан. Тэгээд ухаан ороход толгойноос цус гарчихсан, гар хугарчихсан байрны гадаа сэрсэн. Тэгээд би гэртээ ороод байж байхад миний толгойноос гарсан цус тогтохгүй байхаар нь түргэн дуудаж эмнэлэг ороод толгойндоо 5 оёдол тавиулж дуусаад гарны зургаа авхуулахад миний зүүн гарын тохой хэсэг 2 хугарчихсан байсан. Эмнэлэг дээр байж байхад цагдаагийн байгууллагаас цагдаа нар ирээд эхнэр бид хоёрыг аваад төв цагдаа дээр ирээд цагдаа нар манай эхнэрийг дагуулаад намайг зодсон Жийг авчрахаар явсан. Намайг Ж зодож байхад манай эхнэр Э хажууд салгах гээд салгаж чадахгүй зогсож байсан юм байна лээ. Би Ж гэх хүнийг танихгүй нэг ч удаа харж байгаагүй. Харин Б гэх эмэгтэйгийн нөхөр юм байна лээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэчихсэн байсан болохоор юу ч санахгүй байгаа. Эхнэрийн хэлж байгаагаар би гар хүрээгүй зөвхөн Ж намайг зодоод байсан гэсэн. Миний гар хугарчихсан хөдөлмөрийн чадамжаа алдчихсан учраас эмчилгээний зардал болон гэрийн эвдэрсэн зүйлүүдээ төлүүлмээр байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/
2. Гэрч Б.О-гийн “2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр миний өмнө түрээслэн амьдарч байсан нийтийн байрны 2 дахь хаалганд Ж-ийн уулздаг Б 17 цагийн үед 1 шил архитай ирсэн. Бид тухайн архийг бид хувааж уусан. Түүний дараагаар 2 давхрын 6 тоот өрөөний И гэх айлд орж архи уусан. И-ын гэрт нь эхнэр нь, Б бид 4 архи хувааж уусан. Бид нар хоорондоо амьдрал ярьж байсан. Тухайн үед Б уйлаад байсан чинь И яахаараа гэрт уйлаад байдаг юм бэ гээд алгадаад авсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад Б-г авч гарч гэрлүүгээ авч орсон. Орой 21 цагийн үед Ж манай гэрт ирээд хараа архи авч өгөөд Б, Ж бид гурав хувааж уусан. Тухайн үед Б Ж-д хандаж дээд айлын хүн намайг алгадсан гэж хэлсэн. Тэгээд хэн гэдэг юм бэ гэж асуугаад бид гурав юм ярьж байтал Б, Ж хоёр И-ын гэрт нь ороод И-ыг боогоод аваад гарсан. Ж нь И-ыг 1 удаа тонгорч унагаасан тэр үед гараа дараад И уначихсан. Би Ж-ийг аваад гэртээ орсон. Ж хааяа манай гэрээр ирдэг сүүлийн үед манай гэрээр ирээгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 31-33 дахь тал/
3. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 308 дугаартай “Магадлуулагч Э.И-ын биед зүүн гарын атгаал ясны далд хугарал, хуйханд шарх, баруун хацар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн гарын атгаал ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хуйханд үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун хацар, нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 38-40 дэх тал/
4. Д.Ж-ийн сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн “0.75 граммын 4 шил архийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт зүс таних хүмүүстэй уусан. Тухайн үед надад өөрийгөө удирдах чадамж байсан. Тэгэхдээ миний дургүй хүрээд байсан болохоор хийж байсан үйлдлээ зогсоогоогүй. Манай эхнэр болон манай найз, хөрш айлууд байсан. 2023 оны 04 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед очсон байх. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 04 дүгээр сарын 02- ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байрлах нийтийн байрны гадаа хохирогч Э.И-ыг зодсон нь үнэн. Би Э.И-ын гарыг хөшиж гэмтээсэн. Надад гэмтэл учирсан зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45, 48-49 дэх тал/
5. Гэрч Л.Э-гийн “би доошоо буугаад О-гийн гэрт ороход Б-гийн нөхөр гэх Ж, Б, О нар архи ууж байгаад надад архинаасаа 2 удаа аяганд хийж өгөхөөр нь тэрнээс нь уучхаад сууж байхад Ж танай нөхөр яахаараа манай эхнэрийг зоддог юм гэхээр нь би юу гэж манай нөхөр танай эхнэрийг зоддог юм чи маргааш өглөө эрүүл болоод учраа ол гэхэд би танай нөхрийг ална гэж хэлээд гараад явахаар нь надад гэрийн түлхүүр байсан болохоор арай ч орчихгүй байх гэж бодоод сууж байхад гаднаас Ж би танай нөхрийг гаргаад хаячихлаа шүү гэж хэлэхээр нь санаа зовоод гартал үүдэнд манай нөхрийн толгойноос нь цус гарчихсан хар өнгийн футболкных нь энгэр урагдчихсан байхаар нь нөхрөө дагуулаад гэртээ ороод байж байхад араас Ж орж ирээд одоо би чамайг ална гараад ир гээд манай нөхрийг дагуулаад гарахаар нь араас нь гараад очтол манай нөхрийг Ж 3 удаа гэдэс хэсэгт цохиод авахаар нь салгах гэтэл Б миний урдуур ороод манай нөхөр угаасаа танай нөхрийг ална ш дээ чадна гээд миний энгэрээс барьчхаад тавихгүй байсан. Тэгээд тэр хооронд Ж манай нөхрийг ямар ч байсан өшиглөж байгаа харагдсан. Биеийнх нь аль хэсэгт цохиж байгааг нь хараагүй. Тэгээд салгах гэхээр Б намайг барьчхаад тавихгүй байхаар нь утсаараа түргэн тусламж дуудаад байж байхад Ж манай нөхрийг зодож байгаад болиод дотогшоо байр руу яваад орчихоор нь нөхрөө аваад гэртээ ороод толгойноос гарч байгаа цусыг нь тогтоох гээд байж байхад түргэн тусламж ирээд нөхөр бид хоёрыг аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд манай нөхрийн толгойд 5 оёдол тавиад гар нь хөдлөхгүй байхаар нь зургийг нь авхуулаад харахад гар нь хугарчихсан байна гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд цагдаа нар эмнэлэг дээр ирээд төв цагдаагийн газартаа авчраад зодсон хүн чинь хаана байгаа вэ гэхээр нь зодсон газраа байгаа гэхэд цагдаа нар намайг дагуулаад Жийг аваад цагдаагийн газарт ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108-110 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Ж нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байрлах нийтийн байрны гадаа Э.И-ыг манай эхнэрийг цохьсон гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хрхирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд оруулсан тооцох нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.И-ын “Ухаан ороход толгойноос цус гарчихсан, гар хугарчихсан байрны гадаа сэрсэн. Төв цагдаа дээр ирээд цагдаа нар манай эхнэрийг дагуулаад намайг зодсон Жийг авчрахаар явсан” гэх мэдүүлэг, гэрч Б.О-гийн “Б, Ж хоёр И-ын гэрт нь ороод И-ыг боогоод аваад гарсан. Ж нь И-ыг 1 удаа тонгорч унагаасан. Тэр үед гараа дараад И уначихсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 308 дугаартай дүгнэлт, Д.Ж-гийн “2023 оны 04 дүгээр сарын 02- ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байрлах нийтийн байрны гадаа хохирогч Э.И-ыг зодсон нь үнэн. Би Э.И-гын гарыг хөшиж гэмтээсэн” гэх мэдүүлэг, гэрч Л.Э-гийн “манай нөхрийг Ж 3 удаа гэдэс хэсэгт цохиод авахаар нь салгах гэтэл Б миний урдуур ороод манай нөхөр угаасаа танай нөхрийг ална ш дээ чадна гээд миний энгэрээс барьчхаад тавихгүй байсан. Тэгээд тэр хооронд Ж манай нөхрийг ямар ч байсан өшиглөж байгаа харагдсан биеийх нь аль хэсэгт цохиж байгааг нь хараагүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ж нь 2023 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байрлах нийтийн байрны гадаа Э.И-ыг зодож эрүүл мэндэд зүүн гарын атгаал ясны далд хугарал, хуйханд шарх, баруун хацар, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ж-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.И-ыг эрүүл мэндэд зүүн гарын атгаал ясны далд хугарал, хуйханд шарх, баруун хацар, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хагалгааны зардал болон эмчилгээний зардалд 1 444 000 төгрөг нэхэмжилсэн боловч 1.101.000 төгрөг нэхэмжлэл баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй. Мөн цаашид хагалгаа хийлгэх зардлаа нэхэмжилсэн боловч баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ж-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 23 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялаас нь хасч тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-гын Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-гийн цагдан хоригдсон 23 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 23 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 /тав/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан 5 сар 7 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-оос 1 101 000 /нэг сая нэг зуун нэг мянга / төгрөг гаргуулж хохирогч Э.И-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Э.И нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС