Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/00510

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: СТ ХХк

Хариуцагч: С Х ХХК

225,017,687 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, Б.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “СТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрмаа шүүх хуралдаанд  гаргасан тайлбарт: Манай “С*******” ХХК нь “С Х” ХХК, захирал Г.М*******тэй 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 17-5-010 тоот Түрээсийн талбайн гэрээ байгуулж, И-Март худалдааны төвийн 5 давхарт 302 м.кв талбайг түрээслэхээр болж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Дээрх түрээсийн талбайн гэрээгээр түрээслэгч “С Х” ХХК нь түрээсийн төлбөрт сард нийт 12,080,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн гэрээний 12.1, 12.2-д зааснаар түрээслэгч нь үндсэн гэрэлтүүлгээс өөр зориулалтаар ашигласан цахилгааны төлбөр, нэмэлтээр ашиглаж буй ус, хий буюу дулааны төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээсэн.

Түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн талбайн 1 м.кв-ын төлбөрийг 2017 оны 11, 12 дугаар сард бүрэн чөлөөлж, 2018 оны 01 сард 20 хувийн, 02-р сард 70 хувийн, 3-5 дугаар сард 50 хувийн, 6-р сараас хойш 20 хувийн хөнгөлөлтийг тус тус үзүүлсэн.

Харин түрээслэгч “С Х" ХХК нь гэрээ байгуулагдсан цагаас түрээсийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд төлбөрөө төлөхийг шаардахад “С Х” ХХК, захирал Г.М******* нь удахгүй төлж барагдуулна гэсээр өдийг хүрсэн. Гэвч сүүлдээ “С Х” ХХК, захирал Г.М******* нь шалтаг заан төлбөр.төлөхөөс татгалзах болсон тул түрээслүүлэгчийн санаачлагаар түрээсийн гэрээг цуцалж, улмаар дараагийн түрээслэгчийг оруулах зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн талбайг чөлөөлж, хүлээлцэхийг мэдэгдсэн боловч

Гэтэл “С Х” ХХК-ийн захирал Г.М******* нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн талбайгаас өөрийн эд хөрөнгөө хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр талбайн хогоо цэвэрлэсэн боловч одоог хүртэл түрээсийн талбайг хүлээлцээгүй байна. Иймээс талбайг чөлөөлж өгөөгүйтэй холбоотойгоор гэрээний 25.1-д зааснаар түрээсийн талбайг чөлөөлөх хүртэлх хугацааны төлбөр болон учирсан хохирлоо нэмж нэхэмжлэхийг мэдэгдсэн болно.

Иймд “С Х” ХХК, захирал Г.М*******ээс түрээсийн үлдэгдэл төлбөрт 149,740,001 төгрөг, ашиглалтын зардал 407,686 төгрөг нийт 150,147,687 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Мөн Түрээсийн талбайн гэрээний 20.6-д заасны дагуу алдангид 74,870,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Үндэслэл нь “С*******” ХХК нь “С Х” ХХК, захирал Г.М*******тэй 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 17-5-010 тоот Түрээсийн талбайн гэрээ байгуулж, И-Март худалдааны төвийн 5 давхарт 302 м.кв талбайг с*******ийн үйлчилгээний зориулалтаар түрээслүүлсэн.

“С Х” ХХК, Г.М******* нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Дээрх түрээсийн талбайн гэрээгээр түрээслэгч нь 1 м.кв-ын талбайн түрээсийн төлбөрийг 25,000 /302м.квх25,000=7,550,000/ төгрөгөөр, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн талбайн ашиглалтын хэвийн байдлыг хангах, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий менежментийн төлбөрийн 1 м.кв-ын төлбөрийг 15,000 /302м.кв 15,000=4,530,000/ төгрөгөөр тус тус тооцож түрээсийн гэрээний үүрэгт сард нийт 12,080,000 /НӨАТ ороогүй дүн=НӨАТ-тэй дүн 13,288,000/ төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.

Мөн гэрээний 12.1, 12.2-д зааснаар түрээслэгч нь үндсэн гэрэлтүүлгээс өөр зориулалтаар ашигласан цахилгааны төлбөр, нэмэлтээр ашиглаж буй ус, хий буюу дулааны төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээсэн.

Түрээсийн талбайн гэрээгээр түрээслүүлэгч нь 18 сарын хугацаанд 1 м.кв-ын талбайн түрээсийн төлбөрийг 25,000 төгрөг байсныг 20%-аар хөнгөлөлт үзүүлж, 20,000 төгрөг болгосон.

Мөн 2017 оны 11, 12 дугаар сард түрээсийн төлбөрийг бүрэн чөлөөлж

  • 2018 оны 1 сард 1 м.кв-ын талбайн түрээсийн төлбөрт 20 хувийн хөнгөлөлт үзүүлж 10,570,000 төгрөг
  • 2 сард түрээсийн гэрээний үүрэгт 10,570,000 төгрөг төлөх байсныг 6,975,000 төгрөг болгож,
  • 3 сард 10,570,000 төгрөг төлөх байсныг 8,305,000 төгрөг болгож,
  • 4 сард 10,570,000 төгрөг төлөх байсныг 8,305,000 төгрөг болгож,
  • 5 сард 10,570,000 төгрөг төлөх байсныг 8,305,000 төгрөг болгож,
  • 2018 оны 6 сараас хойш 20 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 10,570,000 төгрөг болгох хөнгөлөлтийг тус тус үзүүлсэн.

 Харин түрээслэгч “С Х" ХХК нь гэрээ байгуулагдсан цагаас түрээсийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд төлбөрөө төлөхийг шаардахад “С Х” ХХК, захирал Г.М******* нь удахгүй төлж барагдуулна гэсээр өдийг хүрсэн.

“С Х” ХХК, захирал Г.М******* нь 2018 оны 12 сараас эхлэн үйл ажиллагаа явуулалгүй, түрээсийн өр төлбөрөө төлөх боломжгүй үндэслэлээр түрээсийн талбайг орхин явсан.

Улмаар түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн талбайг чөлөөлөхийг шаардсаны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн талбайгаас өөрийн эд хөрөнгөө хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр талбайн хогоо цэвэрлэсэн. Иймээс талбайг чөлөөлж өгөөгүйтэй холбоотойгоор гэрээний 25.1-д зааснаар түрээсийн талбайг чөлөөлөх хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилсэн болно.

Иймд “С Х” ХХК-иас түрээсийн талбайн гэрээний дагуу түрээсийн үлдэгдэл өр төлбөрт 149,740,001 төгрөг, алдангид 74,870,000 төгрөг, ашиглалтын зардал 407,686 төгрөг, нийт 225,017,687 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “С Х” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, Б.Ц******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "С*******” ХХК-иас “С Х” ХХК-д холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2/27 нэхэмжлэл болон 2019 оны 10 сарын 14-ний одөр “С*******" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

"С Х” ХХК мь “С*******” ХХК-тай И-март худалдааны төвийн 5 давхарт байрлах 302 м.кв талбайг нэг сарын 12.080,000 төгрөгөөр 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэхээр харилц ан тохиролцож. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 17-05-010 дугаартай түрээсийн талбайн гэрээ“-г байгуулсан.

Түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийг шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр хөнгөлсөн.

2017 оны 5 сарын 17-ны өдөр 17-5-010 тоот түрээсийн талбайн гэрээг байгуулах үед хийн талбай нь хоосон, хөндий талбай байсан. “С Х” ХХК нь гэрээ байгуулсны дараагаар тус талбайд засан сайжруулалт хийж тасалгаа. тайз, цахилгааны монтаж зэрэг маш олон зүйлсийг нэмэн хийж тус талбайн үнэ цэнийг нэмэгдүүлсэн. Гэрээ байгуулах үед нэхэмжлэгч тал дээр дурдсан талбайн засан сайжруулалтыг хийж өгнө гэж байсан боловч өөрсдөө хийчих төлбөрийг нь бид төлнө гэж илэрхийлж байсан. “С******* ХХК нь 2017 оны 5 сарын 17-ны өдөр гэрээ байгуулснаас хойш засан сайжруулалтыг 2017 оны 10 сар хүртэл хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулж орлого олох орлогоо алдаж байсан.

Нэхэмжлэгч тал болох “Скай трейд” ХХК-ийн ажилтнууд 2018 оны 11 сарын 23-ны “С Х” ХХК-тай байгуулсан түрээсийн талбайн гэрээгээ цуцалж байгаагаа амаар мэдэгдэж, тус талбайн тогийг тасалж, талбайг битүүмжилсэн.

“Скай трейд" ХХК-ийн ажилтнууд “С Х" ХХК-ийн түрээсэлж байсан тус талбайн тогийг тасалж. талбайг битүүмжлэхдээ тус талбай дотор байршиж байсан “С Х” ХХК-ийн с*******ийн сургалт явуулахад ашигладаг бүх тоног төхөөрөмжүүдийг хамтад нь битүүмжилсэн.

Нэгэнт тоног төхөөрөмжүүдээ битүүмжлүүлсэн “С Х" ХХК нь цаашид ажиллагаа явуулах боломжгүй болсноор зогсохгүй ямар ч орлого олох боломжгүй болсон юм.

“С Х” ХХК-ийн “С*******” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17-05-010 дугаартай “Түрээсийн талбайн гэрээ” нь урт хугацааны гэрээний шинж чанартай учраас аль нэг гал гэрээ цуцлах тухай хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, цуцалснаас хойших үүргийн харилцаа дуусгавар болох эрх зүйн үр дагаврыг агуулдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал гэрээг цуцалж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон үеэс буюу 2018 оны 11 дүгээр сард гэрээний харилцаа бүхэлдээ дуусгавар болж, түрээслэгчийн төлбөр төлөх үүрэг болон түрээслүүлэгч гэрээнд заасан тоо, хэмжээ байршил бүхий талбайг шилжүүлэх үүргээс чөлөөлөгдсөн болно.

Гэтэл “С*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 03 сард гэрээг цуцалсан гэж тайлбарлан, тус хугацаанаас хойших хугацааны төлбөр, мөн олох ёстой байсан орлого зэргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн “С*******" ХХК нь менежментийн төлбөр хэмээн сар бүр авч байсан боловч манай компанийг сурталчилсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, энэ талаар гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлсэн зүйлгүй.

Иймд “Скай Трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн үндсэн төлбөр болох 91,605,002 төгрөгийг төлөхөө хариуцагч тал зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “СТ” ХХК нь хариуцагч “С Х” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт 149,740,001 төгрөг, гэрээний дагуу алданги 74,870,000 төгрөг, ашиглалтын зардал 407,686 төгрөг, нийт 225,017,687 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч “С Х” ХХК-ийн захирал Т.М*******ийг хамтран хариуцагчаар татаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед түүнээс татгалзаж, нэхэмжлэлийг шаардлага нийт 225,017,687 төгрөгийг бүхэлд нь “С Х” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хариуцагч “С Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргаж байсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гэрээний дагуу төлөх үндсэн төлбөрт 91,605,002 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө хэмээн шүүх хуралдаан дээр тайлбарлав.

Талууд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр  17-5-010 тоот “Түрээсийн талбайн гэрээ”-г байгуулж, түрээслэгч  “С Х” ХХК нь түрээслүүлэгч “СТ” ХХК-ийн И-Март худалдааны төвийн 5 давхарт 302 м.кв талбайг түрээслэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай, 1 м.кв талбайн түрээсийн төлбөр сар бүр 12,080,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

Уг түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар,  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Дээрх гэрээний дагуу түрээсийн талбайг түрээслүүлэгчээс түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад өгч, үйл ажиллагаа явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул Эд хөрөнгө хөлслөх харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ.

Түрээслүүлэгч нь дээрх гэрээний дагуу төлөх 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 2017 оны 11, 12 дугаар сард бүрэн чөлөөлж, 2018 оны 01 дүгээр сард 20 хувийн, 02 дугаар сард 70 хувийн, 3-5 дугаар сард 50 хувийн, 6 дугаар сараас хойш 20 хувиар хөнгөлж, түрээслэгчийн төлбөр төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байна.

Хариуцагч нь “Скай трейд” ХХК-ийн ажилтнууд 2018 оны 11 сарын 23-ны өдөр “С Х” ХХК-тай байгуулсан түрээсийн талбайн гэрээгээ цуцалж байгаагаа амаар мэдэгдэж, тус талбайн цахилгааныг тасалж, талбайг, с*******ийн сургалт явуулахад ашигладаг бүх тоног төхөөрөмжүүдийг хамтад нь битүүмжилж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, орлого олох боломжгүй болгосон хэмээн маргаж байх боловч түрээсийн гэрээний үндсэн дээр с*******ийн үйл ажиллагаагаа 2019 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд явуулах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч түрээслэгч “С Х” ХХК с*******ийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, с*******ийн үйл ажиллагаанд саад учруулах аливаа үйлдэл гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Иймд 2019 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд түрээсийн талбайн төлбөр гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид байна.

Талуудын байгуулсан Түрээсийн талбайн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус болох нь дээр дурьдсанаар тогтоогдсон тул гэрээнд заасан алдангийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Дээр дурьдсан, түрээслагч талын төлбөрийг 2017 оны 11, 12 дугаар сард бүрэн чөлөөлж, 2018 оны 01 дүгээр сард 20 хувийн, 02 дугаар сард 70 хувийн, 3-5 дугаар сард 50 хувийн, 6 дугаар сараас хойш 20 хувиар хөнгөлсөн нөхцөлөөр төлбөрийг тооцоход үндсэн төлбөр 137,712,000 төгрөг байх бөгөөд хариуцагчийн төлсөн 24,664,998.06 төгрөгийг хасч нийт 113,047,001.94 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин нэхэмжлэгчийн ашиглалтын зардал 407,686 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй буюу хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч “С Х” ХХК-иас 113,047,001.94 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “СТ” ХХК-д ологож, нэхэмжлэлийн шаардлагаас 119,970,685.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,440,989 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С Х” ХХК-иас 723,185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СТ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА