Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/267

 

 

 

 

 

 

 

2023           07             06                                      2023/ШЦТ/267

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Х-д холбогдох эрүүгийн 2325000000295 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Ч.Х

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.Х нь 2023 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн **** тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хүү 2 сартай Х.З-ыг болгоомжгүй үйлдлээр ам, хамрыг хөхөөрөө таглаж механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Х-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х мэдүүлэхдээ “хэлэх зүйл байхгүй, маш их харамсаж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 3-10 дахь тал/

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 17-19 дугаар хуудас/

            3. Гэрч Э.А-гийн “2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад би гэрээсээ гарч найзтайгаа уулзсан юм. Тэгээд би гэртээ ирж хоноогүй бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Тэгтэл манай ээж Х нь 2 сартай дүү З-ыг тэвэрчихсэн гэрийн баруун талын орон дээр уйлаад сууж байсан. Харин хойд аав Э нь зүүн талын орон дээр сууж байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Тэгээд би ээжээс юу болсон талаар асуугаад дүүгээ хартал дүүгийн ам нь хөхөрчихсөн, амьсгалахгүй байсан. Тэгээд би Э ахын эгч Н-ийн **** дугаарын утас руу 09 цаг 55 минутанд залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би тэдний гэрт очиж хэлсэн. Мөн би нагац эгч Э руу залгаж хэлсэн юм. Н эгч бид 2 манайд ирсний дараа би өөрийнхөө дугаараас түргэн дуудсан бөгөөд түргэний эмч ирээд дүүг маань нас барчихсан гэж хэлсэн. Тэгээд түргэний эмч цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41 дэх тал/

            4. Гэрч Э.Н-ийн “2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн өглөө намайг ажил дээрээ байхад миний төрсөн дүү Э-гын дагавар охин А ирсэн юм. А ирээд ээж дүүг маань тэвэрчихсэн уйлаад сууж байна гэж хэлсэн. Тэгээд би А-гийн сууж ирсэн таксинд цуг сууж Э-гын гэрт очсон. Тэгтэл Х хүүхдээ тэвэрчихсэн гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Э нь зүүн талын орон дээр сууж байсан. Өөр хүн байгаагүй юм. Тэгээд би Э-ын хүүг хартал нүүр нь цонхийгоод цагаан харагдсан юм. Тэгээд байж байтал араас Х-гийн ээж нь болон эгч Ж, дүү Э нар ирсэн юм. Тэдгээрийг ирсний дараа А нь түргэн дуудсан юм. Түргэн ирээд Э-ын хүүг үзчихээд нас барсан гэж хэлээд тэр эмч цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 43 дахь тал/

5. Гэрч Ч.Э-гын “2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн өглөө 10 цаг 15 минутанд над руу хүргэн Э-ын **** дугаараас залгасан байсан. Тэгтэл Э-ын дугаараас манай ээж Б руу залгасан бөгөөд ээжтэй манай нагац дүү А ярьсан юм. Тэгээд ээж надад хандан Х-гийн хүүхэд нь эвгүй болчихсон, бараг өнгөрчихсөн юм шиг байна гэнээ гэж хэлсэн. Тэгээд би ээж болон эгч З-гын хамт хүргэн Эын гэрт очсон. Тэгтэл миний төрсөн эгч Х нь хүүхдээ тэвэрчихсэн уйлаад байж байсан, мөн Э, А, Н нар байсан юм. Бид нарын араас удалгүй түргэн ирсэн юм. Тэгээд л нас барсныг нь мэдсэн юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 45 дахь тал/

6. Гэрч Э.Э-ын “2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед гэрт эхнэр Х маань бага хүүгийнхээ хамт гэрийн зүүн талын орон дээр, би баруун талын орон дээр унтаж байсан. Харин том охин А маань газарт утсаараа оролдоод хэвтэж байсан. Тэгтэл гэрт зүс таних О нь Г ахын хамт хоёулаа халамцуу орж ирсэн. Тэгээд О нь дэлгүүр оръё, хүүхдэд чинь юм авч өгье гээд эхнэр маань О-той хамт дэлгүүр явсан. Тэгээд ирэхдээ сүү, памперс, гурилан боов, 0,75 литрийн 1 шил архи, 0,5 литрийн 3 ширхэг пиво авчирч, тэдгээрийг бид 4 хувааж уусан. Эхнэр маань нэг их уугаагүй юм. Ингээд архи, пиво дууссаны дараа О, Г ах 2 манайхаас гарч явсан. Тэгээд 21 цагийн үед би, эхнэр, охин А, хүү 2 сартай З бид 4 гэрээс гарч нүүрсэнд явсан юм. Тэгтэл замдаа бид 4 О-той таарсан. Тэгээд О манайд очсон. Ингээд гэрт очсоны дараа охин А гэрээс гарч явсан бөгөөд харин эхнэр, О 2 дэлгүүр явсан. Дэлгүүрээс ирэхдээ 0,75 литрийн Хараа архи нэгийг авчирсан бөгөөд эхнэр, О бид 3 ууж эхэлсэн. Мөн би найз Г луу залгаж түүнийг дуудсан юм. Тэгээд би согтоод ухаанаа алдчихсан бөгөөд нэг мэдсэн чинь би өглөө болсон хойно сэрсэн. Тэгэхэд би эхнэр хүүхдийнхээ хөл рүү харчихсан гэрийнхээ зүүн талын орон дээр сэрсэн. Энэ үед эхнэр, хүүхэд унтаж байх шиг байсан бөгөөд би гэрт байсан 0,5 литрийн хугас шил архийг уучхаад буцаад унтчихсан юм. Тэгээд унтаж байтал эхнэр уйлаад байхаар нь сэртэл манай эхнэр гэрийн баруун талын орон дээр хүүхдээ тэвэрчихсэн уйлаад байсан. Тэгэхээр нь би хүүгээ очоод хартал уруул нь хөхөрчихсөн, ухаангүй байсан. Тэгтэл удалгүй том охин А гэрт ирээд тэгээд түргэн дуудсан юм. Түргэн ирээд хүүг маань нас барсан байна гэж хэлсэн. Миний хувьд согтоод ухаанаа алдчихсан учир хэзээ хэрхэн унтсанаа мэдэхгүй байна, ямар ч байсан найз Г ирээд бид нар нэмж 1 шил архи уусан гэж байсан юм. Эхнэр, хүү бид 3 гэрийнхээ зүүн талын орон дээр унтдаг бөгөөд хүү маань Дандаа орны урдуур, тэгээд эхнэр, тэгээд би хамгийн араар нь унтдаг. Нэг бол би хөл рүү нь харж унтдаг юм. Эхнэр маань хүүгээ хөхөөрөө болон нэмэгдлээр хооллодог бөгөөд шөнөдөө хөхүүлдэг байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 47 дахь тал/

7. Гэрч Ө.Г-ын “2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн барагцаагаар 21 цагийн үед над руу найз Э залгаж манайхаар нэг айлчлахгүй юм уу гэхээр нь би за за гэж хэлээд очсон юм. Тэднийд очиход Э, түүний эхнэр Х, зүс таних О нар байсан. Мөн Э-ын нялх хүүхэд нь байсан. Тэд нар архи ууж байсан бөгөөд 0,75 литрийн хугас шил архи байсан. Би тэднийд эрүүл очсон бөгөөд Э согтуу, Х, О нар халамцуу байсан. Ингээд тэр хугас шил архийг нь бид 4 уучхаад Х, О нар дэлгүүр явж 0,75 литрийн шил хараа авчихсан. Түүнийг нь бас бид 4 хувааж уусан. Архи дууссаны дараа барагцаагаар 23 цагийн үед О бид 2 цуг тэднийхээс гарч явсан бөгөөд Х нь бид хоёрыг хашааны хаалган дээр гаргаж өгчхөөд хашааны хаалгаа цоожлоод явсан юм. Харин Э нь согтоод тасраад үлдсэн юм. Ийм л үйл явдал болсон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 50 дахь тал/

8. Ч.Х-гийн “2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн барагцаагаар 14 цагийн үед манайд зүс таних О нь ганцаараа согтуу орж ирсэн юм. Тэгээд тэрээр чамайг нялх хүүхэдтэй гэж сонссон, хүүд чинь буян хийе, хамт дэлгүүр оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах юм бэ гэтэл хамт явъя гээд намайг дагуулж дэлгүүр орсон. Ингээд памперс, печень, ундаа, 0,75 литрийн Хараа архи нэг шил, 0,5 литрийн 3 ширхэг лаазтай пиво зэргийг авч өгсөн. Тэгээд бид 2 манайд буцаад очтол О-той цуг явсан гээд нэг танихгүй ах манайд ирчихсэн байсан. Тэгээд нөхөр, О, нөгөө танихгүй ах нар нэг шил архийг хувааж уусан. Би архи, пивоноос уугаагүй юм. Архиа уучхаад О нь нөгөө үл таних ахын хамт манайхаас явсан. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад гэрээс би нөхөр Э, охин А, нялх хүү З нарын хамт нүүрсэнд явсан юм. Ингээд Олон гол дэлгүүрийн тэнд О-той тааралдсан бөгөөд тэгтэл тэрээр манайд очиж хоол идье гээд ахин манайд ирсэн. Тэгээд би О-д хоол халааж өгч байтал охин А гэрээс гарч явсан юм. О тэгээд намайг ахин дэлгүүр орчхоод ирье гээд бид 2 хамт явсан. Ингээд 0,75 литрийн нэг шил архи, ундаатай авч манайд очсон. Тэгээд би өдрийн лаазтай пивыг уусан. Мөн тус архинаас уусан. Ингээд сууж байхад манай нөхөр найз Г руу залгаж дуудсан бөгөөд Г ч удалгүй ирсэн. Ингээд бид 4 нөгөө архиа ууж дуусгасан. Тэгээд 22 цаг болж дэлгүүр хаах гээд байна, хаахаас нь өмнө нэг шил архи авъя гээд О бид 2 ахин дэлгүүр явж 0.75 литрийн Хараа архи нэг шил, ундаатай авсан. Тэгээд тэр архийг нөхөр, Ганбаа. О бид 4 хувааж ууж дуусгасан юм. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Г, О хоёр манайхаас цуг гарч явсан бөгөөд би тэр хоёрыг гаргаж өгсөн. Ингээд гэртээ ортол нөхөр маань гэрийн зүүн талын орон дээр доошоо хөл рүү харчихсан унтаж байсан. Би харин тус орныхоо дээшээ харж хүүгийнхээ ардуур унтсан юм. Би унтахаасаа өмнө хүүгээ хөхөөрөө хөхүүлсэн юм. Тэгээд өглөө сэрэхэд хүүгийн маань уруул хөхөрчихсөн, сонин дуугараад байхаар нь памперсыг нь үзтэл зөндөө баачихсан байсан. Ингээд памперсыг нь солиод хөхөө хөхүүлэх гэтэл ямар ч амьсгаа, хөдөлгөөнгүй байгааг мэдсэн юм. Тэгээд байж байтал манай охин А гэртээ орж ирээд тэрээр түргэн дуудсан юм. Би тэгээд хүүхдээ тэврээд уйлж орилоод хэсэг шоконд орсон юм. Тэгээд нэг мэдсэн цагдаа ирчихсэн байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 56 дахь тал/

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай “Ч овогтой Х-ийн биенээс авсан гэх цусанд 1,70 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

10. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай “Э овогтой Э-ын биенээс авсан гэх цусанд 1,90 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 64-65 дахь тал/

11. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай “Амь хохирогч Х.З-ын цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогчид үхэлд хүргэхээр өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн үхлийн шалтгаан ам, хамрыг таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн ходоод хийрхэг, хөндийдөө агууламжгүй байв. Амь хохирогч нь нас бараад 24-36 цагийн хугацаа өнгөрсөн байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 68-74 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Х нь 2023 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн **** тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хүү 2 сартай Х.З-ыг болгоомжгүй үйлдлээр ам, хамрыг хөхөөрөө таглаж механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-г 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаардах ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э.А-ийн “дүүгээ хартал дүүгийн ам нь хөхөрчихсөн, амьсгалахгүй байсан, түргэний эмч ирээд дүүг маань нас барчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Э.Н-ийн “Түргэн ирээд Э-ын хүүг үзчихээд нас барсан гэж хэлээд тэр эмч цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг, гэрч Ч.Э-ын “миний төрсөн эгч Х нь хүүхдээ тэвэрчихсэн уйлаад байж байсан, мөн Э, А, Н нар байсан юм. Бид нарын араас удалгүй түргэн ирсэн юм. Тэгээд л нас барсныг нь мэдсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Э.Э-ын “манай эхнэр гэрийн баруун талын орон дээр хүүхдээ тэвэрчихсэн уйлаад байсан. Тэгэхээр нь би хүүгээ очоод хартал уруул нь хөхөрчихсөн, ухаангүй байсан” гэх мэдүүлэг, Ч.Х-гийн “Би унтахаасаа өмнө хүүгээ хөхөөрөө хөхүүлсэн юм. Тэгээд өглөө сэрэхэд хүүгийн маань уруул хөхөрчихсөн, сонин дуугараад байхаар нь памперсыг нь үзтэл зөндөө баачихсан байсан. Ингээд памперсыг нь солиод хөхөө хөхүүлэх гэтэл ямар ч амьсгаа, хөдөлгөөнгүй байгааг мэдсэн юм” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Х нь 2023 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн **** тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хүү 2 сартай Х.Зыг хөхүүлэхдээ ам, хамрыг хөхөөрөө таглаж механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Х нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдээгүй боловч, тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг мэдэх боломжтой байсан, мөн хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Орхон аймгийн прокурорын газраас Ч.Х-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон шүүгдэгчийн гэм буруу нотлогдож тогтоогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага, хохирол, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон хүнд хохирол учирсан бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

            3. Хэрэгт хамааралтай бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овгийн Ч-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-г 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС