Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 141

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух, Ж.Э/РД: ЧЛ0000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,***** тоотод оршин суух, Б.Х-т /РД: ЧО00000/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 12.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Эминий бие иргэн Б.Х, Ч.Гнартай 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээг Б.Х, Ч.Гнартай байгуулсан ч мөнгийг Б.Х хүлээн авсан тул түүнээс зээлээ нэхэмжлэн хариуцагч Ч.Г*******оос татгалзсан.

Гэрээний хугацааны хүүг Б.Х нь төлсөн бөгөөд үндсэн зээлээс 2018 оны 6 дугаар сард 1.000.000 төгрөг өгсөн. Иймд үндсэн зээл 5.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хүү 3.600.000 төгрөг, алданги 4.300.000 төгрөг, нийт 12.900.000 төгрөгийг хариуцагч Б.Хаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа:

             Б.Х миний бие Ж.Эийн нэхэмжлэлийг уншиж танилцаад хариу хүсэлт гаргаж байна. 6.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. 1.000.000 төгрөгийг нөхөр н.Хүрэлээ нь буцаан авсан. 5.000.000 төгрөгийн хүүг сар болгон хугацаандаа төлж байсан. 2018 оны 12 сар хүртэл хүүг дансаар болон нөхөр н.Хүрэлээ нь лангуун дээр ирээд авдаг байсан.

            Үндсэн зээл 5.000.000 төгрөгийг буцааж өгөх саналтай. Миний аргагүй байдлыг харгалзаад хугацаа тохирч өгнө үү. Би тэтгэврийн зээлээ банкинд өгсөн. Банкны мөнгөө өгчихвөл 6 сар гэхэд үндсэн мөнгөө өгөөд хохиролгүй болгомоор байна. Манай бизнес уналтад ороод хүнд байгаа гэжээ.

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Энь хариуцагч Б.Х, Ч.Гнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.     

           /Үндсэн зээл 5.000.000 төгрөг,

           Зээлийн хүү 3.600.000 төгрөг, /2018.10.09-2019.10.09 хүртэлхи/

           Алданги 4.300.000 төгрөг,

           Нийт 12.900.000 төгрөг/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Энь зээлдүүлсэн 6.000.000 төгрөгийг хүлээн аваагүй үндэслэлээр хариуцагч Ч.Г*******оос татгалзсан болохыг дурьдлаа.

Б.Х, Ч.Гнар нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Ж.Этэй зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохирсон нь дээрхи гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зээлийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 3 дугаар тал/

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр уг 6.000.000 төгрөгийг зээлдэгч Б.Х хүлээн авсан нь зохигчийн тайлбар болон мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдсон ба хариуцагч Б.Х энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 3 дугаар хуудасны ар тал/

Хариуцагч Б.Х нь гэрээний хугацааны буюу 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацааны хүүг, мөн 2018 оны 6 дугаар сард үндсэн зээлээс 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн нь нэхэмжлэгч Ж.Эийн тайлбараар тогтоогдсон болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Х нь 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацааны хүү төлсөн гэх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдоогүй болно.

Зээлдэгч буюу хариуцагч Б.Х Ж.Этэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Ж.Этүүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Энь хариуцагч Б.Хаас 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү буюу 1 сарын 300.000 төгрөг, 12 сарын 3.600.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч талууд гэрээний хугацааг сунган бичгийн баримт үйлдээгүй тул уг хугацааны хүү болох 3.600.000 төгрөгийг хариуцагч Б.Х төлөх учиргүй.

   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,

 талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

/ХХ-ийн 3 дугаар тал/

2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Хийн гүйцэтгэх ёстой үүрэг:

-5.000.000 төгрөг /Үндсэн зээл/

-2.500.000 төгрөг /Алданги, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/

5.000.000+2.500.000=7.500.000 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Хаас 7.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.400.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Б.Х нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч Ж.Эийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон     

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Хаас 7.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.400.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас 134.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Энь хариуцагч Ч.Г-с татгалзсан болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.САРАНГҮН