Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2020/00755

 

 

 

 

 

                              2020         03          02

                        101/ШШ2020/00755

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: УБС холбогдох

 

УБС ХХК-ний харьяа УБС-ийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/199 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан эрх зүйн тэнхимийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 3,248,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д, хариуцагчийн төлөөлөгч Ш.Д, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Д нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д миний бие нь 2018.02.20-д анх хөдөлмөрийн гэрээ байгуулан УБС-д эрх зүйн тэнхимд дэд профессор албан тушаалтайгаар ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2019.09.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, тэнхимийн эрхлэгч-дэд профессор албан тушаалын хүрээнд 2019.12.30-ны өдрийг хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үндсэн эрхлэх албан тушаалын 1 сарын цалин 1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөг, эрдмийн зэрэг дэвийн нэмэгдэл 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, албан тушаалын нэмэгдэл 100.000 /нэг зуун мянга/ төгрөг, хоолны нэмэгдэл 44.000 /дөчин дөрвөн мянга/ төгрөг бөгөөд нийт 1.624.000 /нэг сая зургаан зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг авч байсан.

Гэвч 2019.12.30-ны өдөр УБС-ийн ерөнхий захирал Ч нь үндэслэлгүй, хууль зөрчсөн ажлаас чөлөөлөх тухай №6/199 тоот тушаал гаргасан.

Учир нь 2019.12.30-ны өдрийн УБС-ийн Ерөнхий захирлын ажлаас чөлөөлөх тухай №6/199 тоот тушаалд намайг буруутгаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлүүд буюу хөдөлмөрийн дотоод журмын 4.4.7.2а, ОУУБИС-ийн Багшийн ёс зүйн дүрэм, Боловсролын тухай хуулийн 9.1, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.7, 26.1, Зөрчлийн тухай хуульд заасан ямар ч зөрчил алдаа дутагдал гаргаагүй.

Иймд хууль зүйн үндэслэлгүй УБС-ийн Ерөнхий захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа орох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага :

2019.12.30-ны өдрийн УБС-ийн Ерөнхий захирлын ажлаас чөлөөлөх тухай №6/199 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Би 2018.02.20-с эхлэн хариуцагч сургуульд ажиллаж байгаад 2019.09.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл 2019.12.30-ны өдөр тушаал гаргаж үндэслэлгүйгээр ажлаас халсан. Тушаалд үндэслэл болгосон хууль дүрэм нь тодорхойгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хууль баримтлаагүй. Иймд хүчин төгөлдөр бус тушаал гаргасан. Би хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зөрчил гаргаагүй. Иймд уг тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацаан цалин 3 248 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийлгэхээр нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д гаргасан нэхэмжлэлтай танилцлаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 2019 оны 12 сарын 30-ны өдрийн Б/199 дугаартай УБС-ийн Ерөнхий захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй.

Тус их сургуулийн Хуулийн сургуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр Ц.Д 2018 оны 02 сарын 20-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд 2019 оны 09 сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг сунган байгуулсан.

Эрхлэгч Ц.Д нь оюутанд бэлгийн дарамт үзүүлж, багшийн ёс зүйн дүрэм  болон байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, хөдөлмөрийн гэрээ зэргийг тус тус зөрчсөн болох нь оюутны гаргасан гомдол, нотлох баримтууд болон 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хүний нөөцийн зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна.

Нэхэмжлэгчтэй холбоотойгоор оюутнаас өргөдөл ирсэн байдаг. Улмаар уг асуудлыг тодруулахад нэхэмжлэгч нь ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Улмаар хүний нөөцийн зөвлөл хуралдаад ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Э.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хөдөлмөрийн хуулийн 6-д заасан үүргээ биелүүлээгүй тул тушаал гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 4.2-т зааснаар тушаал гаргасан байна. Нэхэмжлэгч нь ёс зүйгүй, бусдын дүнг тавихгүй буруу үлгэр дуурайлал үзүүлсэн зөрчил гаргасан нь хангалттай тогтоогдсон. Гэрчийн мэдүүлгийг няцаасан тайлбар гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг буцаан ажилд авахгүй гэдэг байр суурь дээрээ хэвээрээ байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Д нь УБС ХХК-ний харьяа УБС-ийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/199 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан эрх зүйн тэнхимийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 3,248,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч УБС ХХК-ний харьяа УБС нь нэхэмжлэгчийг оюутанд бэлгийн дарамт үзүүлж, ёс зүйн зөрчил гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч УБС ХХК-ний харьяа УБС-ийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчийн ажил албан тушаалд ажиллаж байсан болох нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. Улмаар УБС ХХК-ний ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/199 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хэргийн 3-5 дугаар тал/

            Уг Б/199 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-г үндэслэсэн бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг үндэслээгүй байна.

            Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15-д “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана.” гэж заасан.

            Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/199 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Мөн уг тушаалд Боловсролын тухай хуулийн 9.1, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.7, 26.1, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үндэслэжээ. Нэхэмжлэгч  нь үүнийг үгүйсгэж, дээрх хуульд заасан зөрчил гаргаагүй гэж маргасан бол хариуцагчийн төлөөлөгч нь үүнийг зөвшөөрч, эдгээр хуулийн заалтыг баримталсан нь техникийн шинжтэй алдаа гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Иймд шүүх эдгээр хуульд заасан зөрчил үүссэн эсэх талаар дүгнэх шаардлагагүй юм. Учир нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын дагуу явагдах тул зохигчийн маргахгүй байгаа зүйлийг нотлохгүй.

            Үүнээс гадна Б/199 тушаалын үндэслэлд дурдсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.7.2а заасныг зөрчиж, оюутанд бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн нь хариуцагч УБС ХХК-ний харьяа УБС-н ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/18 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журамтай нийцэхгүй байна. Тодруулбал уг хөдөлмөрийн дотоод журмын 4.4.7.2а-д “ёс зүйн дүрэм зөрчиж, бусдаас хандив, хээл хахууль авсан” гэж заасан байна. /хэргийн 76 дугаар тал/

            Түүнчлэн ажлаас чөлөөлсөн Б/199 дүгээр тушаалд Ёс зүйн дүрмийн аль заалтыг зөрчсөн талаар дурдаагүй боловч хариуцагчийн өмгөөлөгч нь Ёс зүйн дүрмийн 3, 4 ба 7 дахь заалт гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Гэвч энэ талаар зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй. Харин хөдөлмөрийн гэрээний 4.3-т хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болох нөхцлийг заасан боловч Б/199 дүгээр тушаалд дурдсан оюутанд бэлгийн дарамт үзүүлэх зөрчлийн талаар тодорхой дурдаагүй байна.

 

            Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг оюутанд бэлгийн дарамт үзүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдохгүй байна.

 

            Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл УБС ХХК-ний харьяа УБС-ийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/199 дүгээр тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

            Нэгэнт нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаанд урд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар ажлаас буруу халсантай холбогдох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно.

            Нэхэмжлэгч Ц.Д нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба мөн оны 10 дугаар сард 1,580,000 төгрөг, 11 дүгээр сард 1,580,000 төгрөг, 12 дугаар сард 3,287,103.98 төгрөгний цалин хөлс авсан болох нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 28, 30 дугаар тал/

            Үүнээс дундаж цалин хөлсийг тооцвол сард 2,149,034.66 төгрөг, өдөрт 99,955.10 /2,149,034.66/21.5/ төгрөг юм. Улмаар ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл 2 сар, 3 хоногийн хугацаа болсон. Иймд ажилгүй байсан хугацааны олговорт 2 сард 4,298,069.32 төгрөг, 3 хоногт 299,865.30 төгрөг, нийт 4,597,934.62 төгрөг тооцогдоно. Гэвч нэхэмжлэгч нь дурдсан хугацаанд холбогдох олговорт 3,248,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, олговор гаргуулах үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч УБС ХХК-ний харьяа УБС-ийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/199 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Дыг УБС ХХК-ний харьяа УБС-ийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагчаас 3,248,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэх 2200117644082 гэсэн баримтаар урьдчилан төлсөн 140,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 66,918 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.