Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

 

2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/101                                   Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: Ш.Ө,

Өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б,

Өмгөөлөгч: Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ш-ийн Өт холбогдох 2228003580020 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Ш.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутагт Гурван сайхан Хавцгайт хорооллын дундуур урдаас хойш чиглэлтэй хатуу хучилттай авто замд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Toyota land cruiser 80 маркийн 60-61 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 3.7а-д 12.2-т заасан заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, С.Дийн амь нас хохирч, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ш.Өийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас дахин хэлэх зүйл байхгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг гараад 10 сар өнгөрлөө. Шүүгдэгч сая хэллээ. Хохирогч талынхантай 1 удаа л уулзсан. Хэрэгтээ гэмшиж байгаа зүйл харагдахгүй байна гэж үзэж байна. Хэрэг болсон тухай 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагт эгчээсээ мэдсэн. Маргааш нь аймгийн төв дээр ирээд гэрийнхэнтэйгээ уулзаад тодорхой мэдээлэл авсан. Тэгэхэд Д дүү минь унадаг дугуйтай тэр замаар явж байсан. Араас нь Ө өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр ирж мөргөж амь насыг хохироосон байсан. Хэрэг гарсан өдөр би байгаагүй. Хэргийн газарт очсон гэрийнхний хэлснээр цагдаагийн байгууллага ирээд хэмжилт шалгалт хийж байсан. Жолооч нь хаана байна гэхэд цагдаагийн хэлтэс рүү авч явсан гэж хэлсэн байсан. Гэтэл шүүх шинжилгээ, эмнэлгийн байгууллага ирээд хэргийн газарт хэмжилт шалгалт хийж дууссаны дараа шүүгдэгч Б гэдэг хүний машинаас гарч ирсэн. Яагаад тэр үед ийм үйл явдал болсон бэ?. Энэ нь их сонин. Дуудлага авсан бүрэлдэхүүнээс гадна Б гээд цагдаа согтуу ирчихсэн Өийг аваад машиндаа суулгаад согтолтын зэргийг нь буруулах зорилгоор идэж, уух зүйл өгч байсан. Үүнийг манай гэр бүлийнхэн бүгд гэрчилдэг. Хэрэг гараад мөрдөн байцаалт маш удаан болж өнгөрсөн. Бидний харж байгаагаар мөрдөн байцаалтын ажиллагаа нэлээн дутуу дулимаг болсон гэж үзээд цагдаагийн байгууллагад хүсэлтүүдийг гаргаж өгсөн байгаа. Тэгэхэд осол гаргасан жолооч хүний амь нас хохироочихоод гэмшсэн шинжгүй хүний утас аваад өөрийнхөө утас руу болон бусад хүмүүс рүү яриад би хэрэг хийгээд хүн алчихлаа, туслаарай гэсэн байдлаар хандсан. Хэрэг хийсэн хүн эхлээд эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандана биз дээ. Үүнд бидний зүгээс маш их гомдолтой байгаа. Цагдаагийн байгууллага хэрэг гарахад эхлээд драгер багажаар согтолтын зэргийг шалгах ёстой. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочдыг зогсоогоод үлээлгээд согтолтын зэргийг нь шалгадаг. Тухайн үед ийм зүйл болоогүй. 02 цаг 30 минутын дараа үлээлгэсэн байдаг. Манай гэр бүлийнхээ өөрсдөө очиж шаардаж байж үлээлгэсэн. Үүнд ямар учир шалтгаан байдаг юм бол?, Үүнийг тодруулах хэрэгтэй болов уу? гэж бодож байгаа. Манай дүүгийн хувьд үнэхээр сайхан залуу, сайн хүн. Түмэн олондоо хүндлэгдсэн, хүнд их тустай, мундаг залуу байсан. Архи, дарс, тамхи огт хэрэглэдэггүй. Хүнд их тусархуу, сэтгэл сайтай, байнга инээж явдаг сайхан залуу байсан. Хэрэг болсон өдрөөс хойш манай гэр бүлийн хувьд ялангуяа аав ээжийнх нь хувьд сэтгэл санаа нь маш хүнд байгаа. Өмнө нь хэлж байсан. Одоо ч гэсэн тэр байдалдаа байгаа. Шүүх хурал боллоо гэхэд л эргэж сөхөгдөөд. Ах, эгч минь шүүх хуралд оролцож чадахгүй. Орж ирвэл ямар ааш авир гаргахыг хэлж мэдэхгүй байна. Биеийн байдал нь яахыг мэдэхгүй учраас би хууль ёсны төлөөлөгчөөр нь оролцож байгаа. Гэмт хэрэгт гарснаас хойш бүхэл бүтэн 10 сарын хугацаанд ганцхан удаа уулзсан байна. Энэ юу гэсэн үг вэ? Ганц удаа ирж уулзаад явчихсан нь бидний хувьд хүнд байдлаар туссан. Дахин дахин уулзсан бол бид нар тодорхой хэмжээгээр хүн чанарынхаа хувьд яах вэ ийх вэ гэж ярилцаж хөөрөлдөнө. Гэтэл ямар ч тийм юм болоогүй. Гэхдээ нэг удаа уулзахдаа Эвлэрлийн гэрээ байгуулах санал гаргаад гэрээ байгуулсан шүү. Үүнийгээ бодоорой.  Хэдийгээр дүү минь босоод ирэхгүй ч гэсэн бүх зүйл хууль ёсныхоо хүрээнд явагдах учраас тантай уулзахад ямар ч татгалзах зүйл байгаагүй. Өмнөх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг миний зүгээс өгсөн. Тэгээд шүүх хуралдаан хойшилсон.  Хойшилсныг сонссон уу, үгүй юу хойшлогдох шийдвэр гараад 10-20 минут болсон байх. Тэгэхэд үдээс өмнө та Ноён сумынхаа ойд оролцоод явж байсан. Энэ юу гэсэн үг юм? 13 цагийн үед ноён сум дээр оччихсон баяр наадамд оролцоод явж байсан. Энэ ямар сэтгэл вэ?. Үүнийг харахад хэрэгтээ гэмшихгүй байна гэж үзэж байна. Яагаад ийм байдал гаргаж байгаа юм бэ?. Бид мөн танилтай. Таныг хараад тэр дор нь энд ярьж байна гээд хэлж байгаа. Тэгэхэд билл нарт ямар санагдах вэ?. Та өөрийгөө бидний оронд тавиад үзээрэй. Нөхөн төлбөрт 40.500.000 төгрөг төлсөн. Сэтгэл санааны төлбөрт 100.000.000 төгрөг өгнө гэж бид нар санаачлаагүй. Та өөрөө санаачлаад гэрээ байгуулсан. Үүнд хууль  шүүхийн байгууллага шийдвэрээ гаргана. Гэхдээ бидний гомдол насан туршдаа үлдэнэ. Таны хүүхдийн амь насыг  хохироосон бол та яах вэ?. Ойлгосон байдал харагдахгүй байна. Хэрэг гараад 10 сарын хугацаа өнгөрөөд шүүх хурал 1 удаа хойшилсон. Тэгэхэд 2-3 цагийн дараа баяр наадамд очоод баярлаад явж байгааг ойлгохгүй байна. Үйлийн үр хаяг андуурдаггүй гэдэг үг байдаг. Шүүгдэгчээс 40.500.000 төгрөг авсан. Эвлэрлийн гэрээ байгуулахад нь зөвшөөрсөн. Сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөг хүний амьдралд юу ч биш. Үүнийг чи өөрөө төлье гээд санал гаргасан. Хугацаандаа төлсөн бол ах, эгчдээ эмчилгээ хийлгэж байх байсан. Эгч минь бэтгэрэх гэдэг өвчин туссан. Ах минь юу ч дуугарахаа больсон. Энэ зардлаар эрүүл саруул байлгахад зарцуулна.. Хувийн ашиг хонжоо харсан зүйл байхгүй. Та өөрийнхөө хүүхдийн амь насыг хэдээр үнэлэх вэ? өөрийнх нь санаачилгаар баталсан эвлэрлийн гэрээний 100.000.000 төгрөгийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Улаанбаатар хотод байсан. Тэгтэл над руу манай эгч О утсаар ярьж энэ хэргийн талаар ярьж Дийг нас барсан талаар хэлсэн. Талийгаач сүүлийн арав гаруй жил унадаг дугуй унаж хэрэглэж байгаа. Тухайн үедээ унаж явсан унадаг дугуй болохоор талийгаачийн өөрийнх нь унадаг дугуй байсан. Өмнөговь аймгийн унадаг дугуйн холбооны гишүүн байсан юм. Шалгуулах зүйлийн талаар ганц нэгийг хэлэхэд энэ хэрэгт Цагдаагийн алба хаагч нар хөндлөнгөөс оролцсон /нөлөөлсөн/ байх магадлалтай гэж бодож байна. Тэр ч утгаараа энэ хэрэг удаан шалгагдаж байна гэж үзсэн. Хэрэгт хийгдэх ажиллагааны талаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт өгсөн боловч хүсэлтийг хүлээн авч ямар ямар ажиллагаа хийсэн нь тодорхой бус надад эргэж танилцуулаагүй. Иймд мөрдөн шалгах ажиллагааг огт хийгээгүй гэж үзэж байна. Хохирол төлбөр нэхэмжлэл, буяны ажилд зарцуулагдсан мөнгөн дүнг баримтаар нэхэмжлэх болно. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

 

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Бид хоёр манай гэрт байж байгаад дэлгүүр орохоор нэг нэг унадаг дугуй унаад явсан. Тэгээд засмал замын баруун талаас нь замд нийлдэг шороон замаар зам руу орж байсан. Би талийгаачаас 40-50 см орчим зайтай явж байсан.Тухайн үед талийгаач засмал замд орчихсон явж байсан. Би яг засмал зам руу орж байсан. Тэгсэн гэнэт хойд талаас буюу замын баруун талын урсгалаас хойноос урагш чиглэлтэй явж байгаа тээврийн хэрэгслийн шар гэрэл ороод ирсэн. Би машин ирж байна гэж хэлж амжилгүй байтал уг машин их хурдтай ирээд манай найзыг мөргөсөн. Тэгээд уг машин замаас баруун тийшээ гараад зогссон. Манай найзын унаж явсан дугуй нь хоёр хуваагдаад замын хажууд хэвтэж байсан. Талийгаач мөргүүлсэн газраасаа нэлээд зайтай ертөнцийн зүгээр урагш шидэгдсэн байдалтай хэвтэж байсан. Би шууд найз дээрээ гүйгээд очтол найзын маань толгой хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Би шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгсэн талийгаачийг мөргөсөн машины жолооч бууж ирчихээд та хоёр дугуйн замаар явахгүй яасан юм гэхээр нь би дугуйн зам энд байхгүй. Та өөрөө зөөлөн явахгүй яасан юм энэ хүн нас барчихлаа гэсэн. Тэгсэн тэр хүн чимээгүй болсон. Уг машины жолооч нь махлаг 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Уг тээврийн хэрэгсэлд жолоочоос нь өөр хүн байгаагүй байх. Өөр хүн машинаас нь бууж ирээгүй. /Машинд нь өөр хүн байхгүй байх шиг харагдсан. Уг машины жолооч нь утсаа эрээд олохгүй байсан. Тэгээд миний утсаар өөрийнхөө утас руу залгаж байгаад утсаа олж авсан. Тухайн үед уг хүн 89477071 гэсэн дугаартай байсан. /хх-ийн 64-65 дахь тал/

 

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Унадаг дугуй унаж явахад автомашин намайг шүргэсэн. Тэрний улмаас би асфальтан замын баруун тал руу ойчсон. Тухайн үед миний баруун өвдөг шалбарсан байсан. Гэхдээ эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй, сорви байхгүй эдгэрсэн. Гэхдээ би гомдолтой байна. Талийгаачийн араас ирж мөргөсөн. Тухайн осол болсон үйл явдлыг би маш сайн санаж байгаа. Намайг шүргэж унагасан. Тэрний дараа амь хохирогчийг дайрчихсан юм. Би баазад гал түлдэг гэр цэвэрлэдэг байсан юм. Тэрнээс хойш талийгаачтай фэйсбүүкээр холбогдож найзлах болсон. Бид хоёр сүүлийн 6-7 жил нөхөрлөж байна. Анх шороон замаас асфальтан зам руу нийлэх үедээ замын зүүн талаас нийлж талийгаач бид хоёр асфальтан замын зорчих хэсгийн баруун талаар хойноос урагш чиглэлд явж байхад араас гэнэт шар өнгийн гэрэл гарч ирсэн. Тэгээд намайг шүргэж унагаж улмаар хохирогчийн араас нь дайрчихсан юм. Би Цагдаагийн байгууллагад өөрийн 89606710 гэсэн дугаараас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 цаг 54 минутад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн цаг хугацаанд гадаа харанхуй автомашинууд гэрэл тусгаж хөдөлгөөнд оролцож явсан. /хх-ийн 67-68 дахь тал/

 

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд манай хүргэн утсаар залгаж осол болсон талаар хэлсэн. Осол болсон газарт хоёр дүүгийн хамт очсон. Тэгэхэд эмнэлгийн ажилтан ирж үзээд талийгаачийг нас барсан талаар хэлээд явчихсан. Цагдаагийн алба хаагч нар ирээд хэргийн газар үзлэг тэмдэглэл хийж байсан. Ослын газар талийгаач дүү минь газар хэвтэж байсан. Унаж явсан унадаг дугуй нь болохоор хэвтэж байсан газраас нэлээн зайтай хойд хэсэгт дугуй энэ тэр хагарчихсан байдалтай байсан. Уг газарт бол орж болохгүй гэж Цагдаагийн алба хаагч нар хэлсэн. Хэмжилт болон хэргийн газарт үзлэг хийж дууссаны дараа талийгаач очиход талийгаачийн цогцос нүүр, цээж хэсгээр юмаар бүтээчихсэн байдалтай, харин осол аваар хийсэн гэх Ланд-80 маркийн автомашин /тээврийн хэрэгсэл/ хөдөлгөөн хийж замаас гарч яваад буцаж эргэж зам руу харж зогссон байдалтай байсан. Жолооч нь хаана байгаа талаар тэнд байсан Цагдаагийн алба хаагч нараас асуухад автомашин дотроо байгаа гэж хэлсэн. Та нар үлээлгэж шалгасан уу гэхэд драгер багаж ажил дээр байгаа үлээлгэж шалгаагүй байна гэдгийг хэлж байсан. Талийгаач маш хөөрхөн ааш зантай төлөв томоотой хүүхэд байсан. Түүнийг хүүхэд байхаас л мэднэ. Архи, тамхи хэрэглэж байгаагүй өмнө нь хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, айлын бага /отгон/ хүүхэд эхээс хоёулаа нэг ахтай. Аав, ээж нь Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар багт оршин суудаг. Сэтгэл санааны гүн хямралд орчихсон үнэхээр хэцүү байна. Мэдүүлэг тайлбар өгөх боломжгүй хүмүүс байгаа. Одоо бүр гэр орондоо амьдарч чадахгүй манайд ирчихсэн цуг амьдарч байгаа. Талийгаачтай цуг унадаг дугуй унаж явсан О намайг хэргийн газарт очиход айж сандарсан байдалтай байсан. Болсон зүйлийн талаар надаас илүү мэдэж байгаа. Надад тэр охин хэлэхдээ гэнэт маш хурдтай автомашин араас гарч ирээд талийгаачийг мөргөсөн. Тэгээд автомашины жолооч ослын дараа хөдөлгөөн үргэлжлүүлэн хийж замаас гарч эргэж зам руу тээврийн хэрэгслийг харуулж зогсоосон талаар хэлсэн. Санал хүсэлтийн талаар гэвэл энэ хэрэгт миний төрсөн дүү Б хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Ах дүүс бид нар хоорондоо ярилцаж байгаад ийм шийдвэр гаргасан. Намайг ослын газарт байхад Б гэж Цагдаагийн алба хаагч цагаан өнгийн ланд-200 маркийн автомашинтай ирсэн. Тэгээд ослын газарт баахан явж байгаад нөгөө осол гаргасан байсан автомашины жолооч Өийг нөгөө эргүүлийн цагдаагийн алба хаагч нарын автомашинд суулгаж авч явсан. Тэгэхээр нь манай хүргэн ах Сугир араас нь дагаж Цагдаагийн газар ирсэн. Тэгсэн согтуурлыг шалгаж үлээлгээгүй нэг өрөө рүү Б аваад орчихсон гэдгийг Сугир хэлсэн. Түүнээс хойш бараг 30 минутын дараа наашаа явсан хүмүүс рүү би залгаж нөгөө жолоочийг үлээлгэж шалгасан уу? гэж асуухад яасан нь мэдэгдэхгүй алга болчихлоо, үлээлгэж шалгаагүй байна гэсэн. Иймд би хэргийн газраас наашаа Цагдаагийн газарт ирсэн чинь Б согтуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай жижүүрийн өрөөнд байсан. Түүнээс архи үнэртэж байхаар нь согтуу байна гэж бодсон. Нөгөө хүнийг яасан бэ гэхэд мөрдөнд хийсэн /хорьсон/ гэж хариулт өгсөн. Цагдаагийн газарт авчирсан байж ямар учраас үлээлгэж шалгаагүй юм бэ? Б жижүүрт гарч байсан цагдаагийн алба хаагчтай цуг хэлхэлдээд байсан. Би тэр цагдаагийн алба хаагчийг нэрийг нь бол мэдэхгүй байна. Одоо намайг харж байхад үлээлгэж шалга гэж хэлэхэд Өийг жижүүрийн өрөөнд драгер багажаар үлээлгэж шалгасан. Тухайн үед 1.11 хувийн согтолттой байсан. Тухайн үед жижүүрт гарч байсан эмэгтэй мөн надтай цуг ирсэн. Талийгаачийн найз Чөдрөө гэх хүмүүс энэ талаар мэдэж байгаа. Би тухайн үед буюу Өийг драгер багажаар шалгаж байгааг утсаар бичлэг хийх гэтэл Цагдаагийн газарт бичлэг хийж болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би бичлэг хийгээгүй. Гэрэл зураг аваагүй. Тэрний дараа камер шүүж үзье гэхэд камер хянаж шалгадаг гэх эмэгтэй хүн ирсэн. Би энэ ажилд ороод дөрвөн сар орчим болж байна. Намайг ирэхэд энэ камер ажиллахгүй байсан. Одоо болтол ажиллахгүй байгаа гэдгийг хэлсэн. Уг нь тэр осол аваар болсон газарт хяналтын камер байсан. Камер ажиллахгүй байгаа гэхээр нь хэргийн газарт очсон. /хх-ийн 70-71 дэх тал/

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ш.Ө бид хоёр нэг нутгийн хүмүүс. Хэн хэнийгээ сайн таньж мэднэ. Төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Хүүхэд байхаас эхлэн үерхэж нөхөрлөж байна. Манай найз зан байдлын хувьд төлөв даруухан хүнд тусархаг хүнтэй нийтэч хамт олонч залуу байгаа юм. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн нутаг Оюут 9-38 тоотод оршин суух хаягтай. Хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Мөн уурхайд техник усны тэрэг ажиллуулдаг. Мөн Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн хурлын тэргүүлэгчээр сонсогдсон хүн байгаа юм.    Одоо ам бүл 6 эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Осол болох цаг хугацаанд би Даланзадгад суманд байгаагүй. Ослын дараа хүмүүсийн дам ярианаас сонсож мэдсэн. Унаж явсан 60-61 ӨМӨ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер 80” маркийн автомашин нь манай найз Өийн өөрийнх нь тээврийн хэрэгсэл байгаа юм. /хх-ийн 78 дахь тал/

 

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Над руу 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цаг өнгөрч байхад миний ээжийн дүү О эгч утсаар залгаж талийгаач автомашинтай хүн мөргөсөн талаар хэлсэн. Тухайн үед Өмнөговь аймгийн төвд байсан. Тэгээд ослын газарт очсон. Очиход Цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагч нар ирчихсэн ослын газарт үзлэг хийж байсан. Талийгаач болохоор асфальтан замын ертөнцийн зүгээр баруун хэсэгт нүүр хэсэг нь дээш харчихсан толгой баруун тийш хөл зүүн тийшээ зам хөдлөн байрлалтай газар хэвтэж байсан. Миний дүү Д нь 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Бид хоёр эцэг эхээс хоёулаа. Өөр төрсөн ах дүү бол байхгүй. Зан байдлын хувьд төлөв даруухан архи, тамхи хэрэглэж байгаагүй. Хүнд тусархаг хүн байсан. Энэ талаар найзууд нь бүгд мэдэж байгаа. Талийгаач Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд суралцаж наймдугаар анги төгссөн. Улмаар Даланзадгад сумын төвд байрлах мэргэжил сургалтын төвд хоёр жил суралцаж тусгай дунд боловсрол эзэмшсэн “Гагнуурчин” мэргэжилтэй хүн байсан. Ээжийн төрсөн дүү О эгчийн оёдлын үйлдвэрт индүүчнээр ажилладаг байсан. Миний мэдэж байгаагаар 7-8 жил ажилласан. Талийгаач эхнэр хүүхэд байхгүй аав, ээжийн хашаан дотор тусдаа монгол гэрт амьдардаг байсан. Талийгаачийн унаж явсан унадаг дугуй болохоор өөрөө унаж хэрэглэдэг өөрийнх нь унадаг дугуй байсан юм. Тухайн унадаг дугуйг талийгаач өөрөө цалингаараа худалдан авч байсан. Хэдэн төгрөгөөр хэзээ худалдан авч байсныг хэлж мэдэхгүй байна. Миний аав, ээж хоёр одоо Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд надтай цуг амьдарч байна. Дүүг нас барсан цаг хугацаанаас хойш аав, ээж хоёр сэтгэлээр их унах болсон байгаа. Манай ах, дүүс хамаатан садангийн хүмүүс бүгд өөр хоорондоо ярилцаж байгаад энэ хэрэгт Б ахыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон юм. Намайг хэргийн газарт очиход Цагдаагийн алба хаагчид хамгаалалт авчихсан байсан. Би талийгаачийн ах нь байгаа юм гэж хэлээд дүүгийнхээ хажууд очсон. Тэгэхэд миний дүү зам дээр байсан.... гэж хэлээд санаа алдсан. Тэгээд нүүрийг нь бүтээчихсэн байсан. Зарим нэг Цагдаагийн алба хаагч нар согтуу байгаа бололтой архи үнэртэж байсан. Мөргөсөн гэх жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь шалгасан уу? гэж асуухад үгүй гэж хэлсэн. Ослын газарт би очоод бараг хоёр цаг орчим болсон. Тэгэхэд жолоочийг согтуурсан зэргийг шалгаагүй байсан. /хх-ийн 80-81 дэх тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Дийн цогцост үзлэг шинжилгээгээр гавлын суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, бяцрал, баруун шилбэний 2 ясны ил хугарал, өвчүүний хугарал, уушги, элэгний урагдал, язрал, цээжний хөндийн хий-цус хуралдалт, хэвлийн хөндийн цус хуралдалт, хурц цус багадалт, дух, дээд уруул, эрүүний язарсан шарх, дух, хамар, зүүн хацар, эрүү, баруун сарвуу, өвдөг, шилбэ, зүүн бугуй, сарвуу, ташаа, гуя, өвдөг, 2 талын өгзөг дэх зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас нас баржээ. Үхэлд хүргэсэн гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоох ач холбогдолгүй болно. С.Дийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. С.Д нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан. /хх-ийн 89-91 дэх тал/

 

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: №1 а/. 60-61 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Ө нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Хариулт №2 б/. Осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан заалтыг зөрчсөнөөс гарсан. /хх-ийн 105-106 дахь тал/

 

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Өмнөговь аймаг дахь салбарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт 1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, урд болон дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн, бүх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин хойд хоёр дугуйнуудын ажлын тоормос зогсоогүй нь стандартын шаардлага хангахгүй, зүүн гар талын их гэрэл асахгүй, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос зогсоогүй зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд копуд зүүн гар талын хэсэгтээ хуниралдаж чихэгдсэн, зүүн гар талын их гэрлийн гэр, бүрхүүл шил хагарсан, урд хамгаалалтын төмөр /стандарт бус/ тахийсан, урд буфер зүүн гар талын хэсгээрээ цуурч чихэгдсэн, дуут дохио ажиллахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

Хариулт 2. Уг автотээврийн хэрэгслийн ажлын тоормосны системийг тоног төхөөрөмж ашиглан хэмжилт хийж шалгахад хойд хоёр дугуйн тоормосны систем ажиллаж байсан ч ажлын тоормос бүрэн зогсолт хийж чадахгүй байна. Зүүн гар талын их гэрэл асахгүй, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Мөн урд копуд зүүн гар талын хэсэгтээ хуниралдаж чихэгдсэн, зүүн гар талын их гэрлийн гэр, бүрхүүл шил хагарсан, урд хамгаалалтын төмөр /стандарт бус/ тахийсан, урд буфер зүүн гар талын хэсгээрээ цуурч чихэгдсэн, дуут дохио ажиллахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

Тухайн автотээврийн хэрэгслийн хойд хоёр дугуйн ажлын тоормос бүрэн зогсолт хийж чадахгүй байгаа, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа зэрэг эвдрэл, гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн байна.

Харин зүүн гар талын их гэрлийн гэр, бүрхүүл шил хагарч их гэрэл асахгүй байгаа нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх магадлалтай.

Хариулт 3. Уг автотээврийн хэрэгслийн хойд хоёр дугуйн ажлын тоормос бүрэн зогсолт хийж чадахгүй байгаа, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа зэрэг эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн ослоос өмнө үүссэн байх боломжтой. Зүүн гар талын их гэрлийн гэр, бүрхүүл шил хагарч их гэрэл асахгүй байгаа нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байна.

Хариулт 4. Ашиглалтын явцад үүссэн эвдрэл, гэмтлүүд үзлэгийн явцад ажиглагдаж байгаа боловч яг тухайн үед жолооч автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцсон эсэхийг тогтоох боломжгүй байна.

Хариулт 5. Уг автотээврийн хэрэгсэл нь хамгийн сүүлд 2022.09.22-нд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. /хх-ийн 114-116 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1169 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Унадаг дугуй 250.000 төгрөг /хх-ийн 128 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1168 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 27.000.000 төгрөг /хх-ийн 140 дэх тал/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2203 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх асуулт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.2-д “шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна” гэсэн заалтын дагуу хариулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, хэмжилт хийсэн схем зураг, гэрэл зураг нь өөр хоорондоо агуулга утгын зөрүүтэй, нотлох баримтууд дутуу тул шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй байна. Хэргийн    материалд тоормос гэх мөргүй тул хурд тогтоох боломжгүй. Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх асуулт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйл “шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах”-ын 19.1.8- д “Шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол”, мөн зүйлийн 19.1.9-д “хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан. бол” татгалзах; 49.1.7-д “өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах...” гэсэн заалтуудын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй. б.Хэний буруутай эсэх асуулт нь авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.8; 49.1.7-д дахь заалтуудын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй байна. /2хх-ийн 82-85 дахь тал/

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт-1. Монгол улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4 дэх хэсэгт Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заасан байх тул өмнөх шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй. Хариулт-2. Тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалж хүний биед болон эд зүйлд учирсан хохирлыг шинжээч нарын зүгээс тогтоох боломжгүй. Аливаа хэргийн үнэн зөвийг хөдөлшгүй тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу туршилт хийдэг. Гэхдээ уг хэрэгт туршилт хийх боломжгүй. Учир нь тухайн үед автомашин ямар хурдтай явсныг, мөн унадаг дугуй автомашинд мөргүүлэх үедээ ямар хурдтай явж байсан нь тогтоогдохгүй, амь хохирогчийн жин, унадаг дугуй болон тээврийн хэрэгслийн бодит жин, цаг агаарын нөхцөл, салхины хурд зэрэг хүчин зүйлүүдээс хамаарах тул уг асуултад хариулах боломжгүй. Хариулт-3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон ослын бүдүүвч зураг, фото зургийн үзүүлэлтээс харахад Toyota land cruiser 80 маркийн 60-61 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны мөр байхгүй /тэмдэглэгдээгүй/ байх тул уг тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан эсэх нь тухайн жолоочийн самбаачлах хугацаанаас шууд хамаарна. Хариулт-4. Toyota land cruiser 80 маркийн 60-61 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Ө нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “...эсвэл согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, 12.2. “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтуудыг зөрсөн. Яллагдагч Ш.Өийн өөрийнх нь мэдүүлснээр хэрэг болох үед гэрлийн гялбаанд орсон гэж байгаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь хэсэгт заасан “...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Амь хохирогч С.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.1 дэх хэсэгт заасан “...Унадаг дугуйн харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход урд талдаа цагаан, ар талдаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байна...”, мөн дүрмийн 25.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд унадаг дугуй, мопедын жолооч нь бусад тээврийн хэрэгслийн жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Хариулт-5. Тээврийн хэрэгслийн жолооч Ш.Ө, амь хохирогч С.Д нарын дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол хэрэг болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. /2хх-ийн 94-95 дахь тал/

Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ш.Ө бид хоёр нэг нутгийн хүмүүс бөгөөд хэн хэнийгээ сайн таньж мэднэ. Төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Ш.Ө нь зан байдлын хувьд сум орон нутагтаа нэр хүнд сайтай бөгөөд 2020 онд Өмнөговь аймгийн Ноён сумын 1 дүгээр багаас сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажиллаж байна. Ш.Өийн хувьд Ноён сумын хурлын төлөөлөгч ажил албан тушаалтай хүн байгаа юм. /2хх-ийн 101 дэх тал/

Шүүгдэгч Ш.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 60-61 ӨМӨ улсын дугаартай Toyota land cruiser 80 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн автомашин байгаа юм. Тухайн автомашиныг одоогоос хоёр жилийн өмнө хүнээс худалдаж авсан. Тэгээд өөрөө өдөр тутам унаж хэрэглэдэг. Тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Транс капитал” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж зээл авсан. Гэхдээ зээлийн эргэлт төлөлт цаг хугацаандаа хийгдэж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн эзэмшлийн 60-61 ӨМӨ улсын дугаартай Toyota land cruiser 80 маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс Даланзадгад сумын чиглэлд унаж 70 километр шороон замаар явж улмаар хатуу хучилттай асфальтан замд аймгийн төвийн баруун хойд талаас автомашиныг жолоодож явахад зам тээврийн осол болсон. Тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл дотор надаас өөр хүн байгаагүй. Би 2003 онд Өмнөговь аймгийн Ноён сумын төвд жолооны сургалтад хамрагдаж улмаар жолооч болсон юм. 2022 оны зун 7 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ угаачихсан юм. Өмсөж явсан хувцас дотор байсныг мэдэлгүй угаалгын машины сэгсрэгч дотор хийчихсэн. Тэгээд жолооны үнэмлэхээ үрэгдүүлчихсэн. Тэр цаг хугацаанаас хойш дахин үнэмлэх аваагүй. Миний бие одоо хувиараа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн нутаг Оюут 7-36 тоотод байрлах хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. Мөн Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн хурлын тэргүүлэгчээр 2020 онд сонгогдсон. Хэрэг гарсан цаг хугацааны дараа Цагдаагийн алба хаагч нар намайг Цагдаагийн байгууллага дээр авчирч драгер багажаар үлээлгэж шалгасан. Тухайн үед би 1.11 хувийн согтолтой байсан. Учир нь Өмнөговь аймгийн Ноён сумаас Даланзадгад сумын чиглэлд явж байхдаа өөрийн автомашин дотор байсан хоёр лааз Сэнгүр нэртэй шар айраг /пиво/ байсныг ганцаараа ууж хэрэглэсэн. Тэгээд автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан юм. Унадаг дугуй унаж явсан хүн миний зүүн гар талаас гэнэт орж ирсэн. Тухайн цаг хугацаанд би 50 километр цагийн хурдтай явж байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Өмнөговь аймгийн Ноён сумаас Даланзадгад сумын чиглэлд явж байхдаа өөрийн автомашин дотор байсан хоёр лааз “Сэнгүр” нэртэй шар айраг /пиво/ байсныг ганцаараа ууж хэрэглэсэн тэгээд автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон. Цагдаагийн алба хаагч нар намайг драгер багажаар үлээлгэж шалгасан. Тухайн үед би 1.11 хувийн согтолттой байсан. Түүнийг хүлээн зөвшөөрч байна. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх дахиж захиалж аваагүй. Би ослын өмнө болон дараа нь болсон асуудлыг мэдэж байгаа. Тэр эмэгтэй хүнийг би унадаг дугуй унаж явахад мөргөж газар унагасан асуудал огт байхгүй. /хх-ийн 151-152, 154 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 96 дахь тал/

Жолоочийн лавлагаа /хх-ийн 97 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 101-122 дахь тал/

Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 125-139 дэх тал/

Эмнэлгийн бичиг баримтын хуулбар /хх-ийн 191-196 дахь тал/

Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 19 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутагт Гурван сайхан Хавцгайт хорооллын дундуур урдаас хойш чиглэлтэй хатуу хучилттай авто замд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Toyota land cruiser 80 маркийн 60-61 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 3.7а, 12.2-т заасан заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.  

 

           Ослын улмаас С.Дийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.  

 

 Тодруулбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн: Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Улаанбаатар хотод байсан. Тэгтэл над руу манай эгч О утсаар ярьж энэ хэргийн талаар ярьж Дийг нас барсан талаар хэлсэн. Талийгаач сүүлийн арав гаруй жил унадаг дугуй унаж хэрэглэж байгаа. Тухайн үедээ унаж явсан унадаг дугуй болохоор талийгаачийн өөрийнх нь унадаг дугуй байсан. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Оын: ...Би талийгаачаас 40-50 см орчим зайтай явж байсан.Тухайн үед талийгаач засмал замд орчихсон явж байсан. Би яг засмал зам руу орж байсан. Тэгсэн гэнэт хойд талаас буюу замын баруун талын урсгалаас хойноос урагш чиглэлтэй явж байгаа тээврийн хэрэгслийн шар гэрэл ороод ирсэн. Би машин ирж байна гэж хэлж амжилгүй байтал уг машин их хурдтай ирээд манай найзыг мөргөсөн. Тэгээд уг машин замаас баруун тийшээ гараад зогссон. Манай найзын унаж явсан дугуй нь хоёр хуваагдаад замын хажууд хэвтэж байсан. Талийгаач мөргүүлсэн газраасаа нэлээд зайтай ертөнцийн зүгээр урагш шидэгдсэн байдалтай хэвтэж байсан. Би шууд найз дээрээ гүйгээд очтол найзын маань толгой хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Би шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. /хх-ийн 64-65 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Оийн: 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд манай хүргэн утсаар залгаж осол болсон талаар хэлсэн. Осол болсон газарт хоёр дүүгийн хамт очсон. Тэгэхэд эмнэлгийн ажилтан ирж үзээд талийгаачийг нас барсан талаар хэлээд явчихсан. /хх-ийн 70-71 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Над руу 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цаг өнгөрч байхад миний ээжийн дүү О эгч утсаар залгаж талийгаач автомашинтай хүн мөргөсөн талаар хэлсэн. Тухайн үед Өмнөговь аймгийн төвд байсан. Тэгээд ослын газарт очсон. Очиход Цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагч нар ирчихсэн ослын газарт үзлэг хийж байсан. Талийгаач болохоор асфальтан замын ертөнцийн зүгээр баруун хэсэгт нүүр хэсэг нь дээш харчихсан толгой баруун тийш хөл зүүн тийшээ зам хөндлөн байрлалтай газар хэвтэж байсан. /хх-ийн 80-81 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Өийн гэм буруутай үйлдлийн улмаас С.Дид гавлын суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, бяцрал, баруун шилбэний 2 ясны ил хугарал, өвчүүний хугарал, уушги, элэгний урагдал, язрал, цээжний хөндийн хий-цус хуралдалт, хэвлийн хөндийн цус хуралдалт, хурц цус багадалт, дух, дээд уруул, эрүүний язарсан шарх, дух, хамар, зүүн хацар, эрүү, баруун сарвуу, өвдөг, шилбэ, зүүн бугуй, сарвуу, ташаа, гуя, өвдөг, 2 талын өгзөг дэх зулгаралт гэмтлүүд учирч, С.Д нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-91 дэх тал/-ээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Ө нь Замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 3.7а-д 12.2-т заасан заалтуудыг зөрчсөн болох нь:

 

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн: №1 а/. 60-61 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Ө нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Хариулт №2 б/. Осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан заалтыг зөрчсөнөөс гарсан /хх-ийн 105-106 дахь тал/ гэх дүгнэлт,

 

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн: ...Хариулт-4. Toyota land cruiser 80 маркийн 60-61 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Ө нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “...эсвэл согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, 12.2. “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтуудыг зөрсөн. Яллагдагч Ш.Өийн өөрийнх нь мэдүүлснээр хэрэг болох үед гэрлийн гялбаанд орсон гэж байгаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь хэсэгт заасан “...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /2хх-ийн 94-95 дахь тал/ гэх дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэхүү магадлагааг хүлээн зөвшөөрч, дүгнэлттэй маргаагүй байна.

Шүүгдэгч Ш.Ө нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

 

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль /%о/ илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэжээ.

 

Шүүгдэгч Ш.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь: 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Согтуурлыг шалгасан драгерийн бүртгэл /хх-ийн 157-159 дэх тал/, Баталгаажуулсан фото зураг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ш.Ө нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон байх тул түүнийг эрүүгийн хариуцлага чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутагт Гурван сайхан Хавцгайт хорооллын дундуур урдаас хойш чиглэлтэй хатуу хучилттай авто замд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Toyota land cruiser 80 маркийн 60-61 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 3.7а-д 12.2-т заасан заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, С.Дийн амь нас хохирч, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Өийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх ба оролцогч нар хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас С.Д нас барсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд ... Нөхөн төлбөрт 40.500.000 төгрөг төлсөн. Сэтгэл санааны төлбөрт 100.000.000 төгрөг өгнө гэж бид нар санаачлаагүй. Эвлэрлийн гэрээ байгуулахад нь зөвшөөрсөн. Сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөг хүний амьдралд юу ч биш. Эгч минь бэтгэрэх гэдэг өвчин туссан. Ах минь юу ч дуугарахаа больсон. Энэ зардлаар эрүүл саруул байлгахад зарцуулна. Өөрийнх нь санаачилгаар баталсан эвлэрлийн гэрээний 100.000.000 төгрөгийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна. ...Энэ хүний удам судар 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар тасарчихаж байгаа юм. 60 гарсан өвгөн дахин хүүхэдтэй болох, өөрийн ач зээгээ тэврэх боломжгүй болж байгаа юм. Үүнд маш их гомдолтой байгаа гэх тайлбарыг гаргав.

 

Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн талаар эвлэрэн хэлэлцэх тухай” гэрээ байгуулжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардлын баримтуудыг /1хх-ийн 220-250, 2хх-ийн 1-11 дэх тал/ хавтаст хэрэгт ирүүлсэн байх ба оршуулгын зардалд 35.328.596 төгрөг, дугуйны үнэ 250.000 төгрөг, өмгөөллийн зардал 5.000.000 төгрөг гэжээ.

 

Шүүгдэгч Ш.Ө нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөр болох оршуулгын зардал 40.500.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул шүүгдэгч Ш.Өийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ш.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарын хооронд байгуулсан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн талаар эвлэрэн хэлэлцэх тухай” гэрээний 1 дэх хэсэгт: “...сэтгэл санаа болон олох байсан орлогын нийт 100.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг анхан шатны гэм буруугийн шүүх хуралдаан болохоос өмнө төлж барагдуулах, үлдэгдэл 70.000.000 төгрөгийг сар бүр 3.000.000 төгрөгийг төлөх ба боломж нь байвал сар бүрийн 3.000.000 төгрөгийг нэмэгдүүлэн төлж байхаар харилцан тохиролцлоо” гэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” хийх тухай, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус хуульчилсан ба дээрх хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас хүн амын дундаж, наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн нэмэлт өөрчлөлтүүд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан ба тухайн гэмт хэрэг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгджээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно” гэж заасан тул шүүх шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хооронд байгуулсан ““Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн талаар эвлэрэн хэлэлцэх тухай” гэрээ нь дээр дурдсан хуулиудыг зөрчөөгүй байна гэж үзэж гэрээний дагуу шүүх шийдвэрээ гаргасан болно.

Шүүгдэгч Ш.Өийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 100 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дахь тал/ Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 96 дахь тал/, Өмнөговь аймгийн Ноён сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 1-09 дугаартай тодорхойлолт /2хх-ийн 99 дэх тал/, Төрийн албан хаагчийн анкетын хуулбар /2хх-ийн 104-112 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар, Өмнөговь аймгийн Ноён сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Ноён сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг /2хх-ийн 103 дахь тал/ болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ш.Өт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... Бид нар эгч, ах хоёрыгоо дахин хэдэн жил амьдруулчих юмсан гэсэндээ энэ нэхэмжлэлийг гаргасан. Тийм учраас улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна гэх тайлбар,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Ш.Өт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнээс хувийн нөхцөл байдал болон хохирлоо төлсөн, сэтгэл санаатай холбоотой хор уршгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Ш.Ө  ...Хүүхдүүдийг минь бодож миний ялыг багасгаж өгнө үү гэх тайлбар тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан боловч шүүх шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ш.Өийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Oyma гэх бичиглэл бүхий эвдэрсэн унадаг дугуй 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт хариуцсан комисст даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч Ш.Өийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хорих ялыг эдэлж дууссаны дараа шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээний хугацааг тоолж эхлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно” гэж хуульчилсан ба шүүх шүүгдэгчид хорих ял шийтгэж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ш.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Ш-ийн Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ш.Өийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ш.Өт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Өт оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 511 дугаар зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Өээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бид олгож, шүүгдэгч Ш.Ө нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бид 40.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Oyma гэх бичиглэл бүхий эвдэрсэн унадаг дугуй 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ш.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Өийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хорих ялыг эдэлж дууссаны дараа шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээний хугацааг тоолж эхлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА