Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

 

2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр                   Дугаар 2023/ШЦТ/100                                  Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: М.А,

Шүүгдэгч: Г.Ч,

Өмгөөлөгч: Н.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн М-ийн А, Б овгийн Гын Ч нарт холбогдох 2228003350201 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Г.Ч нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ станцын орчим С.Гтай спортын зааланд бөмбөгнөөс болж маргалдан, М.А түүнтэй
зууралдаж байхад хажуунаас баруун гар хэсэгт өшиглөж, түүний биед баруун гарын
IV хурууны шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр хохирлыг М.Атэй гэмт
үйлдэл, санаа зорилгоороо нэгдэж, бүлэглэж санаатай учруулсан,

 

Шүүгдэгч М.А нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь
аймгийн Даланзадгад сумын Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ станцын орчим О.Гтай спортын зааланд бөмбөгнөөс болж маргалдан, түүнтэй зууралдаж байхад Г.Ч хажуунаас баруун гар хэсэгт өшиглөж, түүний биед баруун гарын IV хурууны шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр хохирлыг Г.Чтай гэмт үйлдэл, санаа зорилгоороо нэгдэж, бүлэглэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.А, шүүгдэгч Г.Ч нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Шүүгдэгч Г.Ч шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Бөмбөг гаргах гэж зогсож байхад Ч гэдэг нэртэй хүн гар бөмбөгийн бөмбөгөөр нүүр рүү савсан. Тэгээд юу болж байна гэж хэлэхэд тэр хүн яасан юм гэхээр нь би “нааш ир” гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй тойрч гүйж байгаад заалнаас гүйгээд гараад явсан. Түүнтэй хамт явж байсан хүүхдүүд нь заалнаас гараад явахаар нь би “Найзыгаа эр хүн шиг ирээд уучлалт гуй гэж хэлээрэй гэж хэлээд явсан. Би 20 цагаас ээлжээ хүлээлцдэг болохоор манай нөгөө ээлжний хүн 19 цаг 40 минутын үед ирэхээр нь өрөөндөө орж ээлжээ хүлээлцэж өгчихөөд цаг бүртгэлийн системд цагаа бүртгүүлчихээд ажлаасаа гарсан. Тэгээд эхнэртэйгээ утсаар яриад, эхнэр ажил дээр ирж байна гэхээр нь би утсаа тасдаад хаалгаар гарч байхад нэг хүн зөрөөд манай ажил руу орсон. Тэгээд тэр хүний араас Ч гэх хүн ирсэн. Тэр над руу толгойгоороо дохиж заагаад “нөгөөх чинь энэ гэж хэлээд заахаар нь би “чи чинь эр хүн шиг ирээд уучлалт гуйж чадахгүй байна уу” гэхэд ах нь араас баруун гараар толгой руу цохиход би гараараа хаасан. Тэгэхэд тэр ах нь зүүн гараараа зүүн шанаа руу цохьсон. Тэгээд би унангаа алдаад яаж байна чи гэж хэлээд босч ирээд дахиж цохиж магадгүй гэж бодоод цамцнаас нь бариад авахад миний цамцнаас зуураад толгой руу чихний дээд тал руу цохиод авсан. Тэгээд зууралдаад байж байхад Ч нь хажуу талаас орж ирээд зууралдаж байхад нүүр рүү өшиглөхөөр нь би баруун гараараа хаасан. Тэгээд ахтай нь зууралдаж байхад дүү нь гар хөл, бөөр рүү өшиглөсөн. Тэр хоёр 5 хүнтэй ирэхээр нь энэ хүмүүсээ аваач гэхэд авахгүй байсан. Тэгээд эхнэр машинаас бууж намайг хараад юу болж байна гээд Чыг татаад “Чи яаж байна, чи нүүр рүү нь өшиглөсөн” би чамайг сая харсан, одоо цагдаа дуудна гэж хэлэхэд Ч гэх хүн эхнэрийн гарыг цохиод зугтаасан. Тэгээд би ахыг нь цагдаад өгнө гэж бодоод зуурахад ах нь миний гарыг цохиж зугтаагаад машиндаа суухаар нь би машиндаа суугаад ахынх нь машины ар талд таглаж зогсоход ах нь замын боржуур даваад зугтаасан. Тэгээд зугтаагаад явахаар нь би согтуу юм болов уу гэж бодоод араас нь дагаад Гурвансайханы тэнд очсон. Би замдаа цагдаад хэлсэн чинь цагдаа за дагаад явж бай бид нар араас чинь очно гэж хэлсэн. Тэгээд Гурвансайханд ирээд зогсож байхад цагдаа нар ирээд тэр машины жолоочийг багажаар үлээлгэж үзэхэд эрүүл байсан болохоор цагдаа нар машиндаа суулгаад аваад явсан. Цагдаагийн газарт ирэхэд тэр өдрийн жижүүрийг ахалж байгаа гээд Х гэсэн байцаагч байгаа гэхээр нь би өргөдлөө бичиж өгсөн. Тэгээд өргөдөлдөө гомдол саналтай байгаагаа хэлсэн. Би нөгөө хүмүүсийг байцаана гэж хэлсэн. Цагдаа дээр ирэхэд нүүр урсан, гар хавдсан, цус гоожсон байдалтай байсан. Гомдлоо гаргаж өгөөд, мэдүүлэг өгчихөөд гарч ирсэн. Би явж болох уу гэхэд та явж бай өгөө хүмүүсийг одоо байцаана гэж хэлсэн. Тэгээд ирэхэд намайг ямар байсан талаар Х байцаагч мэдэж байгаа. Мэдүүлгээ өгч дуусчихаад шүүхийн шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох уу гэж асуухаар нь би үзүүлэхгүй гэж хэлсэн. Би гэртээ очоод өвчин намдаах эм аваад, маргааш өглөө нь эмнэлэгт очиж гэмтлийн эмчид цаг авч үзүүлэхэд гар чинь хугарсан байна, рентген зургаа аваад үзүүл гэж хэлэхээр нь зургаа авахуулчихаад үзүүлэхэд баруун гарын ядам хуруу хугарсан байсан. Тэгээд гэмтлийн эмч хүнд зодуулсан бол гэмтлийн зэрэг тогтоолгох ёстой гэсэн. Намайг бинт аваад ир гэхээр нь авчраад боолгуулсан. Тэгээд эмнэлгээс гараад 14 цаг 15 минутад Х гэх байцаагчийн өрөөнд ирэхэд байхгүй болохоор 102-с дугаарыг нь аваад ярих гэхэд жижүүр өгөх боломжгүй гээд ямар ажлаар уулзах вэ гэхээр нь өчигдөр өргөдөл өгсөн юм гэхэд тэр жижүүр өөртэй нь утсаар яриад “Г гэж хүн ирсэн байна, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй гээд явсан гэж байна, одоо гэмтлийн зэрэг тогтоолгохоор ирсэн байна гэж хэлээд хаана байгааг нь асуухад прокурор дээр явж байна түр хүлээж байгаарай гэхээр нь хүлээж байгаад ирэхгүй байхаар нь би яваад ажил дээрээ ирээд ээлжтэй байсан болохоор ажил дээрээ хоносон. Тэгээд 2022.09.22-ны өдөр гэртээ амарсан. Тэгээд 09 сарын 23-ны өдөр цагдаагаас яриагүй болохоор 09 сарын 26-ны өдөр 1 дэх өдөр эхнэрийг очоод Х байцаагчаас сураглаад үз гээд явуулахад ямар Г, юу болсон билээ гэхээр нь зодуулсан гээд өргөдөл өгсөн хүний хэрэг ямар шатан дээрээ явж байгаа вэ гэхэд Х гэх байцаагч зөрчлийн хуулиар арга хэмжээ аваад шийдсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахиж өргөдөл гаргасан. Би өөрөөс гарсан эмчилгээний зардал, ажлаа хийж чадахгүй байгаа өдрийн алдагдал цалин, эмчилгээний төлбөр, өмгөөлөгчийнхөө зардлыг нэхэмжилнэ. Тэгээд Улаанбаатар хотод очих зардлынхаа төлбөрийг бас авна. Яаралтай толгойгоо үзүүлмээр байна, гар өвдөж байна. Юм хийж чадахгүй гэрт байгаа болохоор сэтгэл санааны хохиролтой байна. Энэ ядам хуруу хугарсан үйл явдал нь Ч намайг тонгойх үед нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би баруун гараараа хаахад үүссэн гэмтэл. /хх-ийн 21-24 дэх тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Тэр үед зааланд хүмүүс 2 хуваагдсан нэг хэсэг нь заалны нэг талд гар бөмбөг тоглож байсан. Харин би заалны нөгөө талд нь хэдэн хүнтэй сагсан бөмбөг тоглож байсан бөгөөд сагсны шийд рүү бөмбөг оруулчихаад заалны голоос бөмбөгөө гаргахаар явж байхад Ч гэх хүүхэд нэг хүнтэй гар бөмбөг тоглож байгаад миний нүүр рүү бөмбөгөөрөө цохьсон. Тэр үед миний нүүр хэсэг рүү цохисныхоо дараа Ч надаас огт уучлалт гуйгаагүй. Тэр үед миний хэвлий хэсэгт халдаагүй, харин би тэр Ч гэх хүний ахынх нь цохилтоос гарах гээд бултаж байх үед ахтай нь зууралдаж байсан. Тэгэхэд тэр үед ахтай нь зууралдаад тонгойж байх үед Ч өөдөөс өшиглөсөн. Өшиглөхөөр нь би баруун гараараа хаасан. Тэгээд миний гарын яс хугарч гар гэмтсэн. Би эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн зардлаа нэхэмжилж авна. /хх-ийн 29 дэх тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Тухайн тархины доргилт гэмтэл нь Г.Ч нь заал дотор миний толгойг бөмбөгөөр цохих үед учирсан гэж үзэж байна. Учир нь гэвэл Чын миний толгойг цохьсон бөмбөг намайг ирж онох үед их хүчтэй цохьсон. Тэгээд бөмбөгөөр цохиулах үед миний толгой дүүрч эргэж өвдөөд би их манарсан. Миний толгой 10 орчим минутын хугацаанд их эвгүй болоод дүүрээд байсан. Тухайн үед бөмбөг их хүчтэй намайг оноод миний толгой эргээд манараад явчихсан болохоор би Чт ихээр уурлаж тухайн үйл явдлууд болсон. Тухайн үед миний толгой тэгж өвдөж манараагүй бол Ч намайг санамсаргүй цохисон болохоор тэгж уурлахгүй байх байсан. Уг нь Ч намайг санамсаргүй цохисон боловч миний толгой манараад эргэж дүүрч өвдөж байсан болохоор нь би их уурласан юм. Атэй бол заалны гадаа гараад барьцалдаж зууралдсан. Тэгэхэд А эхлээд намайг нэг удаа цохисон тэр нь намайг оноогүй. Бид хоёр барьцалдаж аваад зууралдаж байхад Агийн гаранд миний толгой ганц удаа цохигдож байсан. Тухайн үед бол А санаатай цохиод байсан биш, бид хоёр зууралдаж байх үед гар нь миний толгойг цохиод байсан. Тэр үед бол тархи толгой хөдлөхөөр зүйл огт болоогүй. Миний толгой заал дотор нэг хэсэг эргэж өвдөж байгаад Атэй маргалдах үед гайгүй болчихсон байсан. Хэрэв тэр үед мөн А тархи доргих хэмжээний хүчтэй намайг цохисон бол миний толгой эргэж өвдөж манарч дүүрэх байх байсан байх. Гэтэл Атэй маргалдаж ноцолдож байх үед тэгээгүй. Тэгэхээр тархи доргилт гэмтэл нь Ч намайг бөмбөгөөр цохьсон үйлдлийн улмаас учирсан гэж үзэх нь зүйтэй юм. Мэдээж надад гэмтэл учирч байгаа болохоор миний биед ямар нөлөөлөл зовиур үзүүлснийг надаас өөр хүн мэдэхгүй. Тийм учраас би тухайн үед өөрийн биед үүсэж байсан нөлөөлөл зовиурыг үндэслээд тархи доргилт гэмтлийг Ч бөмбөгөөр цохих үед үүссэн гэж хэлээд байгаа юм. А шууд цохисон зүйл бол биш. Миний цамцны захнаас бариад цамцны захыг дээш өргөж намайг босгох маягтай болж байснаа намайг арагш нь түлхээд байсан. Тэгээд түлхэх үйлдэл хийх үедээ миний дух хэсгийг гараар оносон юм. Тэр үед бол нээх их өвдсөн зүйл бол байхгүй. Мэдээж тодорхой хэмжээний өвдөлт мэдрэгдсэн. Гэхдээ тархи толгой доргиох хэмжээний хүчтэй өвдсөн зүйл байгаагүй. Зааланд бөмбөгөөр цохиулах үед бол миний толгой их өвдсөн. /2хх-ийн 24-25 дахь тал/

 

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022.09.20-ны өдөр би Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн үүргийг 24 цагийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед 21 цагийн үед Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хашааны гадаа хэсэг бүлэг хүмүүс зогсож байсан. Тэгээд би очоод юун хүмүүс билээ гэж асуух үед Г гэх хүн энэ хүмүүс намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхлээд Гтай.уулзаж мэдүүлэг авсан. Дараа нь зодсон гэх А гэх хүнээс мэдүүлэг авсан. Тэр үед Г зодсон гол хүн нь энэ хүн гээд А гэх хүнийг заасан. Тэгээд Гас мэдүүлэг авахад Г шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Агээс мэдүүлэг авахад А нь “Би тэр хүнийг цохисноо хүлээн зөвшөөрч байна” гэж хэлэхээр нь би Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг 100 нэгжээр торгоно” гэж заасны дагуу М.Аг 100.000 төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж ажилласан. Тэр үед Гантулгын баруун гарын алганы ар талын доод хэсэгт хавдсан байсан ба Г “Миний гар энэ хэсэгт бага зэрэг хавдсан байх, энэ гайгүй болчих байх” гэж хэлээд “Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй” гэж хэлсэн. Г М.А гэх хүнийг намайг зодсон гол хүн нь энэ байна гэж хэлсэн бөгөөд мэдүүлэгтээ хажуунаас тэр дүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Харин М.А мэдүүлэгтээ Ч нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн. /хх-ийн 33-34 дэх тал/

 

Насанд хүрээгүй гэрч У.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Г гэх ах зааланд тоглож байсан. Тэр үед Ч Мандахбаяр гэх хүнтэй воллейбол тоглоод хоорондоо харилцаж байх үед Г гэх ах голоор нь орсон. Тэр үед Ч бөмбөгөө цохиж таараад санаандгүй голоор нь орсон Г гэх ахын толгой руу нь оносон. Дараа нь заалны гадаа Чын ах нөгөө Г гэх ахыг ардаас нь алгадсан бөгөөд алгадахдаа мөрийг нь оносон. Тэгээд тэр 2 ах хоорондоо заамдалцаж зууралдаж нэг нэгнээсээ барьсан байх үед нь Ч нөгөө Г гэх ахыг тонгойсон байх үед доороос нь өшиглөсөн. Өшиглөх үедээ гарыг нь оносон. Тэр үед Г гэх ах Чын ахтай зууралдаад нэг нэгнээсээ.барьцалдаад тонгойсон байсан. Өөрөөр тэр ахын биед халдсан хүн байхгүй. /хх-ийн 42-43 дахь тал/

 

Гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр үед Ч Мандахбаяр гэх хүнтэй бөмбөгөөр харилцаж тоглож байгаад бөмбөгөөр цохьсон. Тэр үед нөгөө танихгүй ах голоор нь орж таараад бөмбөгөнд нь цохиулсан. Тэр үед Ч санаандгүй бөмбөгөөр цохьсон чинь тэр хүнийг оносон. Тэр хоёрыг харилцаж тоглож байхад нөгөө ах өөрөө голоор нь орсон. Дараа нь заалны хаалган дээр нөгөө танихгүй ах зогсож байхад Ч ахтайгаа таарсан. Тэгэхэд нөгөө танихгүй хүн Ч руу уурлаад байсан. Чын ах нөгөө ахын нүүр рүү нь алгадсан. Чын ах толгой нүүр рүү алгадаж цохьсон. Ч болохоор нөгөө танихгүй ахыг өөрийнх нь ахтай нь зууралдаад тонгойж байх үед доороос нь өшиглөсөн. Тэр үед нөгөө ах Чын ахтай зууралдаж байсан. Чыг өшиглөх үед нь баруун гараараа хаасан чинь Ч гарыг нь оносон. Тэгэхэд нөгөө ах Чын ахтай зууралдаж байгаад гараа мулталж гаргаад Чын хөлийг гараараа хаасан. /хх-ийн 46-47 дахь тал/

 

Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022.09.20-ны өдөр манай нөхөр ээлжийнхээ ажлаасаа буугаад намайг ажлаас ирээд авчих гэж хэлсэн. Тэр үед манай гэрт манай нөхрийн 2 дүү хамт байдаг байсан. Тэгээд би нөхрийнхөө 2 дүүтэй хамт нөхрөө очиж авахаар явсан. Тэгээд дулааны станц дээр очоод манай дүү ахыгаа дуудахаар дулааны станц руу орсон. Би машиндаа сууж байсан чинь нэг хүн намайг нэрээр минь шороон дээр байсан хүмүүсээс дуудаад байхаар нь би очиход манай нөхрийг нэг хүн зууралдаад цохиж байсан. Тэр үед тэр хүн манай нөхрийг цохиж байхад манай нөхөр тонгойсон чинь нэг хүүхэд манай нөхрийн өөдөөс нь өшиглөсөн. Тэр үед манай нөхөр гараараа хаасан бөгөөд би өшиглөснийх нь дараа тэр өшиглөсөн хүүхдийг татаж аваад тэнд байсан хүмүүсийг салгаад та нар яаж байгаа юм бэ гэж хэлээд цагдаа дуудахад тэнд байсан хүүхдүүд ийш тийшээ яваад манай нөхрийг өшиглөсөн гэх хүүхдийг бариад зогсож байхад миний гарыг цохиод, хумс хугалаад зугтаасан. Тэгээд цагдаа ирээд хүмүүсийг авч явахаар нь би тэр манай нөхрийг бариад цохиж байсан эрэгтэй болон өшиглөсөн гэх хүүхэд хоёрт та 2 яагаад зугтааж байгаа юм бэ гэхэд цагдаа дуудсан юм чинь зугтаасан гэж хэлсэн. /хх-ийн 50-51 дэх тал/

 

Насанд хүрээгүй гэрч Ө.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр би А ахтай машиныг нь янзалж байхад А ах Эрчим заал хаана байдаг билээ гэж хэлэхээр нь би зааж өгсөн чинь цуг явах уу гэсэн. Тэгээд би машинд нь суугаад хамт ирсэн. Замдаа явж байхдаа А ах Чыг хүн дээрэлхээд байгаа юм шиг байна, очоод 1 алгадчихъя гэж хэлээд явж байсан. Тэгээд эрчим дээр ирээд А ах машинаасаа буугаад явсан. Тэгээд Ч А ахыг дагуулж яваад эрчим заалны жижүүрийн байрнаас тэр хүнийг дагуулаад гараад ирсэн. Тэр байран дотор юу болсныг би сайн мэдэхгүй байна. Би гадаа болсон зүйлсийг машин дотроос харж байсан. Тэгэхэд А, Ч болон нөгөө хүн гурвуулаа хамт гарч ирсэн. Тэгээд А тэр ах 2 зууралдаад бие биеийгээ цохиж эхэлсэн. Тэгж байхад Ч нөгөө хүнийг цохих шиг болсон. Тэгээд байж байтал нөгөө хүнтэй зууралдаад хоёулаа бөхийгөөд байж байтал Ч нь нөгөө хүнийг тонгойсон байхад нь нөгөө хүний урд талаас нь өшиглөсөн. Өшиглөснийхөө дараа тэр хүнийг Ч доош нь дарж унагаасан. Нөгөө хүнийх нь эхнэр ирээд салгахад А зугтаагаад нөгөө хүн араас нь хөөгөөд явж байгаад А ах машиндаа ирж суугаад хаалгаа цоожилтол нөгөө хүн нь араас нь ирээд машины шил гараараа цохиод “хөөе гараад ир чи, ямар овоо гар вэ” гэж хэлсэн. Тэр хүн машины шилийг 3-4 удаа цохьсон. Тэгээд А ах бид 2 явах гэхэд нөгөө хүний эхнэр машины урд талд зогссон, нөгөө хүн нь машинаа машины ард талд хаагаад зогсоосон байсан. Эхнэрийг нь холдонгуут нь А ах машинаа асаагаад явсан. Тэгээд А ах замын боржуур дээгүүр давж зугтаагаад Гурвансайханд машинаа аваачиж тавьсан чинь араас цагдаа ирсэн. Цагдаа ирэхэд нөгөө ах хамт ирсэн байсан. Тэр ах дахиад машины шил цохиод хөөе гараад ир гэж байсан. А ах болон бид хэдийг цагдаа аваад явсан. /хх-ийн 60-62 дахь тал/

 

Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр эрчмийн зааланд Ч найзуудаараа тоглоё гэж дуудахаар нь бид нар тоглосон. Тэгээд А бид 2 нөгөө ах болон тэр ахтай хамт явж байсан нэг хүнтэй дөрвүүлээ сагс тоглож дуусаад нөгөө ах найзтайгаа алхаад явж байхад Мандахбаяр, Ч 2 бөмбөгөөр харилцаж тоглож байхад тэр 2-ын голоор нөгөө ах гарах гэж байхад нөгөө 2 харилцаж тоглож байгаад нөгөө ахыг бөмбөгөөр оносон. Тэгээд манай найз Ч уучлалт гуйгаад өөдөөс нь алхах гэж байхад тэр ах нааш ир чи яасан овоо муу бацаан бэ гэж хэлэхэд манай найз заал тойрч байгаад заалнаас гараад зугтаасан. Нөгөө ах бас араас нь гарсан. Тэгээд тэр ах эргэж орж ирээд “Муу гөлөгнүүд минь, тэр найзыгаа одоо авч ирж уулзуул” гэж хэлсэн. Бид нар хувцсаа солиод заалнаас гарсан чинь тэр ах араас гарч ирээд тэр найзыгаа одоо авч ирэхгүй бол машинаар элдэнэ шүү гэж хэлсэн. Бид нар нарийн гудамж руу очиж зугтаахад манай найз Ч айгаад ахыгаа дуудсан. Тэгээд ах нь хүрч ирээд эрчмийн жижүүрийн өрөө рүү ороход нөгөө ах яг зөрж гарч ирж таараад тэр ах Чыг “Чи одоо хүрээд ир, одоо уулзъя” гэж хэлэхэд ах нь жижүүрийн өрөөнөөс гарч ирээд нөгөө ахыг утсаар яриад явж байхад утас руу нь алгадсан. Тэр 2 хоорондоо зууралдаад байж байхад нь Ч очоод нөгөө ахыг хэвлий элэг хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн чинь нөгөө ах гараараа хаасан. Тэр 2 зууралдаж байгаад салаад Чын ах машин руугаа орсон. Нөгөө ах бас машин руугаа орсон. Тэгээд нөгөө ах машиных нь ард машинаа авч ирж тавьчихаад Чын ахынх нь машин руу баруун гараараа 3 удаа хүчтэй хагалах гээд цохиход Чын ах нь машинтайгаа эрчмийн замын хашлага боржуур дээгүүр даваад явсан. Бид нар нарийн гудамжаар ороод гэр рүүгээ явж байсан чинь цагдаагийн газар дуудсан. Тэр үед 2 ах бие биеийгээ маажиж байх шиг байсан. Тэгээд Чын ах нөгөө ахыг нэг удаа толгой хэсэг рүү алгадсан. Гэхдээ тэр нь оноогүй гарыг нь оносон. Тэгээд тэр 2 ахыг зууралдаж байхад Ч нөгөө ахыг нэг удаа өшиглөсөн боловч нөгөө ах гараараа хаасан. Тэгээд гар руу нь өшиглөсөн. /хх-ийн 71-72 дахь тал/

Гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр Мандахбаяр А бид хоёрыг байхад зааланд очиж тоглоё гэхээр нь эрчим дээр очиж эрчмийн хүмүүстэй тоглосон. Тэр үед Ч Мандахбаяр 2 бөмбөгөөр харилцаж тоглож байгаад Ч тэнд нэг танихгүй ахын нүүр рүү нь бөмбөгөөр савсан. Тэр ах уурлаад Чыг зааланд хөөсөн чинь Мандахбаяр зугтаагаад заалнаас гарсан. Бид нарыг сууж байхад тэр ах гаднаас ирээд бид нар руу хараагаад тэрийгээ олж ир гэж хэлсэн. Тэгээд бид нарыг гарч ирэхэд Ч заалны гадаа хувцас аваад ир гэж хэлээд зогсож байсан. Тэр үед Ч ахыгаа дуудсан. Ч заал руу орох гэж байгаад тэр ахтай таараад арагшаа ухарч байхад Чын ах нь ирээд нөгөө ахын нүүр рүү алгадсан. Нүүр рүү нь алгадах гэж байгаад утсыг нь унагаасан. Тэгээд би холдоод өөр газар зогсож байхад Ч машиндаа суухад нөгөө ах машинаа ард талд нь тээглэж тавьчихаад машиных нь цонхыг гараараа цохиод байсан. Бид нар эрчмийн заалнаас хойшоо яваад онцгой байдлын газрын хашааны хойшоо гүйгээд гэр гэр рүүгээ харьсан. /хх-ийн 76-77 дахь тал/

 

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ч уучлаарай ах гээд тэр ах руу очтол нөгөө ах нь “яасан дэлдгэнэсэн бацаан бэ” гэж хэлээд Чын өөдөөс нь дайрсан. Тэгээд Ч зугтаагаад тэр ах араас нь хөөгөөд тэр 2 заал нэг бүтэн тойроод Ч заалнаас зугтаагаад гарсан чинь нөгөө ах араас нь гарсан. Бид нар хувцсаа солиод гарах гэж байхад нөгөө ах зааланд орж ирээд “За муу гөлөгнүүд минь тэр найзыгаа олж ирэхгүй бол бүгдийг чинь ална шүү” гэж хэлсэн. Тэгээд бид нар гарч ирэхэд Ч заалны гадаа хувцсаа солиод сууж байсан. Тэгэхэд нөгөө ах заалнаас гарч ирэхээр нь бид нар явсан чинь тэр ах машинаа асаагаад “та нарыг дайрч ална, ирээд уулзчихаж чадахгүй байна уу” гэж хэлсэн чинь Ч ахтайгаа ярьчихаад эргэж очоод нөгөө ахтай очиж уулзаад “Ах би таныг яасан юм бэ, би уучлалт гуйсан шүү дээ” гэхэд нөгөө ах “Тэгээд чи ирээд уулзчихаж чадахгүй байна уу” гээд Ч руу ойртоход Ч ухарсан чинь нөгөө ах “Чи зогсож бай, би чамтай зүгээр ярья гэсэн биз дээ, ална шүү” гэж хэлсэн. Тэр үед Чын ах нь ирээд “Чи яагаад дүү дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлээд араас нь очиж дуудсан чинь нөгөө ах “яасан гэнээ” гэж хэлээд эргэж харахад Чын ах нөгөө ахын нүүрэнд нь алгадах гэж байгаад онолгүй мөр гар руу нь цохиод утсыг нь унагаасан. Тэр утас нь Аийн урд унахад нөгөө ах А рүү “Наадахаа аваад өг дөө гөлөг минь” гэж хэлэхэд Чын ах нөгөө ахтай барилцаад заамдалцаж эхэлсэн. Тэгээд зууралдаад бие биеийгээ доош нь дарж байхад Ч нөгөө ах руу очиж гэдэс рүү нь өшиглөхөд нөгөө ахын гарын шуу хэсэгт оносон чинь нөгөө ахын эхнэр нь байсан. Тэгээд эхнэр нь салгаад бид нар явах гээд зайгаа авсан байсан. Тэр үед Чын ах нь машиндаа суугаад явах гэж байхад нөгөө ах машинаа ухраагаад машиных нь ард тээглэж тавьсан. Харин эхнэр бас Чын ахынх нь машины урд машинтайгаа зогссон. Тэгсэн чинь нөгөө ах Чын ахын машины хаалганы шил рүү нь баруун гараараа 3 удаа цохьсон. Тэгээд цагдаагийн машины дуу гараад бид нар хойшоо гудмаар гараад гэр гэр рүүгээ явсан. /хх-ийн 82 дахь тал/

 

Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Шинжээч эмч яг юугаар цохиулсан гэдгийг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой гэдгийг дүгнэлтэд тусгасан байгаа. Эдгээр гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлийн дүнд үүсэх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Яс хугарсан тохиолдолд хуруу хавагнаж эмзэглэлтэй болно. Хөдөлгөөн хязгаарлагдана. Тэр дарай хөдөлгөөн хязгаарлагдах эсэх нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Баруун гарын IV хурууны сарвуу дахь шивнүүрт нэг хугарал гэмтэл үүсчээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 94-95 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 465 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А биед тархины доргилт, духны зулгаралт, баруун гарын IV хурууны шивнүүрийн хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун гарын IV хурууны шивнүүрийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 101 дэх тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А биед шинжээчийн дүгнэлт 465-д бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. А зүүн шанаа болон хэвлийд ямар нэг гэмтэл учраагүй болно. /хх-ийн 104-105 дахь тал/

 

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Агийн биед духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 188 дахь тал/

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 279 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 0.Гын биед тухайн үед баруун алганы 4-р шивнүүрийн хугарал, тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл учирчээ. Баруун алганы 4-р шивнүүрийн хугарал, тархи доргилт гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, духны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үрэх, нидрэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна. Өмнөговь аймгийн №465 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 199-201 дэх тал/

 

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний 06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А биед учирсан духны зулгаралт гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь 2x0.4 см, 5x0.2 см жижиг хэмжээтэй гэмтэл бөгөөд дангаараа /тархины доргилттой хавсраагүй бол/ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2хх-ийн 16-17 дахь тал/

 

Шүүгдэгч Г.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Сагс болон волейболын спортоор тогтмол хичээллэдэг. Жы нэрэмжит аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд багаараа мөнгөн медаль авч байсан. Мөн сургуулийн аварга, сумдын тэмцээнээс сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр шагнал урамшуулал медаль авч байсан. Гар бөмбөгийн төрлөөр спортын 1 дүгээр зэрэгтэй. Би энэ хэргийг хүүхдийн гэнэн томоогүй зангаасаа болж үйлдсэн уг нь хүн гэмтээнэ мөн ийм хэрэг болно гэж бодоогүй юм. Миний хийсэн хэрэгт хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсэж байна. /хх-ийн 120-121 дэх тал/

 

Шүүгдэгч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би болсон хэргийн талаар гэрчийн мэдүүлэгт мэдүүлсэн. Би малчин хүн болохоор олон дахин нааш цаашаа явахаас төвөгшөөгөөд шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй гэсэн боловч одоо нэгэнт энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа учраас шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулмаар байна. Би өөрөө хохирогч болсон байх магадлалтай гэж бодож байна. Би Г цохиж зодно гэж бодоогүй Чыг бага насны хүүхэд болохоор насанд хүрсэн хүн дээрэлхээд байна гэхээр нь очиж уулзах гэсэн. Би хэрэг болсон газарт очсон чинь яг миний өмнөөс Чыг Г зодох гээд ална гээд хөөгөөд гараад ирэхээр нь би Г бариад авсан юм. Ч надтай ойрхон байдаг төрсөн дүү шиг хүн болохоор Г ална гээд цохиж зодох гээд байхаар нь би Чыг өмөөрөөд алгадаад авсан юм. Тэр үед Ч Г өшиглөсөн юм билээ. Би тэрийг нь анзаарч хараагүй. Чыг тийм үйлдэл хийсэн гэж бодоогүй. Бид хоёрт ямар нэгэн байдлаар үгсэн тохирсон зүйл байхгүй. /хх-ийн 125-126 дахь тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 130 дахь тал/

 

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 136 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137, 138 дахь тал/

Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 142 дахь тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 190-195 дахь тал/

Рентген зураг /хх-ийн 208-209 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч О.Г, шүүгдэгч Г.Ч нар нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ станцын орчим спортын зааланд бөмбөгнөөс болж маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Г.Ч нь хохирогч О.Гтай зууралдаж байхад шүүгдэгч М.А түүний хажуугаас баруун гар хэсэгт өшиглөж баруун гарын
IV хурууны шивнүүрийн хугарал гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч А: Бөмбөг гаргах гэж зогсож байхад Ч гэдэг нэртэй хүн гар бөмбөгийн бөмбөгөөр нүүр рүү савсан. Тэгээд юу болж байна гэж хэлэхэд тэр хүн яасан юм гэхээр нь би “нааш ир” гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй тойрч гүйж байгаад заалнаас гүйгээд гараад явсан. ...Тэгээд тэр хүний араас Ч гэх хүн ирсэн. Тэр над руу толгойгоороо дохиж заагаад “нөгөөх чинь энэ гэж хэлээд заахаар нь би “чи чинь эр хүн шиг ирээд уучлалт гуйж чадахгүй байна уу” гэхэд ах нь араас баруун гараар толгой руу цохиход би гараараа хаасан. Тэгэхэд тэр ах нь зүүн гараараа зүүн шанаа руу цохьсон. Тэгээд би унангаа алдаад яаж байна чи гэж хэлээд босч ирээд дахиж цохиж магадгүй гэж бодоод цамцнаас нь бариад авахад миний цамцнаас зуураад толгой руу чихний дээд тал руу цохиод авсан. Тэгээд зууралдаад байж байхад Ч нь хажуу талаас орж ирээд зууралдаж байхад нүүр рүү өшиглөхөөр нь би баруун гараараа хаасан. ...Энэ ядам хуруу хугарсан үйл явдал нь Ч намайг тонгойх үед нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би баруун гараараа хаахад үүссэн гэмтэл. /хх-ийн 21-24 дэх тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: Тухайн тархины доргилт гэмтэл нь Г.Ч нь заал дотор миний толгойг бөмбөгөөр цохих үед учирсан гэж үзэж байна. ...Бид хоёр барьцалдаж аваад зууралдаж байхад Агийн гаранд миний толгой ганц удаа цохигдож байсан. Тухайн үед бол А санаатай цохиод байсан биш, бид хоёр зууралдаж байх үед гар нь миний толгойг цохиод байсан. /2хх-ийн 24-25 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Э.Хийн: ...Дараа нь зодсон гэх А гэх хүнээс мэдүүлэг авсан. Тэр үед Г зодсон гол хүн нь энэ хүн гээд А гэх хүнийг заасан. ...Г М.А гэх хүнийг намайг зодсон гол хүн нь энэ байна гэж хэлсэн бөгөөд мэдүүлэгтээ хажуунаас тэр дүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Харин М.А мэдүүлэгтээ Ч нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн. /хх-ийн 33-34 дэх тал/ гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч У.Угийн: ...Тэгээд тэр 2 ах хоорондоо заамдалцаж зууралдаж нэг нэгнээсээ барьсан байх үед нь Ч нөгөө Г гэх ахыг тонгойсон байх үед доороос нь өшиглөсөн. Өшиглөх үедээ гарыг нь оносон. /хх-ийн 42-43 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч М.Жы: ...Чын ах нөгөө ахын нүүр рүү нь алгадсан. Чын ах толгой нүүр рүү алгадаж цохьсон. Ч болохоор нөгөө танихгүй ахыг өөрийнх нь ахтай нь зууралдаад тонгойж байх үед доороос нь өшиглөсөн. Тэр үед нөгөө ах Чын ахтай зууралдаж байсан. Чыг өшиглөх үед нь баруун гараараа хаасан чинь Ч гарыг нь оносон. /хх-ийн 46-47 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч С.Сгийн: ...Тэр үед тэр хүн манай нөхрийг цохиж байхад манай нөхөр тонгойсон чинь нэг хүүхэд манай нөхрийн өөдөөс нь өшиглөсөн. Тэр үед манай нөхөр гараараа хаасан бөгөөд би өшиглөснийх нь дараа тэр өшиглөсөн хүүхдийг татаж аваад тэнд байсан хүмүүсийг салгаад та нар яаж байгаа юм бэ гэж хэлээд цагдаа дуудахад тэнд байсан хүүхдүүд ийш тийшээ яваад манай нөхрийг өшиглөсөн гэх хүүхдийг бариад зогсож байхад миний гарыг цохиод, хумс хугалаад зугтаасан. /хх-ийн 50-51 дэх тал/ гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Ө.Эын: ...Тэгээд А тэр ах 2 зууралдаад бие биеийгээ цохиж эхэлсэн. Тэгж байхад Ч нөгөө хүнийг цохих шиг болсон. Тэгээд байж байтал нөгөө хүнтэй зууралдаад хоёулаа бөхийгөөд байж байтал Ч нь нөгөө хүнийг тонгойсон байхад нь нөгөө хүний урд талаас нь өшиглөсөн. Өшиглөснийхөө дараа тэр хүнийг Ч доош нь дарж унагаасан. /хх-ийн 60-62 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч О.Аийн: ...Тэр 2 хоорондоо зууралдаад байж байхад нь Ч очоод нөгөө ахыг хэвлий элэг хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн чинь нөгөө ах гараараа хаасан. Тэр 2 зууралдаж байгаад салаад Чын ах машин руугаа орсон. ...Тэгээд Чын ах нөгөө ахыг нэг удаа толгой хэсэг рүү алгадсан. Гэхдээ тэр нь оноогүй гарыг нь оносон. Тэгээд тэр 2 ахыг зууралдаж байхад Ч нөгөө ахыг нэг удаа өшиглөсөн боловч нөгөө ах гараараа хаасан. Тэгээд гар руу нь өшиглөсөн. /хх-ийн 71-72 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч М.Жы: ...Ч заал руу орох гэж байгаад тэр ахтай таараад арагшаа ухарч байхад Чын ах нь ирээд нөгөө ахын нүүр рүү алгадсан. Нүүр рүү нь алгадах гэж байгаад утсыг нь унагаасан. /хх-ийн 76-77 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Аы: ...Тэгээд зууралдаад бие биеийгээ доош нь дарж байхад Ч нөгөө ах руу очиж гэдэс рүү нь өшиглөхөд нөгөө ахын гарын шуу хэсэгт оносон чинь нөгөө ахын эхнэр нь байсан. /хх-ийн 82 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч М.А, Г.Ч нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч нарыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.А, Г.Ч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч О.Гд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

          Шүүгдэгч М.А, Г.Ч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А эрүүл мэндэд тархины доргилт, духны зулгаралт, баруун гарын IV хурууны шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 465 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101 дэх тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 279 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 201 дэх тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

          Хохирогч А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй” гэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч М.А, Г.Ч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Гд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгч нараас шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч М.А, Г.Ч хохирогч О.Г нар нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байх ба уг гэрээнд ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт М.Агээс 500.000 төгрөг, Г.Чаас 500.000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Одоо гомдол санал байхгүй” гэснээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

 

Шүүх шүүгдэгч М.А, Г.Ч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгч М.А, Г.Ч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч М.Агийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /1хх-ийн 138 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн мэдээлэл, жолоочийн лавлагаа зэрэг баримтуудаар

Шүүгдэгч Г.Чын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 137 дахь тал/, сурагчийн хувийн хэргийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч М.А, Г.Ч нар нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрийг нь 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав ... Хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Ч нь 17 нас 3 сартай хүүхэд байсан. 18 насанд хүрсэн гэж үзэхгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг ашиглах боломжтой байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Торгох ялыг оногдуулах нь зохистой биш гэж үзэж байна. Агийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй. Энэ хүн малчин хүн байгаа. Тийм болохоор 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох нь өндөр дүн байгаа учраас үүнийг нь багасгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хуульд заасан торгуулийн доод хэмжээ 2.700 нэгж байгаа. Тиймээс 2.700 нэгжээр нь торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Ч нь 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 17 нас 6 сартай байсан ба шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 18 нас хүрсэн болох нь иргэний үнэмлэхийн хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Ад 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж хуульчилсан тул Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Чт зан үйлээ засах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно” гэж заасан тул шүүгдэгч Г.Чт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.А, Г.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, Г.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Д овгийн М-ийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Гын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Ад 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтсугай.

3. Шүүгдэгч М.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Чт зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг биелүүлж ажиллахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Гд 500.000 төгрөг, шүүгдэгч Г.Ч хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Гд 500.000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх  төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч М.А, Г.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, Г.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА