Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 568

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, Баяжих овогт Б.С/РД: УХ00000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, *******,******* тоот хаягт оршин суух, П******* овогт Д.С/РД: УХ0000000/ холбогдох,

953.053 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С,

Хариуцагч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.С би гэр бүлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, *******а байрны 74 тоотын 0057418 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй 18 м.кв талбайтай, 1 өрөө байраа иргэн Д.Сд 2018 оны 07 дугаар сарын 21-нээс 1 сарын 500,000 төгрөгөөр түрээсэлж гэрээ байгуулсан. Д.С нь 2018 оны 9 дүгээр сарын 21-нд төлөх төлбөрөөс 350.000 төгрөг төлж үлдсэн 150,000 төгрөгийг нь хэд хоногийн дараа төлье гэсэн.

Цаашид байранд чинь засвар хийж өгөөд түрээсийн төлбөрөөс суутгая гэснийг нь би зөвшөөрсөн. Байрны засварын хувьд хананд замаск түрхэж зүлгэн ханын цаас наасан, таазыг замаскдаж зүлгэж эмульсдэн. Паркетан шал, угаалгын өрөөний хаалгыг би авч өгсөн ба түүнийг сольсон. Өөр ажил хийгээгүй.

Би түүнд 2018 оны 11 сард засварын ажлын тооцоо хийе гэхэд зардлын гүйцэтгэл гаргаж өгөөгүй, шаардаад өгөхгүй болохоор нь хийсэн ажлыг нь үзэж барилгын материалын үнэ ажлын хөлсийг зах зээлийн үнэ ханшаар бодож худалдаж авсан материалын үнэ 200,000 төгрөг, ажлын хөлсийг 700,000 төгрөгөөр тооцсон.

Барилгын материал худалдан авсан тооцоо, ажил хийлгэсэн гэрээ байхгүй мөртлөө би их мөнгө гаргасан гээд байрнаас гарахгүй хойшилж удаа дараа шаардуулсаар байж 2019 оны 01 дүгээр сарын 10-нд байрнаас чинь гарсан гээд хүү Билгүүн нь надад байрны түлхүүрийг маань авчирч өгсөн. Д.С өөрөө зугтаад явсан.

 Гэрээний дагуу байрны ашиглалтын бүх зардлыг сар бүр төлөх ёстой. Одоо 2018 оны 8-12 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 51,250 төгрөг, 11-12 дугаар сарын байрны төлбөр 78,055 төгрөг, 9-10 дугаар сарын юнивижний төлбөр 170,748 төгрөг, 9 сарын түрээсийн дутуу 150,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 2019 оны 01 дүгээр сарын 10 хүртлэх 2 сар 20 хоногийн түрээсийн төлбөр 1,333.000 төгрөгөөс байрны засварт 900,000 суутгаад үлдсэн 433,000 төгрөг болсон.

Иймд Д.Сгаас 953.053 төгрөгийг гаргуулж өгнө үү. Байрнаас гарахдаа угаалгын машиныг минь авч явсан байсан.

Д.С анх гэрээ хийхдээ хүүхдээ оруулна гэж надад хэлж байсан, гэтэл 0-1 насны хүүхэдтэй 2 айл оруулсан байсан, тэднээс мөнгийг нь авч давхар түрээслэсэн байсан. Түүнээс дээрхи өр төлбөрөө нэхэн төлүүлэх гэж хөөцөлдөн удаан хугацаагаар явж мухардалд ороод 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл Д.С бүртгэлтэй хаяган дээрээ оршин суудаггүй, утсаар нь дуудаад ирдэггүй учир хаяг тодорхойгүй гэж үзэн түүнийг эрэн сурвалжилсан шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс түүнийг эрэн сурвалжилж Д.С нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, *******, 2946 тоотод оршин суудаг болохыг тогтоож өгсөн.

Утсаар ярихаар ээжийн бие муу, охин гадаадад эмчлүүлж байгаа гэж хэлэн худал ярьсан. Сүүлдээ өөрийгөө нас барсан гэж хүнээр худал хэлүүлэх болсон. Д.С ээжтэйгээ хамт хаяг дээрээ амьдарч байгаа болохыг цагдаагийн байгууллага тогтоосон. Иймд Д.Сгаас төлбөр гаргуулахаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.С миний бие 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, *******а байрны 74 тоотын 18 м.кв талбайтай 1 өрөө байрыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэхээр, мөнгийг сар сард нь өгөхөөр байрны өмчлөгч Б.Стай харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Уг байранд миний охин Ө.Мягмарсүрэн амьдарсан.

Тухайн үед уг байр муудсан, эвгүй үнэртэй, хана, тааз нь харласан байсан ба 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийг өгөхөөс өмнө Б.С ахтай ярилцаад байранд нь засвар хийгээд түрээсийнхээ мөнгөнөөс хасахаар тохирсон.

Тухайн үед Б.С ах засвар хийвэл сайн байна гэсэн ба өөрсдөө мэдээд засвараа хийчих, дараа нь тохиролцоод байрны мөнгөнөөс хасаж болно гэсэн. Би болон охин маань хүлээн зөвшөөрч засвар хийхээр болсон.

Ингээд би өөрийн танил байрны засвар хийдэг Б.Батзаяаг дагуулан ирж байрыг үзүүлсэн ба найз маань бүтэн засвар хийх юм байна, чи мөнгийг нь дийлэхгүй гэсэн. Би гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн ба хуучин ханын цаас, тааз, хана, дам нурууны модон хүрээ зэргийг хуулж засвар хийхэд бэлдсэн.

Засвар хийх явцыг Б.С 3-4 удаа ирж үзсэн бөгөөд засвар сайхан болж байна гэж байсан ба паркетан шал, угаалгын өрөөний хаалга 1 ширхэг, 1 ширхэг жижиг угаалтуур, 2 ширхэг паар авчирч өгсөн.

Засварыг 17-18 орчим хоног хийсэн ба засварын дараагаар нэг өдөр ирээд та нар 700.000 төгрөгийн засвар хийсэн байна, одоо манай байрнаас гар гэсэн. Би тухайн үед байрны засварт орсон бараа материал, багаж хэрэгсэл, засвар хийж байгаа хүмүүст өгсөн хөлс, хоол унд болон унаа тэрэгний мөнгө гээд бүгдийг бичээд Б.С ахад үзүүлэхэд уурлаад би үүнийг чинь зөвшөөрөхгүй гэсэн.

Би Б.С ахын байрны засварт 2.300.000 төгрөг зарцуулсан. Тухайн байранд хуучин угаалгын машин байсан ба Б.С ах өөрөө хэрэглэвэл хэрэглээрэй, хэрэглэхгүй бол хаячихаарай гэсэн тул хэсэг хугацаанд хэрэглэсэн.

Би Б.С ахын байранд өөрсдөө амьдрана гээд сэтгэл гаргаж засвар хийлгэсэн бөгөөд их гомдсон. Нэхээд байгаа мөнгөний тухайд гэвэл маргах зүйлгүй бөгөөд би засвар хийгээд уг мөнгийг төлсөн гэж үзэж байгаа.

Би 2019 оны 1 дүгээр сарын 10-ны үед хүү н.Билгүүнбаатараар түлхүүрийг нь өгүүлсэн ба төлбөр тооцоо дууссан гэж бодсон гэв.  

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Сд холбогдуулан 883.053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/2018 оны 8-12 саруудын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, 1 сарын 10.250 төгрөг, нийт 51.250 төгрөг,

-2018 оны 11, 12 сарын байрны мөнгө 78.055 төгрөг /36,*******7+41.*******8,20/

-2018 оны 9-10 сарын юнивижн сувгийн төлбөр 170.748 төгрөг,

-2018 оны 9 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 150.000 төгрөг,

-2018.10.21-2019.01.10-ны өдрийг хүртэл, 2 сар, 20 хоногийн түрээсийн төлбөр 1.333.000 төгрөг

Түрээсийн төлбөр 1.333.000 төгрөг-900.000 төгрөг=433.000 төгрөг,

-Эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөг/

51.250+78.055+170.748+150.000+433.000+70.000=953.053 төгрөг/

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Стай 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан хөлслөгч Д.С нь нэхэмжлэгч буюу хөлслүүлэгч Б.Сын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, *******а байрны 74 тоотын 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 сарын 500.00 төгрөгөөр хөлслөн, гэрээний хугацааг тухай бүрт нь сунгахаар харилцан тохирчээ.

Хөлслүүлэгч Б.Сын өмчлөлийн орон сууцыг Д.С нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар өөрийн ашиглалтанд байлгасан болон орон сууц хөлслөх гэрээ байгуулсан талаар маргаагүй болно.

Дээрхи гэрээнд нэхэмжлэгч Б.С, хариуцагч Д.С нар хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 4-5, 69-70 дугаар тал/

Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, *******а байрны 74 тоотын 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204005989 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны өмчлөгч Б.С болох нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон ба хариуцагч энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 6, 71 дүгээр тал/

 Хариуцагч Д.С нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, *******а байрны 74 тоотын 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн ашиглалтад байлгасан ба талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор хөлслөгч нь орон сууцыг өөрийн эзэмшилд байлгах хугацааны ашиглалтын зардлыг төлөхөөр харилцан тохиролцсон талаар хэн аль нь тайлбарлаж байна.

/ХХ-ийн 4, 69 дүгээр тал/

Хариуцагч Д.С нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 500.000 төгрөгийг төлсөн ба 9 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 500.000 төгрөг төлөхөөс 350.000 төгрөг төлсөн, үүнээс хойшхи буюу 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон болно.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгийг ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” гэж заасны дагуу дагуу хариуцагч Д.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Б.С түүнээс түрээсийн төлбөр болонхолбогдох ашиглалтын зардлыг нэхэмжлэх эрхтэй.

Нэхэмжлэгч Б.С нь 2018 оны 11 дүгээр сарын байрны мөнгө 36.*******7,20 төгрөг, 12 дугаар сарын байрны мөнгө 41.678,20 төгрөг, нийт 78.055 төгрөг, мөн юнивижн сувгийн 2018 оны 9-10 сарын төлбөрт 170.748 төгрөгийг тус тус төлсөн нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 8-11, 55-56 дугаар тал/

Хариуцагч Д.С нь нэхэмжлэгч Б.Сын өмчлөлийн байранд засвар хийсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба тэрээр Б.Батзаяад ажлын хөлс 1.300.000 төгрөг, барилгын материал 622.900 төгрөгөөр худалдан авсан, засварт нийт 2.300.000 төгрөг зарцуулсан гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй болно.

Тэрээр 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 622.900 төгрөгийн барилгын материал худалдан авсан гэх боловч уг баримт нь засвартай, барааг хэн худалдан авсан болох нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүй.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.С түүний өмчлөлийн байранд засвар хийснийг хүлэн зөвшөөрч засвар хийхэд ажлын хөлсөнд 700.000 төгрөг, барилгын материалын зардалд 200.000 төгрөг, нийт 900.000 төгрөг зарцуулсан хэмээн тайлбараа гаргаж байх тул түүний хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Д.Сгийн засварын зардалд зарцуулсан төлбөрийг байрны түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор талууд тохирсон талаар хэн аль нь тайлбарласан тул 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 2 сар, 20 хоногийн түрээсийн төлбөр 1.333.000 төгрөгөөс 900.000 төгрөгийг хасч 433.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1156 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Сг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоосон бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу  гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Сайнбаяр нь эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөгийг нэхэмжилсэнийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

/ХХ-ийн 20, 92-94 дүгээр тал/

Хариуцагч Д.С нь 2018 оны 8-12 саруудын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, 1 сарын 10.250 төгрөг, нийт 51.250 төгрөг, 2018 оны 11, 12 сарын байрны мөнгө 78.055 төгрөг, 2018 оны 9-10 сарын юнивижн сувгийн төлбөр 170.748 төгрөг, 2018 оны 9 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 150.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, 2 сар, 20 хоногийн түрээсийн төлбөр 433.000 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөг, нийт 953.053 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Д.Сгаас 953.053 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгох нь зүйтэй.

            Б.Батзаяа нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд Б.Сын өмчлөлийн байранд байсан угаалгын машиныг Д.С уг байрыг чөлөөлөхдөө авч явсан гэх ба нэхэмжлэгч нь энэ талаараа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Сгаас 953.053 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Сын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Саас 1.680 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Д.Сгаас 27.423 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.САРАНГҮН