| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0558/з |
| Дугаар | 221/МА2025/0581 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0581
“Э г ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Галцог
Нэхэмжлэгч: “Э г ү” ХХК
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0510 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц
Хэргийн индекс: 128/2024/0558/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э г ү” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0510 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Э г ү” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Г дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. “...анхан шатны шүүх хариуцагч захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь хөндөгдөж болохуйц этгээдэд мэдэгдэх, тайлбар авах ажиллагааны гол зорилго нь ийнхүү ажиллагаа хийснээр нөхцөл байдал өөрчлөгдөх, тухайн этгээдээс актын үндэслэлийг няцаах боломж олгож байгаа ажиллагаа бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/4398 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байх тул уг үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх боломжгүй. Нөгөө талаар уг мэдэгдлийг эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн тус компанийн албан ёсны хаягаар шуудангаар хүргүүлсэн байх тул хуульд заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээргүй байна гэж үзсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “Хорь буюу түүнээс доош тооны этгээдэд сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрт шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баталгаажуулах” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь “мэдэгдэх, тайлбар санал авах” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мэдэгдсэнээ баримтжуулаагүй мөн бодитойгоор нэхэмжлэгчид хүргэсэн гэдэг нь нотлох баримтаар няцаагдаж байхад анхан шатны шүүх үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
3.2. Маргаан бүхий газрыг анх 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр “Г” ХХК-д эзэмшүүлсэн бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар маргаан бүхий Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 12500 м.кв газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар Э г ү” ХХК шилжүүлэн эзэмшүүлсэн. Мөн сүүлд маргаан бүхий газар болох Э г ү” ХХК-ийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр Өнөрбаян овогтой Галцогт шилжүүлснээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар шилжүүлэх гэрээг Өнөрбаяр овогтой Галцогтой дахин байгуулсан. Иймд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 2.2-т Үүний дараа нэхэмжлэгч “Э г ү” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий 125002 м.кв гарыг агуулах, аж ахуйн зориулалтаар ашиглахаар иргэн, хуулийн этгээдэд газар газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бөгөөд сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12490 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар ашиглахаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг дахин байгуулжээ гэж үзсэн. Мөн ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан хэр нь тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэж шийдвэрлэсэн нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Мөн гэрээний үндсэн дээр эрх үүрэг, шинээр бий болсон. Мөн гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий акт гарах хүртэл 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй.
3.3. Мөн анхан шатны шүүх “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 137,500,000 төгрөгийг төлөөгүй” гэх албан бичиг, газрын төлбөр тооцоо нийлсэн “Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 7,696,270 төгрөгийн үлдэгдэлтэй байсан” гэх акт зэргээр тогтоогдож байна гэж үзсэн. Гэвч иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т “Газар эзэмшүүлэх гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүхийн 6 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан дүгнэнэ гэж заасан тул тухайн жилийн газрын төлбөр төлөх хугацаа болоогүй. Мөн гэрээг дүгнүүлэх болон дүгнэх хэрэв алдаа зөрчил байгаа бол урьдчилан сануулах, тухай бүр нь засуулах үүрэг захиргаанд хадгалагдаж байна. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд тухайн дуудлага худалдааны анхны үнийг хэрхэн, яаж, ямар хугацаанд төлөх талаар тусгаагүй. Тиймээс газар эзэмших гэрээний агуулга тодорхойгүй, газар эзэмшигч ямар үүрэг хүлээх талаар тусгайлан зохицуулаагүй байхад эзэмших эрхийг хүчингүй болгох нь захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцэхгүй байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэн зөв бодитой талаас нь дүгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0510 дугаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
3. Нэхэмжлэгч “Э г ү” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулж, “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
4. Ингэхдээ нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл байгаагүй..., хариуцагч нь мэдэгдэх, тайлбар санал авах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мэдэгдсэнээ баримтжуулаагүй..., газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал бодит байдал дээр үүсээгүй...” гэж маргажээ.
5. Анхан шатны шүүх, нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-д заасны дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/614 дүгээр захирамжийг гаргаж, ...Газрын тухай хуульд заасан ерөнхий болон нарийвчилсан үндэслэлүүдийг маргаж буй захиргааны актад хэрэглэсэн байх тул уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх боломжгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд зөв дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд (a) маргаж буй захиргааны акт нь /шаардлагын үндэслэлд тодорхойлсончлон/ Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ (б) нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох учиртай.
7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын төрлийг “маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон байхад шүүх нотлох зарчмыг энэ шаардлагын үндэслэлийн хүрээнд хэрэгжүүлж, эрх зүйн дүгнэлт хийх нь шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ойлголтыг илэрхийлэх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцнэ.
8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх ойлголт нь хуульд заагаагүй үндэслэлээр хүний эрхэд халдсан буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг илэрхийлдэг.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
9. Хариуцагчаас, нэхэмжлэгч “Э г ү” ХХК нь “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдсон” гэж үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай шийдвэр гаргасан байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, маргаан бүхий актыг захиргааны актад тавигдах эрх зүйн формаль шаардлагын хувьд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэд халдсан гэж дүгнэн, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.
10. Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй, дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд байх тул нэхэмжлэгчийн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
11. Түүнчлэн “...хариуцагч нь мэдэгдэх, тайлбар санал авах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мэдэгдсэнээ баримтжуулаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэг үндэслэл нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахаас бус илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй.
12. Өөрөөр хэлбэл, тухайн захиргааны актыг гаргахдаа холбогдох хуулийг зөв хэрэглэсэн эсэх, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй, үүнийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудал гэж үзнэ.
Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ