Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00009

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж, шүүгч С.Цэрэнханд, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч Г. Батбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч М. Даваасүрэн ,

иргэдийн төлөөлөгч Ц.Жаргалсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Б.Мөнхчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Батсуурийн Мөнхчулуунд холбогдох 201606000292 дугаартай, 132/2017/0005/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 05 удгаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт Батсуурийн Мөнхчулуун /РД:ГН81050419/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Мөнхчулууныг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний орой Булган аймгийн Тэшиг сумын нутаг “Хар толгой” гэх газарт хохирогч Г.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас, түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхчулууны өгсөн: Би 2016 оны 09 дүгээр сарын 14-ний орой 8 цагийн үед Мөнхчулуун, Мөнхбат нар дээр Өлзийгийн хамт очсон. Би тэнд очихдоо архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Бид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би Батбаатарыг цохьсон гэдгээ санахгүй байгаа. Надад өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батбаатарын өгсөн: Бид 2016 оны 09 дүгээр сарын 14-ний орой пиво уусан. Тухайн пивоо ууж дууссаны дараа манай эхнэр намайг дуудсан. Би Өлзийтэй хамт явах гэж байсан юм. Намайг Мөнхбаттай ярилцаад зогсож байхад шүүгдэгч Мөнхчулуун толгой руу цохьсон. Би шүүгдэгч Мөнхчулуунд цохиулсаны дараа ухаан алдсан гэдгээ санаж байна. Үүний дараа эмнэлэгт эмчээр толгойндоо оёдол тавиулж байхдаа сэрсэн. Эмчилгээний бүх зардалыг шүүгдэгч Мөнхчулуун гаргасан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

201606000292 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Г.Батбаатарын  өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө Тэшиг сумын 3 дугаар багийн нутаг Залаа гэх газарт манай адуу байдаг юм. Адуугаа тууж нуурлуу оруулах гээд Тэшигийн эх гэх газарт явж байхад горхины захад самарт явж байна гээд Алтанхуяг ах нэг залуугийн хамт явж байхад нь таарсан. Тэр хоёр 1 шил 0.5 литрийн ерөөл нэртэй архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан. Хамт явж байсан Цэрэнлхүндэв гээд ахтай танилцаад юм ярьж байгаад би Цэрэнлхүндэв ахыг хоёулаа нэг барилдчих уу гэхэд тэгье гээд барилдсан. Барилдаж байхад Цэрэнлхүндэв ах миний хамар руу санаатай юм уу санамсаргүй юм уу мэдэхгүй, цохьчихсон тэрнээс болж бид хоёр маргалдаж байгаад зууралдаад давхраараа горхируу уначихсан. Тэгээд би хамар руу цохьсонд нь болоод шарлахаад зүүн хөлөн дээр нь нэг удаа дэвсчихээд явах гэхэд хөл эвгүй болчихлоо гэж Цэрэнлхүндэв ах хэлэхээр нь гайгүй байлгүй дээ гэж бодоод Алтанхуяг ахад би адуундаа явлаа шүү гээд мотоцикпио асаагаад яваад өгсөн. Тэгээд адуун дээрээ оччихоод орой төврүү ороод ирэхэд Алтанхуяг ах утсаар яриад хөл нь хугарчихсан юм шиг байна чи ирээд уулзаадах гэж хэлхээр нь би Алтанхуяг ахын гэрт нь очиход зүүн хөлөндөө чиг бариад боочихсон нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд уулзчихаад гараад найз Өлзийгийн гэрт нь очсон. Очиход Өлзий, Мөнхбат утасдаад байна хоёулаа очих уу гэхээр нь хамт "Хар толгой"-н ард очиход 1 шил 0.5 литрийн ерөөл архи дөнгөж задалсан байдалтай 1 ширхэг 2.5 литрийн Сэнгүүр пиво бараг уугаад дуусч байсан. Тэгээд бид дөрөв тэр 0.5 литрийн архийг хувааж уугаад за явцгаая гэж босоод би Г.Мөнхбаттай яриад зогсож байхад араас Б.Мөнхчулуун модоор толгой руу цохьчих шиг болсон. Тэгээд би ухаан алдаад сумын эмнэлэгт сэрсэн. Би Мөнхбаттай яриад Мөнхбат миний урд зогсож байсан. С.Өлзий болохоор бүүр цаана явж байсан. Б.Мөнхчулуун миний ард явж байсан. Өөр ойр хавьд хүн байгаагүй болохоор Б.Мөнхчулуунаас өөр араас цохих хүн байгаагүй. Би модоор цохьсон болов уу гэж бодсон. Дараа нь Өлзий, Мөнхбат хоёр ч бас модоор цохьсон гэж хэлсэн. 2016 оны 08 сарын эхээр санагдаж байна. Сумын төвд Б.Мөнхчулуунтай таарсан чинь согтуу надад баярхаж юм яриад явуулахгүй байхаар нь би зүгээр чи яв гээд хацар руу нь нэг алгадчихсан юм. Тэрнээс хойш уулзаагүй хадлан тариа гээд яваад уулзаагүй байж байгаад тэгэхэд уулзсан юм. Тэр алгадсан асуудалд л өс санаад байсан байх тэгээд л намайг цохьчихсон байх гэх мэдүүлэг /хх 14 тал/,

Гэрч Э.Ариунтуяагийн өгсөн: 2016 оны 09-р сарын 14-ний орой 23 цагийн үед манай сумын эмнэлгээс нөхөр чинь эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсний дагуу яваад очиход манай нөхөр Г. Батбаатар ухаангүй байдалтай толгойныхоо баруун зүүн талд нь цус хурчихсан цусан хурааг нь эмч аваад оёдол тавьж байсан. Тэр шөнөдөө Орхон аймагт ирж эмчилгээ хийлгэсэн. Нөхөр маань болсон явдлын талаар Тэшиг сумын төвд байдаг хөшөөтэй Хар толгой гэдэг газар Б.Мөнхчулуун, Өлзий-Орших, Мөнхбат нартай архи ууж байгаад Б.Мөнхчулуун толгойруу модоор цохьчихсон гэж хэлсэн. Тэгээд 10 хоног Орхон аймагт эмчилгээ хийлгээд 1 сарын эмчилгээтэй буцсан. Б.Мөнхчулуун өөрөө ирээд уучлал гуйгаад Орхон аймагт хийлгэсэн бүх эмчилгээний зардлыг төлсөн. Нийт 3000000 төгрөгний эмчилгээний зардал гарсныг Б.Мөнхчулуун төлж барагдуулсан байгаа гэх мэдүүлэг /хх 16 тал/

Гэрч Мөнхбатын  өгсөн: Би 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлаасаа буугаад Улаанбаатар хотоос Тэшиг суманд ирсэн. Тэгээд хэрэг болдог өдрийн өглөө 12 цагийн үед Б.Мөнхчулуунтай уулзахад самарт яваад ирсэн самарын хишиг гээд 1 ширхэг 2.5 литрийн нийслэл нэртэй пиво авч өгөэд бид хоёр манай ахын гэрийн хашаанд хувааж уусан. Би ахын дэлгүүрт түр сууж байсан болохоор хэлээд бид хоёр салцгаасан. Тэгээд орой 17 цагийн үед хүн орж ирэхгүй болохоор нь дэлгүүрээ хаагаад явж байгаад Б.Мөнхчулуунтай тааралдаад дахиад нэг пиво уучихъя гэж хэлээд бид хоёр 2 ширхэг 2.5 литрийн пиво авсан. Сумын төвөөс гарч уухаар болж "Хар толгой"-н ар талд очсон. Пивоо уугаад сууж байхдаа би Өлзий гээд нутгийн найзыгаа дуудсан чинь Г.Батбаатартай хамт явж байна одоо очлоо гэж хэлээд удаагүй тэр хоёр хүрч ирсэн. Харахад Г.Батбаатар нилээд халамцуу Өлзий зүгээр эрүүл байх шиг харагдсан. Тэгээд үлдсэн пивио хувааж уугаад дуусч байхад Б.Мөнхчулуун, Г.Батбаатар нар яг юунаас болж маргалдсан юм мэдэхгүй муудалцаж хэрэлдээд байхаар нь би Г.Батбаатарыг татаж босгоод хүмүүсээс холдоод одоо боль битгий нэг нэгрүүгээ дайраад бай гэж хэлээд зогсож байхад Б.Мөнхчулуун хүрч ирээд Г.Батбаатарын толгой хэсэгруү нь тохой хэртэй бөөрөнхийдүү модоор цохьсон. Дахиад цохиход нь би гараараа хаасан чинь Г.Батбаатар хойшоогоо унасан. Би Мөнхчулууныг болиоч чи хүн алах нь гэж хэлэхэд Б.Мөнхчулуун модоо хаяхад н.Өлзий цаанаас найзыг цохьчихлоо гээд ухас хийсэн. Тэр үед Б.Мөнхчулуун зугтаад гүйгээд явчихсан. Г.Батбаатарыг харахад толгойноос нь цохьсон хэсгээс нь цус бага зэрэг гарч байсзн. Тэгээд н.Өлзий бид хоёр Г.Батбаатарыг эмнэлэгт хүргэж өгсөн. Мөнхчулуун Батбаатарын толгойн урд хэсэгрүү нь цохих шиг болсон. Эхлээд бол нэг цохьсон дахиад цохиход нь би гараараа хальт хаасан. Би Батбаатарын урдаас хараад юм яриад зогсож байсан. Мөнхчулуун, Өлзий хоёр пиво ууж байсан газраа уг нь үлдсэн юм. Тэр хоёр жаахан зайтай байсан. Мөнхчулуун миний араас ирээд Батбаатарыг цохьчихсон. Цаг 20-21 цагийн үед байх гэгээ тасраагүй байсан. Мөнхчулуун модоо хаячихаад гүйсэн. Одоо байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. Бид дөрөвөөс өөр хүний ойролцоо байхгүй. Яг юунаас болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан маргалдаад байхаар нь би Г.Батбаатарыг татаж босгоод одоо боль гэж хэлж байсан юм. Өр авлага, өс хонзонгийн талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 17 тал/,

Гэрч Т.Дашдондогийн өгсөн:  2016 оны 11-р сарын 01-ний өдөр Тэшиг сумын 3-р багийн иргэн Г.Батбаатар нь Б.Мөнхчулуунд 2016 оны 09-р сарын 14-ний өдөр толгойруугаа модоор цохиулж гэмтэл авсан одоо эмчилгээ хийлгэж байгаа эмчилгээний зардал мөнгө өгөхгүй байна гэсэн гомдол гаргасаны дагуу материалжуулж шалгасан юм. Шалгаад гэмтлийн зэрэг тогтоолгоход хүнд зэргийн гэмтэл гарсан учраас харъяаллын дагуу мөрдөн байцаалтанд шилжүүлсэн гэх мэдүүлэг/хх 18 тал/

Шүүгдэгч Б.Мөнхчулууны сэжигтнээр байцаагдаж өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын  14-ний өдөр  12  цагийн үед Мөнхбаттай тааралдаад бид хоёр самрын хишиг гээд 1 ширхэг 2.5 литрийн нийслэл нэртэй пиво аваад Мөнхбатын ахын гэрт хүн байхгүй болохоор нь хашаанд хувааж уучихаад салсан. Тэр өдрийн 16 цаг 30 минутын үед дахиж   дэлгүүрүүдийн ойролцоо таараад дахиад 2 ширхэг 2.5 литрийн нийслэл пиво аваад сумын баруун хойно байдаг Хар толгой гэж нэрлэдэг хандгайн дүрстэй хөшөөтэй уулын ар талд очиж уугаад сууж байхад найзууд болох Г.Батбаатар, Өлзий нар ирсэн. Тэгээд нөгөө 2 ширхэг пивоо ууж дуусч байх үед Батбаатар нилээн халчихаад намайг баярхуу пизда гэх зэргээр доромжилоод бид хоёрын дунд маргаан болсон. Тэгээд бид нар тарцгаах гээд Г.Батбаатар, н.Мөнхбаттай юм яриад зогсож байхад нь би тэр хавьд газар хэвтэж байсан 40 см орчим урттай, бөөрөнхийдүү мод байхаар нь аваад толгой хэсэгрүү нь чиглүүлээд 2 удаа цохьчихсон. Тэр үед Мөнхбат болиоч  хүн аллаа шүү дээ гэхэд нь би сэхээ аваад харсан чинь Г.Батбаатар газар суучихсан байхаар нь гарт байсан модоо хаясан. Тэгэхэд Өлзий пизда минь найзыг цохьчихлоо, чамайг ална шүү гээд ирэхээр нь би зугтаачихсан. Зугтаад нэг найзынхаа хашаанд ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө 07 цагийн үед гэртээ орсон чинь эхнэр чи хүний толгой тархируу модоор цохиод хагалчихсан байна шүү дээ, чи хаагуур яваад байгаа юм гэхээр нь би сайн санахгүй байна гэсэн чинь тийм юм болчихсон байна чи эмнэлэгт очиж тэр хүнтэйгээ уулз гэсэн. Би эмнэлэг ороход байхгүй гэртээ гарсан байсан тул гэрлүү нь яваад очиход 2-3 согтуу залуу гадна нь байхаар нь би айгаад очиж чадаагүй. Тэгээд тэр өдрөө очиж уулзаж чадаагүй. Маргааш өглөө 11 цагийн үед гэрт нь очиж уулзахад чи  намайг цохьчихсон шүү дээ би ингээд оёо тавиулаад байж байна гэж хэлсэн. Тэгээд эмчилгээ хийлгэе гээд Булган аймагт ирэхэд эмч нар хурал, зөвлөгөөнтэй байсан тул шууд Эрдэнэт аваад орсон. Тэнд очиж тархины зураг авахуулаад нэгдсэн эмнэлэгт нь хэвтүүлсэн гэх мэдүүлэг /хх 40, 41 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 347 тоот:

1. Батбаатарын биед баруун зулай ясны дотогш цөмөрсөн л хугарал,  баруун чамархай ясны шугаман хугарал, тархины эдийн цус хуралт, хатуу хальсан дээрх цусан хураа, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна.

5. Дээрхи гэмтэл нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх 24 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1 дүгээр тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2-4 дүгээр тал/, хэрэг учирлын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-08 тал/, хохирол төлбөр барагдуулсан баримт /хх 09 тал/, хохирогчийн мэдүүлэг /хх 12 тал/, хохирогчийн өвчний түүх /хх 25-33 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн мэдүүлэгүүд /хх 19-22 тал/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 44-49 тал/, ял шалгуурын хуудас /хх 50 тал/, зэргийг  судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд 2015 оны 09 дүгээр сарын 14-ний орой Булган аймгийн Тэшиг сумын нутаг “Хар толгой” гэх газарт Г.Батбаатар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мөнхчулууныг “баярхуу пизда” гэж хэлснээс үүдэлтэй маргаан тэдний хооронд үүсч улмаар Б.Мөнхчулуун нь Г.Батбаатарын толгойн тус газар модоор цохиж амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь хохирогч Г.Батбаатарын өгсөн ... 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би Өлзийгийн хамт Хар толгой-н ард очиход Мөнхбат, Б. Мөнхчулуун нар 1 шил 0.5 литрийн ерөөл архи дөнгөж задалсан байдалтай 1 ширхэг 2.5 литрийн Сэнгүүр пиво бараг уугаад дуусч байсан. Тэгээд бид дөрөв тэр 0.5 литрийн архийг хувааж уугаад за явцгаая гэж босоод би Мөнхбаттай яриад зогсож байхад араас Б.Мөнхчулуун модоор толгой руу цохьчих шиг болсон.  Тэгээд би ухаан алдаад сумын эмнэлэгт сэрсэн.  Тархиндаа хүнд гэмтэл авсан байсан. Орхон аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний зардлыг шүүгдэгч төлж барагдуулсан гомдол саналгүй гэх, гэрч Э.Ариунтуяагийн өгсөн: 2016 оны 09-р сарын 14-ний орой 23 цагийн үед манай сумын эмнэлгээс нөхөр чинь эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсний дагуу яваад очиход манай нөхөр Г.Батбаатар ухаангүй байдалтай толгойныхоо баруун зүүн талд нь цус хурчихсан цусан хурааг нь эмч аваад оёдол тавьж байсан  нөхөр маань хэлэхдээ Мөнхчулуун модоор толгой руу цохьсон ..гэх, гэрч Мөнхбатын  өгсөн: ...Хар толгойн ар талд  Г.Мөнхчулуун, Өлзий, Г.Батбаатар бид 4 архи, пиво уугаад дуусч байхад Б.Мөнхчулуун, Г.Батбаатар нар яг юунаас болж маргалдсан нь мэдэгдэхгүй муудалцсан. Би Г.Батбаатарыг татаж босгон хүмүүсээс холдоод одоо боль битгий нэг нэгрүүгээ дайраад бай гэж хэлээд зогсож байхад Б.Мөнхчулуун хүрч ирээд Г.Батбаатарын толгой руу нь тохой хэртэй бөөрөнхийдүү модоор цохьсон. Дахиад цохиход нь би гараараа хаасан чинь Г.Батбаатар хойшоогоо унасан гэх,  гэрч А.Содбилэгийн өгсөн: ..2016 оны 11-р сарын 01-ний өдөр Тэшиг сумын 3-р багийн иргэн Г.Батбаатар нь Б.Мөнхчулуунд 2016 оны 09-р сарын 14-ний өдөр толгойруугаа модоор цохиулж гэмтэл авсан одоо эмчилгээ хийлгэж байгаа эмчилгээний зардал мөнгө өгөхгүй байна гэсэн гомдол гаргасаны дагуу материалжуулж шалгасан юм. Шалгаад гэмтлийн зэрэг тогтоолгоход хүнзд зэргийн гэмтэл гарсан учраас харъяаллын дагуу мөрдөн байцаалтанд шилжүүлсэн гэх хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршигийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Батбаатарын биед мохоо зүйлийн үйлчлэлээр амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны 347 тоот дүгнэлт, хохирогчийн өвчний түүх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Мөнхчулууны өмгөөлөгч П.Ган-Очир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолвол зохих байдлууд нотлогдоогүй, өөрөөх хэлбэл өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч нар юугаар цохьсон эх сурвалжаа зааж мэдүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, түүнчлэн гэмтлийг тогтооход ач холбогдол бүхий толгойн КТГ гэрэл зургийг хэрэгт хавсаргаагүй гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч Б.Мөнхчулууны хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Батбаатарын... Мөнхчулуунд толгойндоо модоор цохиулж хүнд гэмтэл авсан талаархи мэдүүлэг, тухайн үйл баримт болох үед хажууд нь байж хохирогчийн толгой руу шүүгдэгч Мөнхчулуун тохой хиртэй модоор цохиж газарт унаж байхыг харсан  гэрч Мөнхбатын ...мэдүүлэг, нөхрөө эмнэлэгт хүргэгдэж очсоны дараа толгойндоо гэмтэл авсан байсаныг мэдсэн, эмч цусан хурааг авч оёдол тавьж байсан, Мөнхчулуун толгой руу модоор цохьсон талаар хэлж байсан... гэх Э. Ариунтуяагийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Мөнхчулуун нь хохирогч Г.Батбаатарын толгойн тус газарт модоор цохьсон болох нь тогтоогдож байна. Мөн хэрэг учрал 2016 оны 9 дүгээр сарын 14-ний  орой болсон байхад хохирогч Г.Батбаатар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, гомдол мэдээлэлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэрэг учралын газарт хийсэн нөхөн үзлэгээр уг гэмт хэргийн ул мөр бүхий эд зүйл олдоогүй байна.

Хохирогчийн тархины компьютерт томографийн зурагны тайлбар нь хх 24 талд авагдсан төдийгүй, шинжээч 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 347 тоот  дүгнэлтэндээ эх сурвалжаа тодорхой заасан байна. Иймд өмгөөлөгчийн хэрэгт эд мөрийн баримтыг ирүүлээгүй, тархины компьютерт томографийн зургыг хавсаргаагүй гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Мөнхчулууны бусдын бие махбодийг гэмтээж, амь насанд аюултай байдалд хүргэсэн дээрхи үйлдэл нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна.

 Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Мөнхчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Батбаатарын биед хүнд гэмтэл учирч түүнийг эмчлүүлэхтэй холбогдож гарсан зардалд шүүгдэгч Б.Мөнхчулуун нь 3000000 төгрөгийг төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хорыг арилгаснаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Хохирогч Г.Батбаатар нь уг гэмтэлтэй холбоотойгоор цаашид эмчилгээ, оношлгоо хийлгэсэн тохиолдолд Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй юм.

Шүүгдэгч Б.Мөнхчулуунд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг согтуугаар үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд, зүйл, бичиг баримтгүй бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон  хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гөрөөчин овогт Батсуурийн Мөнхчулууныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхчулууныг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхчулуунд оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Мөнхчулуун цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхчулуунд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.        

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНДУЛАМ

                                         ШҮҮГЧИД                                   С.ЦЭРЭНХАНД

                                                                                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН