Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 143/ШШ2020/0013

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г

Хариуцагч: Ө а З д

Нэхэмжлэлийн шаардлага: “Ө а З д  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн Д.Г од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г ын өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагч Ө а З д  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө а З д  2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 269 дүгээр захирамжаар Д сумын нутаг дэвсгэрт байрлах 3400 м2 газрыг зочид буудлын зориулалтаар, 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0089295 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Ө а З д  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэр гарсан байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

Ө а З д ас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр                    1-2397 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бий болсон тул санал, тайлбараа ирүүлэхийг мэдэгдсэн. Тухайн мэдэгдлийн дагуу миний зүгээс хариу албан бичиг хүргүүлсэн. Уг хариу тайлбарт барилгын зураг төслийн ажил дуусаагүйгээс барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байгаа талаар дурдсан. Хэрвээ санал, тайлбараа ирүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явагдсанд тооцно. Мэдэгдлийн утгаас харахад санал, тайлбараа ирүүлснээрээ ямар нэг шалтгааныг тодруулж байгаад, газар эзэмших эрхийг цуцлах үгүйг шийдвэрлэнэ гэж ойлгоод иргэн Д.Г  тайлбараа өгсөн. Барилгын ажлын зураг төслөөс шалтгаалж газраа зориулалтын дагуу ашиглах, барилгын ажил эхлүүлэх боломжгүй байсан. Өөр этгээдийн буруутай үйл ажиллагаа байхгүй.

Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс зураг төслийн ажил юунаас шалтгаалж удааширч байгааг тодруулалгүйгээр гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх хэсэгт заасан зүйлийг маргаан бүхий захирамжид тусгаагүй байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг баримтлан захирамжаа гаргасан байдаг. Тэгэхээр энэ захирамжид сонсох ажиллагааг ямар хэлбэрээр, яаж явуулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй захиргааны акт гарсан байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасныг захирамжийн үндэслэл болгосон, хуулийг буруу хэрэглэсэн байдаг.

Түүнчлэн намайг газраа 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2 жил дараалан зориулалтын дагуу эзэмшээгүй гэдэг үндэслэлээр 2007 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх нь аймгийн Засаг даргад нээлттэй байсан байтал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Ө а З д  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн Д.Г од холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө а З д  Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Болдбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Ө а З д  2005 оны 269 дүгээр захирамжаар иргэн Д.Г од тус аймгийн Д сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3400 м2 газрыг Зочид буудлын зориулалтаар, 60 жилийн хугацаатай эзэмшүүлэн, 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээг байгуулсан байна.

Өмнөговь аймгийн Хот байгуулалтын зөвлөл 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж “Газар эзэмшсэнээс хойш 14 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй буюу ямар нэгэн ажил хийгдээгүй, эскиз зураг батлуулаагүй, Газар эзэмшүүлэх гэрээний 5.5-д заасны дагуу эзэмшлийн газрын гадаад тохижилт, өнгө үзэмж, ногоон байгууламжид анхаараагүй, гэрээний үүргээ зөрчсөн” гэж үзэн Д.Г ын газар эзэмших эрхийг цуцлах санал гаргасан.

Тухайн үед газрын эзэмших эрхийг олж авснаас хойш Д.Г  нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй 2019 оныг хүрсэн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар эзэмшигчийн хооронд хийсэн гэрээгээр зориулалтын дагуу ашиглах, 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газрыг цуцлах гэрээнд гарын үсэг зурж, харилцан тохиролцсон. Гэрээнд зориулалтыг нарийвчлан заасан 2380 м² газар дээр нь барилга байгууламж, 1020 м² газар дээр ногоон байгууламж барина гэж зааж өгсөн. Гэвч гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар ногоон байгууламж, орчны тохижилтод анхаараагүй огт хаячихсан учраас аймгийн Засаг дарга хууль ёсны шийдвэр гаргасан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг хуульчилсан. Газар эзэмшигч иргэн нь 2005 оноос хойш Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул аймгийн Засаг даргын 2019 оны А/1184 дүгээр захирамж гарч нэхэмжлэгч Д.Г ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно.

Хэрэгт нотлох баримтаар өгсөн Эскез зураг төсөл нь маргааны зүйл болсон газар дээр баригдах эсэх нь тодорхойгүй байна. Зураг төслийг нөхөж хийсэн байх бүрэн боломжтой байна. 2005 оноос 2018 оныг хүртэл юу хийж явсан юм бэ. 2018 оны 10 дугаар сард гэрээ хийгдсэн байна. Гэрээ дээрх үнийн дүн нь зөрөөд байгаа нөхцөл байдал байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт сонсох ажиллагааны хэлбэрийг тодорхойлж зохицуулсан. 27.4.2 дахь хэсэгт зааснаар саналыг бичгээр авч болно гэсэн учраас Д.Г оос газар эзэмших эрхийг цуцлах болсонтой холбоотойгоор санал, тайлбарыг авсан. Сонсох ажиллагааг хуулийн хүрээнд явуулж, нэхэмжлэгчээс газар эзэмших эрх ашиг нь хөндөгдөх эсэх талаарх санал, тайлбарыг авч ажилласан. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл байхгүй.

Д.Г  нь 14 жил газраа ашиглаагүй бөгөөд 2007 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлаагүй нь одоо Ө а З д  эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Г  нь “шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцохгүй, өмгөөлөгчөө оролцуулна” гэж шүүхэд утсаар мэдэгдсэн тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно.

Нэхэмжлэгчээс “Ө а З д  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн Д.Г од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Өмнө нь нэхэмжлэгч Д.Г  нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 дахь удаагаа хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 120/ШЗ2020/0047 дугаар[1] захирамжаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаасан” байна.

Анх Ө а З д  2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 269 дүгээр[2] захирамжаар Д.Г од Зочид буудлын зориулалтаар 3400 м2 газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Уг захирамжид эзэмшүүлэх газрын байршлыг “Их аргалант” ХХК-ийн хойд талд (одоогийн Д зочид буудал) гэж тодорхойлсон бөгөөд маргаж буй газрын байршлын талаар талууд маргаагүй болно.

Маргаж буй Ө а З д  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1184 дүгээр[3] захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг тус тус баримталж, “эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Д.Г ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчээс “аймгийн Засаг даргаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу хариу тайлбар хүргүүлсэн, сонсох ажиллагааг ямар хэлбэрээр явуулсан нь тодорхойгүй. Зураг төсөл удааширч байгаа, газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн талаар тодруулалгүй захиргааны акт гарсан” гэж тайлбарлан маргаж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасан бөгөөд эрх бүхий этгээд хуулийн дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан эсэх, мөн “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” нөхцөл байдлыг тодруулж, тогтоосон байх хуулийн шаардлагатай юм.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан. Дээрх хуульд заасны дагуу хариуцагч нь захиргааны акт гаргахаас өмнө Д.Г од Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн тухайгаа мэдэгдсэн, сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал, Ө а З д ас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1-2397 дугаар[4] албан бичгээр “...40.1.6 дахь заалтын дагуу...хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тул...санал, тайлбараа ирүүлнэ үү” гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн, Д.Г  уг мэдэгдлийг хүлээн авч хариуг 10 дугаар сарын 04-ний өдөр[5] хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчээс тухайн үед “зураг төслийн ажил удааширч байгаа учраас барилгын ажил эхлүүлэх боломжгүй байгаа болон газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй тухай” үндэслэл бүхий тайлбарыг холбогдох нотлох баримтуудын хамт захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй ажээ.

Иймээс захиргааны байгууллага нь шийдвэр гаргахаас өмнө уг актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” тусгай зарчим хэрэгжсэн байх тул нэхэмжлэгчийн Зураг төсөл удааширч байгаа талаар тодруулалгүй захиргааны акт гарсан” гэх үндэслэл няцаагдаж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м) байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35.3.1-д газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх” эрх, үүрэгтэй байна.

Д.Г од Д сумын нутаг дэвсгэрт 3400 м2 газрыг Зочид буудлын зориулалтаар эзэмших Газар эзэмших эрхийн 0089295 дугаар гэрчилгээг[6] 2005 оны 10 дугаар сарын 10-ний өдөр олгож, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[7]”-г 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулжээ. Нэхэмжлэгч нь эзэмшиж буй газрын зориулалт өөрчлүүлэх хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаж байгаагүй атлаа тухайн газарт Гэрлэх ёслолын ордон барина гэж буй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1-д заасантай нийцэхгүй байна.

Түүнээс гадна Өмнөговь аймгийн төвийн хот байгуулалтын төлөвлөлт болон Д сумын нутаг дэвсгэрт “Гэрлэх ёслолын ордон” барих төлөвлөлт огт хийгдээгүй байх бөгөөд харин Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан Д сумын төвийн хэсгийн 150 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд маргаж буй газар дээр “нийтийн эзэмшлийн зориулалтаар авто машины зогсоол” төлөвлөгдсөн болох нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 715 дугаар албан бичиг, Д сумын төвийн хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[8] нотлогдож байна.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас[9] “Д.Г оос эзэмшил газрын зориулалтыг өөрчлөх, Гэрлэх ёслолын ордон барих тухай хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаагүй” гэж тайлбар гаргасан.

Өмнө нь шүүх[10] нэхэмжлэгчээс маргаж буй газарт барих барилгын зураг төсөл, 2005 оноос хойш зориулалтын дагуу хэрхэн эзэмшин, ашиглаж байсан талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтуудыг шаардахад 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “нэхэмжлэгчид Зочид буудлын болон Гэрлэх ёслолын ордны зураг төсөл... баримтууд байхгүй” гэх тайлбарыг бичгээр ирүүлж байсан. Гэтэл шүүх хуралдаанд “Иргэн Д.Г ын Өмнөговь аймагт баригдах Гэрлэх ёслолын ордон” эскиз зураг гэх баримтыг өгсөн бөгөөд уг зурагт Өмнөговь аймгийн ерөнхий Архитектор, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нар зөвшөөрч, баталж гарын үсэг зураагүй, мөн “Гэрлэх ёслолын ордон” эсхүл “Хүүхдийн ордон”, “Хуримын ордон” гэх зэргээр нэршил зөрүүтэй, Эскиз зургийн хуудас тус бүрд зургийн архитектор гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажаагүй зэргээс үзвэл батлагдсан эх загвар зураг (эскиз) биш байх тул Эскиз зураг, Зураг төсөл боловсруулах ажлын гэрээг[11] нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.Г  хуулийн дагуу эзэмших эрх үүссэн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглахад бусдын буруутай хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, газар эзэмшигчээс үл хамаарах “хүндэтгэн үзэх шалтгаан-тай байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, мөн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хуанлийн бүтэн 14 жил эзэмшин, ашиглаагүй, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл уг газарт байшин барилга, газрыг тойруулан хашаа бариагүй болох нь хэрэгт авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, маргаан бүхий газрын фото зургаар[12] тогтоогдож байна.

Иймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдсон бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байх тул Д.Г ын Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ө а З д  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамж үндэслэл бүхий болжээ.

Захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан заалтыг баримтлах шаардлагагүй бөгөөд энэ нь захиргааны сонсох ажиллагаа, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамааралтай зохицуулалт болохыг дурьдах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн тул хариуцагч нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч Д.Г ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байх тул “Ө а З д  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн Д.Г од холбогдох хэсгийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г ын “Ө а З д  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1184 дүгээр захирамжийн Д.Г од холбогдох хэсгийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Д.Г оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ЦЭЦЭГМАА


[1] Хавтас хэргийн 40-41 дэх хуудас

[2] Хавтас хэргийн 29 дэх хуудас

[3] Хавтаст хэргийн 36-37 дахь хуудас

[4] Хавтас хэргийн 34 дэх хуудас

[5] Хавтас хэргийн 16, 64 дэх хуудас

[6] Хавтас хэргийн 50 дахь хуудас

[7] Хавтас хэргийн 53-54 дэх хуудас

[8] Хавтас хэргийн 66-68 дахь хуудас

[9] Шүүх хуралдааны тэмдэглэл 7 дахь нүүр

[10] Хавтас хэргийн 60-61 дэх хуудас

[11] Хавтас хэргийн 102-104 дэх хуудас, мөн хэрэгт хавсаргасан Эскиз зураг

[12] Хавтас хэргийн 73-76 дахь хуудас