Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 01003

 

      С.О-ын нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00261 дүгээр шийдвэртэй С.О-ын нэхэмжлэлтэй, Н.Н-д холбогдох

  Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 1 478 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

       Нэхэмжлэгч С.О шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байр 2012 онд ашиглаланд орсноос хойш одоог хүртэл амьдарч байна. Манай байрны 114 тоот айлаас ус алдаж бидэнд эрүүл, аюулгүй, тайван амьдрах нөхцлийг алдагдуулж, гэрт хохирл үүсч, гэрэл тоггүй болж, эд хогшил нурж гэмтсэн нь хариуцагчийн хайхрамжгүй байдлаас болж байсан. 2014, 2015, 2016 онуудуда тус тус 1 удаа паарнаас ус алдаж, эд хөрөнгөд учруулсан боловч хохирлоо барагдуулж байгаагүй. Сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр энэ 5 давхарын Н.Н-ийн том өрөөнйих нь паарнаас их хэмжээний ус алдаж манайхаар дамжин доод айл руу орсон.  ОСНААУГазарт яаралтай мэдэгдэж усыг бүхэлд нь хаалгаж, ОСНААУГ-аас Сонгинохйрхан дүүргийн 29 дүгээр хороо, 133/4 дүгээр байрны 5 давхарын 114 тоот буюу манай доод айлын том өрөөний паарны боолт нь суларснаас болж манайд ус алдаж, хохироосон гэсэн дүгнэлт буюу акт тогтоосон. Үүнээс улбаалан паркетан шал бүхэлдээ усанд автан дээш товойсон, хана тааз бүх талаараа усанд автсанаас обой хууларч шохой нь унасан, монтаж руу ус орсноос нойлын өрөө бүхэлдээ гэрэлгүй болсон.

          Манай том өрөөний 4х5 хэмжээтэй хивс усанд норж шинж чанар, өнгөө алдсан. Иймд хариуцагч Н.Н-ээс засварын зардал 593 500 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 688 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 56 500 төгрөг, үнэлгээний тайлангийн 81 500 төгрөг, нэхэмжлэл бичүүлсэн 15 000 төгрөг, унааны зардал 20 000 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 1 478 750 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч нар гэртээ байгаагүй. Энэ өдөр дулаан ирж, ус алдсан. Ус алдалт 2 цаг шахамж үргэлжилсэн. Тухайн үед Ө.Б-нд хүн байсан. Ж.Н гэх хүн дуудлага өгч контороос усыг хаасан. Нэхэмжлэгч нар өөрсдөө дуудлага өгөөгүй. Ус алдсан даруй дуудлага өгсөн бол бага хохирол учирах байсан. О.Б-ийн эхнэр урьд нь Н.Н-д байрандаа супер засвар хийх гэж байгаа гэж хэлсэн байдаг. О.Б-ийнх засвар хийх гэж байгаа учраас дуудлага өгөөгүй юм байна гэж би үзэж байна.

Нэхэмжлэгч нар даатгалаас 277 340 төгрөг авсан. Даатгал хохирлыг бага тогтоосон гэж үзэж байгаа бол даатгалтай ярилцах хэрэгтэй. Паарны боолт хуучраагүй тул сулрах боломжгүй, гэнэт паарны боолт задарсан байгаа н.О гэж хүн Н.Н-д орж үзээгүй байж дүгнэлт гаргасанд гайхаж байна. Харин сүүлд дүгнэлт хийсэн н.Ү гэж хүн орж үзсэн. Манайхыг паараа шалгуулаагүй гэдгийг ямар нотлох баримтаар нотолж байгааг ойлгохгүй байна. Боолт сулрахыг мэдэх боломжтой. Харин паарны  боолт задрахыг хэн ч мэдэхгүй учраас давагдашгүй хүчин зүйлийн улмаас асуудал үүссэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Н-ээс 1 255 300 /нэг сая хоёр зуун тавин таван мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 610 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 34 678 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч Н.Н-ээс шинжээчийн зардалд 60 000 төгрөгийг гаргуулж “Х” ХХКомпанид олгож шийдвэрлэжээ.

      Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлэн нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Үүнд: нэхэмжлэгч талаас анх Улаанбаатар хотын даатгалд хүсэлт гарган хохирлоо бүрэн барагдуулсан. Улаанбаатар даатгалын үнэлснээр нийт хохирлын хэмжээ 277 340 төгрөг болсон ба энэ нь үнэн зөв болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж мөнгөө авсан байдаг. Шүүгч үүнийг үнэлээгүй шийдвэр гаргахдаа энэ дүнг хасч тооцоогүй нь анхан шатны шүүхийн шийдвэр нэг талыг барьсан болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч тал Улаанбаатар даатгалаас мөнгө авахаасаа өмнө “А” ХХК-иар үнэлгээ гаргуулсан байсан. Энэ үнэлгээ нь нэг талыг барьсан илэрхий бодит бус тоо мэдээлэлтэй байсан. Манай зүгээс “А” ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хэлэхэд шүүх ахиж үнэлгээ хийлгэнэ гээд шүүх хуралдааныг хойшлуулаад “Х” ХХК-иар үнэлгээ гаргуулсан. Энэ үнэлгээг хийлгэх хүсэлтийг манай зүгээс өгөөгүй байхад хариуцагч талын хүсэлтээр үнэлгээ хийлгүүлсэн гэжээ. Хэрэгт ахин үнэлгээ хийлгэх талаар баримт байхгүй. Мөн сүүлд шүүх хуралдааны хүсэлтээр “Х” ХХК хийсэн үнэлгээг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үнэлгээг 2 талыг байлцуулалгүй зөвхөн О.Б-ийн гэрт орж уулзаад гаргасан тухай маргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрт “Х” ХХК-ийн 1 154 800 төгрөгөөр үнэлсэн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзэж нотлох баримтаар тооцсон тухай дурджээ.

      Шүүхээс манай талыг өөрийн эзэмшлийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй гэжээ. Халаалт ирэхээс өмнө манайх паараа шалгуулсан ба ямар нэгэн гэмтэл илрээгүй, халаалтын дүүргэлт хийгдэх үед даралттай уснаас үүдэн гэнэт паарны залгаа задарсан болно. Гэнэт задарсан талаар тухайн үед ОСНАА газраас гаргаж өгсөн техникийн комиссын дүгнэлт акт дээр тодорхой дурдагдсан. Мөн О.Б-ийн гэрт хүнтэй байсан боловч дуудлага өгөөгүй, 2 цаг орчим байсан нь баримтаар нотлогдож байхад энэ талаар огт авч үзээгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

      Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн гэм хор учруулсантай холбоотой маргааны үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

       Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Н.Н-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 688 200 төгрөг, засварын зардал 593 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 500 төгрөг, үнэлгээний тайлангийн 81 500 төгрөг, нэхэмжлэл бичүүлсний үнэ 15 000 төгрөг, унааны зардал 40 000 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 1478 500 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

    Хариуцагч Н.Н-ийн орон сууцны зочны өрөөний паарнаас ус алдаж, нэхэмжлэгч С.О-ын эд хөрөнгөд гэм хор учирсан болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Харин  хариуцагч паарны боолт сулраагүй, задарсан нь давагдашгүй хүчин зүйл учраас төлбөр төлөхгүй гэж маргасан байна.

          2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Н.Н-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 133/4 дүгээр байрны 5 давхарын 144 тоот орон сууцны  зочны өрөөний паарнаас ус алдсны улмаас тус байрны 4 давхарын 106 тоотод  оршин суух, С.О-ын орон сууцны өрөөний таазны шохой, обой, паркетан шал, эд зүйл усанд норж, хуурч, гэмтсэн буюу  түүний эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 10-ны Техникийн комиссын акт болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хх 72,84-85/ Иймд хариуцагч Н.Н нь Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын эд хөрөнгөд  учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо шаардах эрхтэй.

     Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээд” гэж заасан бөгөөд хэрэглэгч нь мөн хуулийн 15 дугаар зүйлиййн 15.1.8-д “Өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх”, 15.1.12-д “Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд хариуцагч нь өөрийн өмчлөлийн орон сууцны доторх усны шугамын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

  Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд, маргааны үйл баримтын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэсэн байна.

         Хэрэгт авагдсан “А” ХХК-ийн 1 301 700 төгрөгийн хохирлын үнэлгээг хариуцагч эс зөвшөөрсөн тул шүүхээс “Х” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг 1 154 800 төгрөгөөр үнэлснийг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хариуцагчаас нийт 1 255 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

          Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хариуцагчид хуваарилсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт зааснаар бусдын эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.

Хариуцагч паарны боолт задрахыг мэдэх боломжгүй учраас давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэ нөхцөл байдал үүссэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

    Даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг болон Даатгалын тухай хуулиар зохицуулсан байх тул даатгалын гэрээний дагуу олгосон нөхөн төлбөрийг, хариуцагчийн төлбөрт хамааруулан хасч тооцох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаа, гэрээний бус үүргийн харилцаа нь тус тусдаа зохицуулагдах тул даатгуулагчид олгосон даатгалын нөхөн төлбөрийг энэ хэргийн хариуцагчийн төлөх төлбөрөөс хасч тооцох боломжгүй юм.

      Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-тзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/00261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА