Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 06

 

Н.Бид холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Д.Ширэндэв,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

         Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/16 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Н.Б-д холбогдох, эрүүгийн 1919002280193 дугаартай, 2 хавтас, 339 хуудас бүхий хэргийг хяналтын прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

     Яллагдагч: Н.Б-д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

      Яллагдагч Н.Б нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цагдаагийн хэсгийн баг, хороо хариуцсан цагдаагийн ажил эрхэлдэг бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчим иргэн Г.Ө-с ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн дагуу сэжигтэн Ш.Ц-г Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрээс барьж авч ирж тус сумын Цагдаагийн хэсгийн байранд түүний өгзгөн тус газар нь бороохойдон зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, ямар нэгэн шийдвэргүйгээр өглөөний 10 цагаас шөнийн 23 цаг хүртэлх хугацаанд Цагдаагийн хэсэг дээрээ байлгаж хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдан баривчилсан, саатуулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Яллагдагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж,

Яллагдагч Н.Б-д холбогдох эрүүгийн 1919002280193 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж,  

Хэрэгт эд мөрийн баримтаар хар өнгийн резинен, суран оосортой бороохой 1 ширхэг хураагдсаныг хэргийн хамт хүргүүлж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

         Хяналтын прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг ...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай... гэж дүгнэн прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  • ... Оролцогчдод шинжээч томилох тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг яллагдагчид танилцуулаагүйгээс шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах гэсэн хуульд заасан оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ гэжээ. Гэтэл энэ цаг хугацаанд Н.Б нь яллагдагчаар татагдаагүй байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт заасан оролцогчид хамаарахгүй байна. Тийм учраас оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
  • ... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр яллагдагч, яллагдагчийн өмгөөлөгч нараас хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд хэрэв хэргийг мөрдөн байцаалтанд буцаавал яллагдагч Н.Б-г өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгүүлэх хүсэлтэй гэж яллагдагчийн өмгөөлөгч санал гаргасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж тухайн нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгаж, мөрдөгчөөс тогтоолыг танилцуулж яллагдагч Н.Боос мэдүүлэг авсан. Яллагдагч Н.Б нь тогтоолтой танилцаад өмгөөлөгчгүй мэдүүлгээ өгье гээд мэдүүлгээ өгсөн, прокуророос хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5/192 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шийдвэрээ нэгэнт гаргасны дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаас “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх тухай” хүсэлт гаргасныг прокурор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд заасан журмын дагуу явагдсан ажиллагаа гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүх хуралдааны үед яллагдагч мэдүүлэг өгөх эрх нь нээлттэй бөгөөд зөвхөн яллагдагчийн дахин мэдүүлэг өгмөөр байна гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авсан талаараа хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.
  • ... Яллагдагч Н.Б-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд 2017 оны 09-р сарын 06-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан А/224/А102 дугаартай тушаалын хавсралтыг ашиглах шаардлагатай гэж өмгөөлөгчөөс үзэж байгаа бол шүүх хуралдааны шатанд гаргаж өгөх боломжтой бөгөөд энэ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл хэргийг заавал мөрдөн байцаалтанд буцааж байж тухайн эрх зүйн баримт бичгийг хэрэгт авч хийх талаар хуульчлагдаагүй байна.
  • ... Хэрэгт анхны шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж дахин шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дахин дүгнэлтийг прокуророос эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэв шүүх эргэлзээтэй гэж үзвэл шүүхийн шатанд дахин шинжилгээг хийлгэх боломжтой зэргээр шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хууль зүйн хувьд алдаатай дүгнэн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

       Аймгийн прокурорын газрын орлогч прокурор Д.Ширэндэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нэгдүгээрт, шинжээч томилсон тогтоолыг яллагдагч Н.Б-д танилцуулаагүй гэсэн байсан. Тухайн үед хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материал дээр зайлшгүй шинжээч томилж дүгнэлт гаргах нь зүйтэй гэсэн үндэслэлээр прокурор өөрөө шинжээч томилоод дүгнэлт гаргуулсан. Эсэргүүцэл бичээд байгаа асуудал нь гомдол мэдээллийн шатанд асуудал яригдаж байсан учир хэргийн оролцогч гэдэг асуудал яригдахгүй. Н.Б-н тухайд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар татагдсан. Энэ үеэс эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид албан ёсоор хамаарагдсан. Шинжээч томилсон тогтоол нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гарсан, яллагдагчаар татагдахаас 4 сарын өмнө үйлдэгдэж байгаа асуудал, энэ нь оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэхгүй юм. Хоёрдугаарт, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5/32 дугаартай яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг прокурор гаргасан. 2 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар хуудсанд өөрчлөлт оруулсан тухай тогтоолтой яллагдагч танилцсан талаар, 44-46 дугаар хуудсанд яллагдагчаас авсан мэдүүлэг авагдсан байгаа. Мэдүүлэг авахын өмнө Н.Б-с өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх үү гэдэг асуултыг асуухад өөрийнхөө эрхээ эдлээд, энэ удаад өмгөөлөгчгүй мэдүүлэг өгье гэсэн байна. 3 хоногийн дараа прокурор яллах дүгнэлт үйлдээд, яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж, шүүхэд хэргийг шилжүүлж байгаа талаар мэдэгдсэн байна. Маргааш нь 2019 оны 12 сарын 17-ны өдөр яллагдагч нь прокурорт өмгөөлөгчтэй мэдүүлэг өгье гэсэн хүсэлт гаргасан байна. Прокурор яллагдагчид яллах дүгнэлт үйлдэж яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж өгсөн, хэргийг шүүхэд шилжүүлж байгаа тул хүсэлтийг хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд зааснаар оролцогчоос гарсан хүсэлтийг шийдвэрлэсэн. Хууль зөрчсөн, эрхийг нь хязгаарласан зүйл тогтоогдохгүй байна. Прокурорын шийдвэр нь үндэслэлтэй байсан үгүйг шүүхээс дүгнэж байгаа нь өөрөө хуульд нийцэх үү гэдэг асуудал байна. Хэрэв хүсэлт гаргаад шийдвэрлээгүй бол өөр асуудал. Харин гаргасан хүсэлтийг прокурор өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хангах юм уу, хэсэгчлэн хангах, татгалзах нь прокурорын эрх хэмжээний асуудал. Шүүх нь прокурор хүсэлтийг үндэслэлтэй шийдвэрлэсэн үү, үндэслэлгүй шийдвэрлэсэн үү, хангаж шийдэх ёстой байсныг хангаагүй шийдсэн байна гэсэн асуудлыг ярих хууль эрх зүйн хэм хэмжээ байхгүй гэж бодож байна. Мэдүүлэг өгөх гэж байгаа асуудал нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан дээр яллагдагч мэдүүлэг өгдөг. Заавал хэргийг буцаагаад яллагдагчийн мэдүүлгийг авах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Гуравдугаарт, яллагдагч Н.Б нь албаны шалгалт хийсэн материалыг хэрэгт хавсаргах талаар прокурорт хүсэлт гаргасан. Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан журмыг хавсаргаач, энэ журмын дагуу мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулаач, албаны шалгалт авсан хүнийг гэрчээр оруулах шаардлагатай гэсэн хүсэлтийг прокурор С.Энхням хангалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, эрхийг нь хязгаарласан гэж шүүх үзсэн. Албаны шалгалт авсан материалыг хэрэгт хавсаргасан. 2 дугаар хавтаст хэргийн 8-26 дугаар хуудсанд хэрэгт ач холбогдолтой материалуудыг хавсаргасан байна. Албаны шалгалт гэдэг нь тухайн хүний албан үүрэг гүйцэтгэхтэй холбоотой дотоод журам, хариуцлага тооцох, сахилгын арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлэж байгаа шалгалтын ажиллагаа. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн үү, үгүй юу гэдэг асуудал нь Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан журмын дагуу явагддаг ажиллагаа биш. Тийм болохоор хүсэлтийг хүлээж аваагүй гэдэг асуудал нь үндэслэлгүй юм. Яллагдагч гомдол дээрээ хамтарсан журмын дагуу мөрдөн байцаалтыг явуулаач гэсэн хүсэлт гаргасан байгаа. Аливаа этгээд гэм буруутай юу, гэмт хэрэг хийсэн үү гэдэг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар л шийдвэрлэнэ. Хамтарсан журмаар мөрдөн байцаах ажиллагааг явуулах хууль зүйн ойлголт байхгүй. Хамтарсан журмаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байвал өмгөөлөгч нарын зүгээс тодорхой иш татаад хэргийн гэм бурууг нотлох баримтаар гаргаж өгөөд хэлэлцүүлээд явах боломжтой. Прокуророос албаны шалгалт явуулсан хүнийг гэрчээр байцаах шаардлагагүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, албаны шалгалт явуулсан хүнийг гэрчээр асуулгана гэдэг асуудал гомдол хүсэлтэд нь байгаа бөгөөд албаны шалгалт явуулсан хүн нь хэрэгт ач холбогдол бүхий гэрч биш. Яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй. Дөрөвдүгээрт, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах гэдэг асуудлын хувьд, хэрэгт 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй эсэх нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригдана. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг шинжлэн судалж харьцуулна. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, яллагдагч нар нь нэг шинжээчийн дүгнэлтэд итгэлтэй байх боломжгүй. Прокурор нь шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримттай харьцуулаад үнэн зөв байх үндэслэлтэй нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнээд байгаа. Өмгөөлөгч тэрийг яагаад үгүйсгэж байгаа гэдэг дээр мэтгэлцэх ёстой. Шүүх өөрөө эргэлзээ төрж байвал дахин шинжээч томилж асуудлыг шийдвэрлэх боломжтой. Шүүхээс бүрэлдэхүүнтэй шинжээч томилох боломжтой, заавал прокурорт буцаах шаардлагагүй гэж үзсэн. Тавдугаарт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурорын хамтарсан “Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх заавар журам”-ыг хэрэгт хавсаргаагүй гэдэг нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх ажиллагаа. Прокурорт уг асуудлыг буцааж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хавтаст хэрэгт хийлгэх гэдэг нь учир дутагдалтай. Шаардлагатай гэвэл шүүх хуралдаанаас холбогдох журмыг нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байсан. Иймд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/16 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.        

ТОДОРХОЙЛОХ нь:

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/16 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

     Учир нь: Прокурор С.Энхнямаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудалд хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шалгаж хяналгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн тул анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болсон байна гэж үзлээ.

      Дорноговь аймгийн Прокурорын газрын .... яллагдагч Н.Б-г Даланжаргалан сумын Цагдаагийн хэсгийн баг, хороо хариуцсан цагдаагийн ажил эрхэлдэг бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөөний 10 цагийн орчим иргэн Г.Ө-с ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн дагуу хохирогч Ш.Ц-г Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрээс барьж авчиран тус сумын Цагдаагийн хэсгийн байранд түүний өгзгөн тус газар нь бороохойдон зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, ямар нэгэн шийдвэргүйгээр өглөөний 10 цагаас шөнийн 23 цаг хүртэлх хугацаанд цагдаагийн хэсэг дээр байлгаж хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдан баривчилсан, саатуулсан, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл гаргасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

       Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөө иргэн Г.Ө-с Даланжаргалын сумын цагдаагийн байгууллагад иргэн Ш.Ц-г 11 настай Ө.Б охиныг гэртээ хүчиндэхийг завдсан гэсэн гомдлыг гаргасан ба гомдлын дагуу тус сумын цагдаа Н.Б, Г.О нар нь тус өдрийн 10 цагийн орчимд Ш.Ц-г гудамжинд явж байхад нь цагдаагийн байранд албадан авчирсан ба энэ үеэр эсэргүүцэл үзүүлсэн гэх үндэслэлээр түүний бөгсөн тус газар нь цагдаа Н.Б бороохойдсон, мөн түүнийг өглөөний 10 цагаас шөнийн 23 цаг хүртэл хугацаагаар цагдаагийн хэсэг дээр байлгасан үйл баримт болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1-д заасан  “Хууль бусаар баривчлах, саатуулах” гэмт хэргийн шинж болох “эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж” гэсэн тухайн гэмт хэргийн гол шинжийг нотолж, тогтоогоогүй орхигдуулж зөвхөн “бусдын эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан” гэсэнд үндэслэн яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

        Тодруулбал прокурор яллах дүгнэлтдээ яллагдагч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн гол шинжүүд болох эрх бүхий албан тушаалтан мөн эсэх /ямар хуульд заасан ямар эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан болох/, улмаар ямар хуульд заасан журмыг зөрчсөн /Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/, мөн тухайн зүйл хэсэгт заасан бусдын эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан гэх 3 шинжийн аль нь болох, эсхүл энэ бүх шинжийг нэг үйлдлээр хангасан зэрэг нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, заагаагүй байна.

         Энэ нь эрх бүхий албан тушаалтан гэдэг нь тодорхой хуульд шалган шийдвэрлэхээр эрх олгож харъяалуулсан эрүүгийн болон зөрчлийн хэргийг хянан шалгах эрх бүхий албан хаагч буюу Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8-д цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтаныг мөрдөгч гэж заасан ба цагдаа Н.Б нь Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан цагдаагийн алба хаагч болохынхоо хувьд Цагдаагийн албаны тухай хууль болон дээрх хуулиудад заасан ямар эрх үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан болох талаар яллах дүгнэлтэд тодорхой заагаагүйгээс яллагдагч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтан мөн эсэхийг тогтоосон гэж үзэх боломжгүй юм.

        Түүнчлэн яллагдагч Н.Б цагдаагийн алба хаагч болохынхоо хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх буюу тухайлбал нэг бүрийн тусгай хэрэгсэл бороохойг хэрэглэхдээ  болон хохирогч Ш.Ц-н эрх чөлөөнд халдаж түүний бөгсөн тус газар нь бороохойдсон үйлдэл нь энэ талаарх Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан аль үндэслэлд хамаарах, энэ нь цагдаагийн алба хаагчийн “тусгай хэрэгсэл хэрэглэх” заавар, журмын дагуу гүйцэтгэсэн, эсхүл уг журмын зөвшөөрөгдсөн хэр хэмжээг хэтрүүлсэн эсэх зэрэг үндэслэлүүдийг тогтоогоогүй.

            Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хуулийн дөрөв, тавдугаар бүлэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь тодорхой ажиллагаа явуулах журамд нийцүүлэн албадлагын арга хэмжээ хэрэглэх эрхтэй ба яллагдагч Н.Б энэ эрхээ зохих ёсны дагуу хэрэглэсэн, эсхүл хэр хэмжээг хэтрүүлсэн, эсхүл холбогдох заавар, журмыг зөрчсөн болохыг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4, 1.6-д заасантай нийцээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзнэ.

        Хэрэгт цагдаагийн алба хаагч “Шаардлага тавих”, “Биеийн хүч хэрэглэх”, “Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх”, “Нэг бүрийн тусгай хэрэгсэл” зэрэгтэй холбоотой Цагдаагийн албаны тухай хуулийг хавсаргасан /1-р хх-ийн 24-27/ хэдий ч уг хуульд  заасан ямар журмыг хэрхэн яаж хэрэгжүүлсэн талаарх буюу Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн ямар шинжийг агуулж байгаа нь тодорхойгүй, энэ талаар яллах дүгнэлтэд заагаагүй байна.

            Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан түр саатуулах үндэслэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан хүнийг саатуулах журмыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд сэжигтнийг баривчлах журмыг тус тус зохицуулсан байх ба суманд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч дээрх тохиолдолд хэрэг, зөрчилд холбогдогчтой хэрхэн ажиллах, харьцах, улмаар иргэнийг цагдаагийн хэсэг дээр байлгаж байгаа үйлдлийг хууль бусаар баривчилсан, саатуулсан гэж үзэж байгаа үндэслэл нь дээрх хуульд заасан үндэслэл, журмыг хэрхэн зөрчсөн болохыг тогтоогоогүй байна.

      Эдгээр нөхцөл байдлуудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

        Хэрэгт яллагдагчид прокурор дахин шинжилгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, түүнийг яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж байцаалт авахад өмгөөлөгчтэй байцаалт өгөх хүсэлт гаргасан байхад хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан, албаны шалгалт хийсэн эрх бүхий албан тушаалтныг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байхад мөн хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн долоодугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг бүрэн эдлүүлээгүй нь шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 93-102/,  яллагдагчаас гаргасан албаны шалгалт явуулсан алба хаагчийг гэрчээр мэдүүлэг авахуулах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх зэрэг хүсэлтүүд гаргасныг хангахаас татгалзсан тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 37-39, 56-57/ зэргээр тогтоогдож байгаа ба анхан шатны шүүхээс прокурорын шатанд яллагдагчийн эрхийг хангаагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэл байхгүй байна.

         Иймээс анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаасан” шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй болсон ба шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/16 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  хяналтын прокурор С.Энхнямаас гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд яллагдагч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС