Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 569

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух, М.Э/РД: ЦЕ000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******, Засгийн газрын 9 дүгээр байранд үйл ажиллагаа явуулах, ЖДҮХСд /РД: ............../ холбогдох

Цалин 21.717.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Иргэн М.Э намайг ЖДҮХСгийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар тус сангийн ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.

 Ажлаас чөлөөлсөн дээрхи шийдвэр нь хууль бус хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2627 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2084 дүгээр магадлалаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал  болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгасан.

 Хариуцагч ЖДҮХС нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн захирамж гарснаар хариуцагч ЖДҮХС 2019 оны 9 дүгээр сард албадан гүйцэтгүүлэх журмаар шүүхээр тогтоогдсон цалин 2.270.809 төгрөгийг олгосон.

Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл ажилд маань эргүүлэн томилоогүй байна. М.Э миний бие 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны нийт цалин 21.717.000 төгрөгийг хариуцагч  ЖДҮХСгаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ЖДҮХСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2627 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2084 дугаар магадлалаар нэхэмжлэгч М.Эг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХСгийн ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2.270.809 төгрөгийг тус сангаас гаргуулж М.Эд олгон, энэхүү олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буцаан төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч талд даалган шийдвэрлэсэн.

Тус сан шийдвэр, магадлалын үндсэн дээр бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу нэхэмжлэгч М.Эд 2019 оны 9 дүгээр сард ажилгүй байсан хугацааны цалин 2.270.809 төгрөгийг олгосон бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын  2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн бүтэц, орон тоо батлах тухай А-96 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогч гэх орон тоо батлагдаагүй.

ЖДҮХСгийн нягтлан бодогч М.Эгийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалингийн тооцооллыг гаргасан ба уг хугацаанд М.Э нийт 19.104.900 төгрөгийн цалин авах ба гарт олгогдох нь 15.485.165 төгрөг болно.

Уг цалингийн тооцооллыг тус сангийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/06 болон 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/03 тоот тушаалуудын дагуу тооцоолж гаргасан. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Үүнээс илүү гарч байгаа зөрүүг хариуцагч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч ЖДҮХСд холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны цалин 21.717.000 төгрөг гаргуулах,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2627 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Эг урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож,

2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүртэл ажлын 44 хоногийн цалин цалин хөлстэй тэнцэх олговорт 2.270.809 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийхийг ЖДҮХСд даалгаж шийдвэрлэжээ.

Дээрхи шийдвэрт хариуцагч ЖДҮХС давж заалдах журмаар гомдол гаргахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 5-15 дугаар тал/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Жижиг, дунд  үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах” тухай А-96 тоот тушаалаар тус санд ерөнхий нягтлан бодогчйн орон тоо батлагдаагүй тул  сангийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэх зорилгоор яам болон харьяа байгууллагад хандан ажлын байр санал болгоход нэхэмжлэгч татгалзсан хэмээн хариуцагч тал тайлбарлаж байна.

            /ХХ-ийн 33-34 дүгээр тал/

Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч М.Э шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 674 дугаар бүхий шүүхийн гүйцэтгэх хуудсыг олгон мөн өдрийн 8319 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 37-38 дугаар тал/

            Шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уулзалт зохион байгуулсан ба ажил олгогч нь М.Эг нярав болон тооцооны нягтлан бодогчийн ажил үүрэг гүйцэтгэх боломжтой эсэх талаар тодруулсан байна.

Тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2627 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 49-61, 70-71 дүгээр тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ.

Тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2627 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр биелүүлэхтэй холбоотой 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад уулзалт болсны дараагаар буюу М.Э 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан ба тэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

   /ХХ-ийн 2 дугаар хуудасны ар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан бүх хугацаанд нь тооцож олгох үүрэгтэй бөгөөд үүнд шүүхийн шийдвэр гарах хүртэл болон гарснаас хойшхи ажилгүй байсан хугацаа хамаарна.

Хариуцагч Жижиг, дунд  үйлдвэрийг хөгжүүлэх сан  шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч М.Эд ажилгүй байсан хугацааны олговрыг  олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч М.Э нь анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин авах байсан ба түүний 1 өдрийн цалин 51.609,30 төгрөг болох нь тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2627 дугаар шийдвэрээр тогтоогдсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар дахин нотлох шаардлагагүй.

Нэхэмжлэгч М.Э нь 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 335 хоног ажилгүй байгаа ба тэрээр уг хугацаанд 335 хоног*51.609,30 төгрөг=17.289.015 төгрөгийн цалин авахаар байх боловч хариуцагч тал 19.104.900 төгрөгийн цалин олгоно хэмээн тайлбараа гаргасан тул хариуцагч талын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хэргийг шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь М.Эд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19.104.900  төгрөг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “ЖДҮХСгийн захирал болон нягтлан бодогчид даалган шийдвэрлэх нь зүйтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар М.Эгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19.104.900 төгрөгийг хариуцагч ЖДҮХСгаас гаргуулан нэхэмжлэгч М.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.612.100 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Эгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ЖДҮХСгийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 266.535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖДҮХСгаас 253.473 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Эд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.САРАНГҮН