| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг,
шүүгдэгч Д.Болдбаатар, Б.Болдхэт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Должингийн Болдбаатар, Монгол овогт Болдбаатарын Болдхэт нарт холбогдох эрүүгийн 2218000820015 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1972 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3 дугаар баг Бугант тосгоны Өлөнт гудамж 12 тоотод оршин суух хаягтай, Урьд:
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Монгол овогт Должингийн Болдбаатар, /РД*****/,
2. Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумд төрсөн, 1999 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***аймгийн ***сум**дугаар баг Бугант тосгоны Өлөнт гудамж** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Болдбаатарын Болдхэт /РД:МТ***/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Болдбаатар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр**аймгийн** сумын** дугаар багийн нутаг “Ходоод” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2,4 метр куб хуурай нарсан модыг бэлтгэж, ойн санд 192.749 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч Б.Болдхэт нь дээрх модыг хууль бусаар бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Орхон сум, Энхтал 2 дугаар баг, Замын цагдаагийн тасгийн хяналтын “Түшиг-Уул” постоор 81-77 ДАХ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Болдбаатар нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ****аймгийн** сумын**дугаар багийн нутаг ***гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2.4 метр куб хуурай нарс модыг бэлтгэж, ойн санд 192.749 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Болдхэт нь дээрх 2.4 метр куб хуурай нарс модыг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Орхон сум, Энхтал 2 дугаар баг, Замын цагдаагийн тасгийн хяналтын “Түшиг-Уул” постоор****ДАХ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогдож байна гэж дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Д.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 01 дүгээр сард Ходоод гэх газраас бэлдсэн модоо хүүдээ ачаад явуулсан. Унасан шатсан мод байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Болдхэтийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дарханаас хөдөө аав ээжийнх рүүгээ очсон. Манайх гэрт байдаг болохоор түлээний модгүй болчхоод бэлтгэсэн байсан модыг нь аваад явсан. Бичиг баримтгүй....” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болормаагийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ***сумын Засаг даргын тамгын газарт Засаг даргын орлогч албан тушаалтнаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Ерөө сумын Байгаль орчинд учирсан хохиролтой холбоотой асуудалд намайг Ерөө сумын албан ёсны хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор Ерөө сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 289 дугаартай захирамжаар томилогдсон. **** аймгийн Ерөө бүсийн сум дундын Ойн ангийн мэргэжилтэн Н.Буяндэлгэрийн дүгнэлттэй танилцлаа. Ерөө суманд учруулсан 192,750 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч Я.Буян-Оршихын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 11 сард Эрдэнэт хотоос Лутаа гэх хүнээс 4.500.000 төгрөгөөр Портер маркийн машиныг худалдаж аваад Дархан-Уул аймагт ирээд ***ДАХ дугаар аваад өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Тэгээд өөрөө хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаад 2021 оны 08 дугаар сард *** аймгийн Ерөө суманд явж байгаад миний машины мотор эвдрээд танил Болдбаатарын гэрийн гадаа орхиод явсан юм Тэгээд машинаа очиж засаж авах гээд зав болохгүй болохоор нь очиж чадахгүй байж байтал “...Болдоо чиний машиныг засаад ойр зуур хэрэглэж, ашиглаж болох уу...” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд 2022 оны 01 сарын сүүлээр байхаа Болдоо над руу гар утсаар залгаад гэрийнхээ гаднаас хүүхдэдээ мод ачуулаад явуулсан чинь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд орсон гэж утсаар ярьсан... би өөрийн эзэмшлийн 81-77 ДАХ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 83-84 дүгээр хуудас/,
Гэрч Г.Содбаярын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компани мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Ходоод” гэх газарт байдаг. Манай газар талбайгаас иргэд түлээний мод бэлтгэж болно гэх зөвшөөрлийг нь ойн ангиас авдаг юм. Д.Болдбаатар гэж хүнийг сайн мэдэхгүй орон нутгийн хүн гэдгээр нь зүгээр мэднэ, царайг нь харж байсан. Мод бэлтгэх талаар надаас бол зөвшөөрөл аваагүй. Ойн ангиас авсан талаар мэдэхгүй байна. Надад ямар нэгэн санал хүсэлт алга, тухайн хүн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээх нь зөв байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,
Гэрч Ж.Отгонцоожийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мод бэлтгэсэн талаар дараа нь сонссон, манай хүү Дарханаас ирэхдээ мод түлээ ачиж явна гэсэн яриа гараад манай нөхөр уулнаас мод ачаад гэрийн гадаа ачиж ирсэн юм байна лээ. Тэр модыг нь Дархан луу хүүд ачуулж явуулсан. Тэгээд дараа нь хүү мод ачиж яваад Дарханд цагдаад баригдсан гэхээр нь нөхрөөс асууж мэдэхэд намайг Дархан явсан байхад Ходоодоос нэг мод хөрөөдөж машинд ачиж ирсэн талаар ярьж байсан. Хүү 2022 оны 01 дүгээр сард Дарханаас эхнэрийн хамт ирсэн юм, тэгээд буцахдаа аав нь түлээний мод гэрийн гаднаас ачуулж явуулсан, машинд модыг манай нөхөр, хүү хоёр л ачсан би хүүхдүүдийн хамт гэртээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Болдхэтийн 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Дархан суманд эхнэр хүүхдийн хамт амьдардаг юмаа. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Цагаан тохой нэртэй газарт оршин суудаг аав, ээжийнхээ гэрт очсон юмаа. Гэртээ очиж 2 хоноод буцахдаа манай гэр түлээгүй байсан тул хөдөө гэрт бэлтгэсэн байсан хуурай түлээг манай аавын найз болох Я.Буян-Оршихын эзэмшлийн 81-77 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад явсан юмаа. Ингээд явж байх замдаа Дархан-Уул аймгийн Орхон сумын пост дээр цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Болдбаатарын 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Цагаан тохой нэртэй газарт мал маллан амьдардаг юмаа. Манайх 2021 онд “Ходоод” нэртэй газар зусаад намар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ерөө сумын “Цагаантохой” нэртэй газар байх өвөлжөө рүүгээ нүүсэн. Нүүж дуусаад мод бэлтгэх шаардлагатай болсон тул тэр өдрөө манай найз Я.Буян-Оршихын эзэмшлийн*** ДАХ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр *** нэртэй газар руу ганцаараа модонд явсан. Мод бэлтгэх газраа очоод хуурай мод харж байгаад доод хэсгээрээ шатсан, дээд хэсэгтээ ямар ч навч, шилмүүсгүй хуурай мод байхаар нь тэр модыг гар хөрөөгөөр хөрөөдөж унагаад улмаар Портер машины тэвшинд тааруулан хөрөөдөж бэлтгээд*** ДАХ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэлдээ ачаад гэртээ авч ирсэн байсан юмаа. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны орчимд манай хүү Болдхэт Дархан-Уул аймгаас ирсэн. Манай хүү гэртээ ирээд 2 хоноод 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр буцахаар болсон. Манай хүүгийн Дархан дахь гэрт нь түлээ байхгүй гэсэн тул манай гэрийн гадаа байсан түлээг ачаад яв гэж хэлээд ачаад явуулсан юмаа. Гэтэл манай хүү тухайн түлээгээ ачаад явж байгаад цагдаад баригдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар 2,4 метр куб модыг хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27 дугаар хуудас/,
“Капитал Зууч” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр дүгээр 10-ны өдрийн “...Хьюдай Портер” маркийн, **** ДАХ улсын дугаартай хөх өнгийн бага оврын ачааны автомашин 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 3,500,000 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай: “...иргэн Б.Болдхэтийн ****ДАХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх мод, модон материал нь нарсан түлээний бөөрөнхий модон материал байна. түлээний бөөрөнхий материал нь 2,4 м.куб болж байна. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 80.312 төгрөг х 2,4 м.куб х 1/итгэлцүүр/ 192,749 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22/01 дугаартай “...тээвэрлэж явсан 2,4 м.куб мод нийт 192.748 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 61-63 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 51-52, 64-65 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 122-124, 129-131 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан идэвхтэй үйлдэл байх ба тухайн гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “...Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй...”
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 “...Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 “...Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “...Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно...”гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “...Зохих зөвшөөрөл авсан иргэн, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно...” гэж тус тус заажээ.
Түүнчлэн Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д “...гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн…” тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл иргэн ахуйн хэрэгцээнд мод бэлтгэхдээ зохих хураамжийг төлж мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичгийг зохих байгууллага албан тушаалтнаас авсан байхыг шаардана. Хэрэв ийнхүү эрхийн бичиггүй мод бэлтгэсэн тохиолдолд Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.
Иймд Д.Болдбаатар эрх бүхий этгээдээс хуульд заасан үндэслэл журмын дагуу зохих зөвшөөрөл авалгүйгээр 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг Ходоод гэх газраас 2.4 м/куб хуурай нарс модыг бэлтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Д.Болдбаатарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж өгнө үү гэсэн ба дээрх дүгнэлтээр Д.Болдбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэд түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт,зааварчилгааны дагуу гүйцэтгэх хуулийн зохицуулалттай. Энэхүү гэмт хэрэг гарахад иргэдийн эрх зүйн боловсрол дутмаг байдал нөлөөлжээ.
Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэдэг нь иргэн, аж ахуй нэгж, ойн мэргэжлийн байгууллага нь ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа ойн анги, эрх бүхий албан тушаалтнаас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг ойлгоно.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар “гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 2.1.2 –т “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг” хэлнэ, мөн журмын 4.3-д “Гарал үүслийн гэрчилгээг эрхийн бичгийг үндэслэн тээврийн хэрэгсэл тус бүрээр Ойн тухай хуулийн 34.4-д заасны дагуу олгоно” гэж заасан. Дээрх зохицуулалтаас авч үзвэл ойгоос бэлтгэсэн модыг өөр аймаг, сум, нийслэл, тэдгээрийн хооронд тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ олгохоор зохицуулжээ.
Шүүгдэгч Б.Болдхэт нь 2.4 метр куб хуурай нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Орхон сум, Энхтал 2 дугаар баг, Замын цагдаагийн тасгийн хяналтын “Түшиг-Уул” постоор 81-77 ДАХ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “...гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Болдбаатарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч Б.Болдхэтийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний талаар
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, түүнийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ -н төгрөгөөр торгох ял шийтгэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Б.Болдхэтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Болдхэтийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Д.Болдбаатар, Б.Болдхэт нар нь энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 192,748 төгрөгийн шууд хохирол учруулсан ба шүүгдэгч нар нь хохирол, хор уршгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Дөрөв: Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Д.Болдбаатар, Б.Болдхэт нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “Хьюдай Портер” маркийн, 81-77 ДАХ улсын дугаартай хөх өнгийн бага оврын ачааны автомашин нь иргэний нэхэмжлэгч Я.Буян-Оршихын өмчлөлийн эд хөрөнгө болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Тухайн тээврийн хэрэгслийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Эд зүйл хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл” үйлдэн өмчлөгч Я.Буян-Оршиход хүлээлгэн өгч баримтыг хавтаст хэргийн 23 дугаар талд хавсаргасан болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Цагдаагийн хэсгийн журмын хашаанд хадгалагдаж байгаа 2,4 метр куб нарсан түлээний, бөөрөнхий модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Должингийн Болдбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган төгрөг,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Болдбаатарын Болдхэтийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Д.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Болдхэтийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500/ таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Болдхэт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5-д зааснаар Д.Болдбаатар, Б.Болдхэт нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Цагдаагийн хэсгийн журмын хашаанд хадгалагдаж байгаа 2,4 метр куб хуурай нарс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хураан авч улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч Д.Болдбаатар, Б.Болдхэт нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Я.Буян-Оршихын эзэмшлийн “Хьюдай Портер” маркийн, 81-77 ДАХ улсын дугаартай хөх өнгийн, бага оврын ачааны автомашиныг иргэний нэхэмжлэгч Я.Буян-Оршиход хүлээлгэн өгснийг дурдсугай.
8. Шүүгдэгч Д.Болдбаатар, Б.Болдхэт нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ