Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 455

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух, А.Н/РД: ЛБ0000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулут овоо, ******* тоот, “ЖД” ХХК-д /РД: 00000/ холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЖД” ХХК-ийн 6.532.449 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Н миний бие 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “ЖД” ХХК-д нярваар ажилд орж улмаар компанийн захиргаанаас 2017 онд ахлах нярваар томилон ажиллуулсан.

Миний бие тус компанид ажилд орсноосоо хойш нэг ч удаа ээлжийн амралт авч байгаагүй бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр компанийнхаа удирдлагад 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтыг хуульд заасан хугацаагаар авч амралт дууссаны дараагийн хоногоос эхлэн урт хугацааны чөлөөг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл авах хүсэлтэй байгаагаа удирдлагадаа хэлсэн.

Компанийн удирдлагаас энэхүү хүсэлтээ бичгээр гаргаад шийдвэрлүүл гэхэд миний бие хүний нөөцийн албанд өргөдөл гаргаж захирлаас “А.Нгийн хүсэлтийг үндэслэн журмын дагуу ажил хүлээлцэхийг ... “ үүргийг хүний нөөцөд даалгаж чөлөө олгосон. Гэтэл үндэслэлгүйгээр 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын А19-04 тоот тушаалаар намайг ажлаас маань халсан. 

Иймд миний бие танай шүүхэд 2019 оны 1 дүгээр сард ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг гаргасан.

Ингээд тус шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр А.Н намайг “ЖД” ХХК-ийн бараа, бэлтгэлийн албаны ахлах няравын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч  “ЖД” ХХК-иас 943.433 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Н надад олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг хариуцагч “ЖД” ХХК эс зөвшөөрч давж заалдах гомдол гарган Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 628 дугаар магадлалаар хариуцагч талын гомдлыг хангахгүй орхин, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч тал сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан мөн газрын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9/1174 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор төлбөр төлөгч “ЖД” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

“ЖД” ХХК шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 943.433 төгрөгийг өгсөн боловч бараа, бэлтгэлийн албаны ахлах няравын ажил албан тушаалд эгүүлэн аваагүй.

Тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Б*******д хандахад “ЖД” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А19/179 дугаартай захирлын тушаалаар таныг бараа, бэлтгэлийн албаны ахлах няравын ажил албан тушаалд буцаан томилсон тушаал гарсан байна. Манай байгууллага ажилд эгүүлэн оруулах тушаал гаргах ажиллагаа явуулдаг, харин төлбөр төлөгчийн зүгээс ажилд буцаан томилсон тушаалыг гаргасан байна, иймд цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй гэсэн.

 “ЖД” ХХК ажилд эгүүлэн оруулах тухай тушаал гаргасныг миний бие шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолтой танилцахад мэдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолд гомдол бичихэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өргөдөл, гомдол хүлээн авах мэргэжилтэн миний гаргасан гомдлыг хүлээн авч бүртгэлд оруулаагүй. Учир нь уг тогтоолд гомдол гаргах боломжгүй гэсэн.

Миний бие “ЖД” ХХК-ийн хуулийн зөвлөхтэй 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр очиж уулзахад таныг компанийн удирдлага ажиллуулах сонирхолгүй байгаа гэж тайлбарласан.

“ЖД” ХХК-ийн захирал Ш.Дашдорж 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 19-01-135 дугаартай мэдэгдлийг надад ирүүлсэн. Уг мэдэгдлийн агуулгад  “... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 526 тоот захирамж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 628 дугаар магадлалын дагуу нэхэмжлэгч талыг өмнө байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнд ноогдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шийдвэр гарсан байна. Дээрхи шийдвэрийн биелэлтийг хангах асуудлаар 2 тал уулзалдах шаардлагатай байна. Компанийн хуулийн зөвлөхтэй ирж уулзаж асуудлаа шийдвэрлэнэ үү” гэсний дагуу миний бие тогтоосон хугацаанд очиж уулзсан.

Тэр үед хуулийн зөвлөх С.Чингис таныг ажилд буцаан томилох тушаал гараагүй байгаа, таны албан тушаалд өөр хүн ажиллаж байгаа тул та өөр ажил сонирхох уу, няравын ажил хийх үү гэхэд миний бие татгалзсан.

“ЖД” ХХК-иас гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А19-179 дугаартай захирлын тушаал нь дүр үзүүлсэн тушаал, гагцхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоход ашиглахад зориулагдсан тушаал.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд магадлалыг уншин сонсгосноос хойш 7 хоногийн дараа бичгээр гаргасан бөгөөд дугаарыг нь хэлээгүй.

Дээрхээс үзэхэд тус компанийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гарсан гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд надад ирүүлсэн 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 19-01-135 дугаартай мэдэгдэл зэргээр давхар нотлогдоно.

Дээрх үйл явдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Б*******, ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Даваасүрэн нарт амаар тайлбарлаж хэлэхэд хүлээж аваагүй. Дахин шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн аман хариултыг өгсөн.

Иймд А.Н намайг “ЖД” ХХК-д бараа бэлтгэлийн албаны ахлах няравын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.000.000 төгрөгийг “ЖД” ХХК-иас гаргуулж нийгмийн даатгалд болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч “ЖД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингис шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Нгийн нэхэмжлэлтэй “ЖД” ХХК-д холбогдох иргэний хэрэгт Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр А.Нгийн нэхэмжлэлийн шаардлага болох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 943.433 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг “ЖД” ХХК эс зөвшөөрч 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 19-01-62 тоот албан бичгээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр шүүх хуралдаан болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Давж заалдах шатны шүүхийн 628 тоот магадлалыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр гарсныг хуулийн зөвлөх С.Ч гардан авсан. Магадлалыг сонсгож танилцуулсан өдөр компанийн удирдлагуудтай ярилцан 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А19-179 тоот “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох” тухай тушаалаар А.Нг ажилд нь буцаан томилсон.

Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 19-01-135 тоот албан бичгээр А.Нг урьд эрхэлж байсан ажилдаа буцан орохыг мэдэгдсэний дагуу А.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “ЖД” ХХК-ийн байранд өөрийн биеэр ирж уулзсан.

А.Нд “ЖД” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 19-02 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр бараа, бэлтгэлийн албаны бүтэц, орон тоог шинээр төлөвлөсөн ба ахлах нярав албан тушаалыг цомхотгосон тухай танилцуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу бараа, бэлтгэлийн албаны нярав албан тушаалын ажлын байрыг санал болгосон боловч А.Н нь бодож байгаад хариу хэлье гэсэн.

Уг хугацаанаас хойш 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдон шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нээсэн тухай мэдэгдсэнд хуулийн зөвлөх С.Ч компанийг төлөөлөх итгэмжлэлтэй очиж уулзсан. А.Нд шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон цалин олговор 943.433 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дансанд нь шилжүүлэн өгсөн ба шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд улсын тэмдэгтийн хураамж 27.192 төгрөгийг тушаасан.

Шийдвэр гүйцэтгэгч Б.Б*******эд А.Нг буцаан ажилд нь авахад татгалзах зүйлгүй болохоо бичгээр мэдэгдсэн. Дээрх хугацаанд нэхэмжлэгч А.Н шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон өмнө эрхэлж байсан ажил үүргээ гүйцэтгэх хангалттай боломжтой байсан боловч өөрөө ажиллах хүсэлтээ өнөөдрийг хүртэл илэрхийлээгүйн улмаас дээрх нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгчийн 1.000.000 төгрөгийн цалин хөлс авдаг тухайд хэлэхэд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 526 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс  2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 1 сар, 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 943.433 төгрөг гэж тогтоосон. Иймд А.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “ЖД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Дашдорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Н нь манай компанид 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс бараа, бэлтгэлийн албаны нярав албан тушаалд, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс бараа, бэлтгэлийн албаны ахлах нярав албан тушаалд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан.

А.Н нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бараа, бэлтгэлийн албаны ахлах нярваар ажиллаж байх хугацаандаа 6.532.449 төгрөгийн бараа, материалыг өдөр тутмын буруутай, хайхрамжгүй үйл ажиллагааны улмаас хадгалалтын хугацааг хэтрүүлэн хадгалах, эвдрэл, гэмтэл учруулсан тул ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэн түүнд акт тавьсан бөгөөд тэрээр өөрийн буруутай үйлдлээ эс зөвшөөрч гарын үсгээ зураагүй өнөөдрийг хүрсэн.

Иймд А.Нгээс ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгээгүйн улмаас компанид учруулсан 6.532.449 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч А.Н сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид хохирол учруулаагүй. Тухайн үед бараануудыг он сарыг нь засаад зарсан бөгөөд мөн зугаалганд хэрэглэсэн. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч “ЖД” ХХК-д холбогдуулан “ЖД” ХХК-ийн бараа бэлтгэлийн албаны ахлах няравын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч “ЖД” ХХК нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүйн улмаас компанид учруулсан хохирол 6.532.449 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч А.Нг “ЖД” ХХК-ийн бараа бэлтгэлийн албаны ахлах няравын ажилд эгүүлэн тогтоож,

 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 1 сар, 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 943.433 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийхийг “ЖД” ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Дээрхи шийдвэрт хариуцагч “ЖД” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 7-19, 98-110 дугаар тал/

Давж заалдах журмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ажил олгогч “ЖД” ХХК-ийн захирал нь А19-179 тоот “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай” тушаал гарган А.Нг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс бараа бэлтгэлийн албаны ахлах няравын албан тушаалд буцаан томилон, сарын үндсэн цалинг нь 800.000 төгрөг гэж тогтоосон гэжээ.

/ХХ-ийн 20, 23, 116 дугаар тал/

Мөн А.Нд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 19-01-135 тоот мэдэгдэл хүргүүлэн “Ажилд нь буцаан томилсон шийдвэрийн биелэлт хангах асуудлаар уулзах шаардлагатай тул 2019 оны 5 дугаар сарын 24-ний дотор компанийн байранд ирж хуулийн зөвлөх С.Чтэй уулзаж асуудлаа шийдвэрлэнэ үү. Дурьдсан хугацаанд ирээгүй тохиолдолд шийдвэрт заасан үүргийг “ЖД” ХХК дангаараар биелүүлэх боломжгүй болохыг мэдэгдье” гэсэн байна.

/ХХ-ийн 22 дугаар тал/

“ЖД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 19-02 тоот шийдвэрээр бараа, бэлтгэлийн албаны бүтэц, орон тоог шинээр төлөвлөн, бүтэц, орон тоо, цалин урамшууллыг шинэчлэн баталсан гэх ба ахлах нярав албан тушаалыг цомхотгон бараа бэлтгэлийн албанд нярав 6, ахлах ачигч 2, ачигч 14, нийт 22 орон тоотой, нярав албан тушаалын 1 сарын үндсэн цалинг 800.000 төгрөг, ахлах ачигч 700.000 төгрөг, ачигч 600.000 төгрөгөөр тус тус цалинжуулахаар шийдвэрлэсэн гэжээ.

/ХХ-ийн 36 дугаар тал/

А.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “ЖД” ХХК-ийн байранд ирж уулзахад түүнд дээрх шийдвэрийг танилцуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу бараа, бэлтгэлийн албаны няравын ажлын байр санал болгоход тэрээр бодож байгаад хариу хэлье гэсэн. Уг хугацаанаас хойш шүүхийн шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан ажил үүргээ гүйцэтгэх боломж байхад ажиллах хүсэлтээ илэрхийлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч тал маргаж байна.

Хариуцагч талын дээрхи тайлбар нь нэхэмжлэгч А.Н хариуцагч “ЖД” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт тус шүүхэд гарган 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 960 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 11888 тоот шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх захирамж гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж эхэлснээр үгүйсгэгдэж байна.

/ХХ-ийн 97, 111 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч “ЖД” ХХК шүүхийн шийдвэрээр тогтоосон 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 1 сар, 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 943.433 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А.Нгийн Хаан банк дахь 5071176033 тоот дансанд шилжүүлсэн ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 21, 114 дүгээр тал/

Хариуцагч “ЖД” ХХК-ийн төлөөлөгч С.Ч 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх байгууллагад “2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “ЖД” ХХК нь А19-179 тоот  тушаал гарган А.Нг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс бараа бэлтгэлийн албаны ахлах няравын албан тушаалд нь томилсон.

Уг тушаалыг танилцуулах үүрэг нь хуулийн зөвлөх миний үүрэг байсан. Гэвч уг хугацаанд хөдөө орон нутагт томилолтоор ажилласан. Иймд А.Нг давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу ажилд авахад татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг гарган уг тушаалыг өгчээ.

Хариуцагч “ЖД” ХХК-ийн төлөөлөгч С.Чийн тайлбар болон тушаалаас үүдэн хариуцагч “ЖД” ХХК-ийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн хэмээн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9/1174 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар  болгосон байна.

/ХХ-ийн 20 дугаар хуудасны ар тал, 117-119 дүгээр тал/

Хариуцагч “ЖД” ХХК нь А.Нг тус компанийн бараа бэлтгэлийн албаны няравын ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн хуралдаан болсон өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь буцаан томилсон гэх тушаал үйлджээ.

Уг тушаал нь шүүхийн шийдвэр биелүүлсэн мэт хэлбэрийн шаардлага хангаж байх боловч шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлэн, А.Нгээр ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бөгөөд бараа бэлтгэлийн албаны ахлах няравын ажилд томилсон гэх атлаа няравын ажил үүргийг гүйцэтгэх санал гаргасан нь үндэслэлгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ.

Тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 960 тоот гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 11888 тоот шийдвэр албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамжаар хариуцагч “ЖД” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлэн мөн газрын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9/1174 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

А.Н 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрлөх эрхтэйгээ холбоотой нэхэмжлэлийг гаргасан ба тэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй.

/ХХ-ийн 3, 24, 119 дүгээр тал/

Иймд нэхэмжлэгч А.Нг “ЖД” ХХК-ийн бараа бэлтгэлийн албаны ахлах няравын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан бүх хугацаанд нь тооцож олгох үүрэгтэй бөгөөд үүнд шүүхийн шийдвэр гарах хүртэл болон гарснаас хойшхи ажилгүй байсан хугацаа хамаарна.

Хариуцагч “ЖД” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч А.Нд ажилгүй байсан хугацааны олговрыг олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учир “Бишрэлт трейд” ХХК хүсэлтээр тус компанид 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс нярваар ажиллан сард 800.000 төгрөгийн, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс сард 1.000.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа гэж тайлбарласан.

/ХХ-ийн 59-60, 67-70 дугаар тал/

Нэхэмжлгч А.Н нь сард 864.814 төгрөгийн цалин авч байсан нь тус шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар дахин нотлох шаардлагагүй.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т зааснаар Монгол улсын иргэн нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх бөгөөд тэрээр энэ эрхийнхээ хүрээнд “ЖД” ХХК-ийн бараа бэлтгэлийн албаны ахлах няравын ажлаа эрхэлнэ гэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч байгууллагад хөдөлмөр эрхлээгүй ч өөр бусад байгууллагад хөдөлмөр эрхлэн цалин авч байсан тул цалинг давхардуулан олгох боломжгүй бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх цалингийн зөрүүг гаргах учиртай.

Учир нь тэрээр хариуцагч байгууллагад ажиллаж байх үедээ сард 864.814 төгрөгийн цалин авч байсан ба “Бишрэлт трейд” ХХК-д 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажиллахдаа сард 800.000 төгрөгийн цалин авч байсан тул уг хугацааны цалингийн зөрүүг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

800.000 төгрөг/22 хоног-36.363 төгрөг / 1 хоногийн цалин/

864.814 төгрөг/22 хоног=39.309 /1 хоногийн цалин/

39.309 төгрөг-36.363 төгрөг=2.946 төгрөг /1 хоногийн цалингийн зөрүү/

36.363 төгрөг+39.309 төгрөг+17.676 төгрөг=147.307 төгрөг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь А.Нд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 147.307 төгрөг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “ЖД” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалган шийдвэрлэх нь зүйтэй.

    Хариуцагч “ЖД” ХХК-ийн 6.532.449 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

А.Н нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бараа, бэлтгэлийн албаны ахлах нярваар ажиллахдаа 6.532.449 төгрөгийн бараа, материалыг өдөр тутмын буруутай, хайхрамжгүй үйл ажиллагааны улмаас хадгалалтын хугацааг хэтрүүлэн компанид хохирол учруулсан тул ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн хэмээн хариуцагч тал маргаж байна.

Нэхэмжлэгч А.Н “Би өөрийн буруутай ажиллагааны улмаас хохирол учруулаагүй. Тухайн үед барааны он сарыг нь засаад зарсан, мөн зугаалганд хэрэглэсэн” гэж тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүй.

Хариуцагч тал “ЖД” ХХК-ийн төв агуулахын эвдрэл, гэмтэлтэй, буцаах боломжгүй бараа материалын акт тавих хуудсыг үндэслэн А.Нгээс 6.532.448 төгрөгийг нэхэмжилсэн ба уг актын хамрах хугацаа нь “2017.09.01-2019.09.01” гэсэн атлаа 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр үйлдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр акт үйлдсэн атлаа уг актыг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацааг актдаа хамааруулан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

“ЖД” ХХК-ийн Т.Цэвэлмаа,  А.Н нар нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 182 нэр төрлийн 208.944.005 төгрөгийн бараа материал хүлээн авсан нь А.Нг бараа дутагдуулсан, ажлын хариуцлага алдсан гэж үзэх үндэслэл болохгүй.

/ХХ-ийн 51-52, 132-135 дугаар тал/

Хариуцагч “ЖД” ХХК нь А.Нтэй 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ТСБ/17.09 тоот “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүй эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд А.Н нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагадаа хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч “ЖД” ХХК-ийн 6.532.449 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Н-г “ЖД” ХХК-ийн бараа бэлтгэлийн албаны ахлах няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар А.Нгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 147.307 төгрөгийг хариуцагч “ЖД” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч А.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.852.693 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч А.Нгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “ЖД” ХХК-ийн захирал болон нягтлан бодогчид үүрэг болгосугай.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй хариуцагч “ЖД” ХХК-ийн хохирол 6.532.449 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч А.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьд төлсөн 197.150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Нд олгож, хариуцагч “ЖД” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьд төлсөн 119.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “ЖД” ХХК-иас 5.070 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН