Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Нарийн бичгийн дарга         А.Энхзул,

Улсын яллагч                       А.Энхтуяа,

Шүүгдэгч                            Ж.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Хольдог овогт Жаргалын Атарболдод холбогдох эрүүгийн 2131000000218 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн **** суманд 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Сэлэнгэ аймаг, ** сум,* дугаар баг, задгайд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хольдог овгийн Жаргалын Атарболд /РД: МХ00290715/

                               Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Атарболд нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Давхрын Үзүүр” гэх газарт оршин сууж байгаа, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд иргэн Н.Бат-Эрдэнийн өмчлөлийн үхэр, адууг амаар гэрээ байгуулж, хариуцан маллаж байх хугацаандаа 1 тооны нас гүйцсэн үхэр, 3 байдас гүүг завшсаны улмаас иргэн Н.Бат-Эрдэнэд 4.850.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Гэм буруугийн тухайд

Шүүгдэгч Ж.Атарболд нь аймгийн  сумын гэх газарт 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд иргэн Н.Бат-Эрдэнийн өмчлөлийн үхэр, адууг харилцан тохиролцон хариуцан маллаж байх хугацаандаа 1 тооны нас гүйцсэн үхэр, 3 байдас гүүг завшсаны улмаас иргэн Н.Бат-Эрдэнэд 4.850.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Атарболдоос: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Н.Бат-Эрдэнийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Тийрэг гэх газар 15 жил орчим мал маллан амьдарч байна. Тэгээд 2020 оны 10 дугаар сараас эхлэн төрсөн эгч Жаргал гэж хүний бага хүү болох Атарболд гэгчээр малаа харуулахаар болоод 130 тооны үхэр, 55 тооны адуу хулээлгэн өгч сар бүр 500.000 төгрөг өгөхөөр болоод тохирсон. Тэгээд би өөрөө бага малаа буюу хонь, ямаагаа харахаар болсон. Тэгээд удалгүй 2021 оны 01 дүгээр сард үхрээ тоолох болоод үхрээ тоолтол 1 тооны үхэр дутуу байсан. Тэгээд асуутал би мэдэхгүй гээд байсан тэгээд тухайн үедээ нээх их тоолгүй орхичихсон байсан харин 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр адуун дээрээ очоод унааны морь сольж унах гээд очиход адуу маань нэг л дутуу байна уу гээд асуутал Атарболд өөдөөс ахаа манай адуу бүрэн байгаа тал нь урд голын бургас руу орсон байж магадгүй гээд царай нь нэг л сонин байгаад байхаар нь тоолж үзмээр санагдаад тоолтол 4 тооны адуу дутуу байсан тэгээд л Атарболдыг чи л зарж үрэгдүүлсэн байна. Цагдаад мэдэгдэнэ энэ тэр гэтэл ахаа би үнэнгээ хэлье би бүх хохирлыг барагдуулъя гээд байхаар нь тэгвэл хэн хэнд яаж зарсан бэ гэж асуутал 2021 оны 01 дүгээр сард 1 тооны нас гүйцсэн Сэрвээ цагаан халзан шарыг Цагааннуур сумын иргэн Эрдэнэ-Гэрэл гэж хүүний хүүхэд болох Монхор гэж залууд зарсан. 2021 оны 01 дүгээр сард 3 тооны хээр гүүг мөн адил Монхор гэх залууд зарсан харин 1 тооны хээр гүүг Цагааннуур сумын түүхий эд авдаг Жагжаанаа гэх хүнд зарсан талаар үнэнгээ хэлээд удалгүй мөн оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1 тооны үхэр, 4 тооны адууны өртөг болгож 5.000.000 төгрөг бэлээр өгөөд гуйгаад байхаар нь цагдаагийн байгууллагат мэдэгдээгүй. Би адуу, үхрээ харуулахдаа гэрээ байгуулаагүй зүгээр амаараа ярьж тохироод л харуулсан.

...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний хохиролыг бүрэн барагдуулсан, одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 67 дугаар хуудас/,

Гэрч Ц.Гантуяагийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх 2021 оны 01 дүгээр сард 1 тооны сэрвээ цагаан нас гүйцсэн шар, 2021 оны 01 дүгээр сарын эхээр 4 адуу алдсан юм. Хээр зүстэй 4 тооны сувай бүдүүн гүү алдсан. Тухайн үед мал алга болсныг малаа очиж эргэхдээ дутуу байсан болохоор нь алдагдсан малаа хайж эхэлсэн юм Тухайн үед манай малыг Ж.Атарболд адуу, үхрийг хариулдаг байсан юм. Ж.Атарболд нь 2020 оны 10 дугаар сараас малыг маань харж эхэлсэн юм. Тэгээд нөхөр бид хоёр мөнгө хэрэг боллоо гэх үед нь данс болон бэлнээр мөнгө өгдөг байсан. Ер нь бол ихэнхдээ бэлэн мөнгө өгдөг байсан. Тухайн алдагдсан үхэр, адуунууд олдоогүй ээ, Харин Ж.Атарболд тухайн үхэр, адуунуудын үнийн дүнд тооцож 5 сая төгрөг манай нөхөр Бат-Эрдэнийн хаан банкны*****тоот дугаарын дансанд шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Э.Мөнх-Эрдэний 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Цагааннуур сумын иргэн Атарболд гэх залуугаас 2021 оны 01 дүгээр сард 3 тооны адуу /2 тооны байдсан гүү 1.400.000 төгрөгөөр, 1 тооны даага 650.000 төгрөгөөр/ 2021 оны 02 дугаар сарын дундуур 1 тооны хязаалан эр үхрийг 800.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан өөр мал худалдан авч байгаагүй. Би Атарболдоос үхэр худалдан авч байхад миний үхэр, адуу Бат-Эрдэнэ ах надад өгсөн гэж л хэлж байсан тэгэхээр нь би олон зүйл асуудаггүй байсан мөнгийг нь дандаа бэлнээр өгдөг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Г.Алтанзоригийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Атарболдтой хамт адуу, үхэр зарж байсан удаа байхгүй, Харин 2021 оны өвөл 01 сарын орчим гэртээ байж байтал миний******гэсэн дугаарлуу ***** дугаараас залгаад маргааш орой нэг үхэр ачаад сумын төв орох хэрэг байна туслаач гэхээр нь би ажилгүй байгаа юм чинь тэгье гээд маргааш нь Монхорын машинтай явж ачиж сумын төв рүү оруулсан. Дараа нь хэд хоногийн дараа нь нэг адуу ачих хэрэгтэй байна гэхээр нь би зөвшөөрөөд байж байтал Монхор ирээд бид 3 нийлж байгаад бэлчээрээс нь 1 тооны адуу ачилцаж өгсөн. Дахин хэд хоногийн дараа бас нэг адуу ачилцаж байгаад Атарболдод хандан чи хулгайн мал ачаад байгаа юм биш бик гэж хэлтэл яалаа гэж хулгайн юм байхав дээ тийм юм байхгүй гээд байсан. Атарболдыг ямар ямар малтай гэдгийг нь би сайн мэдэхгүй, надад хэлэхдээ үхэр, адуу л байгаа гэсэн. Надаар үхэр, мал ачуулсны дараа мөнгө төгрөг өгч байгаагүй. Би Атарболдоос 2021 оны 05 дугаар сард 800,000 төгрөг зээлсэн байгаа. Удахгүй өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-821/2148 дугаартай шинжээчийн: “...нас гүйцсэн шар 1 ширхэг 2,000,000 /махны дундаж ханшаар/, байдас гүү 3 ширхэг 2,850,000 /махны дундаж ханшаар/, нийт 4,850,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Атарболдын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би Н.Бат-Эрдэнэ ахын мал дундаас 4 тооны мал зарж үрэгдүүлсэн бөгөөд тухай бүрт мөнгөний хэрэг гарч байсан учир Монхор гэх залууд 3 тооны байдас гүү, 1 тооны нас бие гүйцсэн үхэр зэргийг зарж үрэгдүүлсэн. Би Н.Бат-Эрдэнэ ахад 5.000.000 төгрөг өгч учирсан хохирлыг нь барагдуулсан учир одоо ямар нэгэн хохирол төлөгдөөгүй үлдээгүй.Мөн Н.Бат-Эрдэнэ ахтай харилцан сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хохирогчийн гаргасан өргөдөл, /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 307 дугаартай тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 53-55 хуудас/,

Хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол, /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Ж.Атарболд нь хохирогч Н.Бат-Эрдэнийн 130 тооны үхэр, 55 тооны адууг маллаж хариуд нь сар бүр 500.000 төгрөгийн цалин авахаар харилцан тохиролцсон нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэгт тус тус дурьдагджээ. Ийнхүү бусдын малыг итгэмжлэн хариуцаж байх хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд иргэн Н.Бат-Эрдэнийн өмчлөлийн үхэр, адуунаас 1 тооны нас гүйцсэн үхэр, 3 байдас гүүг бусдад худалдан борлуулж завшсаны улмаас 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Бат-Эрдэнэ, гэрч Ц.Гантуяа, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Аөнх-Эрдэнэ, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх ба Ж.Атарболдын энэхүү үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Атарболдын хувьд амар хялбар аргаар мөнгө олж амьдрах гэсэн шунахай сэдэлттэй гэмт зан байдал  нөлөөлжээ.

 Иймд шүүгдэгч Ж.Атарболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бат-Эрдэнэд 4.850.000 төгөргийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч дээрх хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Атарболдыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гурав:Шүүгдэгчид оногдуулах ял, албадлагын арга хэмжээний талаар.

Шүүгдэгч Ж.Атарболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Атарболдод 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Ж.Атарболдыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулсан, зэрэг хэргийн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, тэнссэн хугацаагаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоож шийдвэрлэв.

Энэхүү тэнссэн шийдвэр нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй болно.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд ирүүлсэн иргэний бичиг баримт байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хольдог овогт Жаргалын Атарболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Атарболдод хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Атарболдод анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Атарболдод хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаагаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Атарболдод анхааруулсугай.

6. Шүүгдэгч Ж.Атарболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ