Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч Н.Э*******,

түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овгийн Н******* Э*******д холбогдох эрүүгийн 2331000010024 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот,*** дүүрэг, ***, 3а байр, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Н******* Э******* /РД:/*****/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч Н.Э******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь авто замын боомтоор Оросын холбооны улсаас Монгол улсад орж ирэхдээ биедээ ан агнуур, спорт, сургалтын зориулалттай 2000 ширхэг сум нууж, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь авто замын боомтоор Оросын холбооны улсаас Монгол улсад орж ирэхдээ биедээ ан агнуур, спорт, сургалтын зориулалттай 2000 ширхэг сум нууж, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э*******ы өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй, маш их харамсаж гэмшиж байна” гэх мэдүүлэг[1],

2.Гэрч Б.Б******* 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хорио цээрийн алба эрүүл ахуй халдвар хамгаалалт хяналт хариуцсан гаалийн байцаагчаар ажиллаж байна. Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын баталсан хуваарын дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтод “Б” ээлжинд гаалийн улсын ахлах байцаагч Ө.А*******ын хийсэн хуваарын дагуу орох чиглэлийн зорчигчийн рентген аппарат дээр ажиллаж байсан. 23 цаг 30 минутын орчимд Оросын холбооны улсаас эрэгтэй зорчигч штанб даруулаад рентген аппаратаар гарч ирсэн. Тэгэхээр нь би сагс авч өгөөд тухайн зорчигчоос “танд гаальд мэдүүлэх бараа бүтээгдэхүүн байна уу?” гэж асуухад “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн бөгөөд би биедээ авч авч явсан эд зүйлсийг нь сагсанд нь хийгээд металл илрүүлэгч гар багажаар дахин нягталж шалгахад зүүн халаас хэсэгт нь сигнал өгсөн ба ямар нэгэн эд зүйл байгааг үзэхэд жижиг эвхэгддэг хар өнгийн хутга гаргаж ирэхээр нь сагс руу хийсэн. Тэгээд биеийг нь дахин шалгахад сигнал дахиад өгсөн. Тэгэхээр нь би “өөрт байгаа эд зүйлээ гаргаж өгөх юм уу, эсвэл хяналт шалгалтаар илрүүлэх юм уу” гэж асуусан чинь “ах нь олон нийтийн газарт гаргамааргүй байна, нэг өрөөнд ороод гаргая” гэж хэлсэн. Би зорчигчийг дагуулж яваад байцаагч нарынхаа өрөө рүү оруулсан чинь зорчигч цамцаа сөхөөд сум авч яваагаа хэлсэн. Галт зэвсгийн сум нь хилээр хориглосон бараанд тооцогддог. Тухайн өрөөнд ээлжинд ажиллаж байсан М*******, Х******* нар байсан” гэх мэдүүлэг[2],

3.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 378 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.Шинжилгээнд ирүүлсэн сумнууд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг сум ОХУ-ын Климовскийн сумны үйлдвэрт ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэсэн, 5,6х15 мм-ийн калибрийн сумнууд байна. Уг сум 5,6 х 15 мм-ийн гол төмөр болон сумны байртай буугаар буудахад зориулсан. 3. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг сум ажиллагаатай буудна.

4. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг сум үйлдвэрийн сум байна” гэх дүгнэлт[3], 4.Гэрч Д.Х*******, Ө.А******* нарын мэдүүлэг[4],

5.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[5],

6.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[6],

7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7],

8.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Э*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

     Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.Э*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ял тохирч, шүүхэд шилжүүлсэн хүрээнд шүүгдэгч Н.Э*******д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэх зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Улсын яллагчийн зүгээс эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2000 ширхэг сумыг устгах саналыг шүүхэд гаргасан.

Гэвч сум нь тэсэрч дэмбэрэх бүтэцтэй учраас устгах нь аюултай тул зохих хэрэгцээний дагуу холбогдох байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2000 ширхэг бууны сумыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр хориглосон сум хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э*******ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2000 ширхэг бууны сумыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

   

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 28 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 119 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 12, 16, 18 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 29-31 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 1-2 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 55 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 63-64 дүгээр тал