| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/05287/И |
| Дугаар | 383 |
| Огноо | 2020-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 383
2020 01 22 101/ШШ2020/00383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 4 дүгээр байр, 41 тоотод оршин суух, Ж.Б-ийн /РД: ТВ000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, 105 дугаар байр, 404 тоотод оршин суух, Г.Э/РД: УС000000/ холбогдох
9.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Эын худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 6.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ж.Б би 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Г.Этай аман хэлцэл хийж чулуу бутлах үйлдвэрийн роторон бутлуур 1 ширхэг, 1 ширхэг шигшүүр, 1 ширхэг хацарт бутлуурыг нийт 15.000.000 төгрөгөөр түүнд худалдахаар харилцан тохирсон.
Ингээд би түүнээс 15.000.000 төгрөгийг авч Г.Э тухайн өдөртөө тоног төхөөрөмжөө биечлэн шалгаж хүлээн авч Зүүн-Хараа руу ачуулсан. Тухайн үед бутлуур, шигшүүр хоёр нь Улаанбаатар хотод байсан.
Харин жижиг хацарт бутлуур нь Сэлэнгэ аймгийн Баруун-Хараад байсан бөгөөд Г.Э очиж авахаар тохирсон боловч аваагүй бөгөөд одоо надад байгаа.
Гэтэл Г.Э нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны орчим над руу залгаад тоног төхөөрөмжийг чинь авахаа болилоо, наймаагаа буцаая гэсэн бөгөөд би таньд өгсөн 15.000.000 төгрөгөө авья гэхэд нь зөвшөөрсөн.
Би 9.000.000 төгрөгийг нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр Хаан банк дахь 5133050454 тоот данс руу нь шилжүүлсэн.
Энэ хугацаанд Г.Э нь надаас авсан тоног төхөөрөмжийг буцааж өгөөгүй бөгөөд 1 удаа утсаар ярихдаа таны тоног төхөөрөмжийг зарсан гэсэн ба 2018 оны 10 дугаар сараас хойш утсаа салгаад, фэйсбүүк хаягаа блоклоод сураггүй болсон.
Г.Этай холбогдох ямар ч боломжгүй болсон бөгөөд түүнийг надаас авсан тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн буцааж өгөх болов уу гэж итгэж 2019 оны 7 дугаар сар хүртэл хүлээсэн. Сураггүй болохоор нь шүүхэд хандан эрэн сурвалжлуулан хаягийг нь тогтоолгон тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд хариуцагч Г.Эаас миний буцаан шилжүүлсэн 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Э, Ж.Б нар нь харилцан тохирч Г.Э нь 2018 оны 4 дүгээр сард түүнээс 1 ширхэг шигшүүр, 1 ширхэг роторон бутлуур, 1 ширхэг хацарт бутлуур, нийт 3 ширхэг хайрга, чулуу бутлах төхөөрөмжийг худалдан авахаар болж 15.000.000 төгрөгийг өгсөн.
Тухайн үед төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийн зардлыг Ж.Б хариуцахаар тохирсон боловч тэрээр надад одоо мөнгө алга, дараа өгнө гэсэн тул Г.Э тээвэрлэлтийн зардлыг хариуцаж 1 ширхэг шигшүүр, 1 ширхэг роторон бутлуурыг түүнээс авсан.
Ингээд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал суманд төхөөрөмжүүдийг тээвэрлэн хүргээд ажиллуулах гэтэл уг бутлуур нь хайрганы бутлуур биш, цагаан шохой буюу зөөлөн эдийн бутлуур байсан.
Иймд Г.Э нь Ж.Бтэй утсаар ярьж уг бутлуурыг гэрээгээр тохирсон бутлуур биш болохыг хэлж гэрээнээс татгалзах санал тавьсан. Тэрээр уг саналыг нь зөвшөөрч 15.000.000 төгрөгийг, Г.Э төхөөрөмжүүдээ буцаан өгөхөөр тус тус тохирсон.
Гэсэн хэдий ч тэрээр 15.000.000 төгрөгийг буцаан өгөхгүй байсан тул 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр биечлэн уулзаж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, уг гэрээнээс талууд татгалзсан ба татгалзсанаас үүсэх үр дагаврыг бичгээр харилцан тохиролцсон.
Энэхүү бичгэн баримтыг үйлдэх үед Ж.Б нь 15.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг өөрийн найз н.Отгонжаргалд өгсөн учраас н.Отгонжаргалаас 2.000.000 төгрөгийг нь шилжүүлнэ гээд 13.000.000 төгрөгийг төлнө гэж бичсэн.
Ж.Б нь 9.000.000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 6.000.000 төгрөгийг төлөөгүй байна. Г.Эын тухайд сураггүй алга болсон зүйл байхгүй бөгөөд төхөөрөмжүүдийг нь бусдад худалдаагүй.
Роторон бутлуур нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд, шигшүүр нь Дундговь аймгийн Баянжаргалан суманд байгаа. Хацарт бутлуур нь Ж.Бд өөрт нь байгаа ба түүнийг 2019 оны 8 дугаар сард үлдсэн 6.000.000 төгрөгөө өгөөд тоног төхөөрөмжүүдээ аваарай гэсэн.
Ж.Б нь 15.000.000 төгрөгийг Г.Эт төлсний дараагаар шигшүүр болон бутлагчийг Г.Эаас шаардах эрх үүсэх ба 9.000.000 төгрөгийг шаардах эрхгүй. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Эт 2018 оны 4 дүгээр сард хайрга бутлах бутлуур шаардлагатай болсон тул Ж.Бтэй аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан түүнээс 1 ширхэг шигшүүр, 1 ширхэг роторон бутлуур, 1 ширхэг хацарт бутлуур, нийт 3 ширхэг төхөөрөмжийг 15.000.000 төгрөгөөр худалдан авсан.
Улаанбаатар хотод байсан 1 ширхэг шигшүүр, 1 ширхэг роторон бутлуурыг Г.Э өөрийн зардлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд тээвэрлэн хүргээд ажиллуулах гэтэл уг бутлуур нь хайрганы бутлуур биш зөөлөн эдийн бутлуур байсан.
Ингээд Ж.Бтэй холбогдон зориулалтын бутлуур биш тул гэрээнээс татгалзах санал тавихад тэрээр зөвшөөрч 15.000.000 төгрөгөө, Г.Э төхөөрөмжүүдээ буцаан өгөхөөр болсон. Үүнийгээ 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бичгээр баталгаажуулсан.
Одоогийн байдлаар Ж.Б 15.000.000 төгрөгөөс 9.000.000 төгрөгийг нь төлсөн ба үлдэх 6.000.000 төгрөгийг өгөөгүй. Иймд уг 6.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгч Ж.Б сөрөг нэхэмжлэлд шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Эт роторон бутлуур, шигшүүр, хацарт бутлуурыг худалдсанаас хойш 1 сар орчмын дараагаар тэрээр наймаагаа буцаая гэснийг би хүлээн зөвшөөрч өөрийн бололцоогоор 9.000.000 төгрөгийг нь өгсөн.
Г.Э нь 2018 оны 10 дугаар сард шигшүүрийг чинь зарлаа, хот руу ачуулсан гээд ярихаар нь би шигшүүрээ авна, мөнгөө шилжүүлье гэхэд за гээд таг болсон.
Үүнээс хойш 2018 оны 12 дугаар сард яриад эхнэр хорт хавдар туссан, Хятад улсад эмчлүүлж байгаа, Замын-Үүдээс мах, хүнсээ цуглуулаад буцаж байна, очоод тухтай уулзья, санаа зоволтгүй гэхэд би эхнэрээ сайн эмчлүүлээрэй, хэцүү шүү гэж хэлсэн. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь 9.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч Г.Э нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 6.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Г.Этай харилцан тохирч 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр түүнтэй чулуу бутлах шигших төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулан худалдагч буюу нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч буюу худалдан авагч Г.Эт нийт 3 ширхэг төхөөрөмжийг /шигшүүр 1 ширхэг, роторон болон хацарт бутлуур тус бүр 1 ширхэг/ нийт 15.000.000 төгрөгөөр худалдсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагч Г.Э нь чулуу бутлах, шигших төхөөрөмжийн үнэд 15.000.000 төгрөг төлсөн талаар болон тэрээр Ж.Бөөс худалдан авахаар тохирсон төхөөрөмжөөс хацарт бутлуурыг нь хүлээн аваагүй талаар хэн аль нь мөн маргахгүй байна.
/ХХ-ийн 17, 30 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Г.Эын худалдан авсан төхөөрөмж нь чулуу бутлах төхөөрөмж бус шохой бутлах төхөөрөмж байсан тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон үндэслэлээр тэрээр 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр худалдагч Ж.Бд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах санал гаргасныг Ж.Б хүлээн зөвшөөрсөн талаар талууд тайлбарлалаа.
Нэхэмжлэгч Ж.Б нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “... Шигшүүр, роторон бутлуур, хацарт бутлуурын үнэд 15.000.000 төгрөг авсан. Г.Эын хүсэлтээр наймаагаа буцахаар болсон тул 8 дугаар сарын 19-ний дотор нийт 13.000.000 төгрөгийг төлнө. 2.000.000 төгрөгийг Б.Отгонжаргал төлнө” хэмээн гэрээ байгуулсан болон татгалзсантай холбоотой тайлбар бичгээр гаргажээ.
Талууд нэгэнт гэрээнээс татгалзсан тул тэрээр Г.Эаас хүлээн авсан мөнгөө буцаан төлөх үүрэгтэй.
/ХХ-ийн 30 дугаар тал/
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзсан гэж үзэх ба энэ тохиолдолд талууд гэрээгээр өгсөн болон авсанаа буцааж өгөх учиртай.
Худалдагч Ж.Б нь худалдан авагч буюу хариуцагч Г.Эт 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг буцаан хүлээлгэн өгсөн нь талуудын тайлбар болон мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 9-16 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Эт холбогдох 9.000.000 төгрөг гаргуулах тухай Ж.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Бөөс 6.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Эт олгох нь зүйтэй.
Иргэн Б.Отгонжаргал нь дээр дурьдсан төхөөрөмжийг Г.Эт худалдахад зуучилсан, Б.Мядагсүрэн нь уг төхөөрөмжийг Г.Э хүлээн авахад байлцсан талаар нэхэмжлэгч Ж.Б тайлбарласан ба хариуцагч Г.Эын худалдан авсан шигшүүр Дундговь аймгийн Баянжаргалан суманд, бутлуур Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгаа талаар хариуцагч тал тайлбарласан болно.
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн төхөөрөмжийг хүлээн авсан, уг төхөөрөмжүүд хариуцагч Г.Эын эзэмшил, ашиглалтанд байгаа талаар хэн аль нь маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Ж.Б нь Г.Эт холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2-т заасны дагуу /бутлуур, шигшүүр/ төхөөрөмжтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Эт холбогдох 9.000.000 төгрөг гаргуулах тухай Ж.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Бөөс 6.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Эт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг болон хариуцагч Г.Эын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Бөөс 110.950 төгрөг гаргуулан хариуцагч Г.Эт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН