Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч Б.Л*******, Г.Б*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овгийн Б******* Л*******, Б******* овогт Г******* Б******* нарт холбогдох эрүүгийн 2331000110031 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Хилийн цэргийн 0243 дугаар ангид ахлах холбоочин ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт**аймаг, ** сум,**заставт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х******* овогт Б******* Л******* /РД:/,

2.Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, архив, бичиг хэрэгч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд замчин ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдүүдийн хамт аймаг, **сум, * дугаар баг, ** дүгээр **хэсэг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Г******* Б******* /РД:****/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

1. Яллагдагч Г.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Л*******гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;

2. Яллагдагч Б.Л******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Б*******ийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Л*******гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Л******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Б*******ийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б******* өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л******* өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч Г.Б*******ийн 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны оройны 22 цагийн орчимд найз Г*******, Б, Ц, Т, Э, Б, Х нарын хамт миний төрсөн өдрийн тэмдэглэх гэж Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй бааранд орсон. Тус бааранд байхад бүжгийн талбай дээр хар цамцтай эмэгтэй өдөөд байсан. Тэгээд нар болих зорилгоор холдуулсан. Тэгтэл хамт явж байсан туранхай өндөр эмэгтэй нь ирээд миний толгой руу пивоны шилээр нэг удаа цохисон. Тэгээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Би толгойдоо 3 оёдол тавиулсан. Одоо оёдолтойгоо явж байгаа, 500,000 гаруй мөнгөн дүн зарлагдсан. Би эмчилгээний зардлаа төлүүлмээр байна” гэх мэдүүлэг[3],

4.Хохирогч Б.Л*******гийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би юу ч бодолгүй ууж байсан пивоны шилийг аваад ягаан даашинзтай эмэгтэйн толгой руу цохисон. Тэрний дараа ягаан даашинштай /Б*******/ хойноос ирээд толгой ам хэсэг рүү цохисон. Тэгээд миний толгой аймар хөдлөөд гэлжийсэн. Одоогоор Дархан-Уул аймаг руу явж нарийн үзүүлээгүй байна. Шүдний аппарат хугарчихсан байсан. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[4],

5.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 462 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “1. Г.Б*******ийн биед толгойн хуйханд шарх, тархи доргилт, толгойн хуйх, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.Б*******ийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],

6.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “1.Б.Л*******гийн биед дээд уруулын дотор салстад шарх, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн гуя, зүүн шагай, тавхайд цус хуралт, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Л*******гийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт[6], 7.Гэрч А.Б, А.Ц, Р.Ч, Д.Тцэцэг, Д.Т, Ж.З нарын мэдүүлэг[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Б*******, Б.Л******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

     Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Г.Б*******, Б.Л******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон, хэн алиндаа хохирогч болох ба шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйлгүй, цаашид гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Улсын яллагч шүүгдэгч Г.Б*******, Б.Л******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ял тохирч, шүүхэд шилжүүлсэн боловч шүүгдэгч нарт оногдуулахаар тохиролцсон ял нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, бусдын бие махбодид учруулсан гэмтлийг чухам юугаар учруулж байгаа гэдэгт цаашид зайлшгүй анхаарвал зохино. Аливаа гэмтлийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, гадны биетээр цохих, пивоны шилээр цохиж учруулах зэрэг нь хоорондоо асар их ялгаатай бөгөөд хүний бие махбодид гэмтэл учруулах хор аюулын шинжээрээ ялгаатай учир гэм буруугийн хэлбэр, сонгох ялын санкц нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байх ёстой.

Шүүхээс энэ удаа шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, нялх балчир хүүхдүүдтэй эх, эмэгтэй хүмүүс болон тэдгээрийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******, Б.Л******* нарт тус бүр 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүр 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

Улсын яллагчаас торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацааг хэтэрхий урт хугацаагаар санал болгосныг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд зааснаар өөрчилсөн болно.

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсан болно.

Шүүгдэгч Г.Б*******, Б.Л******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Б*******, Б.Л******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******, Б.Л******* нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******, Б.Л******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүр 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Г.Б*******, Б.Л******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 18 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 25дугаар тал

[5] Хавтаст хэргийн 41 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 41 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 12, 16, 18 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 29-31 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 1-2 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 55 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 63-64 дүгээр тал