Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 612

 

                                     

 

 

 

 

 

 

2020           02          13                                        101/ШШ2020/00612

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг  дугаар хороо, -р гудамжны  тоотод оршин суух, РД:, Ж овогт Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг  дугаар хороо,  гудамж-, НШШГ газарт холбогдох,

            НШШГгазрын Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Сэлбэ  тоот хаягт байрлах 61.75 м.кв талбайтай Эрхийн улсын бүртгэлийн Ү-22040 дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, Г-22040 дугаарт бүртгэлтэй 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101\ШШ2016\06902 дугаар шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 853 дугаар магадлалаар нэхэмжлэгч “С Ж Э ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 20.000.000 төгрөг болгож хариуцагч Б.М нь 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулсан.

Миний бие шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр өдөр шөнөгүй ажиллаж өнөөдрийн байдлаар 5 сая гаран төгрөгийг төлөөд байгаа, гэтэл НШШГ газраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар удаа дараа улайран дайрч эрхийн улсын бүртгэлийн Ү-22040, Г-22040 дугаар бүртгэгдсэн хуучин хаягтай Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Сэлбэ  тоот 61.75 м.кв хувийн орон сууц, 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “В В” ХХК хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний газраар 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээ гаргуулж 27.037.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Дээрх үнэлгээг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж үнэлгээ тогтоож үнэгүйдүүлж байна.

Учир нь үнэлгээ тогтоохдоо төлбөр төлөгч талыг байлцуулаагүй бөгөөд ямар журмаар үнэлгээ тогтоосон нь эргэлзээтэй байгаа, хувийн орон сууцанд дотор орж үзээгүй байж зах зээлийн бодит үнэлгээг гаргасан гэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Манай ойр ойрчмын хашаа, байшин зах зээлд 60-70 сая төгрөгөөр зарагддаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь удаа дараа хууль зөрчиж эрхийн улсын бүртгэлийн Ү-22040 дугаартай Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Сэлбэ тоот 61.75 м.кв хувийн орон сууц нь 2 хүний өмчлөлийн орон сууц бөгөөд бусад өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөж байхад үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хөрөнгийн үнэлгээ гарсан ирж танилц гэж мэдэгдсэн, 2019-11-04-ний өдөр очиж танилцахад 4\24293 дугаартай 27.037.000 төгрөгөөр үнэлгээ тогтоогдсон талаарх мэдэгдэлийг гардуулсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцмаар байна, хуулбарлаж авах, эсвэл утсаар зургийг нь дараад авч болох эсэх талаар тодрууллахад ямарч боломжгүй наад мэдэгдэл чинь байхад болно гэсэн хариуг өгсөн. Мөн тус мэдэгдэл нь Тасгийн дарга бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Д гэсэн гарын үсэгтэй байсан.

Төлбөр төлөгч миний бие Баянзүрх дүүрэгт оршин суудаг, барьцаалагдсан хашаа байшин, газар Баянзүрх дүүргийн албан ёсны хаягт бүртгэлтэй байхад өөр дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэг бүхий мэдэгдэлийг надад гардуулсанаас үзэхэд дээрх хөрөнгийн үнэлгээ нь бодит бус шийдвэр гүйцэтгэгч нь хэт нэг талыг барьсан, ашиг сонирхолын зөрчилтэй үнэлгээ тогтоолгосон гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ төрж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Сэлбэ тоот хаягт бүртгэлтэй 61.75 м.кв хувийн орон сууц, 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 27.037.000 төгрөгөөг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014-07-31-ний өдрийн 3166-р шийдвэрээр Б.М-с 4.044.975 төгрөгийг гаргуулан Р.Ө-т, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-09-19-ний өдрийн 5997-р шийдвэрээр 1.615.150 төгрөгийг гаргуулан Н.Г-д, дээрх шүүхийн 2015-08-13-ны өдрийн 5547-р шийдвэрээр 2.194.769 төгрөгийг гаргуулан Б.Бү-д, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-12-06-ны өдрийн 6902-р шийдвэрээр 20.000.000 төгрөгийг гаргуулж “С Ж Э ББСБ" ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Төлбөр авагч “С Ж Э ББСБ” ХХК үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, Сэлбэ тоот 61.75 мкв талбайтай хувийн сууц, 327 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж, хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч Б.М нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 60 сая төгрөгөөр үнэлсэн. Хамтран өмчлөгч Д.А-г өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн саналыг бичгээр ирүүлэхийг 2019-10-25-ны өдрийн 4/23507 тоот албан бичиг болон түүний ээжид удаа дараа мэдэгдсэн боловч ирүүлээгүй, төлбөр авагч “С Ж Э ББСБ” ХХК-ийн 2019 оны 01/090 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2019-10-29-ний өдрийн 350 дугаар тогтоолоор В В ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон.

Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 27.037.000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 4/24293 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч шүүхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш НШШГ газраар дамжуулан Б.М нь 20.000.000 төгрөгний төлбөрөөс 3.412.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлсөн. Манайх тухайн иргэнээс авсан мөнгөөрөө буцааж зээл олгож хүүгээрээ ашиг олдог байгууллага. Б.М нь 1 жилийн хугацаанд зээлээ төлнө гэсэн боловч 3 жил болж байна.

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 20.000.000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлага багасгасан, эд хөрөнгийг манайд 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Б.М-ын бизнесийн үйл ажиллагаа “Хар хорин” захад хэвийн явагдаж байгаа боловч зээлээ төлөхгүй манай төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М хариуцагч НШШГ газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Сэлбэ  тоот хаягт байрлах 61.75 м.кв талбайтай Эрхийн улсын бүртгэлийн Ү-22040дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-22040 дугаарт бүртгэлтэй 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч НШШГ газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12-р сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06902 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Б.М-аас зээлийн гэрээний төлбөрт 22.206.868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С Ж Э ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.794.374 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-04-03-ны өдрийн 853 дугаар магадлалаар С Ж Э ББСБ ХХК 26.012.242 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагаа багасган 20.000.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.М хүлээн зөвшөөрч 2017-04-03-ны өдрөөс 2018-04-03-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд, сар бүрийн 05-ны өдрийн дотор 1.600.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталж шийдвэрлэжээ.  

Төлбөр төлөгч Б.М нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр 2017-06-30-ны өдрийн 11728 шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичсэн байна.

НШШГ газар Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байх бөгөөд шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлджээ.

2019 оны 10 сарын 24-ний өдөр “Эд хөрөнгө хураах тухай 158/06 тогтоол” үйлдэж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2019 оны 11 сарын 01-ний өдрийг биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Б.М-д мэдэгджээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Б.М Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо Сэлбэ  тоотод байрлах 61,75 м.кв хувийн сууц, 327 м.кв талбайтай газар бүхий эд хөрөнгөө 60.000.000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн. Төлбөр авагч төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлт хүргүүлжээ.

Мөн хамтран өмчлөгч Д.А-д НШШГ газраас 2019-10-25-ны өдрийн 4/23507 албан бичгээр үнийн саналыг хүргүүлсэн байна. /хх-ийн 67 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар НШШГ газар 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 350-р тогтоолоор “В” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Б.М-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг даалгажээ.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгч Б.М-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхээс өмнө шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хөрөнгийн үнэлгээний тайланг “В” ХХК гаргаж, НШШГ газарт хүргүүлжээ. /хх-ийн 69-72 тал/

Уг тайланд “...Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, Сэлбэ тоот тоот үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт зах зээлийн үнэлгээний дүн 27.037.000 төгрөг” гэж үнэлсэн. /хх-ийн 73-80 тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Б.М; 2019 оны 11-р сарын 04-ний өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлжээ. Төлбөр төлөгч Б.М үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн гэж үзэн, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2019 оны 11-р сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянзүрх дүүрэг, -р хороо,Сэлбэ тоот үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.

Хариуцагч НШШГ газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон “В” ХХК төлбөр төлөгч Б.М-ын өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-д заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан ”Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байна. Уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн дүгээр хороо Сэлбэ  тоот хаягт байрлах 61.75 м.кв талбайтай Эрхийн улсын бүртгэлийн Ү-22040 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-22040 дугаарт бүртгэлтэй 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА