Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/47

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, 2 дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ******* овогт ******* Батболд /РД: /,

Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 1.2739 метр куб нойтон хэрэглээний шинэс модыг бэлтгэж, -17 улсын дугаартай “Портер” маркийн ачааны авто машинаар тээвэрлэж ойн санд 613,858 төгрөгийн шууд хохирол, 1,023,6 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 1.2739 метр куб нойтон хэрэглээний шинэс модыг бэлтгэж, -17 улсын дугаартай “Портер” маркийн ачааны авто машинаар тээвэрлэж ойн санд 613.858 төгрөгийн шууд хохирол, 1.023.6 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүүхдүүдийнхээ хувцасны мөнгө төлөх гээд тийм зүйл болсон. Морь хайж яваад морио олохгүй тийшээ явсан. Гэм буруугийн хувьд маргаангүй” гэх мэдүүлэг[1],

2.Иргэний нэхэмжлэгч А.Э 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би ******* 2019 онд -17 улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг нийт 19,000,000 төгрөгөөр бодож бэлэн 5,000,000 төгрөг авч, үлдэгдэлд нь Портер машин, 2 адуу, 2 үхэр авсан. Би ******* одоо хүртэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй байгаа. Өөрийнх нь зав зай болохгүй байна гэж байсан. Дарханд нэг ирэх юм бол *******ын нэр дээр шилжүүлнэ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[2],

    3. Гэрч П.Н 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би ******* Батболдын сумын нутгийн хүүхэд залуу гэдгээр нь таньж мэднэ. Хамаатан садангийн харилцаа хамаарал бол байхгүй. ******* манай барааны дэлгүүрээс хүүхдүүддээ гутал хувцас авсан юм. Ойролцоогоор 160,000-аас 170,000 төгрөгийн бараа зээлж авч байсан санагдаж байна. Ингээд ******* танд би мөнгөнийхөө оронд “хашааны шонгийн мод авчирч өгч болох уу?” гэхээр нь би “мөнгөндөө тааруулаад цөөхөн хэдэн шон авъя” гэж хэлсэн юм. Тэгээд энэ ярианаас хойш 10-аад хоногийн дараа ******* манай хашаанд 20 орчим ширхэг шургаагнууд буулгаад удаагүй байж байтал гэнэт нэг өдөр намайг дэлгүүр дээрээ байх хооронд манай хашаанаас байгаль орчны байцаагч ирээд нөгөө моднуудыг чинь ачаад аваад явчихлаа гээд манай том хүү дэлгүүр дээр ирж хэлсэн юм. Тэгээд мөнгөний оронд өгсөн модыг нь аваад явсан болохоор *******ын эхнэр авсан барааныхаа мөнгийг авчирч өгсөн. Одоо надад ямар нэгэн өр төлбөргүй болсон” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Б.Э 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний найз Батболд нь хүнтэй их эелдэг, сайхан харилцаатай, хүнтэй нөхөрлүүл нөхөрлөчихдөг хүн байгаа юм. 10 жилийн өмнөөс мэддэг болсон. Муу зуршил гээд байх юм байхгүй. Хүмүүстэй их нийтэч хүн байгаа юм. ******* нь яг тодорхой ажил хийдэггүй, малаа маллаж амьдардаг их хөдөлмөрч залуу байгаа юм. Архи уудаггүй, тамхи татдаггүй” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.Б 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Манай дүү Батболд нь уян зөөлөн, гаж буруу хүмүүжилгүй, даруухан томоотой, хүн амьтантай хэрүүл маргаан хийгээд байдаггүй, бусадтай эелдэг харилцаатай, найз нөхөдтэйгээ нийтэч айлын 4 дөх хүүхэд байгаа юм. Мал маллаад хажуугаар нь жолооч хийдэг. Гэр бүлтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймаг, ******* суманд оршин суудаг. Бага хүүхэд нь 12 настай, том хүүхэд нь 15 настай” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Г.Т 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Батболд нь ёс зүй тал дээр ямар нэгэн асуудалгүй. Хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Найз нөхөдтэйгээ нийтэч, ажилч хөдөлмөрч, хичээнгүй залуу байгаа юм. Гэр бүлтэй. ******* аймаг ******* суманд оршин суудаг эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд нь 12настай, том хүүхэд нь 15 настай” гэх мэдүүлэг[6],

7. “Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №ТХҮ-922/4883 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...Улаан, цагаан өнгөтэй бензин хөрөөний бодит үнэ цэнийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар 130,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[7],

8. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №04 дугаартай ******* бүсийн сум дундын ойн ангийн инженер У.Б шинжээчийн дүгнэлт хэсэгт: “******* сумын “ ” гэх нэртэй газрын ойн сан нь 3-р мужид хамрагддаг бөгөөд тооллогын дүнгээр шинэс хэрэглээний мод 1.2739 метр куб гарсан бөгөөд үүнийг ойн нөөцийн төлбөрийн үнэлгээгээр 1 шоо метр шинэс модны үнэ болох 267,707 төгрөгөөр үржүүлэхэд 341,032 мөнгөн төлбөр гарч байна. Үүнийг мод модон материалын ашиглалтын гарцын итгэлцүүр /хэрэглээний бөөрөнхий мод гуалин–1,8/ аар үржүүлэн тооцоход 618,858 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол гарч байна” гэх дүгнэлт[8],

9. Монгол улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн актанд: “*******од холбогдох 1.2739 м3 шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээг ******* сумын ******* бүсийн сум дундын Ойн ангийн инженерийн гаргасан дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн нэг шоо, метр “шинэс” модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож гаргахад 1.2739 м3 х 267.707 х 1,8 /итгэлцүүр/ = 341.032 төгрөг, Монгол Улсын ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулна гэж заасан байдаг тул *******ын ойн санд учруулсан хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 341,032 х 3 = 1,023,6 төгрөг болж байна. гэх дүгнэлт[9],

10.Шүүгдэгч *******ын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй..” гэх мэдүүлэг[10],

11. Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын -ний өдрийн техникийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...А.Э эзэмшлийн -17 улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол улсад орж ирсэн Porter маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2023 оны 01 дүгээр сарын -ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[11],

12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[12], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Энхбат нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 1,023,100 /нэг сая хорин гурван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч ******* нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[16]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,000,0000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий -17 улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч А.Энхбаатарт, 130,000 төгрөгний үнэлгээ бүхий модны 1 ширхэг хөрөөг иргэний нэхэмжлэгч О.Л тус тус буцаан олгож, нийт 3,130,000 /гурван сая нэг зуун гучин мянган/ төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ял оногдуулж өгөхийг хүсч өмгөөллийн дүгнэлтээ хийжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од анхааруулсан болно.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон ******* аймаг, ******* сумын Цагдаагийн хэсгийн хашаанд байгаа 1.2739 метр куб шинэс модыг хураан авч, Улсын орлогод оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Дөрөв. Бусад

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан алдаа зөрчлийг цаашид дахин гаргахгүй байхыг анхааруулж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ дурьдсан тул дахин нурших шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Батболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******од анхааруулсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 1,023,100 /нэг сая хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч ******* нөхөн төлснийг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,000,0000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий -17 улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч А.Энхбаатарт, 130,000 төгрөгний үнэлгээ бүхий модны 1 ширхэг хөрөөг иргэний нэхэмжлэгч О.Л тус тус буцаан олгож, техникийн үнэлгээгээр тогтоогдсон нийт 3,130,000 /гурван сая нэг зуун гучин мянган/ төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон ******* аймаг, ******* сумын Цагдаагийн хэсгийн хашаанд байгаа 1.2739 метр куб шинэс модыг хураан авч, Улсын орлогод оруулсугай.

8. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 45 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 49 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 52 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 58 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 70 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 76 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 43 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 58 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 110 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 168-170 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 111 дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 185 дугаар тал