| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 110/2025/0017/з |
| Дугаар | 221/МА2025/0585 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0585
Ш.М, Ш.О нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М
Нэхэмжлэгч: Ш.М, Ш.О
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/46 дугаартай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2025/0056 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н
Хариуцагч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө
Хэргийн индекс: 110/2025/0017/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.М, Ш.О нараас Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргад холбогдуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн 2024 оны А/46 дугаартай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2025/0056 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.М, Ш.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт цугласан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон гэгдэж буй эрх бүхий албан тушаалтны албан шаардлага маргаан бүхий захирамжийн үндэслэх хэсэгт дурдагдаагүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
3.2. Маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон эсэхэд дүгнэлт өгөөгүй. Мөн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай" 02-15-04/050/34 дугаар албан шаардлага нь анхнаасаа хууль ёсны байсан мэт дүгнэж байгаа нь өөрөө анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн хэм хэмжээг зөрчиж байгаа явдал юм. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад уг албан шаардлага гарах үед Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах хуулийн хэмжээг баримтлаагүй болох нь тогтоогдож байна.
3.3. Угтаа бол эрх бүхий албан тушаалтнаас хяналт шалгалт явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу оролцогчдод урьдчилж мэдэгдэх буюу хяналт шалгалтын төлөвлөгөө болон удирдамжийг танилцуулах ажиллагааг хийж мөн процессын явцад буюу шийдвэр гаргахаас өмнө хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу асуудлыг шийдвэрлэх боломжийг хэрэглээгүй. Мөн Ш.М Ш.О нарын нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдолд хамаарахгүй болохыг, шийдвэр гаргах үед сонсох ажиллагааг явуулаагүй зэргийг анхаарч үзээгүй.
3.4. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ дээр дурдсанчлан маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаагүй бөгөөд газрын хураамж хугацаандаа төлөгдөж ирснийг болон нэхэмжлэгч нарыг хүнд өвчтэй өндөр настай болохыг анхаараагүй явдалд мөн нэхэмжлэгч нар Монгол Улсын иргэний хувьд нэг удаа газар үнэгүй өмчлөх эрхээ эдэлж буйг анхаараагүй явдалд гомдолтой байна.
3.5. Нэхэмжлэгч нарын шаардах эрхийн нэг үндэслэл нь газрын хураамжаа хугацаандаа төлж ирсэн тухай болон хүнд өвчтэй байсан тухай байсан бөгөөд маргаан бүхий захиргааны актыг батлан гаргах үед мөн дээрх явдлыг тодруулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй байсан тухай бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь нотлох баримтыг үнэлэх хуулийн хэм хэмжээг зөрчсөн явдал юм. Үүнээс гадна тухайн үеийн газрын даамал байсан Ү.Аманбек “эзэмшүүлж буй газар нь батлагдсан төлөвлөгөөнд ороогүй бол программд бүртгэгдэхгүй” талаар тодорхой гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд үүнийг мөн нотлох баримтаар үнэлээгүй нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2025/0056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэснээс гадна хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байна.
3. Нэхэмжлэгч Ш.М, Ш.О нараас Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/46 дугаар захирамжийн Ш.М, Ш.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... нэхэмжлэгч Ш.О нь 2019 оноос хойш хүндээр өвдөж, Ш.М нь өдийг хүртэл энхэр болох Ш.Оыг асарч байсан, гэтэл хариуцагчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, иргэдээс хамаарахгүй хүчин зүйлийн улмаас газраа эзэмших боломжгүй байсан зэргийг харгалзаж үзэлгүйгээр, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, сонсох ажиллагаа явуулахгүйгээр бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.
3.2. Хариуцагчийн хувьд “... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 02-15-04/050/34 дугаар албан шаардлагаар Ш.М, Ш.О нарт сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд газар эзэмшүүлснийг тогтоож, зөрчлийг арилгахыг шаардсаны дагуу газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгосон, маргаан бүхий газар нь хөдөө аж ахуйн зориулалттай, бэлчээрийн газар учраас гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх боломжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... тухайн газар нь хөдөө аж ахуйн газарт хамаардаг буюу сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр тусгагдаагүй болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, гэтэл бэлчээрийн бүсэд гэр, орон сууц хашааны зориулалтаар газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4-т заасан зохицуулалттай нийцэхгүй, нэхэмжлэгч нарт хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлээгүй учраас газрын төлбөр төлж байсан, газраар ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал нь газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
5. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
5.1. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/119 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтыг үндэслэн, тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Өлгийгөөс Шар нуур явах хар замын баруун талд шинээр газар эзэмшихийг хүссэн нэр бүхий 15 иргэнд 10500 м.кв газрыг 50 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дотор Ш.М, Ш.О нар багтаж, нэхэмжлэгч тус бүрд гэр бүлийн зориулалтаар 700 кв.м газар эзэмших эрх олгож, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 000102400, 000102399 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
5.2. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 02-15/04/050/33 дугаар албан шаардлагаар “… тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болохоор зааснаас бусад байршилд газар олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчиж олгосон газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагыг Сагсай сумын Засаг даргад хүргүүлжээ.
5.3. Улмаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/46 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн энэ хэсгийн 6.1-д заасан газар багтжээ.
5.4. Нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газар нь байршлын хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан, иргэдэд шинээр эзэмшүүлэхээр төлөвлөсөн, мөн иргэдэд шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын алинд нь ч хамаарахгүй болохыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичиг, лавлагаа, тус газрын улсын байцаагчийн албан шаардлага, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний байршлын зураг зэргээр тогтоожээ.
6. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд;
6.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3. энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1. энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33 дугаар зүйлийн 33.4-д “…аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж,
6.2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ: 6.1.1. хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй: 14.1.3. аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасан.
Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, иргэнд эзэмшүүлэх газар нь байршил, хэмжээ, зориулалтын хувьд сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх нь газар эзэмшүүлэх үндсэн шаардлага бөгөөд газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж буй Засаг даргын хэн аль түүнийг баримтлах шаардлагатай бол зөрчсөн нөхцөлд газар эзэмших эрхийг хууль ёсоор үүссэн гэж дүгнэх боломжгүйд хүрнэ. Ийнхүү хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, зөрчлийг арилгах боломжийг Газрын тухай хуулиар тухайн шатны Засаг даргад олгосон.
Харин иргэнд өмчлүүлж болох газар нь тухайн харилцааг нарийвчилсан зохицуулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн зохицуулалт ёсоор, мөн л газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан буюу газрын нэгдмэл сангаас өмчлөхийг хориглоогүй байршилд хамаарч байх урьдчилсан нөхцөлийг шаардана.
7. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Сумын 2020 оны газар зохион байгуулалт, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө батлах тухай” 41 дүгээр тогтоолоор, тус сумын 2020 оны газар зохион байгуулалтыг төлөвлөхдөө хэнд, ямар зориулалтаар газар олгох, түүний төрөл, хэмжээ тус бүрээр зааглан тодорхойлж, 10 хавсралт бүхий байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан.
Тухайлбал, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээг 3 дугаар хавсралтаар; иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээг 4 дүгээр хавсралтаар; малчин иргэдэд гэр бүлийн хэрэгцээний болон мал аж ахуйн зориулалтаар шинээр эзэмшүүлэх газрын хэмжээг 5 дугаар хавсралтаар баталжээ.
8. Гэтэл Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/119 дүгээр захирамжаар Ш.О, Ш.М нарт тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр, орон сууцны хашааны зориулалтаар тус бүр 700 кв.м газрыг эзэмшүүлсэн нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан хориглолтыг зөрчсөн.
Учир нь нэхэмжлэгч нарт “эзэмших эрх” олгосон тухайн газар нь сумын 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэх байршилд хамаарахгүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
9. Сумын газрын даамлаар ажиллаж байсан Ү.А-ийн “... сумын Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтад Өлгийгөөс Шар нуур явах замын зүүн талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2.8 га газрыг 40 айлд эзэмшүүлэхээр тусгасан, сумын Засаг даргын 2020 оны А/119 дүгээр захирамжаар 15 иргэнд эзэмшүүлсэн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгагдсан гэж үзэж байна”, “... нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 2.8 га газарт багтаагүй боловч газрын нэгдсэн системд иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн учраас олгогдсон гэж үзэж байна” гэх зэргээр өгсөн зөрүүтэй мэдүүлгийг дангаар нь маргааны үйл баримтыг эргэлзээгүй тогтоосон, эсхүл хэрэгт цуглуулсан бусад бичгийн нотлох баримтаас илүү ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй юм.
10. Газар эзэмших хүсэлтийг, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг хэлбэрээр олгохоор тусгасан байршилд гаргах боломжтой байтал иргэнд өмчлүүлэхээр заасан байршилтай сольж, эсхүл төлөвлөлтөд тусгаагүй өөр бусад байршилд гаргах, захиргааны байгууллагын зүгээс түүнийг баталгаажуулж шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй.
Сумын Засаг даргын хувьд, энэ агуулгаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан, хууль бусаар газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосныг буруутгах боломжгүй.
11. Газрын тухай хуулиар зохицуулах “газар эзэмшүүлэх”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар зохицуулах “газар өмчлөх” харилцаа нь эрхийн агуулга, тухайн харилцаа үүсч, өөрчлөх, дуусгавар болох зохицуулалт нь харилцан ялгамжтай тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон сумын Засаг даргын маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгчийн “газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрх” зөрчигдсөн гэх тайлбар үндэслэлгүй болно.
12. Нэгэнт хууль бус шийдвэрээ хүчингүй болгож байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан ч анх газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул захиргааны байгууллагын шийдвэрт нөлөөлөхөөргүй байна.
Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2025/0056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ