Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00956

 

        Х.А-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00456 дугаар шийдвэртэй, Х.А-ийн нэхэмжлэлтэй, Т.Д-т холбогдох

           Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 7 дугаар байрны 12 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

       Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2326 дугаар шийдвэрээр миний хүү Т.Ө-г Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 7 дугаар байр, 12 тоот, 3 өрөө орон сууцны өвлөгчөөр тогтоосон. Уг үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг болтол хууль бусаар эзэмшиж, амьдарч байгаа Т.Д-т холбогдуулан хүүгийнхээ асран хамгаалагчийн хувьд нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ч Т.Д нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүртэл элдэв арга саам хэрэглэн бидний шаардлагыг үл тоон дээрх орон сууцанд амьдарсаар байх тул Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 7 дугаар байр, 12 тоот 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.А орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2326 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 7 дугаар байрны 12 тоот 3 өрөө орон сууцны үнэ болох 158 700 000 төгрөгөөс С.Т-ийн өв залгамжлагч нар болох Т.Ө-д 79 700 000 төгрөг, Т.Б-д 79 700 000 төгрөгийг тус тус С.Г-оос гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн холбогдох хэсгийг Т.Ө, Т.Б нарт олгож шийдвэрлэсэн болохоос орон сууцны өмчлөгчөөр тогтоогоогүй. Мөн Х.А нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2326 дугаар шийдвэр гаргахад орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсан учраас дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Т.Д-т холбогдох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 7 дугаар байрны 12 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн Х.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2326 дугаар шийдвэрээр Т.Ө-г тогтоосон, нотариатын 2015 оны 24 дүгээр Өвлөх эрхийн гэрчилгээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өвлөгчөөр нэхэмжлэгч тал тогтоогдсон учир шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл байдлын тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн тухайд шүүхээс хийсэн дүгнэлт учир дутагдалтай ба өмнөх шүүхийн шийдвэрт дурдсанаар Ц.С, С.О нар нас барсны улмаас тэдний өв хүлээн авагч нар өвлөх эрхээ алдсан, С.Т-ны хувьд өвлөгчөөр Т.Ө-г тогтоосонтой холбоотойгоор шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тухайд бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй төдийгүй өвлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч бодитоор саад учруулж байгаа учраас шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хурлын эхэнд нэхэмжлэгч талаас хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах, хэрэгт ач холбогдол бүхий үйл байдлыг мэдэх гэрчийг асуулгах хүсэлтийг шүүх зөвхөн шүүх хурлаас өмнө гаргах боломжтой байсан гэж дүгнэж хүлээн аваагүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдсөн гэж үзэж байна.

      Хэргийн оролцогчдоос шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтээ нэхэмжлэгч тал үндэслэлээ хангалтгай тайлбарласан ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед төлбөр төлөгч С.Г шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлсөн эсэх, С.Г-оос нэр бүхий өвлөгч нарт орон сууцыг өгөх санал гаргасан талаарх баримтыг эрх бүхий байгууллагаас, гэрчээс уг үйл байдлыг тодруулах, хариуцагчийн тухайд маргаан бүхий орон сууцанд С.Г ахын зөвшөөрлөөр амьдарч байгаа гэж маргаж байгаа зэргээс дээрх нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээд зогсохгүй шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжтой гэж үзэж байна.

          Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй шударга ёсны үүднээс өмнөх хэргийн хариуцагч С.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д хууль бусаар орон сууцыг 4 жил орчим эзэмшиж байгаа бөгөөд өвлөгч нар өвийн эд хөрөнгөө өнөөдрийг болтол авч чадахгүй байдлыг шүүх хуулийн дагуу шийдвэрлэх учиртай, хариуцагчид боломж олгох учиргүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан асуудалд  дүгнэлт хийж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй зөв шийдвэрлэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

     Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Т.Д-т холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

        Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2326 дугаар шийдвэрээр С.Г-д холбогдох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 7 дугаар байрны 12 тоот 3 өрөө орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, С.Т-ийн бичиг баримтыг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч Х.А татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий 12 тоот орон сууцны өвлөгчөөр Т.Ө, Т.Б нарыг тогтоож, хариуцагч С.Г-оос 158 700 000 төгрөг гаргуулж, Т.Ө-н хууль ёсны төлөөлөгч Х.А-д 79 350 000 төгрөг, Т.Б-н хууль ёсны төлөөлөгч Д.Х-д 79 350 000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн, уг орон сууцанд хариуцагч Т.Д оршин сууж байгаа үйл баримт тогтоогдсон, дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй. Маргаж буй 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.С, С.О, С.Т нар бүртгэлтэй байсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш шилжилт хөдөлгөөн хийгдээгүй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн албан бичгээр тогтоогдсон байна. /хх 89/

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй тул хариуцагч Т.Д-т холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

    Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх явцад тус хэргийн нэхэмжлэгч Х.А нь Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг буцаан авах” хүсэлт гаргаж, тус албанаас 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  02 тоот “Шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг буцаах тухай” тогтоолоор холбогдох баримт бичгүүдийг төлбөр авагч буюу нэхэмжлэгч Х.А-д буцаан өгсөн байна. /хх-78-88/

    Уг шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцны хууль ёсны өвлөгчөөр Т.Ө, Т.Б нарыг тогтоож, ногдох хэсгийг гаргуулж шийдвэрлэснээс өмчлөгчийн асуудлыг шийдвэрлээгүй гэж үзнэ. 

      Нэхэмжлэгч Х.А нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 7 дугаар байрны 12 тоот 50 м.кв талбайтай 3 өрөө улсын бүртгэлийн Ү-2202002280 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн өвлөгчөөр Т.Ө-н хууль ёсны төлөөлөгч Х.А-д 24 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон гэж үзэхгүй.

    Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгааждаг тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

     Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн С.Г-ыг гэрчээр оролцуулах хүсэлтийг ”шүүх хуралдааны явцад гаргасан нь хүсэлтүүдийг хүлээн авах хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдсонгүй” гэж дүгнэснээс гадна гэрчээр С.Г-ыг асуулгаж, юу тодруулах гэж байгаа нь ойлгомжгүй тодорхой бус байх тул уг хүсэлтийг хангахгүй орхиж, нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2018/02196 дугаар захирамжаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА