Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 08

 

М.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

 

                      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Л.Содбаяр,

            Шүүгдэгч: М.Х,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/62 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч М.Хд холбогдох, эрүүгийн 2020000200014 дугаартай, 1 хавтас, 94 хуудас бүхий хэргийг хяналтын прокурор Л.Содбаярын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ХХК-д ажилтай, ам бүл 4, ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, М.Х-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Л.Содбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч  М.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 76, 131 дүгээр байрны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ү.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Хд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,  

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж,

Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Л.Содбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан хууль ёсны зарчмыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхээс М.Х болон түүний эхнэр Ү.М нарын гэр бүлийн талаарх харилцан хамаарлыг тодорхойлохдоо өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж тайлбарласан нь зөв боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” гэх заалтын үндсэн шинжүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр тайлбарлаж, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс хооронд үйлдэгдсэн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн гэм буруутай үйлдлүүдийг хамруулахаар хуульчилж тогтоосон байхад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн заалтыг гол болгож, хэргийг прокурорт буцаасан нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгоно гэж үзэж байгаа. Мөн шүүгчийн захирамжийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр ээрэг нотолбол зохих байдлыг хэрэгт нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Сум дундын прокурорын газраас яллагдагч М.Хд холбогдох эрүүгийн 2020000200014 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ыг анхаарч үзээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан, шүүгдэгчийн гэм буруутайг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой, энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах хууль ёсны болон шударга ёсны нийтлэг зарчмуудад нийцэж байгаа болно. Иймд 2020/ШЗ/62 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч М.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/62 тоот “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Учир нь: Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор Л.Содбаяраас гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудад хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл хохирогч Ү.М нь 2020 оны 01-р сарын 20-ны өдөр Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтэст “...нөхөр М.Х намайг 2020 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зодож биед маань гэмтэл учрууллаа” гэх гомдлыг гаргасны дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж  хэргийн хохирогчоор Ү.Мг тогтоож, мөрдөгч шинжээч томилсны дагуу шинжилгээ хийгдэж хохирогч Ү.М-ийн биед баруун нүдний дээд зовхи, баруун нүдний склерт цус хуралт, зүүн нүдний доод зовхинд, зүүн хацар, эрүүнд цус хуралт, хэвлийн зүүн доод талд хуралт, баруун шууны дотор талд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг шинжээчийн 04/24 тоот дүгнэлт тодорхойлсон тул прокуророос М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Прокурорын шатанд хохирогч, яллагдагч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 58, 59/ гаргасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлснийг шүүх 72 цагийн хугацаанд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн боловч анхан шатны шүүх “…хэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ялласан нь үндэслэлгүй,  түүнийг мөн хуулийн, мөн зүйлийн 2 дахь хэсэг,  мөн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар тус тус шалгаж тогтоох шаардлагатай” гэсэн агуулга бүхий үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал 01-р сарын 18-ны өдөр хохирогч Ү.М найзынхаа гэрт пиво ууцгаагаад сууж байхад нь нөхөр М.Х нь очсон үед тэрээр найзуудынхаа хажууд нөхөр М.Хг гэртээ ирэхээрээ архи ихээр уугаад байгаа гэж хэлсэн ба үүнээс болж тэд маргалдсан ба айлын гэрийн гадна М.Х нь эхнэрийнхээ нүүрэн тус газар нь цохиж зодсон, маргааш нь буюу 01-р сарын 19-ний өдөр хохирогч Ү.М нь гэртээ хариагүй найзындаа хоносон байхад нь хадам ээж, нөхөр, хүүхдүүд нь гэрийн гадаа түлхүүргүй байна гэж дуудсан ба Ү.М хүрч очсон боловч гэрийн түлхүүрээ өгнө, өгөхгүй гэснээс болж М.Х нь гэрийнхээ гадаа түүний хэвлийн тус газар нь цохиж зодсон үйл баримтууд болсныг хохирогч Ү.М /хх-ийн 15-16/ мэдүүлдэг ба М.Х нь мөрдөн байцаалтад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн байна.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн прокуророос шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийллийн шинжгүйгээр эхнэр Ү.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүрээнд гэрлэгчид болон бусад гэр бүлийн гишүүд,  хамаарал бүхий этгээдүүдийн хооронд гарсан таарамжгүй харьцааны улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйлдэл болгоныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх нь энэхүү гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгод нийцэхгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, байнга хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан ...” гэсэн шинжээр үйлдсэн байхыг хуульд заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч М.Хгийн үйлдэлд ийнхүү бие махбодын, сэтгэл санааны зовиур, шаналал байнга учруулсан үйл баримт тогтоогдоогүй байхад шүүхээс энэхүү нөхцөл байдлыг шалгаж тогтоолгохоор хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар буюу “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцээгүй гэж үзнэ.

Шүүгдэгч М.Хгийн эхнэр Ү.Мг 2 удаа зодсон үйлдэл нь байнгын биш, тохиолдлын шинжтэйгээр үйлдэгдсэн болох нь хохирогчийн “... миний хувьд Хашхүүг гэр бүлийн хүчирхийлэгч гэж үзэхгүй байна, гэр бүлийн асуудлаа шийдэхдээ согтуудаа буруу аргаар шийдэх гэж үзсэн нь түүний буруу. Урьд нь ингэдэггүй байсан, сая л хүч хэрэглэж надад гар хүрлээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/-ээр тогтоогдож байгаа ба гэрч Г.Мөнхчимэг, Г.Санаасайн нарын мэдүүлгүүдээр М.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг нь мөн тогтоогдоогүй байна.

Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүх яллагдагч М.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “ Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ын 5, 8, 9-д заасныг буюу “шүүх хэргийг ... 72 цагийн дотор хянан шийдвэрлэнэ, шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана,  шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэснийг тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэл болсон байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/62 дугаар шүүгчийн “ Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд буцааж, хяналтын прокурор Л.Содбаяраас гаргасан эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд М.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

                                                                                                         А.САЙНТӨГС