Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0255

 

 

   

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А*********-н Г*********

Хариуцагч: Б********* дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О*********, Д.П*********

Маргааны төрөл: “М*********” ХХК-иас А.Г*********-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*********, Д.П*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн А.Г*********-с Б********* дүүргийн Засаг даргад холбогдуулан “Б********* дүүргийн 16 дугаар хороо, Данзан-1 гудамж, 5 тоот 129 м.кв газар эзэмших эрхийн Э-2204009345 дугаар гэрчилгээг “М*********” ХХК-иас А.Г*********-д шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Б********* дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б********* дүүргийн 16 дугаар хороо, Данзан-1 гудамж, 5 тоот 129 м.кв газар эзэмших эрхийн Э-2204009345 дугаар гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Б********* дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/451 дүгээр захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо, Данзан 1-5 тоот хаягт байрлах 129 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар “М*********” ХХК-д эзэмшүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01110-2020/10585 дугаар газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

“М*********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/21 дүгээр шийдвэрээр дээрх хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204********* дугаартай, 88 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахыг зөвшөөрснийг үндэслэн нэхэмжлэгч нь тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*********-тай 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0799 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Э-2204********* дугаар, эзэмших эрхийн 000017904 дүгээр, нэгж талбарын 1331000124 дугаартай, Б дүүргийн 16 дугаар хороо, Данзан 1 дүгээр гудамж, 05 тоот хаягт байрлах 129 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг худалдан авсан байна.

Улмаар дээрх гэрээг үндэслэн тус газар дээрх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204********* дугаартай, 88 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэн, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн улсын бүртгэлийн 000892698 дугаар гэрчилгээг авсан байна.

Харин нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн Э-2204********* дугаар гэрчилгээ бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг “М*********” ХХК-иас шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, “М*********” ХХК-ийн 000017904 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, “М*********” ХХК-ийн дүрэм, тус компанийг төлөөлөн маргаан бүхий газар болон түүн дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хийх эрхийг олгосон 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн итгэмжлэл, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01110-2020/10585 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримтын хамт Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргажээ.

3. А.Г********* нь дээрх газарт барилгын угсралтын ажлыг эхлүүлсэн тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 02-06/4848 дугаар албан бичгээр барилгын ажлыг зогсоох тухай албан бичгийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэх хуудсаар барилгын түр хашааг буулгах, 8 дугаар сарын 19-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар барилга угсралтын ажлыг зогсоох тухай мэдэгджээ.

Улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 0047076 дугаар шийтгэлийн хуудсаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Мөн дээрх барилга угсралтын ажил нь иргэдийн зорчих хөдөлгөөн, орц гарц хаасан талаар иргэдээс гомдол ирүүлсний дагуу хяналт шалгалт хийлгүүлэх, дүгнэлт гаргуулахаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03/4033 дугаар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 03-06/6109 дүгээр албан бичгүүдээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт;

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03/3171 дүгээр албан бичгээр А.Г*********-ын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд хамаарах эсэхийг тогтоож хамтран ажиллах талаар албан бичгийг тус тус хүргүүлсэн байна.

Харин газар эзэмших эрхийн Э-2204********* дугаар газрын гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд Б********* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13/3640 дүгээр албан бичгээр  газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар  “М*********” ХХК-д, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/7532 дугаар албан бичгээр А.Г********* нь Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр газэр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар тус тус мэдэгджээ.

4. Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлыг шийдвэрлээгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 9704 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон бөгөөд энэ хугацаанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/7532 дугаар албан бичгийг хүлээн аваад 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүрдүүлбэр ханган нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн байна. 

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            “Миний зүгээс Нийслэлийн Б********* дүүргийн Засаг дарга, тус дүүргийн газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандсан 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр П********* гэх хүнтэй уулзахад “бид мэдэхгүй Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Ш.М********* гэдэг мэргэжилтэн газрын гэрчилгээг нь битгий шилжүүлж өгөөрэй гэсэн үүрэг даалгавар өгсөн, тэр хүнтэйгээ уулзаж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй” гэхээс өөр хариу хэлдэггүй. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ш.М*********-тай уулзах бүрд “Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.С********* дарга тус газрыг битгий шилжүүлж өгөөрэй гэсэн үүрэг өгсөн би сайн мэдэхгүй байна” гэж хэлдэг Б.С********* даргатай уулзах гэхээр олдохгүй уулзаж чадахгүй өдий хүрсэн.

Ингээд арга буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргад помдол гаргасан, гэвч миний гомдлын хариуг ямар ч шалтгаангүй шийдвэрлэхгүй хариу өгөхгүй байсан учир 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн захирамж гарснаас хойш нийслэл дээр өдөр болгон очиж гуйж байж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 02-06/7532 тоот хариуг авсан болно.

Иймд Б********* дүүргийн 16 дугаар хороо, Данзан-1 гудамж, 5 тоот 129 м.кв эзэмших эрхийн Э-2204********* дугаар газрын гэрчилгээг “M*********” ХХК-иас А.Г********* надад шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б********* дүүргийн 16 дугаар хороо, Данзан-1 гудамж, 5 тоот 129 м.кв эзэмших эрхийн Э-2204********* дугаар газрын гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагын талаар зааж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тус шаардлагын хүрээнд ямар нэг байдлаар газар давхацуулсан, хууль бусаар газар авсан асуудал байхгүй. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд баримтуудыг хавсаргаж 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б********* дүүргийн Засаг даргад хандаж байсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”-ийг Засаг дарга хянаж шалгах үүрэгтэй. Үүний дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар 15 хоногийн дотор уг шийдвэрийг гаргах ёстой. Өөрөөр хэлбэл 07 дугаар сарын 20-ны дотор шийдвэр гаргах ёстой байсан. Ямар нэг шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь нотлогдож байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 514 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 2.5, 2.6 дахь хэсэгт журмаар хуульчилж өгсөн бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гаргах ёстой. Бодит байдал дээр иргэн н.О*********, иргэн н.Б********* хоёрын нүх ухсантай холбоотой иргэдээс төрийн байгууллагад өгсөн гомдлын дагуу 2021 оны 10  дугаар сарын 11-ний өдрийн 03/3171 дүгээр “Хамтран ажиллах тухай”, үүнд 07 дугаар сарын 29-ний өдөр н.С********* иргэдийг хүлээж авч, тухайн хоёр иргэний нэг нь 12 давхар, нэг нь 9 давхар барилга барихаар байдаг. Үүнтэй холбоотой иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдлыг хаасан, энэ нь тогтоогдсон гэдэг байдлаар хандсан байдаг. Үүнтэй холбоотой иргэн А.Г*********-ын барилга ямар нэг байдлаар иргэдийн эрх ашгийг зөрчөөгүй. Мэргэжлийн хяналтын газраас хууль тогтоомжид нийцүүлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаас зөвлөмж өгч торгууль тавьсан байдаг. Барилга байгууламж, төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт хүчин чадлыг тогтоох дүрмийн танилцуулга байдаг. Үүний хоёрдугаар хавсралтад төвөгшил шаардлагагүй барилга гэдэг нь 7 метрийн өндөртэй, 150 м.кв байна гэж заасан. Энэ тохиолдолд заавал төрийн захиргааны байгууллагад хандаж, техникийн нөхцөл бүрдүүлэх шаардлагагүй” гэв. 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“1/ Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03/3171 дугаартай албан бичигт дурдсанаар “М*********" ХХК-иас уг газрыг худалдан авсан гэх иргэн А.Г********* нь уг газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй байх үедээ Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам"-ын 8.1.1, 8.1.5, 8.1.6, 8.1.8 дахь заалтуудыг зөрчсөн байгаа тухай, мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08-07136/679 дугаартай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг биелүүлэлгүй Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг зөрчсөн тул иргэн А.Г*********-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг тухайн үед шийдвэрлэх боломжгүй байсан байна.

2/ Иргэн А.Г********* нь Б********* дүүргийн газар зохион байгуулалтын албанд “М*********” ХХК-иас нэр шилжүүлэн газар эзэмших тухай хүсэлтийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албад ирүүлж бичиг хэрэг бүртгэж авсан байна.

Уг нэр шилжүүлэх хүсэлт ирсний дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Б********* дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Н.М********* нь А.Г*********-ын хүсэлттэй холбоотой асуудлаар нэр шилжүүлж болохгүй тухай санал, хүсэлтийг утсаар хэлж мэдэгдсэн.

Учир нь тус дүүргийн 16 дугаар хорооны 41 дүгээр байрны оршин суугчдаас орц, гарцтай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч Н.С*********-т гомдол гаргаснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх талаар утсаар удаа дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шаардсан байдаг.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02-03/3236 тоот, 10 дугаар сарын 15-ны өдрийн 02-02/3264 тоот албан бичгүүдэд дурдагдсан батлагдсан зураг төсөлгүй, хуульд заасан зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил хийж байгаа тухай, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил гаргасан, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03/3171 тоот албан бичгүүдээр газар эзэмшүүлэхгүй байх тухай хүсэлтүүд удаа дараа ирүүлсэн, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ иргэн А.Г*********-ын нэр дээр гараагүй байхад зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн, үргэлжлүүлсэн нь баримтаар нотлогдож байгаа тул иргэдийн санал хүсэлтийн дагуу газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Гомдол гаргасан иргэдийн гомдлын дагуу Нийслэлийн Засаг даргын орлогчоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн А.Г*********-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагыг тавьсан. Үүнээс болоод газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй. Зөвхөн иргэдийн гаргасан гомдлын дагуу А.Г*********-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байсан. Шүүхийн шийдвэрийг хүлээж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн боловч хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг тусгайлан олгоогүй тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт. 38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт.”, 38 дугаар зүйлийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх.”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж заажээ. 

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан үйл баримт болон хуулийн дээрх заалтуудаас дүгнэвэл нэхэмжлэгчээс гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд нь хуулийн 38.2-т заасантай нийцсэн байх бөгөөд хариуцагч мөн зүйлийн 38.3-д заасан зүйлийг тодруулан 38.4-д заасан хугацааны дотор шийдвэр гаргах байжээ. 

Нэхэмжлэгч нэгэнт хуульд заасан шаардлагад нийцсэн өргөдөл гаргасан байхад хариуцагч Газрын тухай хуульд заасны дагуу 15 хоногийн дотор шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан барилга угсралтын ажил нь иргэдийн зорчих хөдөлгөөн, орц гарц хаасан талаар иргэдээс гомдол ирүүлсний дагуу хяналт шалгалт хийлгүүлэх, дүгнэлт гаргуулах,  А.Г********* нь Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус зөрчсөн гэх асуудал шалгагдаж байсан боловч нэхэмжлэгч хуульд заасны дагуу зөрчлөө арилгаж, холбогдох байгууллагаас техникийн тодруулга, техникийн нөхцөл авч барилга барьж дуусгасныг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Г*********-с Б********* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, Б********* дүүргийн 16 дугаар хороо, Данзан-1 гудамж, 5 тоот 129 м.кв газар эзэмших эрхийн Э-2204********* дугаар гэрчилгээг “М*********” ХХК-иас А.Г-д шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Б********* дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б********* дүүргийн 16 дугаар хороо, Данзан-1 гудамж, 5 тоот 129 м.кв газар эзэмших эрхийн Э-2204********* дугаар гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргахыг  хариуцагч Б********* дүүргийн Засаг даргад  даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ДАМДИНСҮРЭН