Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0605

 

 

 

 

 

“О ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгччийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Б.С

 

Нэхэмжлэгч: “О ф” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “О ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0473 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

Хэргийн индекс: 128/2024/0378/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О ф” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “О ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0473 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар дугаар зүйлийн 3.1.3, 3.1.5 дахь заалтыг тус тус  баримтлан “О ф” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Б.С нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасныг тус тус үндэслэн гадаадын хөрөнгө оруулалтай компани гэж үзэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.3, 3.1.4-д тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч “О ф” ХХК-ийн хувьд гадаадын хөрөнгө оруулалттай компани огтоос биш бөгөөд дотоод хөрөнгө оруулалттай компани тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж буй этгээд мөн болно.

Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас харвал хувьцаа эзэмшигч нь “И х э” ХХК нь 100 хувь эзэмшдэг болох нь нотлогдож байгаа бөгөөд “И х э” ХХК-ийн хувьд Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4-т зааснаар дотоодын хөрөнгө оруулагч болох нь нотлогдож байгаа юм.

Гэтэл Анхан шатны шүүх тус заалтыг шийдвэрт тусгасан атлаа энэ талаар тайлбарлалгүйгээр шууд гүйцэтгэх удирдлага нь БНХАУ-ын иргэн тул гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.2. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг ойлгохоор хуульчилсан буюу гадаадын хөрөнгө оруулагч нь 100 мянган америк долларыг хөрөнгө оруулах хуулийн шаардлага тавигддаг. Гэтэл “О ф" ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас харвал хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1,000,000 /нэг сая/ төгрөг болох нь тогтоогдож байна. Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч компани нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан дотоодын хөрөнгө оруулалттай гэдэгт хамаарахаар байхад тус компанийг гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх гүйцэтгэх удирдлага болон эцсийн өмчлөгч дээр БНХАУ-ын иргэн бүртгэлтэй гэх үндэслэлээр гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж үзэж байгаад нь гомдолтой байна.

3.3. Нэхэмжлэгч компанийн хувьд ковидын хүнд нөхцөл байдал арилсны дараагаас эхлээд тухайн газраа ашиглахаар нэхэмжлэлд дурдсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудад харагдаж байгаагаар газрын төлбөр болон тухайн газар дээр аялал жуулчлалын зориулалттай бүтээн байгуулалтыг хийхээр зураг төслийг боловсруулж, газар дээр баригдах хашааг БНХАУ-аас захиалга хийж, худалдан авсан гэх зэргээр, эдийн засгийн маш их зардлуудыг гаргасаар ирсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан бөгөөд энэ нь захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг нэг билээ. Гэтэл бидний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь хангагдахгүй нөхцөл байдал үүсээд байхад энэ талаар мөн ямар ч тайлбар, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол огт зөрчигдөөгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

3.4. Мөн маргаан бүхий тушаалыг гарахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлүүдэд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нэхэмжлэгчийг 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл гэнэтийн давагдашгүй хүчин зүйл нөлөө буюу ковидын цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь тогтоогдсон байдаг. Гэтэл энэ бүх нөхцөл байдлыг харгалзалгүйгээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бүртгэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “О ф” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “О ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

2.1. Ингэхдээ ... “И х э” ХХК нь 2022 онд “О ф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан, анх 2019 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Ар хүүшийн аманд олгосон 4 га газрыг КОВИД-19 цар тахлын хугацаанд зориулалтын дагуу боломжгүй байсан, аялал жуулчлалын бааз байгуулахаар төлөвлөж, 2022 онд Зураг төсөл боловсруулах гэрээ, хашаа захиалгын гэрээ тус тус байгуулж, газраа ашиглахаар үйл ажиллагаа явуулж байсан, маргаан бүхий акт гаргахдаа сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх зэргээр шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

2.2. Харин хариуцагчаас “... тухайн газраа хоёроос дээш жил дараалан ашиглаагүй нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагаа явуулсан, “О ф” ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа талаарх холбогдох баримтыг ирүүлээгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.  

3. Анхан шатны шүүх, маргааны үйл баримтын талаар “... тусгай хамгаалалттай газар нутагт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хуулиар хориглосон, гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдэд хөрөнгө оруулсан /100 хувь гэж бичигдсэн/ БНХАУ-ын иргэн Q J /Ц Ж/ гэж улсын бүртгэлд бүртгэсэн байх тул гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж үзэх ба нэгэнт газар ашиглах эрхгүй тул маргаан бүхий актын улмаас зөрчигдсөн гэх хууль ёсны ашиг сонирхол, сэргэх эрх байхгүй” гэж дүгнэн, “О ф” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;

4.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/509 дүгээр тушаалаар “О ф” ХХК-д Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Ар хүүшийн ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгож, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2020/01 дугаартай газар ашиглах гэрээ байгуулжээ.

Ийнхүү “О ф” ХХК-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох үед Монгол Улсын иргэн Б.А, Б.Ж, Б.Э, Л.О нар тус компанийн хувьцаа эзэмшигчид (тус бүр 25 хувь) байсан.

4.2. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олж авснаас хойш тус компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн байх бөгөөд 100 хувийн хувьцаа нь бүхэлдээ Монгол Улсын иргэн Н.А-д 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, дараа нь “М п” ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус шилжүүлэн бүртгэгдсэн. Харин “М п” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын иргэн Б.Т, Г.Г нар бүртгэлтэй.

4.3. Г.Г нь “И х э” ХХК-д 972,611 ам.долларыг төлж барагдуулахдаа, 6262337 регистрын дугаартай “О ф” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 972,611 ам.долларт тооцон шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2022/26672 дугаар захирамжаар баталгаажуулсан.

Тус шүүгчийн захирамжийг үндэслэн, “О ф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “И х э” ХХК 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

4.4.  (а) 5547881 регистрын дугаартай “И х э” ХХК нь хэлбэрийн хувьд “гадаадын хөрөнгө оруулалт”-тай аж ахуйн нэгж бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу компанийн эцсийн өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Q J /Ц Ж/ гэж 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, (б) 6232337 регистрын дугаартай “О ф” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр мөн л БНХАУ-ын иргэн Q J /Ц Ж/ гэж 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.opendata.burtgel.gov.mn вэб сайтад нээлттэй байршсан, нийтэд илэрхий үйл баримт байна.

4.5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалаар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр О ф” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.  

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт/-ийн 2 дугаар зүйлийн
1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 3/ тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон”, 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно: 1/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” гэж,

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

6. Дээрх зохицуулалтаас үзэхэд, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах нөхцөл, газар ашиглагчид тавигдах шаардлагыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар, харин газар ашиглах эрхийг хэрэгжүүлэх, түүнийг дуусгавар болгох нөхцөлийг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан.

Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутагт гагцхүү Монгол Улсын иргэн, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгох бөгөөд газар ашиглах эрхийг хэрэгжүүлэх хугацааны туршид хуулиар тогтоосон энэ шаардлагыг хангах учиртай тул биелүүлээгүй тохиолдолд үүргийн ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

7. Энэ хэсгийн 4.1-4.5-д заасан буй үйл баримтыг, газар ашиглах эрх үүсэх, түүнийг хадгалах урьдчилсан нөхцөлийг тодорхойлсон дээрх зохицуулалттай харьцуулан дүгнэхэд, “О ф” ХХК нь 2019 онд газар ашиглах эрх олж авснаас хойш компанийн хувьцааг бүхэлд нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд шилжүүлэх замаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч байх нөхцөлийг зөрчсөн болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон, анхан шатны шүүх ч энэ талаар зөв дүгнэжээ.

8. Маргаан бүхий газрыг ашиглагч “О ф” ХХК, түүний хувьцаа эзэмшигч болох “И х э” ГХОХХК-ийн аль алиных нь хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Q J /Ц Ж/ бүртгэгдсэн гэх илэрхий үйл баримтыг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан зохицуулалттай харьцуулан тайлбарлавал, “О ф” ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх боловч бодит байдалд тус хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн байх тул гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж үзэх үндэслэлтэй.

9. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах нөхцөл болзлыг зөрчсөн энэ тохиолдолд түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Тусгай хамгаалалттай газар нутагт ... гадаадын иргэн, ... гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” зэрэг зохицуулалттай тус тус нийцсэн бөгөөд энэхүү маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн “газрыг хууль ёсоор ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол” нь зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авсангүй.

10. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дахин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч хүсэлтэд бичсэн гарын үсэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримтад зурсан түүний гарын үсгийн загвараас илэрхий зөрүүтэй, өмнө нь түүний хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг харгалзан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Б.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ