Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00011

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Сувдаа,  

хохирогч И.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гочоо,

шүүгдэгч Ц.Үүрдмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0002/Э индекстэй, 201606000255 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 79-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бор овогт Цэрэнпагмын Үүрдмандах /РД:ТИ90012793/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Үүрдмандах нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  Хар бухын гол гэх газарт Улаанбаатар хотын чиглэлд 38-75 БУЛ улсын дугаартай Тоёота Аллион маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.3б, 9.2, 9.3 дахь заалтуудыг тус тус зөрчин тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлснээс зогсоох арга хэмжээ авч чадалгүй замаас гарч онхолдож хохирогч Г.Чимэдлхамын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Үүрдмандахын өгсөн: Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Мягмаржав, амь хохирогч Чимэдлхам нарын хамт түүний тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод сум руу шөнийн 0200 цагийн үед гарсан юм. Бид маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 0600 цагийн үед Булган аймгийн Могод суманд амь хохирогч Чимэдлхамын гэрт очсон юм. Бид амь хохирогч Чимэдлхамын өвөлжөөг зассан. Ингээд маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 04-ний өглөө унага тамгалсан. Үүний дараа бид цай, хоол идчихээд Улаанбаатар хот руу буцаад явсан. Амь хохирогч Чимэдлхамын гэрээс гарахад амь хохирогч Чимэдлхам өөрөө тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Харин би хатуу хучилттай замаас тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад ямар үйл явдал болсоныг мэдээгүй, нэг мэдэхэд зам тээврийн осол болсон байсан. Зам тээврийн осол болсоны дараа өөр 2 тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирсэн. Үүний нэг тээврийн хэрэгстэй хүмүүс нь Мягмаржав болон амь хохирогч Чимэдлхам нарыг авч явсан. Харин нөгөө тээврийн хэрэгсэлтэй хүмүүс эмнэлэг, цагдаагийн тусламж дуудахаар явсан. Бид Булган аймгийн Дашинчилэн сумын эмнэлэгт очсон. Тэнд байж байгаад амь хохирогч Чимэдлхамыг шөнө Улаанбаатар хот руу авч явсан. Харин би өөрөө Булган аймгийн Дашинчилэн суманд үлдээд цагдаад мэдүүлэг өгсөн. Би Булган аймгийн Дашинчилэн суманд 4 хоносон. Үүний дараа Улаанбаатар хот руу явсан гэх мэдүүлэг,

Хохирогч И.Оюун-Эрдэнийн өгсөн: Амь хохирогч Чимэдлхам миний бага хүү байгаа юм. Миний хүү 22 настай байсан. Би бага хүүгийнхээ амь насыг алдсанд маш их харамсаж байна. Миний хүү Чимэдлхам нь 2 дээд сургуулийг суралцаж төгссөн, мөн удирдлагын академийг суралцаж төгссөн, их боловсролтой хүн байсан. Шүүгдэгч Үүрдмандах та ямар учраас тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж явсан юм бэ. Таныг тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлж яваагүй байсан бол миний хүү Чимэддорж амьд байх байсан. Би 3 сайхан хүүтэй юм. Надад маш их хэцүү байна. Миний хүү Чимэдлхам эх орондоо ихийг бүтээх хүн байсан. Хүү Чимэдлхам маань энэ жил магистарт суралцах гэж байсан юм. Манай гэр бүл элэг бүтэн их жаргалтай амьдарч байсан. Би хүү Чимэдлхамдаа тээврийн хэрэгсэл худалдаж авч өгсөн юм. Тухайн үед шүүгдэгч Үүрдмандахыг тээврийн хэрэгсэл жолоодъё гээд байсан гэдэг. Хүү Чимэдлхам маань архи уудаггүй, тамхи татдаггүй байсан. Түүний аав нь ч архи уудаггүй, тамхи татдаггүй. Би Улаанбаатар хотод хүү Чимэдлхамыгаа сахиж байсан. Миний хүү Чимэдлхам эмнэлэгт хэвтэж байхдаа ухаан орохгүй байсан. Би үүнийг шүүгдэгч Үүрдмандахыг дуудаж харуулсан. Хүүгийнхээ амь насыг алдсан эх миний сэтгэл маш их хэцүү байна. Би шүүгдэгч Үүрдмандахыг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж бодож байна. Би оршуулгын зардал, машины үнэ болон түүнтэй холбоотой зардал, шатахуунын зардал, зан үйлийн зардал, эмнэлэг, эм, тарианы зардал, нийт 18000000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

201606000255 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч И.Оюун-Эрдэнийн өгсөн: ...Намайг Булган аймгийн Могод суманд гэртээ байж байхдаа энэ явдлын талаар мэдсэн. Би Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг дээр очиход хүүгийн биеийн байдал маш муу, ухаангүй, хоёр гар хугархай, хөлийн чөмөг хугарсан гэмтэлтэй байсан. Нүүрэн хэсэг хэлбэр дүрсээ алдсан байсан. Тэгээд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэх мэдүүлэг /хх-н 18 тал/

Гэрч Э.Мягмаржавын өгсөн: ..13 цагийн орчим Булган аймгийн Могод сумын нутгаас Улаанбаатар хот руу гарсан. Тухайн үед талийгаач Чимэдлхам өөрөө машинаа барьж байгаад засмал замтай нийлээд жолоогоо Ц.Үүрдмандахад шилжүүлсэн. Тэгээд жолоогоо шилжүүлсний дараа Чимэдлхам гутлаа тайлаад хойд суудал дээр унтсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр унтаж явсан ба 16 цагийн орчим Булган аймгийн Дашинчилэн сумын ойролцоо 2-3 км-ын зайд замын хажуу тал руу машин орж онхолдсон байсан. Тухайн үед би унтаж байсан болохоор юу болсон талаар би мэдэхгүй байна. Намайг сэрэхэд машин дээшээ харсан байдалтай байсан ба Үүрдмандах машинаас түрүүлж гараад намайг машинаас гаргасан. Машины арын суудлыг харахад талийгаач Чимэдлхам байхгүй байсан ба арын цонх хагарсан байсан тул түүнийг хаана байгааг асуухад гадаа байгаа гэж хэлсэн. Бид замын унаагаар Дашинчилэн сум орж талийгаач Чимэдлхам анхын тусламж авч дараа нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Тэнд 3-4 хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан… гэх мэдүүлэг /хх-н 21 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1864 тоот

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр их, бага тархины аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, эдийн голомтлог няцрал, зүүн эгэм, баруун дунд чөмөгний далд хугарал, зүүн шууны далд хугарал, мултрал, толгойн хуйх, ясны хальс, дээд, доод мөчдийн зөөлөн эдэд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ШЭГЗТЖ-ын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

3. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

5.  Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

6. Талийгаачийн цус нь О ( I ) бүлэг байна.

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Булган аймгийн цагдаагийн газрын замын  цагдаагийн  шинжээчийн  54 тоот

1. Жолооч  Ц.Үүрдмандах нь тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн  үнэмлэхгүй байна.

2. Жолооч Ц.Үүрдмандах нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 А дахь заалт Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт, ЗХД-ийн 2.3 Б    Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, ЗХД-ийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, ЗХД-ийн 9.3    Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км -ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3. Уг тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй.

4. Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Ц.Үүрдмандах нь жолоодлогын сургалтанд хамрагдаагүй жолоодлогын ур чадвар илт муутайгаас тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлснээс зогсоох арга хэмжээ авч чадалгүй замаас гарч онхолдож зам тээврийн осол гаргасан байна.

5. Жолооч Х.Чимэдлхам нь 2.7 Б заалт Тухайн тээврийн хэрэгсэлд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд / буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж   чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх-ийг  хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт /хх-н 38-39 тал/

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хөрөнгө даатгалын хохирлын Ашид Билгүүн ХХК-ийн 167 тоот 3875 БУЛ улсын дугаартай Тоёота Аллион загварын тээврийн хэрэгслийн эвдэрлийн үнэлгээг 8294000 /найман сая хоёр зуун ерөн дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-н 43-44 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх 3, 5-6/, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4 тал/, цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх  8-11 тал/, хохирогч Оюун-Эрдэний мэдүүлэг /хх 19/, гэрч Мягмаржавын мэдүүлэг /хх 23-24/, шинжээчийн дүгнэлтүүд /хх 27-29, 31/, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх 38-39/, тээврийн хэрэгслийн үнэлгээний дүгнэлт /хх 43, 44 тал /, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 95-97 тал/, шүүгдэгч Үүрдмандахын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 66-69/, Хохирлын төлбөрийн талаарх гар бичвэр /хх 80-81/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Ц.Үүрдмандах нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  Хар бухын гол гэх газарт Улаанбаатар хотын чиглэлд 38-75 БУЛ улсын дугаартай Тоёота Аллион маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.3б, 9.2, 9.3 дахь заалтуудыг тус тус зөрчин тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлснээс зогсоох арга хэмжээ авч чадалгүй замаас гарч онхолдож хохирогч Г.Чимэдлхамын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэрэг учралын газар болон цогцост үзлэг хийсэн  тэмдэглэл, осол гарсан газар хийсэн хэмжилтийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Э.Мягмаржавын өгсөн мэдүүлэг, зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 54 тоот дүгнэлт, амь хохирогч Х.Чимэдлхамын үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1864 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг  эрх бүхий шинжээчид гаргасан, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Үүрдмандах нь Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт, 2.3.6 хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад   бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам, тээврийн осол гаргаж, хүний амь хохироосон үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байна.

 Иймд шүүгдэгч Ц.Үүрдмандахыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Үүрдмандахын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч, хүнд хор уршиг учирсан байх ба хохирогч И.Оюун-Эрдэнэ нь оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хорын хохирол 18000000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан ...хохирогчийг онош тодруулах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 4-ны өдөр ГССҮТ-д тээвэрлэн хүргэх зардал 124000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн эмчилгээнд хэрэглэсэн эмийн үнэ 60300 төгрөг, 94890 төгрөг, 62310 төгрөг /хх-89/ тал, 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн  бензины  зардал 89000 төгрөг,  35000 төгрөг /хх-89/ тал, оншилгоо 31000төгрөг /хх-48/ тал, 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Ашид билгүүн ХХК-д үйлчилгээний төлбөр 34600 төгрөг, дуудлагын 10000 төгрөг /хх-50/ тал, Нимонс ХХК 38-75 БУЛ машины ачлага 80000 төгрөг /хх-51/ тал, Иргэдийн буянд  кассын орлогын ордер,  хайрцагны 276000 төгрөг /хх-83/ тал, байцаан шийтгэх ажиллагааны зардал 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Булган аймгаас Могод сум Оюун-Эрдэнэ, Хишигбаяр нарын замын зардал 21200 төгрөг /хх-115-116/ тал, 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн Эрхэт нарлаг  58900 төгрөг, 99900 төгрөг, Чандмань  дэлгүүрийн эд зүйлийн үнэ 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 116900 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 823100 төгрөг, 926500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3755000 төгрөг, 118000 төгрөг, 467800 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Эрхт Түшиг ХХК-ийн зарлагын баримт дизель түлш 127500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10, 12, 14-ны өдрүүдэд шатахуун авч хэрэглэсний 375600 төгрөг, авто машины техникийн эвдрэл, хохирол 8294000 төгрөг, бүгд 16081500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч И.Оюун-Эрдэнэд олгох, нотлох баримтгүй болон зан үйлтэй холбоотой хар хорин, Булган аймгийн Сайхан сумаас лам залсан 118000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хоног тараахад зарцуулсан эд зүйлийн үнэ 519550 төгрөг, бүгд 1918500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Үүрдмандахад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны 38-75 БУЛ улсын дугаартай TOYOTA AIIion маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  монгол гэр битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч И.Оюун-Эрдэнэд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бор овогт Цэрэнпагмын Үүрдмандахыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ц.Үүрдмандахын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52   дугаар   зүйлийн   52.5-д   заасныг баримтлан шүүгдэгч Ц.Үүрдмандахад оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч Ц.Үүрдмандах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж,  Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 38-75 БУЛ улсын дугаартай TOYOTA AIIion маркийн тээврийн хэргсэл битүүмжилсэн тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  монгол гэр битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч И.Оюун-Эрдэнэд буцаан олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ц.Үүрдмандахын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Үүрдмандахаас оршуулагатай холбогдон гарсан зардал 7787000 төгрөг, авто машины техникийн эвдрэл, хохирол 8294000 төгрөг, бүгд 16081500 төгрөгийг гаргуулж хохирогч И.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1918500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Үүрдмандахад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж ял эдлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЦЭРЭНДУЛАМ