Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/532

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч М.Сумъяа,

хохирогч Ц.Х,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2310000000991 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт******* нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Д** ХХК-д туслах ажилтан ажилтай, Төв аймгийн Дэлгэрхаан сумын ***тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 249 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 8 жил 8 сар 15 хоногийн хорих ялаар,

-2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 953 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан (РД:********).

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, М дэлгүүрийн гадна замын ажил хийж байхдаа хохирогч Ц.Х тай маргалдаж, улмаар хүрзээр толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь баруун чамархайн ясны цөмөрсөн зулай, титэм заадас руу үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

            Шүүх хуралдаанд хохирогч Ц.Х мэдүүлэхдээ: Тухайн өдөр Э бид хоёр маргалдсан ба Э гэнэт араас хүрзээр цохисон, тэгээд би ухаан алдсан. Надад Э эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг өгсөн . Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 2310000000991 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас),

            2.Хохирогч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 18 дугаар хуудас), шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

            3.Гэрч Ө.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Д констракшн ХХК захирал хийдэг бөгөөд манай компани нь барилгын компани юм. 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм. Манай компани нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, М дэлгүүр ** дугаар салбар дээр 8-уулаа ажиллаж байгаа бөгөөд 06 сарын 14-ний орой 20 цагийн үед манай ажлын Э, Х нар маргалдаж байсан ба би хол байсан манай инженер салгасан байсан ба Х нь газарт унасан байхаар нь очиход толгойгоо бариад сууж байсан юу болсон бэ гээд Э-аас асуухад наашаагаа Х-ыг дуудаж нэг газар хамт хийе гэж дуудахад ирэхгүй тэгээд маргалдсан гэж надад хэлсэн. Х-ын зүүн хацарт таталт өгөхөөр нь зам түгжрэлтэй байна и эмнэлэг яв гээд инженер А-т хэлээд явуулсан юм. Нэг удаа хүрзээр цохисон гэж инженер хэлсэн юм. ...Тэр хоёр архи уугаагүй юм. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

            4.Гэрч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Д констракшн ХХК-д 14 хоногийн өмнөөс замын инженерээр ажиллаж эхэлсэн ба одоогоор ажиллаж байгаа газар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, М дэлгүүр ** дугаар салбар дээр ажиллаж байгаа бөгөөд 06 сарын 14-ний орой 20 цагийн үед манай ажлын Э, Х нар маргалдаж байхаар нь очиж салгасан. Тэр хоёр өдрөөс хойш ажлаа хийхгүй цаг алаад байна гээд нэгнийгээ хэлээд байсан юм. Тэгээд Э, Х ах нар нэг нэгнийгээ заамдаад байсан ба би боль гээд хэлчхээд захирал руу харчхаад буцаад эргэж харахад Э Х ахыг дөрвөлжин иштэй шар өнгийн бариултай хүрзээр толгойных нь ар дагз руу цохиход Х газарт зүүн мөрөөрөө унаад тэгээд би очиж босгоход нэг хэсэг суугаад манарталын байдалтай зүүн хацар нь таталт өгөөд байсан. Захирал Г зам түжрэлтэй байна интермед эмнэлэг явсан нь дээр байх гэхээр нь би аваад И эмнэлэг дээр очиход ийм гэмтлийг гэмтлийн эмнэлэг хариуцдаг гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн юм. Тэр хоёрыг муудалцаж байх үед захирал Г болон би сонсмолын 2 жолооч, аспалт дэвсэгчийн жолооч Б гээд ажилтан бид нар харж байсан юм. Нэг удаа хүрзээр цохисон юм. ...Х ах бол уугаагүй бас Э-г уусан үгүйг нь мэдэхгүй, ойртож уулзаагүй болохоор тэр хоёр өмнө нь муудалцаж байсан зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

            5.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №8002 дугаартай:

            -Хэсэг газрын үзлэгт: Баруун чамархайн хуйханд 4.0х4.0см талбайд овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. ГССҮТ-н 2023 оны 06 дугаар сарын 19-ний гарах үеийн тэмдэглэлд: Тархины дунд зэргийн няцрал, баруун чамархайн цусархаг няцрал, зулай ясны шахагдсан хугарал, оношоор эмчилгээ хийж гаргав. ГССҮТ-н 2023 оны 06 дугаар сарын 14-ний толгойн КТГ шинжилгээнд: Титэм заадасны баруун талаас чамархай руу үргэлжилсэн шугаман хугаралтай ба чамархайн хугарал 5.5см өргөн хэсэгт 0.3см гүн цөмөрсөн бяцарсан нийлмэл хугаралтай, хугарлын харалдаа тархины эдэд 1.1х0.5см хэмжээтэй цэгчилсэн цус хуралт няцралын голомттой, тархины эд дарагдалтай. Зөөлөн эдэд хаван хавдартай. /зүүн чамархайд 2.8см хэмжээтэй трепенаци нүхтэй/. Хамар яс хуучин хугаралтай, нүдний ухархайнуудын бүтэц хэвийн, эрүү яс бүтэн... Субарахнойдаль зайнууд өөрчлөлтгүй... Голын бүрдэл хазайлтгүй. Дүгнэлт бичсэн эмч: Э.Г гэжээ. ГССҮТ-н 2023.06.18-ны толгойн КТГ шинжилгээнд: Титэм заадасны баруун талаас баруун чамархай руу үргэлжилсэн шугаман хугаралтай ба чамархайн хугарал 5.5см өргөн хэсэгт 0.3см гүн зузаар цөмөрсөн бяцарсан нийлмэл хугаралтай, хугарлын харалдаа тархины эдэд 1.3х1.3 см хэмжээтэй эргэн тойрны хавангийн бүсээр хүрээлэгдсэн цус хуралт няцралын голомттой, тархины эд дарагдалтай. Зөөлөн эдэд хаван хавдартай... Зүүн чамархайд трепенацийн харалдаа 0.7х2.0см хэмжээтэй цус хуралттай... /зүүн чамархайн 2.8см хэмжээтэй трепенаци хийгдсэн нүхтэй/... Субарахнойдаль зайнууд өөрчлөлтгүй... Голын бүрдэл хазайлтгүй. Дүгнэлт бичсэн эмч Э.Г гэжээ.

-Ц.Х-ын биед баруун чамархай ясны цөмөрсөн зулай, титэм заадас руу үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

            6.Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 17 цагийн орчимд зам засварын ажлаа хийгээд байж байтал. Тэгсэн чинь надтай хамт ажиллаж байсан. Х ажлаа хийж өгөхгүй залхуураад байсан. Тэгэхээр нь би чи миний ажлыг хийж өгч байгаа юм уу, өөрийнхөө хийх ёстой ажлаа хийгээч гэж хэлсэн. Тэгтэл надад Х нь чамд ямар хамаатай юм бэ гээд намайг доромжлох аястай байгаад байсан. Эндээс болж маргаад бид хоёр заамдалцаж авсан, тэгтэл миний малгайг аваад шидсэн. Тэгэхээр нь уур хүрээд барьж явсан хүрзээр толгой хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгээд байж байхад манай ажлын инженер залуу ирсэн. Тэгээд эмнэлэг рүү Х-ыг авч явсан. Тухайн газарт өөр ямар нэгэн асуудал болоогүй. ...Х ажил ихтэй үед ажлаа хийж өгөхгүй байснаас болж маргаад уурандаа нэг удаа хүрзээр цохисон. ...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

7.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-58 дугаар хуудас), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 953 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-74 дүгээр хуудас), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02-04/1207 тоот албан бичиг (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас) бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

            I.Гэм буруугийн талаар.

            Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, М дэлгүүрийн гадна замын ажил хийж байхдаа хохирогч Ц.Х-тай маргалдаж, улмаар хүрзээр толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь баруун чамархайн ясны цөмөрсөн зулай, титэм заадас руу үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 14-ний орой Хан-Уул дүүргийн ** хороо, М дэлгүүрийн замын асфалт тавих ажлыг хийж байхад Э гэх залуутай маргалдсан. Э-тэй цуг байх залуу  тэд нар өглөө архи уусан. Би архи уугаагүй. Замын цаана байсан танихгүй залуу “хөөе энийг хий” гэхэд би тоглож байгаа гэж ойлгон очиход намайг мөргөсөн. Тэгээд би хариу эсэргүүцэл үзүүлээгүй буцаад ажлаа хийсэн. Тэгэхэд Э гэх залуу уурлаад заамдсан. Би хариу заамдахад замын инженер залуу боль гэхэд больсон. Тэгэхэд Э намайг араас хүрзээр цохисон байсан. Нэг мэдсэн би замын бордуур дээр суулгасан байсан. Сууж байтал захирал чи харих уу гэсэн. Тэгээд би футикт очоод хувцсаа сольсон. Намайг инженер зайсангийн эмнэлэгт үзүүлээд тэндээс гэмтэл авч ирсэн. Би хүнтэй ярьж чадахгүй эрүү, ам татаад байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас) болон түүний 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: Би гомдолтой байгаа. Надад Б.Э нь 420,000 төгрөг өгсөн байгаа. Би одоо 1,500,000 төгрөг нэхэмжилж байна. Өөрөөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би уг мөнгийг эрүүл мэндээрээ хохирсон учраас нэхэмжилж байгаа. Би толгой тархиа бариулахад 1,500,000 төгрөгийн хохирол учирсан байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), Гэрч Ө.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), Гэрч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн 8002 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлтийг гаргасан нөхцөл байдал тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Э-н хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

      

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал танилцуулж, саналаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон бөгөөд шүүгдэгч Б.Э улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Э-н хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтаас үзэхэд урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх ба ялын хугацаа дуусгавар болсон байна. Нөгөө талаас түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Б.Э-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, мөн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шалгах хуулийн шаардлага, нөхцөл хангагдсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурортой тохиролцсон 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 4, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Э-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Х-т төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд хохирог, шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.АЛТАНТУЯА